
Ч.ОЛДОХ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үдээс хойших хуралдаанаар төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга танилцуулга хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийг хэлэлцүүлсэн юм.
Төсвийн тодотголд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд:
- Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулахад зарцуулах;
- Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх;
- 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;
- 2017 оны зуны улиралд нийт нутгаар гандуу байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, бэлчээрийн гарц багатайгаас өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөхөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
- Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл, хаврын улиралд махны эрэлт, нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд дэмжлэг үзүүлэх;
- Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх;
- Өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах;
- Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах;
- Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар тусгажээ.