Сайдын суудал 16, сонирхсон гишүүн 65

2017-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Мэргэжлийн Засгийн газар огцроод долоо хонож байна. Дараагийн Засгийн газрын тэргүүнд “нэр дэвшигчид” ч эхнээсээ тодроод эхэллээ. Одоогоор Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болох тун магадлалтай гурван хүний нэр шигшигдэж үлдээд байна.

Уг нь энэ намынхан өмнөх уламжлалаараа бол уржигдар болсон Удирдах зөвлөлийн хурал дээрээ хэнийг Ерөнхий сайд болгохоо бараг тодруулчих байсан. Бас Бага хурал нь хаа байсан 25-нд товлогдохгүй байв. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөл элдэв хэрүүлгүй, нам тайван болсон гэж өөрсдөө мэдээлж байгаа ч өмнөх шигээ нэг чигт харж, шийдвэр гаргаагүй нь  тодорхой байгаа юм.

Ийм учраас намынхаа Бага хурлыг хүртэл нэр яригдаж буй хүмүүсийн ар дахь бүлэглэлүүд нь Улсын Их хурал, Намын Бага хурлынхаа гишүүдтэй “ажиллана” гэсэн үг. Хамгийн сайн ажилласных нь хүн Ерөнхий сайд, МАН-ын дарга болно.

Бас нэг зүйл яригдаж байгаа нь Ерөнхий  сайдад горилогчид намынхаа Бага хуралд танхимаа танилцуулна гэж байна. Энэ нь тухайн бүлэглэл, эсвэл хувь хүний “Мөрөөдлийн Засгийн газар” байж таарах гээд байгаа юм. Аль сайн баг танилцуулж чадсан нь өөртөө оноо авах бас нэг хувилбар гэж байгаа. Гэвч энэ нь хэн хамгийн олон талын сонирхлыг нийлүүлж, багтааж Засгийн газраа бүрдүүлэх вэ л гэсэн үг. Яг үүнийг горилогчид ч сайшааж байгаа дуулдаж байна. Юу гэвэл хамгийн сайн баг гэж үнэлэгдээд, хамгийн олон фракц, бүлэглэлийн сонирхлыг шингээсэн нь Бага хурлаар хүлээн зөвшөөрөгдвөл Засгийн газар нь тэр хэмжээгээр “урт наслах” юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөр ийн Бага хурлаа товлосны дараахнаас дараагийн Засгийн газарт багтах сайд нарын нэр яригдаад эхэлж байна. Одоогоор энэ нь албан ёсны бус. Зүгээр л сонирхлоо илэрхийлж байгаа хэрэг. Гэвч сайд болох сонирхолтой гишүүд олон байгааг энд хэлэх хэрэгтэй.

Мэргэжлийн Засгийн газрыг унагах кноп дарсан 33 гишүүний дор хаяж тал хувьд нь ийм сонирхол байгаа гэж мөрийцсэн ч алдахгүй. Учир нь тэдний нэр Төрийн ордон тойроод л дуулдаж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар л гэхэд ЗГХЭГ-ын дарга, аль эсвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болж магадгүй гэх яриа байна.

Мөн өмнөх Засгийн газрыг хамгаалж кнопоо дарсан гишүүдэд бас тийм сонирхол бий. Тэд дараагийн Засгийн газарт халтай. Тиймээс тэр  гишүүдийг шинээр бүрдэх Засгийн газарт багтаах нь стратегийн хувьд нөгөөх 33-аас илүү чухал юм. Энэ мэтээр дараагийн Засгийн газрыг тэргүүлэх хүн, түүний цаадах бүлэглэлд маш олон асуудал байна. Хэрвээ аль нэг бүлэглэлийнх нь тал давамгайлсан Засгийн газар байгуулчихвал тэр нь удахгүй бас унаад өгнө. Ингэвэл МАН-ынхан шүүмжлээд байдаг АН-ынхаа түүхийг давтана.

Түүх сөхвөл, 1990-ээд оноос хойшх Монголын улс төрийн түүхэнд Засгийн газар дээрх байдлаар унаж байсан тохиолдол бишгүй л бий. Гэхдээ бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлсэн хоёрхон Засгийн газар байдаг. 1992-1996 онд П.Жасрайн, 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар тогтвортой ажиллаж, бүрэн эрхээ дуусгасан байдаг юм.

Харин дараагийн байгуулагдах Засгийн газар тогтвортой ажиллахын тулд дээр хэлсэнчлэн бүлэглэлүүдийн сонирхлыг нэгтгэх  шаардлагатай. Тийм байлгах арга хэмжээг ч МАН-ынхан авч эхэлсэн гэж байгаа.Эх сурвалжийн мэдээллээр Ц.Нямдорж энэ чигээрээ Ерөнхйи сайд болно гэж зүтгэвэл МАН-ын Бага хурлаас өмнө М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзалдаж сонирхлоо нэгтгэж магадгүй гэж байна. Итгэхэд бэрх ч энэ байж болох хувилбар юм. Учир нь улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсагнал гэж байдаггүй гэдэг.

Үүнээс гадна одоо Засгийн газарт сайдаар ажиллаж, сайдын үүрэг гүйцэтгэгч болоод долоо хонож байгаа арав гаруй хүн бий. Тэднээс дараагийн Засгийн газар руу яамаа солиод ч хамаагүй сайдаар үлдэх хүсэлтэй хүмүүс бас дуулдаж байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт уржигдрыг хүртэл Ерөнхий сайдад яригдаж байгаад больчихлоо. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэнг Ерөнхий сайдад хүнээ зүтгүүлж байгаа томоохон бүлэг, фракцуудын хэнтэй нь ч учраа олчихдог эр гэдэг. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарыг бас дараагийн Засгийн газарт үлдэх боломжтой сайдын жагсаалтад бичихээс аргагүй. Тэд тус тусдаа Засгийн газраас хөөгдөөд явчихгүй байх шалтгаантай юм. Харин бусад нь явна.

Дараагийн Засгийн газрын сураг чимээ одоогоор иймэрхүү байна. Гэхдээ энэ сарын 25-ныг хүртэл шинэ Ерөнхий сайд, түүний танхимд ажил­лах хэдэн сайдын нэр то­дорч, хэд хувирч, хэд өөрч­лөгдөхийг таашгүй юм.

Гэхдээ хамгийн тодорхой нэг зүйл нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихгүй л бол МАН-ын дараагийн Засгийн газар 100 хувь “давхар дээл”-тэй байх магадлал өндөр байна. Тэгэхээр сайдын суудал 16, сонирхсон гишүүн 65 болоод байгаа юм.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21