
Ч.ҮЛ-ОЛДОХ
УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж, хариулт авсаныг бүрэн эхээр хүргэе.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ, Ардын нам ямар бодлого гаргав. Яамдын бүтэц, сайд нарын тоо хэд байх вэ. Сайд нар чинь “давхар дээл”-гүй байж чадах уу. Үүрэггүй шахам дэд сайдуудыг болимоор байна. Өнөөдөр ард түмний амьдрал хүнд байна. Тэдний өмнөөс бид л зоригтой дуугарч, шийдэхгүй бол ямар ч аргагүй. Багш, эмч нар ажил хаяад цалингаа нэмэгдүүлж болдог юм байна. Тэгвэл тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Доод тал нь 100 мянгаар нэмээрэй.Тэтгэврийг яаралтай нэмэх боломж байна уу. Гадуур яригдаад байгаа уул уурхайн том төслийг яаж шийдэх вэ. Тавантолгойг яаж хөдөлгөх вэ. Өмнөх парламентын үед ярьсан нөгөө айхтар концессууд яах вэ. Зогсоосон уу. 60 тэрбумын асуудлаа хэрхэн шийдэх вэ. Сая засгийг огцруулах үндэслэлд 60 тэрбум орж ирээгүй. Хэзээ тэрийг цэгцэлж, шахаасаар орж ирсэн хүмүүсийг халж, халагдсан нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж ормоор байна шүү дээ. Оронгуут нь буцаагаад ажлаас нь халчихсан 44 хүн надад өргөдөл ирүүлсэн. Тэднийг ажилд нь тавих арга байна уу. Төрийн албыг яаж шударга зарчимтай явуулах вэ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна.
Н.Энхболд:
-О.Баасанхүү гишүүний асуулттай холбогдуулж товч тайлбар хэлье. “Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүн дээр Ардын намын бодлого явж байгаа байх гэж О.Баасанхүү гишүүн асууж байх шиг байна. Энд намын байр суурь хараахан гараагүй, бүлэг дээр хэлэлцүүлгүүд явж байгаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:
-Байнгын хорооны гишүүдийн өдрийн амгаланг айтгая. Надад итгэл хүлээлгэж, Ерөнхий сайдад нэрийг минь дэвшүүлэн Байнгын хороонд оруулж ирж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Бүх зүйл тодорхой байгаа. Төрийн ажил цэгцтэй, зохион байгуулалттай, үйл ажиллагаа хэвийн цааш үргэлжлэх ёстой. Өвөл хаяанд ирсэн байна. Энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй. Яамдыг татан буулгаж, нэгтгэж, тоог нь нэмж хассанаар бид амжилт олдог бол олохоор бүтэу зохион байгуулалтыг бид өнгөрсөн хугацаанд зөндөө хийсэн. Би цаашид Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтэц цаашид хэвийн ажиллах ёстой гэж бодож байгаа. Нэг ёсондоо аль нэг яам, аль нэг агентлагийг татан буулгахгүй. Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, тамга тэмдэг сольж шинийг хэвлүүлэхгүй. Ажил цаашид хэвийн явна.
Хоёрдугаарт, давхар дээлний асуудлыг намын болоод бүлгийн хурал дээр ярилцана. Үндсэн хууль болоод бусад хуульд тодорхой заасан байгаа. Хуулийн хүрээнд цаашд хэрэгжүүлж явна.
Өрийн асуудал байгаа. Засгийн газрын гадаад, дотоод өр 24 их наяд төгрөгт хүрсэн. Цаашид нэмэгдэж магадгүй. Он гарангуут бид 661 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг шийдэхээр Сангийн яам, холбогдох байгууллагууд ажиллаж байна. Хамгийн сайн хариулт бол үнэнээ хэлэх, үнэнчээр ажиллах явдал юм. Би цаашид үнэнийг хэлж, үнэнчээр ажиллана. Төрийн хууль дээгүүр давж ажиллахгүй гэдгээ хэлмээр байна. Тиймээс бонд босгож өрөө төлөх асуудал ярьж байна. Тэтгэврийг нэмэх төсвийн төсөл орж ирж байна. Энэ төслийг цааш нь явуулна. Уул уурхайд түшиглэхээс илүү хөдөө аж ахуйн салбарт түшиглэж ажиллана гэж бодож байна. 60 тэрбумын асуудал хуулийн байгууллагаар шалгагдсан тул би хариулт хэлэх зохимжгүй. Би цаашид авлигатай тэмцэж ажиллана. Тэтгэвэр тэтгэмжийн тухайд 2018 оны төсвийн төслийг би өчигдөр үзсэн. Тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээнд нэмэх төсөл орж ирж байгаа. Үүнийг цааш нь явуулъя гэсэн бодолтой байна. уул уурхайн асуудлууд бий. Монголын ард түмний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг сэдэв. Би ч өөрөө эмзэглэж явдаг. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Үндсэн хуульд ч ингэж заасан байгаа. Иймд байгалийн баялгийг ард түмэндээ зөв хуваарилалтыг хийж, хуулийн хүрээнд уул уурхайн салбарыг цааш хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэхээс гадана бид хосолсон эдийн засгийг хөгжүүлнэ. Энэ салбар бол хөдөө аж ахуй, газар тариалан мал аж ахуй юм. Ард түмнээ өлсгөж болохгүй, мөн эрүүл хүнсээр хангах ёстой. Дотоодын хэрэгцээг хангахаас гадна бид гадаадад экспорт хийх боломж бий. 60 тэрбумын асуудал дээр хууль, хяналтын байгууллага хамтарсан шалгалт хийж байгаа. Би мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох эрхгүй учраас тэр талаар мэдэх, хэлэх боломжгүй. Ер нь бол авлига, хээл хахуультай хатуу тэмцэнэ. Монгол төрийг муухай хагадуулж байгаа, монгол түмнийг ядуу амьдруулж байгаа, улсын төсөв санхүүг будлиантуулж байгаа, бидний амьдрал гэрэл гэгээтэй байхад хамгийн их садаа болж байгаа зүйл нь авлига, хээл хахуулийн асуудал. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. Цаашид үүнтэй тэмцэж ажиллана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат:
-30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. Шуурхайлах нь зөв. Ерөнхийлөгч ч гээсн дэмжсэн бичгээ ганц цагийн дотор өгсөн. Би цөөн зүйл асууя. Ихэнхийг нь О.Баасанхүү гишүүн асуучихлаа. Давхар дээлний асуудлыг бид олон удаа ярьсан. Би ч гэсэн энэ талаар жагсаал, цуглаан зохион байгуулж, олон янзаар хэлэгдэж явсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын долоон салбарын сайд давхар дээлтэй байсан. Үндсэн чиг үүргийн яамд дээр сайд нь УИХ-ын гишүүн байя гэдэг үүднээс яриад ингэж шийдэж ирсэн. Гэхдээ давхар дээлийг цөөлөх нь нийгмийн захиалга. Сонгогчид ингэж шахдаг, шаарддаг. Та танхимаа бүрдүүлэхдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Давхар дээлийг нэмэхгүй байж чадах уу.
Хоёрдугаарт, энэ Засгийн газар хүүхдийн мөнгө тараасны төлөө огцорсон. Бид аавын хүү, ээжийн охиныг алагчлахгүй гэж шийдвэр гаргасан. Хүүхдийн мөнгийг цаашид 100 хувь өгөх үү. Үүнийг чадах уу. Өгөх ёстой шүү. Багш эмч нар ажил хаяж байна. Бидний харж буйгаар багш эмч нарын цалинг 100 хувь биш юм гэхэд ядаж 50 хувь нэмж чадах уу. Ийм боломж байгаа шүү. Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэж байна. Тэгвэл төрийн албыг бужигнуулахгүй байж чадах юм уу?
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх:
-Төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ авлига өгч орсон, сэтгэлгүй нөхдийн толгойг илээд суухгүй. Надад сэтгэлтэй, зүтгэлтэй ажилтан, албан хаагч хэрэгтэй. Ийм сайдууд хэрэгтэй. Би Төрийн ордонд өөрийнхөө зургийг зүгээр нэг өлгүүлэхийг хүсэхгүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил хийсэн, тодорхой өөрчлөлт хийж түүхэнд хуудас нэмсэн Ерөнхий сайд байхын төлөө хичээж ажиллана. Гэхдээ хуулийн хүрээнд ажиллана. Харин надаас хууль бус юм хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Битгий ийм зүйл хүсээрэй. Миний танхимын сайд нараас бас ийм зүйл хүсээрэй, битгий тэгж шахаж шаардаарай. Багш эмч нарын цалингийн хувьд нэг зүйл байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж ардын сайхан үг бий. Улсын төсөв мөнгө ямар байгааг Ж.Мөнхбат сайд та сайн мэдэж байгаа. Энэ зовлонтой өөрөө жил гаруйн хугацаанд ноцолдож хүнд хүчрийн ард гарах гэ зүтгэсэн гэж боддог. Боломж байдаг бол бүгдийг өгчихмөө, нэмчихмээр байна. Гэтэл улс оронд тийм боломж нөхцөл алга. Байлгая гэж бодосн ч байхгүй. Гэхдээ би өчигдөр төсвийн төслийг харсан. Би тэр төсөлд оролцоогүй. Боломж нөхцлийг судална. Ганхан зүйлийг хэлье, би худлаа амлахгүй. Бодит үнэнийг амлана, бодит үнэнийг ард түмэндээ хэлнэ.Үүний төлөө бас хариуцлага хүлээж чадна. Хүүхдийн мөнгийг 2018 он дуустал олгоно. Түүнээс цааш 100 хувь олгох боломжгүй байна. Хэрэв боломж нөхцөл нь байгааг олж харсан бол надад хэлээрэй, туслаарай. Би дуртайяа хамтарч ажиллах болно. Давхар дээлний тухайд бол надад ажил хийх хүн л хэрэгтэй. Мэдээж давхар дээлтэй сайд ажиллана, гэхдээ зохист түвшнийг барьж ажиллана. Дараагийн сонгууль хүртэл богино хугацаа үлдлээ. Би улстөржихгүй, улс орныхоо амьдралыг өөд татах, зутарсан улс орон, ядарсан ард түмнийхээ төлөө ажиллах сэтгэл надад байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хэдхэн долоо хоногийн өмнө өөрийгөө тагнасан, чагнасан хэргээр баригдах гэж байсан хүн өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Хэн нэгний буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад буруутай хэмээн ярьж хэлж болохгүй. У.Хүрэлсүх та ажлаа аваад хууль хяналтын байгууллагаа цэгцлээрэй. Өмнөх Засгийн газар эргэж, хургасан олон шийдвэрээс болж ард түмний итгэлийг алдсан. Төр нэг шийдвэр гаргаад эргэж буцдаг. Төрийн хүн, төрийн шийдвэр тогтвортой байх ёстой. Засгийн газрыг огцруулсан үндэслэл бол хулгайч хэдэн сайд нараас болсон. Хүүхдийн мөнгөгүй байхад концессын гэрээ хийсэн. Дараагийн Засгийн газар авлига хулгай, луйвартай тэмцэх хэрэгтэй.
Үүгээр Байнгын хорооны гишүүд асуултаа дуусгав.
У.ХҮРЭЛСҮХИЙГ 100 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖИВ
Байнгын хорооны гишүүд асуулт, хариулт дууссаны дараа саналаа хэлэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат:
-У.Хүрэлсүх та Ардчилсан намтай нийлж, өөрийн намын Засгийн газраа огцруулсан. Дахиж ийм зүйл битгий хийгээрэй. Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг эцэслэж шийдээрэй. Хэн нь худлаа хэлээд байгаа юм бэ. Гуравдугаарт, хүүхдийн мөнгийг заавал олгоорой. Манай Засгийн газар төсвийн орлогоо давуулан биелүүлсэн шүү. Энийг та бодоорой.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат:
-Ж.Батзандан гишүүний үгтэй холбогдуулаад үг хэлэх нь зүйтэй гэж бодоод кноп дарлаа. Ж.Батзандан бид хоёр бол найз нөхөд. Гэтэл таны хэлсэн үгнээс харахад итгэл алдрахаар зүйл ярьж байна. Та манай танхимын сайд нарыг хулгайч гэж хэллээ. Шүүхээр хулгайч гэж тогтоосон бол хулгайч гэж хэлэх байх. Концессын асуудлыг ярьж байна. Нийт долоон концесс байгаагаас тав нь өмнөх Засгийн газрын концесс юм. Өмнөх Засгийн газар хулгай хийх гэж байсныг манай Засгийн газар 50 тэрбумаар бууруулсан юм шүү. Та бол зарчимтай хүн. Гэхдээ нэг зам дээрээ алхаж, тууштай байх ёстой. Өөр зам руу орох гэж байгаад онхолдох тохиолдол бий гэж хэлмээр байна. Шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдад амжилт хүсье. Бид ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Би нөхрийнхөө ар нуруу луу хутга зоодог хүн биш. Манай Засгийн газрын хэн нэгэн алдаа гаргасан бол би хариуцлага хүлээнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-Залуу улстөрчдийн хатуу хүтүү үг хэрээс хэтэрч байна. Та нар хол зам туулна. Тиймээс аливаа юмыг бодож байгаарай. Шударга ажиллаж байгаа эсэхийг цаг хугацаа харуулна. Монголын ард түмэн хүссэн хүсээгүй шударга хүнийг тайзан дээр гаргадаг.
Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг хуулийн байгууллага заавал тогтоогоорой. Гуравдугаарт, эдийн засаг амаргүй байгаа ч ард түмэнд үнэнийг хэлж ажиллах нь зөв шүү.
Үүний дараа Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох эсэх асуудлаар санал хураалаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 100 хувийн хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.
Эх сурвалж: www.polit.mn
NEWS
Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com