АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тохироог хийснээр АНУ тавьсан хоригоо ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл түр хойшлуулахаар болжээ. Энэхүү үйл явдал нь мэдээллийн орон зайд том цочрол өгсөн ч зах зээлд үзүүлэх нөлөө бага байлаа гэж шинжээчид дүгнэв. Учир нь тохиролцооны талаарх мэдээлэл биржүүд хаах цагтай давхацсан тул Европт л гэхэд үнэ амжиж өөрчлөгдөв.
Газрын тос
Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллароос илүү болоод сар болж байна. Эталонн Brent-ийн үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт 102.2 ам.доллароос 104.1 ам.доллар болж өслөө. Энэ удаад үнийн өсөлтийг АНУ-д болсон хар шуургатай холбож үзэж байна. Учир нь хар шуурганы улмаас Мексикийн буланд олборлолт хийдэг Америкийн компаниуд олборлолтынхоо ихэнх хэсгийг зогсооход хүрсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Midterm election-ыг явагдтал буюу арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл Иран руу довтлохгүй гэсэн Дональд Трампын мэдэгдэл, мөн Хятадын нефтийн бүтээгдэхүүний экспортоо сэргээх болсон тухай мэдээлэл нь газрын тосны үнийг илүү ихээр нэмэгдэхийг хазаарлав. АНУ-ын ерөнхийлөгч Ираны талтай “үр ашигтай хэлэлцээр” хийж байгаа гэж мэдэгдсэн бол Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи долоон хоногийн хугацаатайгаар Орсузын хоолойг нээх АНУ-ын саналыг Тегеран судалж байна гэж мэдэгдэв.
Үүнтэй зэрэгцэн АНУ нь Ираны боомтууд болон газрын тосны экспортыг хаасан хэвээр байна. Гэхдээ Ойрх Дорнод нь үнэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бус, харин үр дагавар юм. Логистик хүндэрч, зөөвөрлөгч танкерууд хүрэлцэхгүй байгаа нь нийлүүлэлтийг хэлбэлзүүлж байгаа. Тухайлбал, Мексикийн булан–Хятад гэсэн маршрутад ажиллаж буй нэг супертанкерын хоногийн хөлс нь 1.3 сая ам.долларт хүрэв.
Ийм маягаар тээврийн хөлс нь газрын тосны өөрийнх нь үнийн талд хүрч болзошгүй байна. Гэвч экспортлогчдод өөр арга байхгүй байгаа тул хуучин ашиглаж байсан танкеруудыг ч худалдан авч. Гэвч эдгээр танкерын үнэ нь огцом өсөв. Нэг супертанкерыг 140-150 сая ам.доллароор зарж байна. “Афрамакс”, “Суэцмакс” ангиллын танкеруудын үнэ нь хоёр дахин буюу 75 сая ам.доллар, 95 сая ам.доллар болж өссөн байна.
Өнгөрсөн баасан гарагийн орой АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нарын яриа мэдээллийн орон зайг цочроов. Америкийн болон дэлхийн зах зээлд нийлүүлэх нийлүүлэлтээ сэргээхийг В.Путин зөвшөөрсөн гэж Д.Трамп мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгч ч энэ мэдээллийг үнэн гэж баталлаа. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл хоригийн үйлчлэлийг зогсоосон байна. Энэ тухайд дэд ерөнхийлөгч Александ Новак мэдээлж, дизель түлшний экспортын хоригийг цуцалсан гэлээ.
Гэвч амралтын өдрүүд эхэлж байсан болохоор зах зээлд уг шийдвэрүүд бүрэн дүүрэн нөлөөлж чадсангүй. Гэвч үйл ажиллагаа нь дуусаагүй байсан европын биржүүд дээр онцын өөрчлөлт гараагүй байна. Тухайлбал, Франкфуртын биржийн дизель түлшний үнэ нэгхэн хувиар бууж, нэг тонн нь 1382 ам.доллар болов. Энэ нь Ираны дайн эхэлснээс хойшх түүхэн өндөр түвшинд хэвээр үлдсэн гэсэн үг юм. АНУ-аас нийлүүлэх бөөний үнэ нь 4.1 хувиар буюу нэг галлон нь 4.68 ам.доллар буюу нэг литр нь 1.24 ам.доллар болж буурчээ.
Нэг талаас харахад ОХУ-ын экспорт зогссон нь энэ зах зээлийн хямралыг өсгөсөн боловч гол шалтгаан нь биш аж. Ойрх Дорноос нийлүүлэх хэмжээ нь хоёр дахин илүү байсан гэх. Нөгөө талаас харвал нийлүүлдэг гэсэн хэмжээ нь хямралаас өмнө Оросын нийлүүлж байсан хэмжээнээс ч бага байсан бололтой. “Сэтгэл зүйн нөлөөлөл нь хэсэг хугацаанд үнийг бууруулж болно. Гэхдээ Орост үнэхээр тийм чадвар байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлоход илүү их цаг хугацаа хэрэгтэй. Нэг галлоны үнийг 10-20 центээр хэсэг хугацаанд бууруулах боломж бий” гэж Америкийн Gasbuddy-ийн шинжээч Патрик де Хаан бичжээ. 10-20 цент гэдэг нь АНУ-ын колонкуудад өгдөг дундаж үнийн 2-3 хувь нь юм.
Эндээс үзэхэд, Саудын Араб руу довтлох хуситуудын дайралтуудыг идэвхжүүлж байгаа Ираны хямралын нөхцөлд Дональд Трампад ядахдаа л завсрын сонгууль хүртэл үнийг хяналтдаа байлгаж нөлөөлөх боломж хомс байна.
Байгалийн хий
Европт байгалийн хийн үнэ буурна гэх нөхцөл ажиглагдахгүй л байна. Нидреландын TTF биржид нийлүүлэлтийн үнэ 905-аас 944 ам.доллар болж өсөв.
“Европын холбоо нь 72.4 хувийн дүүргэлт бүхий нөөцтэйгөөр өвлийг угтаж байна. Энэ бол бүртгэлжүүлэлт эхэлсэн 2011 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм”. ОХУ-ын шахмал байгалийн хийн импортыг 2027 оны нэгдүгээр сараас эхлэн бүрэн хорьж байгаа нь байгалийн хийн өвлийн хэрэглээгээ долоон хувиар бууруулахад хүргэнэ” гэж IEEFA буюу Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн дүн шинжлэлийн институт үзэж байна.
IEEFA-гийн үнэлгээгээр хэрэглээгээ бууруулахын оронд нөөцийн дутуугаа импортоор гүйцээх нь гурван тэрбум ам.долларын үнэтэй тусна. Байгалийн хийн нөөцийн асуудал нь Европын хувьд санхүүгийн томоохон дарамт болж байна. Тэгсэн атал Европын байгалийн хийн зах зээл дээр нөөцөө дүүргэж хичээхгүй, харьцангуй нам гүм байна. Тэр ч байтугай харьцангуй бага нөөцтэй Герман улс хүртэл аравдугаар сарын 8-ны байдлаар 14 тэрбум кубметрийн нөөцтэй байна. Энэ нь өнгөрсөн оны хэрэглээнээс 700 сая кубметрээр илүү боловч Нидерланд улс арванхоёрдугаар сарыг хүртэл нөөцөө сэргээж чадахгүйд хүрвэл хүрэлцэх үү гэдэг нь эргэлзээтэй.
Нүүрс
Өнгөрсөн долоо хоногт нүүрсний үнэ нь байгалийн хийн үнийн өсөлтөөс нэг их хоцорсонгүй. Антверпен-Роттердам-Амстердам (ARA) хабаас нийлүүлж байгаа нүүрсний үнэ тонн тутам 140-144.4 ам.доллар болж өссөн байна.
Германчууд АНУ-аас хоцрохыг хүсэхгүй байна
Reuters агентлагийн мэдээлснээс үзвэл германчууд ч АНУ-аас хоцролгүй Орос улстай дизелийн тохироо хийхийг хүсэж байна. Саксоны Ландтаг дахь “Сара Вагенкнехтын холбоо” фракцын тэргүүн Клаудия Виттиг “Герман улс ч гэсэн ОХУ-тай дизелийн гэрээ байгуулах ёстой” гэж Reuters-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Германы бензин колонкуудын үнэ “галзуурмаар” болж, бидний Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний бодлого өөрсдөд маань хүндээр тусч, бүрэн нурлаа гэж тэрээр онцолсон байна.
Тэрээр Герман улс зөвхөн дизелиэр хэрэгцээгээ хязгаарлах ёсгүй, Оросын газрын тос, байгалийн хийн тогтмол нийлүүлэлтийг сэргээснээр үйлдвэрлэлээ аварч чадна гэжээ.
Сануулахад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй “амжилттай” утсаар ярилцсан билээ. Энэ тухайгаа Трамп Truth Social сүлжээнд мэдээлсэн. Тэрээр Орос улс дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлнэ гэж мэдэгдэв. Орос улс ч нефтийн бүтээгдэхүүний экспортод тавьсан хоригоо цуцална гэсэн юм.
Т.Ананда
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn