Ч.БЯМБАХАЖИД
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн тэргүүнүүдийг өчигдөр Төрийн ордонд угтан авч, мэндчилэв.
Чуулга уулзалтад 23 орны парламентын 88 төлөөлөгч оролцож, "Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.
“Эмэгтэй парламентчдын төлөөлөл өсөж байгаа ч шийдвэр гаргах эрх мэдэл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байна”
Энэ үеэр “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт нээлтийн үгэндээ, Өнөөдөр бид “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” гэсэн цаг үеэ олсон чухал сэдвээр чуулж байна. Энэ сэдвийн цаана энгийн атлаа чухал асуулт бий. Энэ бол эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байна гэдгээс илүүтэй тэдний дуу хоолой, оролцоо иргэдийн амьдралд чухам ямар өөрчлөлт авчирч байна гэдэг асуулт юм. Өнөөдрийн чуулганы гол утга учир энэ асуултын хариултыг олоход оршино гэж би үзэж байна хэмээн онцлов.
Тэрээр, Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан түүхтэй. Тэр цагаас хойш бүтэн зууныг туулж 1992 онд гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан Монголын парламент өнөөдөр 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ бол бидний хамтын ололт, ардчиллын хөгжлийн бодит ахиц юм. Гэхдээ бидэнд үүнээс ч чухал зорилт бий. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь энэ зорилгодоо хүрэхэд бүрэн хангалттай биш. Харин тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал юм. Өнөөдөр Монголын эмэгтэй парламентчид хүүхдийн эрх, гэр бүлийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг нийгмийн амин чухал асуудлаар манлайлж байна. Тухайлбал, бид Гэр бүлийн тухай хуулиа 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг баталгаажуулан бэхжүүллээ. Энэ бол төлөөлөл бодит нөлөөлөл болж буйн нэг жишээ. Учир нь парламентын баталсан хууль бүрийн цаана хүн бүрийн амьдрал бий. Хууль сайн байх эсэхийг баталсан хуулийн тоогоор бус хамгаалж чадсан хүний эрх, өөрчилж чадсан өөдрөг сайхан амьдралаар хэмжих ёстой хэмээн тодотгосон.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Өнөөдөр дэлхийн парламентын суудлын 27 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч парламентын дарга нарын ердөө 20 орчим хувь нь эмэгтэй байгааг онцлоод, энэ бол эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөж байгаа ч шийдвэр гаргах бодит эрх мэдэл, нөлөөлөл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байгааг харуулж байгааг дурдав.
“Төлөөлөл бол боломж, нөлөөлөл бол хариуцлага. Харин бодит өөрчлөлт бол ард түмний итгэлийг ажлын үр дүнгээр хариулж байгаа хэрэг юм. Энэ чуулганаас гарах санаачилга шийдэл бүр улс орнуудын парламентын үйл ажиллагаанд шинэ ахиц авчирч, иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn