Б.НАНДИН
Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.
Г.Уянга: Газар олголтын талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт өгнө

“Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний зохицуулагч иргэн Г.Уянга “Эгүүр” сайтын ерөнхий редактор Ж.Мядагбадамын нэр дээр газар эзэмшлийн 10 бүртгэл байгаа гэх мэдээллийг танилцууллаа. Түүний хэлснээр эдгээрийн наймыг 2026 оны нэгдүгээр сарын 19-нд буюу нэг өдөр шийдвэрлэсэн бөгөөд нийт талбай нь нэг га орчим аж. Нэгж талбарын дугаар, хүсэлт бүртгэсэн болон шийдвэрлэсэн огноо зэрэг мэдээллийг газрын цахим системийн нээлттэй мэдээллээс авсан байна. Ингэхдээ сэтгүүлчийн өнгөрсөн нэгдүгээр сарын 2, 7, 15-нд хүсэлтүүдийг тухайн сарынх нь 19-нд нэг дор шийдвэрлэсэн нь анхаарал татаж байгааг онцолсон юм. “Иргэд гэр бүлийн хэрэгцээний газар авахын тулд олон жил хүлээдэг байхад нэг хүний нэр дээр хэд хэдэн газрыг ийм богино хугацаанд олгосон байгааг ямар үндэслэлтэй болохыг тодруулан шалгах шаардлагатай. Би 2023 оноос өөрийн нэр дээр газар олгох хүсэлт гаргасан ч шийдвэрлүүлж чадаагүй, харин олон жил амьдарсан байшингийн маань газрыг өөр хүнд олгосон гэдгийг надад мэдэгдсэн. Тэгэхээр нийслэлээс газар олгох шийдвэр ямар үндэслэлээр гардаг, иргэдийн хүсэлтийг ижил зарчмаар шийдвэрлэдэг эсэхэд тайлбар авмаар байна” гэв.
Мөн тэрээр энэ асуудал Хатан туулаа хамгаалъя хөдөлгөөн өрнөснөөс хойшхи үйл явдалтай холбон тайлбарлаж байна. Ялангуяа тус хөдөлгөөнд идэвхтэй оролцсон иргэдийг хэвлэлээр гутаан доромжлох, гүтгэн харлуулах технологи явагдаж байсныг ч хэллээ. Мөн Туулын хурдны замын тендерт шалгарсан компанийн ажлын туршлага, оффисын байршил, мэргэжилтнүүдийн мэдээлэлд эргэлзэж буй үндэслэлээ дөрөвдүгээр сарын 14-нд АТГ-т хүргүүлсэн ч зургаан сар орчим өнгөрөхөд шалгалтын явц, үр дүнгийн талаар хангалттай мэдээлэл аваагүй байна. Мөн Хууль зүйн сайд асан, Хотын экс дарга Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан гэдгийг мэдээлээд тодорхой хугацаа өнгөрсөн ч яллагдагчаар татсан тухай тогтоолыг гардуулсан эсэх, мэдүүлэг авах явц, Монголд ирүүлж шалгах ажиллагаа ямар шатанд байгааг тодорхой болгохыг шаардлаа. Тэрээр газар олголттой холбоотой болон бусад мэдээллүүдээ Цагдаагийн ерөнхий газарт өгнө гэдгээ мэдэгдэв.
Ц.Лут-Очир: Халдлагын хэрэгт хяналт тавьсан прокурорын үйл ажиллагааг шалгуулна

Мөн энэ үеэр иргэн Ц.Лут-Очир Туулын хурдны замын тендертэй холбоотой материалыг иргэд АТГ-т өгсөн ч шалгалтын үр дүнг мэдээлэх, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажил хангалтгүй байгааг шүүмжиллээ. Хууль хяналтын байгууллагууд иргэдийн ил болгосон мэдээллийн мөрөөр ажиллахаас гадна албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бодитоор шалгах ёстой хэмээн онцлов.
“Би 2025 онд “Огцрох амархан” жагсаалд оролцож байхдаа гэрийнхээ үүдэнд бусдад зодуулж байсан. Тэр үед цагдаагийн байгууллага уг хэрэгт оролцсон хүмүүсийг тогтоож, зарим нь шүүхээс ял авсан ч халдлагыг захиалсан хүн хариуцлага хүлээгээгүй үлдсэн. Тиймээс хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор Энхнямын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Прокурорын ёс зүйн зөвлөлд гаргаж, тус зөвлөл 2026 оны долдугаар сарын 31-нд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч дүгнэлтийн дагуу арга хэмжээ аваагүй гэв. Тиймээс прокурор албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй эсэхийг АТГ-аар шалгуулах хүсэлт гаргаж байгаа аж.
Г.Болдбаатар: SLAPP технологиор иргэдийг залхаан цээрлүүлж, үзэл бодлыг нь боогдуулж байна

Иргэн Г.Болдбаатарын хувьд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг олон нийтийн сүлжээний нийтлэл, сэтгэгдэлтэй нь холбогдуулан цагдаа, шүүхэд дуудаж, цаг хугацаа болон санхүүгийн дарамтад оруулж байгаа асуудлаар мэдээлэл өгсөн юм. “Олон нийтийн төлөөх асуудалд идэвхтэй байж үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө иргэдийн эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа нь иргэдийг залхаан цээрлүүлж, дуу хоолойг нь хязгаарлах зорилготой байж болзошгүй” хэмээн онцоллоо. Үүнийг олон нийтийн оролцоог хязгаарлах стратегийн нэхэмжлэл буюу SLAPP хэмээн үздэг энэ үзэгдлээр иргэдийн олон нийтийн идэвхийг сулруулах, цаашлаад үг хэлэх эрх чөлөөг хумьж байгаа томоохон зөрчил гэдгийг илэрхийлсэн юм. “Иргэд төсвийн зарцуулалт, төрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилж, тайлбар шаардах эрхтэй. Х.Нямбаатар өөрөө Монголд ирж, холбогдох асуудлаар тайлбар, мэдүүлгээ өгөх ёстой” гэв.
Эх сурвалж: polit.mn