Т.БАТСАЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан хуульд анхаарах зүйл байна. Иргэдээсээ байгуулагдсан төр иргэдийнхээ талаа ажиллах ёстой. Оруулж ирсэн хууль асуудалтай байна. Орлогоосоо давсан зардлаа нөхөж төлөхийн тулд иргэд зээл авдаг. Монголбанк арилжааны банкнаас олгох зээлийг өндөр босготой болгосон. Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагууд дээр иргэдийн хэрэглээний зээлийг хязгаарлачихсан. Иргэд өдөр тутмын асуудлаа шийдэхийн тулд апликейшны зээл авдаг. Арилжааны банкны зээл жилийн 18 хувь, банк бусын зээл 45 хувь, аппликейшны зээл 50-60 хувьтай байдаг. Бага хүүтэй зээл авах боломжийг нь хаачихаад өндөр хүүтэй апликейшны зээл өгдөг. Шалгуур шаардлага тавихгүй амар хялбараар зээлээ өгчихдөг. Төлөхгүй болохоор шүүх рүү 4000, 5000-аар нь гомдлоо шилжүүлдэг. Нэг шүүгч дээр асар их зээлтэй холбоотой хэрэг ирдэг. Энэ асуудлыг шийдэхээр оруулж ирэхдээ иргэдийн эрх ашгийн төлөө бус шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулахын төлөө, ямар ч хяналтгүй, замбараагүй өндөр хүүтэй зээл өгсөн банк бус аж ахуй нэгжийг илүү ашигтай орлоготой ажиллуулахын төлөө ийм хууль оруулж ирж болохгүй. Зээл өгөх гэж байгаа юм бол илүү хариуцлагатай хандах ёстой, зээлийн боловсрол олгох ёстой, эцэст нь ийм үр дагавартай шүү гэдгийг ойлгуулж өгдөггүй. Замбараагүй баахан зээл өгчихөөд шүүх рүү өгөөд хялбаршуулсан аргаар шууд шийднэ гэж байна.Долоохон хоногийн дотор зар тавина, долоон хоногийн дотор шийдэхгүй бол банк, банк бусын талд шийдэгдэх нь. Иймээс хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд иргэдийн эрх ашгийг хамгаалж хуулийн заалтуудыг оруулах ёстой, ажлын хэсэг анхаарч ажиллах ёстой” гэлээ.
“Төрөлт буурч байгаа нь санаа маш их зовоож байна”
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд анх удаа ипотекийн зээлээр орон сууц авах, урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргана гэж байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих нь зөв. Гэхдээ амьдралын төлөө яваа цалин болон бусад зээлийнхээ дороос өндийгөөд орон байртай болох гээд зүтгэж яваа нэг, хоёр хүүхэдтэй, хуульд заасан залуу гэх 35 наснаас хэтэрчихсэн гэр бүл зөндөө байгаа шүү дээ. Орон байртай болоод дахиад хүүхэдтэй болъё гэж байгаа зөндөө гэр бүл байгаа. Ипотекийн зээл хөөцөлдөөд явж байгаа залуусын өмнүүр гурав, дөрвөн хүүхэдтэй нь ороод байх юм бол цөөн хүүхэдтэй нь байртай болж чадахгүй юм биш үү.Ипотекийн зээл олдохгүй байгаа шүү одоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Төрөлт буурч байгаа тул сэдэлжүүлэх хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотек болон түрээсийн орон сууцанд оочергүй хамруулъя гэдэг зохицуулалт оруулсан.Таван жилийн өмнө 80 мянга гаруй хүүхэд жилд төрдөг байсан бол одоо 50 мянга болж огцом буурсан. Иргэдээ олон хүүхэдтэй болгохын тулд эдийн засгийн хөшүүрэг оруулж байгаа санаа. Би хоёр хүүхэдтэй, яахаараа намайг ялгав гэдэг асуудал үүснэ. Хэлэлцүүлгийн шатанд 997 мянган өрхөөс гурван хүүхэдтэй нь хэд юм гээд судалгаагаа нарийсгаад явах боломж бий. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг ажиллаад саналаа гаргаад явах ёстой. Төрөлт буурч байгаа нь санаа маш их зовоож байна. 20 жилийн дараах ажиллах хүч буурахад сөргөөр нөлөөлнө. Европт олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихийн тулд ээжийнх нь нийтийн зогсоолд тавьсан автомашиныг төлбөрөөс нь чөлөөлөх зэргээр зарим талын зохицуулалт хийж байна гэлээ.
Мөн хуулийн төсөлд,
-Бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүн бүхий ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх;
-Гэр бүлийн өдөр тохиосон долоо хоногийг амралтын өдөр болгох
-Гэр бүлийн боловсрол, зөвлөгөө, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
-Хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд зохицуулах;
-Гэр бүлд чиглэсэн төрийн үйлчилгээг нэгтгэсэн E-Family платформ ажиллуулах зэрэг зохицуулалт тусгасан юм байна.
“Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 23 дахь удаагаа өөрчлөх гэж байна”
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад заасан “нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх” тухай төсвийн тусгай шаардлагын дагуу байгалийн баялгийн үр өгөөжөөс бий болох тухайн жилийн орлогыг тухайн жилдээ зарцуулах боломжтой байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан байгалийн баялгийн үр өгөөжийг өнөө болон ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх тухай зохицуулалттай нийцэхгүй байна. Үндсэн хуулийн агуулгаар газрын хэвлийн баялгийн үр өгөөж нь одоо ба ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангаар дамжуулан хуваарилж байхаар, улмаар төсөв нь Монгол Улсын хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтыг санхүүжүүлэхэд чиглэсэн байхыг тодорхой заажээ.
О.Батнайрамдал: Төсвийг дагуулж төсвийнхөө хүрээг тодорхойлдог гол хуулиа өөрчлөөд явж болохгүй
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх батлагдсанаас хойш 23 дахь нэмэлт өөрчлөлт нь орж байна. Ихэнх тохиолдолд төсөв, төсвийн тодотгол өргөн барихдаа дагалдах хуулиар өөрчилж ирсэн. Төсвийг дагуулж төсвийнхөө хүрээг тодорхойлдог гол хуулиа өөрчлөөд явж болохгүй.
Б.Түвшин: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гурав дахь удаагаа өөрчлөх гэж байна
-Уул уурхайн баялаг өнгөрсөн хугацаанд хангалттай сайхан орж ирсэн. Оюутолгойн мөнгөөр юу хийсэн юм бэ, Тавантолгойн мөнгөөр юу хийсэн юм бэ, Эрдэнэтээс авч байгаа их мөнгүүдээр юу хийсэн юм бэ гэдэг асуултад хэн нь ч хариулж чадахгүй. Бид бүгдээрээ урсгал зардлаа дагуулж өсгөөд, бүгдийг жилд нь хэрэглээд дуусгасан.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилд нэг өөрчилдөг байсан бол хоёр өөрчилдөг, магадгүй сүүлдээ гурав өөрчилдөг болох гэж байна. 22, 23 дахь өөрчлөлтүүд орж ирж байгаа нь өнөөдрийн төсвийн үр ашиггүй байдал, улсын төсвийн орлого нэмэгдээд байгаа ч иргэдийн ахуй амьдрал нэмэгдэхгүй байгаатай шууд холбоотой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn