2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-н дээр Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн захирал Г.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр Европын Холбоонд хамгаалагдсан 5 өнгийн Газар Зүйн Заалтыг бүртгүүлэхтэй холбоотойгоор уулзалт зохион байгууллаа.
Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн захирал Г.Өлзийсайхан Хятад, Өвөрмонголын ноолуураас Монгол ноолуурын бүс нутгийн онцлог шинж чанар, ялгарлыг таниулах Европын Холбоотой хийх түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ноолуурын Газар зүйн заалтыг шуурхай бүртгүүлэх, ямаа малын бэлчээр, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөнд шууд холбоотой бус гэдгийг олон улсад таниулах маркетингийн ажлуудыг хийх нь чухлыг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан олон улсын брэндүүдийг оролцуулан Дэлхийн ноолуурын форумыг 2027 онд Монголд зохион байгуулахад ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон талаарх мэдээллийг өгөв.
ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж салбарын яам, холбоо, холбогдох эрдэм шинжилгээ судалгааны ажилтнууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтран ажиллаж, малын үржил селекцийн ажлыг эрчимжүүлэх, стандартыг боловсруулах, маркетинг сурталчилгааг хийхэд төр хувийн хэвшил нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж Европын Холбоонд бүртгүүлэхээр ажиллаж байгааг дурьдлаа.
Уулзалтанд Монголын ноос ноолуурын холбооноос хамгаалагдсан таван өнгийн ноолуурын Газар Зүйн Заалт /GI/-тай ноолууран бүтээгдэхүүнийг Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлэхтэй холбоотой хийсэн ажлууд, стандартын болон маркетингийн ажлуудыг танилцуулсанаас гадна саяхан болж өнгөрсөн Парисын “Première Vision Paris 2026” олон улсын үзэсгэлэнд ноолуурын Газар Зүйн Заалтыг сурталчилан таниулсан ажлыг танилцуулж цаашдын хийх хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдал, боломжийн талаар санал солилцов.
Монголын чанар стандартын шаардлага хангасан, баталгаажсан ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, монгол ноолуурын онцлог шинж чанар, ондоошил, ялгарлыг таниулах Газар зүйн заалт/GI/-ыг Европын холбоонд бүртгүүлэхэд талуудын оролцоо, хийх ажлын талаар харилцан ярилцав.
Монгол ноолуурыг Европын Холбоонд газарзүйн заалтаар бүртгүүлэх нь бүтээгдэхүүний гарал үүсэл, ондоошил, ялгарал, өвөрмөц шинж чанар, нэр хүндийг олон улсын зах зээлд баталгаажуулахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх, үнэ цэнэ өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.