П.ЛХАГВАЖАРГАЛ
БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжлээ
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийн нэг болох “ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх” 6 сая ам.долларын өртөгтэй Солонгос улсын КОЙКА байгууллагын төсөл долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ дүгнэх шатандаа хүрлээ. Төслийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын өгөөжийг дүгнэх хаалтын арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт боллоо. Тус арга хэмжээнд ШУТИС, Солонгосын Сангмён их сургууль, КОЙКА байгууллагын удирдлага, багш, оюутнууд хүрэлцэн ирсэн юм.
Мөн энэ үеэр төслийн ерөнхий зохицуулагч Сангмён их сургуулийн профессор Пэк Сон Ук ШУТИС-ийн хүндэт профессороор өргөмжлөгдсөн юм. БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн энэхүү төсөл нь МХТС-ийн удирдлага, боловсрол, судалгааны чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг сайжруулах үндсэн дөрвөн чиглэлд хэрэгжсэн юм. Энэ тухай Сангмён их сургуулийн дэд захирал У Сэ Вон “Энэхүү төслийн хүрээнд хоёр сургуулийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Төсөл дуусаж байгаа боловч энэ нь бидний хамтын ажиллагааг улам бэхчүүлэх гүүр боллоо. Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд багш, ажилчин, оюутнуудыг чадавхжуулах солилцоо, профессоруудын хамтарсан судалгаа зэргийг төлөвлөж, үр дүнтэй хэрэгжлээ. Цаашид хоёр сургуулийн төдийгүй Монгол, Солонгос улсын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Төслийн хүрээнд МХТС-д өндөр түвшний 10 сургалт, судалгааны лаборатори байгуулж, сургалтын болон судалгааны орчныг шинэ шатанд гаргалаа. Эдгээр лабораторийн зарим нь Монгол Улсад төдийгүй Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч ховор байдаг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор бүтжээ. Өндөр бүтээмжтэй тооцооллын лабораторид хиймэл оюун, их өгөгдлийн олон төслийг хийж байгаа бол Радио давтамжийн лабораторийг улсын хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгох ажил төгсгөлийн шатандаа явна.
Энэ тухай ШУТИС-ийн МХТС-ийн профессор, төслийн зохицуулагч А.Эрдэнэбаатар “Судалгааны чадавхыг бэхжүүлэхийн тулд материаллаг бааз, лаборатори, судалгааны орчин маш чухал. Тухайлбал, Монголд өмнө нь Радио давтамж, антенны лаборатори байгаагүй. Өндөр өртөгтэй, үндэсний хэмжээнд ач холбогдол бүхий лаборатори учраас цаашид үндэсний хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгохоор холбогдох баримт бичгийг боловсруулж, төрийн байгууллагуудад хүргүүлээд байна” гэв.
Түүнчлэн Монгол-Солонгосын багш, судлаачдын хамтарсан 22 эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, WoS-ын SCIE индекстэй сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлээд байна. Үүний сацуу бакалавр болон магистрын түвшний сургалтын 20 хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, оюутнуудын суралцах, дадлага хийх, судалгаа шинжилгээ явуулах боломжийг өргөжүүлжээ. Мөн 15 багшийг Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, найман хичээлийн агуулгыг 100 хувь цахим хэлбэрээр явуулахаар хөгжүүлж, өнгөрсөн хичээлийн жилээс ашиглаж эхэлсэн юм.
Бэтэг өвчний үе шатыг хиймэл оюун, машин сургалтаар таних зөв аргачлалыг системчилжээ
ШУТИС дээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь гүйцэтгэл, үр өгөөжөөр КОЙКА байгууллагад өндрөөр үнэлэгдэж байгаа бөгөөд төслийн концепц болох "МХТС-ийн чадавх бэхэжвэл мэдээлэл холбооны технологийн салбарын хөгжил, өрсөлдөх чадвар сайжирна. Үүнийг дагаад бусад салбарын бүтээмж, үр ашиг нэмэгдэж, Монгол Улсад цахим шилжилт, инновац өндөр түвшинд гарч, эрчимтэй хөгжлийн замд гарна” гэсэн хөгжлийн логик гинжин холбоос байлаа гэж дүгнэж болно. Үүнийг КОЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Жон Инь Ён онцлон төслийг хамтран хэрэгжүүлсэн хоёр их сургуулийн баг хамт олонд талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Анх төслийн хүрээнд 10 судалгааны ажил хийхээр төлөвлөж байсныг давуулан биелүүлж, 22 судалгааны ажлын ард гарчээ” хэмээсэн юм.
Эдгээр судалгааны тухай тодруулбал, ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхимийн багш, дэд профессор Ц.Тэнгис “Манай баг КОЙКА төслийн хүрээнд уул уурхайн чиглэлд хүний байршил тогтоодог систем, мөн анагаах болон автомат үйлдвэржилтийн чиглэлд хүний тархины тохиог боловсруулах замаар тодорхой юмсыг удирдах боломжтой болгох судалгааны ажлуудыг хийсэн. Энэ нь хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөхөөс гадна аюултай нөхцөлд роботын систем орж ажиллах бололцоог гаргаж байна. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа үр дүнг бодитоор хэрэгжүүлэх боломжийг КОЙКА төсөл бүрдүүллээ. Түүнчлэн олон улсад хөгжиж буй жолоочгүй систем, хүн төрхт робот зэргийн судалгаа хийх боломж илүүтэй бүрдсэн бөгөөд энэ нь зөвхөн профессоруудаар хязгаарлагдахгүй бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад нээлттэй юм” гэсэн бөгөөд манай судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааг эх орондоо хийж байна.
Мөн дээрх боломж оюутнуудад ч бүрдсэн бөгөөд тус сургуулийн Мэдээлэл технологийн тэнхимийн магистр Т.Түвшинсайхан бэтэг өвчний үе шатыг хиймэл оюун, машин сургалтаар таних зөв аргачлалыг системчилжээ. Энэ нь дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой тус сургуулийн багш, судлаачдын судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт болсныг илтгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn