Т.БАТСАЙХАН
Засгийн газар Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээгээ эцэслэж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр 17 жилийн дараа тус гэрээнд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газраас мэдээллээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг буюу нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулахаар болжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа” хэмээн мэдэгдэв.
Тэрээр энэхүү тохиролцоо нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддагийн бодит жишээ болж байгааг онцолсон юм. Мөн Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрсэн хэмээн тодотгов.
Харин Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот есдүгээр сарын 11-нд хийсэн мэдэгдэлдээ Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлтийг “түүхэн мөч” хэмээн тодорхойлов. Тэрээр “Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа. Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил” гэв.
2027 оноос ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцжээ
Хоёр талын хэлэлцээний дараагийн чухал асуудал нь Оюутолгой төслийн ногдол ашиг байв. Ерөнхий сайдын мэдээлснээр Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Троттой Оюутолгой төслийг Монгол Улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилан, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцжээ.
Саймон Трот ч ногдол ашгийн асуудлаар хоёр тал ярилцсаныг мэдэгдсэн байна. Тэрээр “Бид өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхийн төлөө Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” гэжээ.
Ингэснээр ногдол ашгийг 2027 оноос хуваарилах асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, нэгдсэн шийдэлд хүрэхээр болж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Рио Тинто группийг Монгол Улстай урт хугацаанд тогтвортой, шударгаар хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулж, сайн түншийн ёсоор итгэл гарган ажилласныг онцолж, Саймон Трот болон түүний хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Саймон Трот мөн хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар “Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаанд суурилсан эдгээр санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, Оюутолгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn