Т.САЙХАН
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт энэ долоо хоногт Монголд ирнэ. Тэрээр гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг жил болж байна. Энэ удаа Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзах төлөвлөгөөтэй байгаа гэв.
Түүний ирж буй шалтгаан нь мэдээж өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хийсэн яриа хэлэлцээрийг баталгаажуулах асуудал байх болов уу. Харин “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт монголчуудын хувьд “шинэ” хүн. Өмнө нь тус компанийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан нэгэн.
Саймон Тротт гэж хэн бэ?
Өмнөх захирал Якоб Стаусхолмыг ажлаа өгөх тухай мэдээллийн дараа олон улсын хэвлэлүүдээр дараагийн гүйцэтгэх захирал болох өндөр магадлалтай хүний жагсаалтад Б.Болд захиралтай хамт идэвхтэй яригдаж байсан хүний нэг билээ. Саймон нь Рио Тинтогийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг нүсэр том Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлын албанаас дэвшин томилогдсон юм. Тэрээр Риод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группуудэд удирдах түвшний ажлууд хийсэн Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байсан өргөн хүрээний туршлагатай юм байна. Түүний сүүлд удирдаж байсан Төмрийн хүдрийн групп л гэхэд баруун Австралид Оюу толгойтой эн тэнцэхүйц 17 уурхай, тэдгээрийг холбосон төмөр зам, усан тээвэр, боомт, логистикийн цогц систем бүхий дэлхийн түвшний уул уурхайн бизнес байв. Одоо тэрээр тушаал дэвшиж 36 оронд 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дэлхийд хоёр дахь том уул уурхайн бизнесийг удирдахаар болоод буй.
Оюу толгойн гол хөрөнгө оруулагч, менежментийг хариуцдаг гэдэг утгаараа Саймон ирэх хэдэн жилийн турш монголчуудтай ойр ажиллах хүн юм.
Жилд 320 сая тонн төмрийн хүдэр олборлож борлуулдаг төмрийн хүдрийн групп нь “Рио”-гийн хамгийн том бизнесийн салбар. Харин Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш тэрээр “Рио Тинто”-гийн зэс, лити гээд чухал түүхий эдийн төслүүдийн ашиглалт, хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа.
Эх сурвалж:www.polit.mn