Т.САЙХАН
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Л.Баяр-Эрдэнэтэй тус сургуулийн хэрэгжүүлсэн төсөл, судалгааны лаборатори болон сургалтын орчны шинэчлэлийн талаар ярилцлаа. ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС) 2019 оноос хэрэгжүүлсэн, нийт 6 сая ам.долларын өртөг бүхий төслийн хүрээнд өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулж, хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталжээ.
Түүнчлэн төслийн хүрээнд 22 судалгааны төслийг хэрэгжүүлж, олон улсын өндөр түвшний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх чиглэлээр төслийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох Сангмён их сургуультай хамтран ажилласан байна. Үүний үр дүнд МХТС-ийн эрдэмтэн, судлаачид 30 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын түвшний сэтгүүлд хэвлүүлжээ. Энэ талаар ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Л.Баяр-Эрдэнэ
“Манай сургууль хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө шинээр боловсруулж, баталсан. Үүний зэрэгцээ төслийн хүрээнд 10 судалгааны лаборатори байгууллаа. Мөн 22 судалгааны төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь олон улсын өндөр түвшний сэтгүүлүүдэд нийтлүүлэх чиглэлээр төслийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох Сангмён их сургуультай хамтран ажилласан. Үүний үр дүнд манай эрдэмтэд 30 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын түвшний сэтгүүлд хэвлүүлж чадсан.Төслийн хүрээнд байгуулагдсан 10 лабораторийн зарим нь Монгол Улсад төдийгүй Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч ховор байдаг, өндөр түвшний судалгааны лабораториуд юм.Мөн багш, оюутнуудын суралцах, судалгаа хийх орчныг сайжруулах, сургуулийн өнгө үзэмж, сургалтын орчныг шинэчлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Оюутнууд судалгаа, шинжилгээ хийх зориулалтын орчин, тусгай талбайтай болсон.
Үүний зэрэгцээ хиймэл оюун ухаан, робот техник зэрэг шинэ чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, агуулгыг нь боловсруулсан. Ингэснээр оюутнууд олон улсын түвшинд өрсөлдөж, ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших боломж бүрдэж байна.
Энэхүү төсөл 2019 оноос хэрэгжиж, 2026 онд хаалтаа хийж байна. Төсөлд ШУТИС-ийн бүрэлдэхүүн МХТС-ийн нийт ажилтан, албан хаагчид, багш, профессорууд идэвхтэй оролцсон.Одоогоор төслийн хүрээнд байгуулагдсан лабораториудын нэг нь магадлан итгэмжлэлд хамрагдаж байна. Магадлан итгэмжлэл авснаар радио давтамж, антенны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхээс гадна антенн тохируулах зэрэг үйл ажиллагааг тус лабораторид гүйцэтгэх боломжтой болно.
Түүнчлэн өндөр хүчин чадал бүхий компьютерын лабораториуд бий болсон. Нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд эдгээр компьютерыг ашиглан дадлага хийх, хичээлээ судлах, судалгаа шинжилгээ хийх боломжтой болж байна” гэв.Цаашид зөвхөн өндөр түвшний лаборатори байгуулаад зогсохгүй, тэдгээрийн ашиглалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Л.Баяр-Эрдэнэ онцоллоо. Тэрээр ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиуд, их дээд сургуулиуд болон мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, судалгааны байгууллагууд эдгээр лабораторийг бидэнтэй хамтран ашиглах боломжтой. Ингэснээр нэг сургуулийн хүрээнд хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн салбарын судалгаа, хөгжлийг эрчимжүүлэх боломж бүрдэх юм. Монгол улсад төдийгүй дэлхийн бүх орнуудад МХТСалбарын судалгаа, шинжилгээ, технологийг хөгжүүлж, бусад салбарт өргөнөөр ашиглаж байна. Түүнчлэн “Лабораториудын ашиглалтыг нэмэгдүүлснээр энэ салбарын хөгжилд Монгол Улсын оруулах хувь нэмрийг өсгөх, дижитал шилжилтийг манлайлах чиглэлээр манай сургууль түлхүү ажиллана гэж бодож байна. Энэ салбарын бүх хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn