Б.НЯМСҮРЭН
Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарч эхэлсэн шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Н.Учрал гэнэтийн есөн шийдвэр танилцууллаа.
Үүний зэрэгцээ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв.
Хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцжээ. Харин төсвийн алдагдал 2.306 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Мөн сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, цалин, тэтгэвэр нэмэх болон иргэдийн орлогыг хамгаалахад зарцуулахаар төлөвлөснийг онцолжээ.
Эдийн засгийн нөхцөл амаргүй, ирэх өвлийн эрчим хүч, үнийн өсөлт, өрхийн орлого зэрэг асуудал анхаарал татаж буй энэ үед Ерөнхий сайдын танилцуулсан шийдвэрүүд улс төрийн болон эдийн засгийн зорилгыг хослуулснаараа онцлог харагдана. Засгийн газар есөн шийдвэрийнхээ гол зорилгыг “Монголын баялаг-Монголчууддаа” хэмээн тодорхойлжээ.
Ерөнхий сайдын танилцуулгад есөн шийдвэрийг “Таны хувь”, “Таны мөнгө”, “Таны ирээдүй” гэсэн гурван агуулгаар багцалсан байна. Хорин жил яригдсан Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авч, түүнийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авахаа мэдэгдэв. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг иргэдийн саналаар эрэмбэлж, ногдол ашгийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Мөн төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулж, 2027 онд улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцжээ. Ингээд Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэрийг хүргэе.
1. Оюутолгойн ногдол ашиг
Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авч, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол зэрэг салбарт зарцуулна. Ногдол ашгийг ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах талаар иргэдээс санал авах юм байна.
2. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа
Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно. Мөн төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох, ашигт ажиллагааг нь сайжруулах асуудлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
3. Татвар
Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлнө. Ингэснээр иргэдийн татварын ачаалал нийт 840 тэрбум төгрөгөөр буурч, тухайн хэмжээний мөнгө иргэдийн гарт үлдэнэ гэж тооцсон байна.
4. Тэтгэвэр, цалин, нийгмийн даатгал
Ахмад настнуудын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг нийт 186.3 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөхөөр тооцжээ. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын НДШ-ийг чөлөөлнө. Мөн гарааны бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжийн гурван хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх НДШ-ийг 36 сарын хугацаанд чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Давхар ажил эрхэлдэг иргэн аль нэг ажлаасаа НДШ төлөх сонголттой болно.
5. Орон сууц
Нийт 16 мянга орчим иргэнийг зургаан хувийн хөнгөлөлттэй зээл, хамтын өмчлөл болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцад хамруулна. Төрийн мэдлийн 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулахаар төлөвлөжээ.
6. Эрчим хүч
Дулааны III цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станц барина. Мөн Дулааны III цахилгаан станцыг засварлан шинэчилж, 10 аймагт хэрэгжиж буй дулааны цахилгаан станцын төслүүдийг дуусгана.
7. Боловсрол
“Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” хөтөлбөр хэрэгжүүлж, 100 мянган компьютер нийлүүлнэ. Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар төлөвлөжээ.
Мөн ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг нь бууруулан, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилсэн “Ногоон сургууль” болгоно.
8. Эрүүл мэнд
Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39 эмнэлгийн ажлыг үргэлжлүүлж, шинээр 34 эмнэлэг барина.
Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр төлөвлөжээ.
9. Ногоон хөгжил
Цахилгаан автомашин түргэн цэнэглэх 500 “Ногоон өртөө” байгуулна. Мөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан хөдөлгүүрт автомашин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.
Энэ бол одоогоор албан ёсоор танилцуулсан мэдээлэл. Мэдээж есөн шийдвэр зарлагдсан даруйдаа шууд хэрэгжихгүй. Тэр дундаа цахилгаан станц, эрчим хүчний шинэ эх үүсвэр, эмнэлэг, сургууль зэрэг томоохон бүтээн байгуулалтын үр дүн иргэдийн амьдралд ойрын хугацаанд мэдрэгдэхгүй нь ойлгомжтой.
Харин тэтгэврийн нэмэгдэл, цалингийн тодорхой хэсгийг татвараас чөлөөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгааг 15 хувь болгох зэрэг шийдвэр иргэдийн амьдралд илүү ойр бөгөөд нааштай сонсогдож байна. Гэхдээ эдгээр нь өрхийн бодит орлогыг хэр нэмэгдүүлэх нь үнийн өсөлт болон хэрэгжилтийн нөхцөлөөс шууд хамаарна.
Нөгөө талаар Оюутолгойн ногдол ашгаас хэдий хэмжээний орлого хэзээ орж ирэх, түүнийг ямар зарчмаар хуваарилах нь тодорхой болох шаардлагатай. Байгалийн баялгийн нэг удаагийн болон хэлбэлзэлтэй орлогыг тэтгэвэр, цалин зэрэг тогтмол зардалд зарцуулах уу, эсвэл эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол зэрэг урт хугацааны өгөөжтэй хөрөнгө оруулалтад төвлөрүүлэх үү гэдэг нь чухал асуудал юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрх нээх нь мөн анхааралтай зохицуулалт шаардана. Хувьцааны үнэлгээг хэрхэн тогтоох, арилжааг ямар журмаар явуулах, иргэдийн хувьцаа цөөн этгээдийн гарт төвлөрөхөөс яаж сэргийлэх вэ гэдэг асуулт хариулт хүлээж байна.
Мөн 2027 оны төсвийн зарлага 43.6 их наяд, алдагдал 2.306 их наяд төгрөг байхаар тооцсон нөхцөлд есөн шийдвэрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, хугацаа, хариуцах байгууллагыг тодорхой болгох учиртай. Сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танана гэж буй ч чухам ямар зардлыг бууруулах, төрийн үйлчилгээний чанарт нөлөөлөх эсэхийг төсвийн хэлэлцүүлгийн үеэр нарийвчлан тайлбарлах шаардлагатай.
Ямартай ч олон улсын хурлын бужигнаанд нам дарагдсан эдийн засаг, нийгмийн зарим асуудалд Засгийн газар есөн шийдвэрээр хариулт өгөхийг зорьжээ. Одоо эдгээрээс аль нь хэзээнээс хэрэгжих, амлалтыг даах мөнгө хаанаас гарах, аль хэсэг нь дараагийн маргаан, хэлэлцүүлгийн сэдэв болох нь ойрын өдрүүдийн улс төр, эдийн засгийн анхаарал татсан асуудал болж таарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 163 (7905)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn