Т.БАТСАЙХАН
Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан 2027 онд багтаан олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зорьж байна. Засгийн газар төрийн өмчийн бодлогын шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Франклин Тэмплтон компанитай Харилцан ойлголцлын хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичигт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Темплтон Ассет Менежмент компанийн Гүйцэтгэх захирал, Темплтон Глобал Инвестмэнтс компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Манраж Сехон нар гарын үсэг зурлаа.
Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд гаргахаар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын менежментийн 12 байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ хүрээнд Франклин Темплтон компани хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх үе шатны замын зураглалыг тодорхойлох зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн өмчит 108 компани үйл ажиллагаа явуулж, 60.7 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 60 их наяд төгрөгт хүрчээ. Эдгээр компанийн зарим нь стратегийн ач холбогдолтой, зарим нь зах зээлийн өрсөлдөөнд шууд оролцож байгаа ч нийт дүнгээрээ засаглал, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, олон улсын хөрөнгө оруулалтын бэлэн байдлын хувьд хангалттай түвшинд хүрээгүй байна.
Засгийн газар энэхүү шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийг яаран хувьчлах бодлого баримтлахгүй. Харин төрийн өмчит компаниудыг эхлээд олон улсын аргачлалаар үнэлнэ. Засаглал, санхүү, үйл ажиллагааны бэлэн байдлыг нь сайжруулсны дараа дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллана.
Franklin Templeton нь дэлхийн 30 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 75 жилийн түүхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд 2026 оны тавдугаар сарын байдлаар 1.78 их наяд долларын хөрөнгө удирдаж байна. Тус компани Румын Улсад болон болон Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлд бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан туршлагатай.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын хаврын тариалалтын явц болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Ц.Идэрбат: Ургацын комисс” байгуулах шийдвэр гаргалаа
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. Тэрээр “Одоогоор гарван сар орчмын өмнө олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатах, тослох материалын хангамж, үнийн асуудал нэлээн хөндөгдөж байсан. Бид газар тариалангийн компани, хувь иргэн, ногоочдодоо түлш шатахууныг нэмэгдээгүй үнээр буюу 3400 төгрөгөөр нь буюу нийт долоон мянга гаруй тонныг өгсөн. Нөгөө талдаа 2025 онд газар тариаланд хүчтэй доргилт өгсөн гангын улмаас газар тариалангийн компани,хүнсний ногоо тариаланчид санхүүгийн хүнд байдалд орсон.Энэ үед 130 орчим байгууллагад хөнгөлөлттэй зээл олгож байв. Үүний үр дүнд хаврын тариалалтдаа амжилттай хийлээ. Одоогийн байдлаар 10-аад нутагт зуншлага тааруу. Бусдад нь дунд болон сайн гэсэн үзүүлэлттэй байна. Энэ долоо найман сард хэт халалт явагдаж магадгүй. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын бэлэн байдлыг хангаад байна. Бидний өмнө намрын тариа хураалтын асуудал байгаа. Энэ жилийн хувьд тарьсан ургацыг огт алдахгүй хураах зорилго тавьсан. Иймээс Засгийн хуралдаанаар салбарын яамдын хамтарсан “ургацын комисс” байгуулах шийдвэр гаргалаа. Энэхүү комисс ургац хураалтад шаардлагатай байгаа хүн хүч, дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг урьдчилан төлөвлөж ажиллана.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эгийн голын усан цахилгаан станц манай эрчим хүчний салбарт онцгой чухал төсөл
-Таван аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт хүчин чадалтай, батерей хураагууртай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил долдугаар сарын 1-ээс эхэлсэн. Энэхүү туршлага, загварыг өргөжүүлээд дараагийн шатны сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тухайлбал, баруун бүсийн гурван байршил болох Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймагт батерей хураагууртай нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлана. Мөн зүүн бүсийн Дорнод аймаг болон Сүхбаатар аймагт энэхүү сонгон шалгаруулалтыг зарлана. Цаашлаад говийн бүсийн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд цахилгааны дэд станцад холбох нөхцөлтэй бүтээн байгуулалт хийнэ. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлах болно.Одоо зарлагдсан цахилгаан станцууд шууд ашиглалтад орохгүй. Гэхдээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахыг төлөвлөсөн байгаа. Манай улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдалтай, эрчим хүч, цахилгааны чанар хангалтгүй байдаг. Эдгээр сумын нэн тэргүүнд чанартай эрчим хүч шаардлагатай байгаа 22 суманд батерей хураагууртай нарны цахилгаан станц байгуулна. Зарим сумд холбогдож болох байршлыг оновчтой тодорхойлсны эцэст нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Ингэснээр хүчдэлийн дутагдал гардаг, гэрэл нь улаасдаг зарим сумын асуудал шийдэгдэнэ. Эрчим хүчний хараат бус байдлыг хангах чухал эх үүсвэр болох нь ойлгомжтой. Өнгөрсөн хэдэн хоногт ОХУ-ын талаас цахилгааны гэмтэл гарч, баруун бүсийн гурван аймгийн цахилгаан 11 цаг тасарсан. Баруун бүсийн аймгуудын эрчим хүчний 80 хувийг импортоор авдаг. Цаашдаа Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орвол Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймгийн эрчим хүч бүрэн хараат бус болно. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувь нэмэгддэг. Энэ жилийн өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хэрэглээ 1956 МВт болно гэсэн тооцоо гарсан. Одоогийн суурилсан хүчин чадлаар эрчим хүчний дутагдалд орно. Засвар үйлчилгээ, хэрэглээгээ оновчтой шийдэх тал дээр иж бүрэн, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байна.Эгийн голын усан цахилгаан станц манай эрчим хүчний салбарт онцгой чухал төсөл. Одоогоор олон улсын байгууллага байгаль орчны үнэлгээ хийж байгаа бөгөөд энэ оны сүүлээр хариу нь гарна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)