Төмөрбаатарын Батсайхан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны эхэнд зарим томилгоог хийлээ. Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, Э.Анарыг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн УИХ-ын гишүүн М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон юм. Үргэлжлүүлэн зарим хуулийн төслийг эцэслэн батлав. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.
Нийгмийн даатгалын хуулиар юу өөрчлөгдөх вэ?
-Нийгмийн даатгалд анх удаа хамрагдаж буй иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө.
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн тав хүртэл ажилтантай ажил олгогчийн гурван ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө.
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5-2.5 хувьтай байсныг 0.3-2.2 хувь болгон тус тус бууруулсан.
-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ.
-Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 10 жил хүртэлх хугацаанд олгоно гэж заажээ.
Н.Учрал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах ёстой
Мөн чуулганаар 2025 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсвийг батлахдаа ямар зарчим баримтлах талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Төсвийн тусгай шаардлагуудаас суурь тэнцэл ашигтай байхыг хангаж чадаагүй. Бид урьд оны үлдэгдлээ зардлаар санхүүжүүлж байна. Ийм хариуцлагагүй явж ирсэн байна. Манай өнөөдрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хуучин стандартаар явж байна. Монгол Улсын төсөв орлого, зарлагын бүртгэл л болсон. Хэдий хэмжээний хөрөнгөтэй байгаа вэ гэдгээ ч бүрэн үнэлж чаддаггүй. УИХ-ын 126 гишүүн жилийн нэг их наядын хөрөнгө оруулалтыг УИХ-ын ажлын хэсэг дээр хуваарилж сууж байхад төрийн өмчит ТУЗ-ийн есөн гишүүнтэй компани 5–6 их наядыг хуваарилаад сууж болох уу гэдгийг ярих болсон. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах ёстой. Алдагдал муу муухай гэдгийг болих хэрэгтэй. Ямар ч алдагдалгүй төсөв оруул гэсэн улс төрийн попролууд өнөөдрийг хүргэсэн. Худлаа ярьж хэлэхээ болих хэрэгтэй. Ирэх жилийн төсвийг төлөвлөхдөө суурийг нь өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал боломж олгохгүй байна. Төсвийн тодотгол хийхгүй бол урсгал зардал 90 хувьд хүрнэ. Улс төржилт дийлдэхээ болихоор тэтгэвэр, халамж нэмнэ гэсээр байна. Үүнийг өөрчилнө” гэв.
Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэн юу хэлэв?
Улмаар өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. О.Номинчимэг нарын гишүүд зохицуулалтгүй байсан зүйлүүдийг зохицуулалттай болгохоор оруулж ирсэн. Хэрэв эсэргүүцэж байгаа бол зарим болохгүй байгаа зохицуулалтаа зохицуулаад хуулиа өргөн барь л даа, нэг хуулиар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Ийм хортой бодисыг хүүхэд, залуучууд хэрэглэж байна. Бид нар хүүхэд залуусаа хамгаалахгүй юм уу. Ямар ч байсан энэ хуулийн төслийг дэмжээд баталъя.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Хойч үе, үр хүүхдүүдээ тамхинаас хамгаалах зорилготой хууль санаачилж байхад яагаад УИХ-ын гишүүн О.Номинчимэг рүү ингэж дайраад байгаа юм бэ. Казахстаны нэгэн тамхины компанийн захирал "Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, тамхины зах зээлийг хууль бус наймаанд бүү алдаарай" гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан байсан. Энэ арай л хэтэрсэн үйлдэл биш үү. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хойч үеэ тамхинаас хамгаалах, тамхины татварыг нэмэгдүүлэх, жил бүр уушгины хорт хавдрын улмаас амиа алдаж буй олон зуун хүний тоог бууруулах зорилготой хууль санаачлан хэлэлцэж байна. Гэтэл гаднын компанийн төлөөлөл гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д албан бичиг хүргүүлж байгаа нь арай л даварсан үйлдэл биш гэж үү. Зохих байгууллагууд энэ асуудлыг анхаарч байгаа байх.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Арван сарын өмнө 70 гаруй гишүүн хамтран өргөн барьсан хууль хурдан урагшлах болов уу гэж бодож байсан ч бодит байдал дээр олон саад бэрхшээлийг тууллаа.Мөн энэ хуулийг батлуулахгүй байх, буцаахын төлөө ажилласан зарим гишүүдэд ч талархал илэрхийлье. Та бүхэн парламентад хуулийг ийм өрсөлдөөнтэй, идэвхтэй хэлэлцэж болдог гэдгийг харуулсан нэгэн жишиг тогтоолоо. Харин тамхины компаниудын санал болгосон заалт, үг, өгүүлбэрийг бараг үсэг, цэг, таслалын зөрүүгүйгээр хуульд тусгуулахыг оролдсон явдал баримттайгаа үлдэнэ. Энэ нь улс төрийн замналын тань нэг хэсэг, хар толбо болон үлдэх биз. Үүндээ та бүхэн өөрсдөө дүгнэлт хийх байх. Иргэд ч өнөөдөр биш юм аа гэхэд ирээдүйд үнэлэлт, дүгнэлтээ өгнө. Тамхины бизнес эрхлэгчид болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүс намайг "энэ хуулийг батлуулахын төлөө чичирч байна" гэж олонтаа шүүмжилсэн. Тийм ээ, би чичирсэн. Нэг ангийн арван хүүхдийн найм нь уушги, амьсгалын замын өвчтэй байхад би чичрэхгүй гээд яах юм бэ. Утаатай, утаагүй бүтээгдэхүүн гэж ялгалгүй олон төрлийн химийн хорт бодисоор хүүхдүүдийнхээ ирээдүйг хордуулж байхад дуугүй сууж чадахгүй.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Сүүлийн хэдэн хоногт тамхи импортлогч компаниудын захирлууд, тэдний төлөөлөл, зарим УИХ-ын гишүүд Төрийн ордонд тамхины лобби хийж явсан нь үнэн. Бид ийм зүйлээс хэзээ татгалзах юм бэ. Монголын парламент тамхи импортлогч компаниудын халаасанд багтаагүй, багтах ч ёсгүй. Нэг Солонгос, нэг Оросын иргэн гарын үсэг зурчхаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж шаардлага тавьдаг. Энэ ямар даварсан үйлдэл вэ."Хэрэв энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд өгнө" гэж дарамталдаг. Энэ бас юу гэсэн үг вэ. Мөн "энэ хууль батлагдвал хууль бус тамхины худалдаа нэмэгдэнэ" гэж ярьж байна. Монгол Улс хилтэй, гаальтай, цагдаатай, тагнуулын байгууллагатай улс. Тамхи гэдэг чинь хайрцаг хайрцгаар нь хилээр чөлөөтэй зөөгөөд явчихдаг зүйл биш гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)