Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

1 цаг 5 мин
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та ҮБХИС-ийн захирлаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ер нь  өмнө нь Зэвсэгт хүчний аль салбар нэгжид ажиллаж байв. Цэргийн мэргэжлийг яагаад сонгосон вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би 1996 онд Архангай аймгийн Хашаат сумын 10 жилийн сургуулийг төгссөн.  Тухайн жилдээ хугацаат цэргийн албаа хаагаад 1997 онд тухайн үеийн Цэргийн их сургуульд элсэн орсон байдаг. Тэр цаг үеэс эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбожээ.

Цэргийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа буюу 2000 онд Японы Үндэсний Батлан хамгаалах академид шалгарч суралцсан. Тэнд таван жил суралцаж төгсөөд 2005 онд эх орондоо ирсэн дээ. Миний өвөө, аав хоёр цэргийн хүн байсан нь намайг энэ төрлийн мэргэжил сонгоход их нөлөөлсөн гэж боддог.

-Тэгвэл та удам дамжсан цэргийн хүн байх нь ээ?

-Тийм ээ.  Миний өвөө Осор Архангай аймгийн Хашаат суманд офицерын бага сургууль төгсөөд, 1950-иад оноос сумын захиргааны даргаар 40 гаруй жил ажилласан хүн. Харин аав маань Төрмөнх гэж хүн. Хилийн цэрэгт олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ийм хүмүүсийн үр хүүхэд болж, хажууд нь өсөж хүмүүжсэн маань өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Ер нь би багаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй өссөн.

- Японы Цэргийн их сургуульд суралцсан түүхээсээ хуваалцаач. Тухайн үед цөөхөн сонсогч суралцдаг байсан уу?

- Тийм ээ.  Сонгон шалгаруулалтаар явдаг байсан. Сурлагын дүн, спортын амжилт, бие бялдрын түвшин зэргийг харгалзан үнэлж шалгаруулдаг. Тухайн үед биднийг сонгон шалгаруулж, Япон руу хоёр сонсогч явж байсан. Японы Цэргийн их сургууль нь офицер бэлтгэдэг үндсэн, томоохон сургуулиудын нэг. Тэнд сонсогчдыг зөвхөн мэдлэг боловсролоор бус, бие бялдар, сэтгэл зүй, ёс зүй, цэргийн хүмүүжил зэрэг олон талын шалгуураар бэлтгэдэг. Сургалтын хувьд дотуур байр, хатуу дэг журам бүхий орчинд 4–5 жилийн хугацаанд сургаж төгсгөдөг. Тэнд олж авсан мэдлэг, дадлага маань өнөөдөр Зэвсэгт хүчинд ажиллахад маш чухал суурь болдог гэж хэлж болно. Би Японд төгсөж ирээд ЗХЖШ-ын сургалтын хэлтэст Соёл, хүмүүжлийн албанд томилогдож байлаа. Үүний дараа шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллаж, ажиллагааны офицер, захирагчийн орлогч, штабын даргын албан тушаалуудыг хашсан. Дараа нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв буюу 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалт хариуцсан орлогч, мөн сургалтын төвийн даргаар ажилласан. Сүүлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын асуудал хариуцсан ахлах референтээр гурван жил ажиллаад жил гаруйн өмнөөс ҮБХИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.

-Батлан хамгаалах сургууль бол маш онцлогтой, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг бэлтгэж байна. Энэ жил түүхэн ойн жил тохиож байна.  Ер нь ямар онцлогтой зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил манай сургуулийн 105 жилийн ой тохиож байна. 100 гаруй жилийн хугацаанд улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт ажиллах 70 мянга гаруй офицер, ахлагчийг бэлтгэн төгсгөсөн, олон баатар, эрдэмтэн, генерал төрүүлсэн бахархалт түүхтэй сургууль шүү дээ. Бид ойгоо баяр ёслолын хүрээнд бус, илүү өргөн агуулгатай, бүтэн жилийн турш олон талт ажил зохион байгуулж байна.  Өнөөдөр дэлхий дахины нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байна. Мөн шинжлэх ухаан, технологийн хөгжил бүх улсын зэвсэгт хүчинд хүчтэй нэвтэрч байгаа. Энэ үед бид хоёр дахь зууны түүхээ эхлүүлж байгаагаараа онцлогтой. Тиймээс сургалтын чанар, орчин нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч байна.  Мөн жилийн турш хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргаж, үе шаттайгаар хэрэгжүүлж, ирэх аравдугаар сард ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэнэ.  Бид энэ жил 105 жилийн ойн босгон дээрээ их сургуулийнхаа 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлууллаа.  Гол үзэл санаа нь Зэвсэгт хүчний салбарт хэрэгцээтэй, өндөр мэдлэгтэй, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлтэй, ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэхэд чиглэсэн. Үүний зэрэгцээ орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөний шинж чанар болон олон улсын батлан хамгаалах боловсролын чиг хандлагыг харгалзан үзэж, цэргийн инженерчлэл болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийг түлхүү тусгасан стратеги боловсруулсан. Цаашид бид мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, программ хангамж, электроник, автомеханик зэрэг чиглэлээр нарийн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэх зорилт тавьж байгаа. Мөн цэргийн инженерийн сургуулийг шинээр байгуулах зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд явагдаж буй цэргийн ажиллагаа ихэвчлэн техник, технологид тулгуурлаж, нисгэгчгүй нисэх хэрэгсэл, кибер болон цахим дайн зэрэг шинэ хэлбэрүүд давамгайлж байна. Энэ нь цаашид улам эрчимжих хандлагатай. Тиймээс бид энэ хөгжлөөс хоцрохгүй байх, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, ялангуяа байгалийн ухаан болон инженерийн чиглэлийн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд сургалтын бодлогоо чиглүүлнэ.

-Ер нь энэ стратеги төлөвлөгөө ирэх хичээлийн жилээс эхлэн хэрэгжээд явах уу?

-Тийм ээ.  Ирэх жил манай сургуулийн хувьд олон талаар онцлог жил болно. Сургалтын шинэ стратеги батлагдаж, хэрэгжиж эхэлнэ. Мөн бүтэц, зохион байгуулалтын тодорхой өөрчлөлтүүд хийгдэж байгаа бөгөөд шинээр тэнхимүүд байгуулагдан, сургалтын үйл ажиллагааг илүү орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлууд үргэлжилж байна.Сургалтын хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс эхлэн инженерийн чиглэлийн таван хөтөлбөр нэвтрүүлж байна. Үүнд кибер аюулгүй байдал, сүлжээний инженерчлэл, программ хангамжийн инженерчлэл, цэргийн эдийн засаг, автозасварын инженер зэрэг орчин үеийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд багтаж байгаа. Мөн сонсогчдын элсэлтийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Үүний үр дүнд нэг болон хоёр дамжааны сонсогчдын тоо мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.Гадаад хэлний боловсролыг сайжруулах зорилгоор англи хэлийг дөрвөн жилийн турш заавал судлах хичээл болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид сургалтын чанар, үр дүнг нь улам дээшлүүлэхэд анхаарна. Түүнчлэн сонсогч бүрийг дөрвөн жилийн хугацаанд нэг төрлийн спортоор тасралтгүй хичээллэх боломж нөхцөлөөр хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэснээр бие бялдар, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, хамт олны соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Үүнээс гадна багш, ажилтнуудын хөгжил, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн төлөвшилд онцгой анхаарч ажиллана. Бид сургалтын чанар, хүмүүжлийн орчин, удирдлагын соёлыг цогцоор нь хөгжүүлж, Батлан хамгаалах их сургуулийг орчин үеийн шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролын байгууллага болгон хөгжүүлнэ.  Ер нь Батлан хамгаалах их сургууль сүүлийн 20–30 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөр, тогтолцоондоо олон удаа шинэчлэл хийжээ. Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан сургалтын хэлбэрүүд ч өөрчлөгдөж байсан. Дөрвөн жилийн хугацаатай цэргийн мэргэжлийн офицер бэлтгэдэг уламжлалт тогтолцоотой байсан бол 1990-ээд оны дунд үеэс эхлэн тодорхой хугацаанд энгийн элсэлт авч, мөн 1–2 жилийн хугацаанд цэргийн боловсрол олгодог хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.  Улмаар долоон салбар сургуультай болж,  өнөөдрийн байдлаар 1300 орчим суралцагч суралцаж байна. Энэ жил цэргийн мэргэжил олгож буй үндсэн сургуулиуд болох Батлан хамгаалах удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Ахлагчийн политехникийн коллеж, Цэргийн хөгжмийн политехникийн коллежоос нийт 400 гаруй сонсогч төгслөө.

- Сүүлийн үеийн элсэгчдийн хандлага, онцлог өмнөх үеийн суралцагчдаас хэр ялгаатай байна вэ. Цахим орчин давамгайлсан өнөөгийн нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байна гэж харж байна вэ?

-Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр суралцагчдын хандлага, зан төлөв, суралцах арга барилд ч тодорхой өөрчлөлтүүд гарч байна. Өнөөдөр хүмүүсийн ярьдагчлан Z үеийнхэн гэж нэрлэгддэг залуус манай элсэгчдийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа бөгөөд тэдний онцлог бодитоор ажиглагддаг. Тухайлбал, мэдээлэл хүлээн авах, харилцах, суралцах арга барил нь өмнөх үеийнхнээс ялгаатай болсон. Иймээс бид суралцагчдын сэтгэл зүй, хэрэгцээ, онцлогт нийцүүлэн ажиллах шаардлагатай болж байна. Энэ хүрээнд багш, ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, суралцагчидтай харилцах арга барилыг шинэчлэхэд онцгой анхаарч байгаа. Ялангуяа өнгөрсөн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагаа болон суралцагчтай ажиллах арга зүйгээ шинэ үеийн залуусын онцлогт нийцүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Миний бие захирлаар томилогдоод хамгийн түрүүнд анхаарсан асуудал бол ёс зүйн асуудал байлаа. Цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг байгууллагын хувьд багш, ажилтан бүр өөрөө үлгэрлэн манлайлагч байх ёстой. Ингэж байж бид өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай офицер, ахлагч нарыг  бэлтгэн гаргах боломжтой. Өнөө цагт суралцагчидтай зөвхөн захиргаадалтын арга барилаар ажиллах бус, ойлголцол, харилцан хүндлэлд суурилсан удирдлагын арга барилыг төлөвшүүлэх нь чухал гэж үздэг.  Тиймээс  багш, ажилтнуудын ёс зүй, харилцааны соёл, цэрэг удирдах арга барилд онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн жил Цэргийн нэгдсэн сургуульд 250 орчим сонсогч элсүүлсэн. Тэдний дунд эмэгтэй сонсогчдын эзлэх хувь ч нэмэгдсэн. Суралцагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, дэг журмыг зохион байгуулахдаа орчин үеийн арга барилыг нэвтрүүлж байна. Ялангуяа эмэгтэй сонсогчдын суралцах, амьдрах орчныг сайжруулах, олон улсын цэргийн сургуулиудын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Нөгөө талаас хөрөнгө оруулалт байхгүйгээс сургалтын орчин тодорхой хэмжээнд хуучирсан байдалтай байсан. Харин сүүлийн жилүүдэд Батлан хамгаалах яам болон сургуулийн удирдлагын зүгээс энэ асуудалд онцгой анхаарч, нэн шаардлагатай засвар шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сургуулийн ойн хүрээнд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, заримыг нь дуусгах шатандаа орсон. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нарын дэмжлэг, манлайлалтайгаар олон улсын судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлийн шинэ төв байгуулах ажил эхлээд байна.  Мөн энэ жил эмнэлгийн зориулалттай барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн сонсогчдын дотуур байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр бодит ахиц гарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Н.Учрал дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байгаа. Ер нь цаашид бид сонсогчдыг дөрвөн жилийн сургалтын хугацаанд бүрэн дотуур байранд амьдруулж, суралцуулах бодлого баримтална. Ингэснээр цэргийн хүмүүжил, сахилга бат, хамт олонч үзэл, ёс зүйн төлөвшлийг сургалтын үйл ажиллагаатай нягт уялдуулан төлөвшүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Олон улсын цэргийн их, дээд сургуулиудын туршлагаас харахад ч сонсогчдыг кампусын орчинд амьдруулж, сургалт хүмүүжлийг цогцоор нь хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй хэлбэр байдаг. Тиймээс бид энэ жишгийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр зорьж байна.

-Сургуулийн нутаг дэвсгэрт байрлах түүхэн барилгын талаар тодруулъя. Тус барилгыг сэргээн засварлаж, музейн зориулалтаар ашиглах боломж бий юу. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?

-Манай сургуулийн анхны барилгыг 2005 онд Нийслэлийн соёлын өвийн бүртгэлд бүртгэсэн. Барилгын ажил нь 1919 онд эхэлсэн, 100 гаруй жилийн түүхтэй.  Сургуулийн хамгийн үнэ цэнтэй өв гэж хэлж болно. Соёлын өвийн бүртгэлд орсон учраас энэхүү барилгыг хамгаалах, сэргээн засварлах асуудалд бид онцгой анхаарч байна. Сүүлийн жилүүдэд ашиглалтын хугацаа уртасч, элэгдэл ихэссэнээс болж барилга нурж эвдрэх эрсдэл үүсээд байгаа. Тиймээс бид холбогдох байгууллагуудад хандаж, барилгыг сэргээн засварлах, хамгаалах, цаашид түүх, соёлын зориулалтаар хөгжүүлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах санал хүргүүлсэн. Өнгөрсөн жил хүртэл уг барилгад Ахлагчийн сургуулийн үйл ажиллагаа явагдаж байсан.  Гэвч аюулгүй байдлын үүднээс одоогоор ашиглалтыг зогсоогоод байна. Цаашид энэхүү түүхэн барилгыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, сургуулийн түүх, өв уламжлалыг сурталчлах чиглэлээр ашиглана. 1919 онд манай энэ бүсэд улаан тоосгон хийцтэй ижил загварын хэд хэдэн барилга баригдаж, бүхэлдээ нэгэн цогцолбор хэлбэрээр байгуулагдсан түүхтэй. Тэгээд Улаанхуаран гэж нэрлэсэн юм билээ.  Харин цаг хугацааны явцад шинэ барилга байгууламжууд баригдаж, хуучин объектууд үе шаттайгаар буугдсаар ганцхан энэхүү барилга үлдээд байна.Цэргийн сургууль энэ байршилд үйл ажиллагаа явуулснаас хойш сургалтын зориулалтаар ашиглагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн сургуулийн төдийгүй Монголын цэргийн боловсролын түүхийг илэрхийлж буй ховор дурсгал юм.

-“Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн үйл ажиллагааг олон хүн сонирхдог шүү дээ.  Ерөнхий боловсролын бусад сургуулиас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-“Тэмүүжин Өрлөг” маань 10 гаруй жилийн түүхтэй, зургаадугаар ангиас элсэлт авдаг. Өнөөдрийн байдлаар 1500 орчим суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна.Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цэргийн анхан шатны боловсрол олгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, хагас цэрэгжсэн зохион байгуулалттай сургалтын орчинд суралцагчдад эх оронч үзэл, иргэн цэргийн боловсрол, сахилга бат, ёс зүй, хувийн зохион байгуулалтын чадварыг төлөвшүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Тэгэхээр зөвхөн сурлагын амжилттай төдийгүй зөв төлөвшилтэй, хариуцлагатай иргэдийг бэлтгэх явдал юм. Цаашлаад улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байна.Сургалтын чанарыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилээс англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг ажиллуулж эхэлсэн. Харин энэ жил мэдээллийн технологийн шинэ лаборатори, танхим байгуулж, аравдугаар ангиас эхлэн кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Гадаад хамтын ажиллагааны хувьд БНСУ болон бусад улс орны боловсролын байгууллагуудтай хамтран суралцагч солилцоо, хамтарсан сургалт, арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн төгсөгчдийн тодорхой хувь нь ОХУ болон бусад улсын цэргийн их, дээд сургуулиудад элсэн суралцдаг уламжлалтай.

-2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө батлуулсан гэж та хэлсэн. Ер нь сургуулийн хөгжлийн чиг хандлага, алсын харааг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Батлан хамгаалах салбарын хөгжлийн хэрэгцээ, Зэвсэгт хүчний хүний нөөцийн шаардлагад нийцсэн цогц шинэчлэлүүдийг хийхээр хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад байна.  Нэгдүгээрт, салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, чадвартай офицер, ахлагч бэлтгэнэ. Энэ хүрээнд цэргийн инженерийн сургуулийг шинээр байгуулах зорилт тавьж, электроник, механик, авто инженерчлэл, цэргийн эдийн засаг зэрэг чиглэлийн тэнхимүүдийг хөгжүүлж байна. 2028–2029 он гэхэд командын болон цэргийн инженерийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй сургалтын бүтэцтэй болох зорилт тавьсан. Хоёрдугаарт, батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлээр магистр, докторын түвшний сургалтыг хөгжүүлж, шинжлэх ухаан, судалгааны тэргүүлэх төв болох зорилт тавьж байна.Гуравдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх хүрээнд байгалийн ухааны суурь болон хэрэглээний чиглэлүүдийг тэнхим, лабораторийн хамт цогцоор нь хөгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, мэдээлэл холбоо, кибер аюулгүй байдал, механик инженерчлэл, авто инженерчлэл, барилгын инженерчлэл зэрэг гурван үндсэн чиглэлийн тэнхимүүдийг лабораторийн иж бүрдэлтэйгээр байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр инженерийн чиглэлээр төгссөн офицерууд сургуульдаа эргэн ирж магистр, докторын түвшинд суралцаж, судалгаа шинжилгээний ажил хийх боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, оюутан, сонсогч солилцоо, хамтарсан сургалт, судалгааны хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. “3+1”, “2+2” зэрэг хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын цэргийн болон боловсролын байгууллагуудтай харилцаагаа гүнзгийрүүлнэ. Тавдугаарт, сургалтын орчин, дэд бүтцийг иж бүрэн шинэчилнэ. Сонсогчдын дотуур байр, ахлагчийн сургалтын байр, усан сургалтын төв зэрэг шинэ объектуудыг үе шаттайгаар барьж байгуулахаар стратегид тусгасан. Ингээд 2030 он гэхэд олон улсын жишигт нийцсэн Батлан хамгаалах боловсролын тогтолцоог бүрдүүлэх юм. Үүний гол үндэс нь төгсөгчдийн чанар гэж үзэж байгаа. Бүх сонсогч маань гадаад хэлний мэдлэгтэй, цэргийн мэргэжлийн өндөр боловсрол, сахилга бат, ёс зүйн төлөвшилтэй төгсөх ёстой гэж бид үздэг. Энэ бүх шинэчлэл, хөгжлийн бодлого нь Батлан хамгаалах салбарын хөгжлийн суурь болж, Зэвсэгт хүчний чадавхыг шууд тодорхойлно. Тиймээс Батлан хамгаалах их сургуулийн хөгжил бол салбарын хөгжлийн үндэс гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 120 (7862)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Эн

1 цаг 5 мин
Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал Т.Буянбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 цаг 5 мин
“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

14 цаг 42 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

14 цаг 46 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

14 цаг 49 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

14 цаг 55 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

20 цаг 43 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

Өчигдөр 06 цаг 00 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Уржигдар 15 цаг 03 мин