Төмөрбаатарын БАТСАЙХАН
НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагва 37 дахь Хотын даргаар томилогдож байна.
Б.Пүрэвдагва: Хот бол хүн юм
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва олонхын санал авсныхаа дараа нийслэлчүүдээ хандаж үг хэлэв. Тэрээр "Би 1990 оны цагаан морин жилд төрсөн, ардчилал, чөлөөт зах зээл, эрх чөлөөний шинэ цаг үед өсөж өндийсөн залуусын нэг. Би сагс тоглож, дугуй унаж, хичээлдээ гүйсэн. “Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө” гэж дуунд гардаг шиг хотын хүүхдүүдийн нэг. Би илүү сайхан хотод амьдрах зорилго хүсэл, зовлон жаргал нэгтэй та бүхний нэг Улаанбаатарын иргэн. Өнөөдөр хотыг өндөр барилга, өргөн зам, урт гүүрээр нь бус алхдаг гудамж нь цэмцгэр үү, гутал нь шороо болдог уу, цэцэг зүлэг нь их үү, цэвэр агаартай юу, гэрт нь ойрхон сургууль, цэцэрлэг байна уу, хүний хэрэгцээ цөм бүрэн үү, эсэх, хүүхэд тоглох, талбай, дугуйн зам нь хэр вэ, хүндээ ээлтэй юу, хотын соёл нь ямар түвшинд байна вэ гэж амьдралын энгийн бодит үнэнээр хэмждэг, дүгнэдэг болсон. Эцсийн эцэст хот бол хүн юм. Хотын зүрх нь хүн юм. Барилга, орон сууц бол булчин, ясны бүтэц нь юм. Өглөө ажил, сургуульдаа, орой гэртээ харих зам түгжирч байна, нийтийн тээвэр удааширч байна гэдэг бол судасны нарийсал, бөглөрөл юм. Агаар бага, угаар их байх тусам уушги өвчилсөн гэсэн үг юм. Би шилдэг сайн сагсан бөмбөгч болоогүй ч багийн спортын үнэт зүйлээс багахан ч боловч суралцсан. Би хотыг, хотын 1.8 сая хүнийг бүхлээрээ нэг баг гэж боддог. Нэг зорилготой нэг баг, Нийслэл хэмээх нэг л том айл өрх. Хүндээ илүү ээлтэй, эрүүл хотод амьдрах, үр хүүхдээ өсгөж торниулах нэгдмэл нэгэн их хүсэл зорилгоороо нэгдсэн нэг баг. Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ. Би хувийн биш хот гэдэг нэг багийн амжилтын төлөө үүрэг хүлээсэн иргэн. Төрөлх хотынхоо төлөө талбайд гарлаа. Хотын даргын хувьд аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй гэдгээ энэ мөчид албан ёсоор илэрхийлж байна. Монгол бол нэгдмэл төр засагтай, нэг л улс орон" гэв.
Б.Пүрэвдагваас асуусан онцлох асуултууд

Мөн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчид түүнээс асуулт асууж хариулт авав.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:
- НИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2024 онд ажиллаж байна. Тэгэхээр хотод шинэ хүн биш. 2026 оны төсвийн тодотгол тун удахгүй орж ирнэ. Өнгөрсөн хугацаанд хотын нийтийн аж ахуй сайжирсан. Замаа угаадаг болсон бид. Өвөл цас цэвэрлэгээний асуудал иргэдийг бухимдуулаагүй. Тиймээс төсвийн хуваарилалтыг оновчтой болгох ямар бодлого барих вэ.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын 52.6 хувь нь зам засвар, 32.3 хувийг дэд бүтэц, нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Түгжрэлээс 3-5 их наядын алдагдал хүлээдэг учраас түгжрэлийг шийдэх шаардлагатай. Манай хотын онцлог юу вэ гэдгийг харж байж төсвөө зарцуулах хэрэгтэй юм билээ. Хотынхны хүсэж байгаа Улаанбаатар хотын үндсэн ген рүү өнөөдөр байгаа хотыг хэрхэн дөхүүлэх вэ гэж ажиллана. Зам талбайгаас илүү хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж ажиллана. Хот 1.7 сая иргэнтэй. Машин тэргэнд биш хүндээ чиглэсэн хотын төлөвлөлт хийнэ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан:
-Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлбэл ямар бодлого чиглэлийг анхаарч ажиллах вэ. Тэр гарц гаргалгаагаа хэрхэн томьёолж байгаа вэ?
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-Улаанбаатар иргэний хувиар, НИТХ-д дөрвөн жил ажилласан хүний хувьд хэлэхэд түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтцийн хүртээмжгүй байдал. Дулааны V цахилгаан станцын төслийг яриад 42 жил болж байна. Энэ удаад хамаг хүчээ дайчлаад энэ төслийн ард гаръя гэсэн амбиц байна. Түгжрэлээс жилд 3-5 их наядын хохирол амсаж байна. Мөн нийтийн тээврийн шинэчлэл хийж, шинэ хувилбаруудыг иргэддээ санал болгох шаардлагатай. Хүн төвтэй замуудыг маш сайн тавих шаардлагатай. Автомашиндаа бус хүндээ төвлөрсөн бодлого гаргавал түгжрэлийг бууруулж чадна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр чинь үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд хэдэн хувьтай хэрэгжих вэ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ойлголт байгаа юу. Үүнийг үргэлжлүүлэх үү, өөр хэлбэрээр явах юм уу.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва:
-20 минутын хот мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын иргэдийн сонголт. Энэ мөрийн хөтөлбөрт итгэж манай намын 40 төлөөлөгчид саналаа өгсөн. Энэ бол Засаг даргын үүрэг. Мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Бид хоёр дахь жил дээрээ явж байна. Дагуул хотуудыг байгуулахаас илүү тулгамдаж байгаа асуудлууд байгаа. Шат дараатай төслүүдийг эрэмбэлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэлээ.
“Туулын хурдны замын төслийг эргэж харах шаардлагатай”
Тэрээр мөн хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хотын дарга Б.Пүрэвдагва "Мега төслүүд иргэдийн маш их шүүмжлэл, эргэлзээг дагууллаа. Олон улсын жишээг харахад өртгийн тэнцвэр, иргэдийн оролцоотой хот байх зарчмыг барьж байна. Бид өнгөрсөн хугацаанд эдгээр зарчмыг алдсан юм болов уу, ингээд шүүмжлэлд өртөв үү гэж харж байгаа. Хэрэв би хотын дарга болбол эрэмбийг гаргана. Хамгийн оновчтой төсөвлөлт мөн үү гэдгийг эрэмбэлж мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн иргэдийн оролцоо, үнэлэлт дүгнэлтэд үндэслэн эдгээр төслийг цааш үргэлжлүүлнэ. Залуу хүний хувьд би гаднын хөрөнгө оруулалт нээлттэй байгаасай, гаднын хөрөнгө оруулалтыг илүү их татах юм сан гэж боддог. Би улстөржихгүй, надад улстөржих цаг алга. Иргэд улс төрийн хэрүүл, талцлаас залхжээ. Одоо зүгээр л ажлаа хийцгээе. Би ажлаа мэддэг, иргэдийнхээ амьдрал, асуудлыг мэддэг сэтгэлтэй хүмүүстэй ажиллана. Туулын хурдны замын төсөл дээр эргэж харах шаардлагатай. Байгаль эхийг эвдэж байж энэ том төслийг хэрэгжүүлж болохгүй. Туул голд шумбаж өссөн хүний хувьд энэ мега төсөл явах ёстой. Гэхдээ байгаль орчноо эвдэж болохгүй гэсэн зарчим баримтална.Олон хулгайтай холбоотой асуудлууд өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарсан. Хэрэв ямар нэгэн байдлаар иргэдийн татварын мөнгөнөөс холбогдох хүмүүс нь хувийн ашиг сонирхлоор гаргуулсан тохиолдолд “ямар ч хайргүйгээр шийднэ” гэдгээ улстөрчид болон журмын нөхдөдөө хэлье. Улстөрч, журмын нөхдөдөө хэлэхэд над руу нэг ч ашиг сонирхол шингэсэн дуудлага, мессеж битгий бич. Би завгүй байх болно. Зургаадугаар сар гаргаад төсөв тодотгохоос өөр арга байхгүй. Дайны нөхцөл байдалтай холбоотой түлшний үнэ өсчихлөө. Маш тогтворгүй нөхцөл байдалд байна. Зуны улиралд томоохон бүтээн байгуулалтаа явуулахын тулд тодотгохоос өөр аргагүй" гэлээ.Трамвай, метроны төсөл байна. Трамвайд 350 орчим, 145 тэрбум, нийт 900 гаруй тэрбум төгрөг тусжээ. Бүх төслийн нэгжтэй уулзана. Иргэдийн санаа бодол чухал байна. Үр ашигтайгаас нь эхэлж явуулна, алийг зогсоож, алийг үргэлжлүүлэхийг одоо хэлэхэд эрт байна. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаад шийдвэрээ гаргана” гэлээ.
Улмаар өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 101 (7843)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn