УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

2026-04-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.  Санал хураалтад 101 оролцож, 57 нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн.  Энэ гишүүдийн 56.4 хувь юм. Ингэснээр УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Санал хураалт болохоос өмнө АН-ын дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр “Хуулийн зарим заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн асуудал байна. Зарим гишүүд хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, засаж сайжруулах байр суурийг илэрхийлж байна. Энэ хуулийн үндсэн баримталж байгаа бодлого нь УИХ-ын гишүүнийг ёс зүй зэрэг хэмжиж болохгүй зүйлээр дүгнэж, ҮХЦ болон шүүхийн байгууллагаас УИХ-д хүргүүлснээр энэ тогтоол хүчинтэйд тооцно. Ард түмний төлөөллийн мандатыг үндсэндээ улс төрийн шүүхээр шүүх боломж, хаалгыг нээж өгч байна. Тэгэхээр Ардчилсан намын мандатаар сонгогдсон гишүүд өөрсдийнхөө үзэл баримтлалынхаа зарчмыг сахиж, өөрийн итгэл үнэмшлээрээ асуудалд хандахыг хүсэж байна” гэсэн. 

Харин УИХ-ын дарга С.Бямбацогт “Нэлээд чухал асуудал хэлэлцэж байгаа. Ард иргэд, олон нийт парламентын засаглалыг бэхжүүлэх, асуудлаа хурдан шийдэж, хууль зөрчдөггүй байгаасай гэж хүсч байгаа. Тийм болохоор санал хураалтдаа бүрэн оролцъё” гэв.  Гэсэн ч заалнаас зарим гишүүд УИХ-ын дарга С.Бямбацогтыг хуулийн дагуу ажиллахгүй, нэг талыг баримталсан үг хэллээ хэмээн хашгиралдав.  Харин УИХ-ын дарга С.Бямбацогт “Би санал хураалтыг хариуцлагатай болгох асуудлыг ярьж байна.  УИХ-ын гишүүд ёс зүйтэй байна уу” хэмээн анхааруулж санал хураалтыг явууллаа.

Санал хураалт болсны дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр нар байр сууриа илэрхийлэв.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын парламентын түүхэнд гунигт өдөр тохиож байна. УИХ-ыг хамгаалах ёстой УИХ-ын дарга илт нэг талыг барьж, саналыг хойшлуулсан. Маш их ажиллагаа явуулж, УИХ-ын гишүүдийг дарамталсан, саналд нөлөөлсөн асуудлууд ил тод гарсан. Цаашдаа Монгол Улсын газар нутагтай холбоотой, мөн засаглалын хэм хэмжээтэй холбоотой ийм чухал шийдвэр дээр УИХ-ын гишүүд өөрийн үзэл санаагаа илэрхийлж, санал өгөхөөс айдаг болно. Хэрэв энэ хууль батлагдвал Монгол Улсын парламент чив чимээгүй бүтэц болно. Ямар ч үзэл санаагүй, үг хэлэх нэг ч гишүүнгүй болно”  гэсэн юм.

EТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд энэ бол түүхэн ач холбогдолтой алхам гэж харж байна. Энэ хууль батлагдсанаар төрийн алба илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болох эрх зүйн суурь нөхцөл бүрдэнэ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд маань заалт бүр дээр нэлээд нухацтай ярилцаж, яг ямар томьёололтой байх вэ, хариуцлагыг яаж тодорхойлох вэ гэдгийг илүү тодорхой болгох шаардлагатай. Ерөнхийлөгчийн зүгээс санаачилгаа гаргаж, хуулийн төслөө өргөн барьсан. Харин цаашид хэрхэн шийдэх нь бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс гишүүд өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө шийдвэрээ гаргана. Энэ нь иргэд, сонгогчдынхоо байр суурийг илэрхийлж, асуудлыг заавал хэлэлцэх ёстой шатанд хүргэж чадлаа” гэв.

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт хамаарах 214805 газар зүйн нэр бүхий жагсаалтыг баталсан байдаг. Тодруулбал, Баян-Өлгийн аймгийн зарим газар нутаг Орос, Тува зэрэг нэр дээр батлагдсан. Мөн Сүхбаатар аймгийн зарим газар нутгийн хувьд хэлзүйн хувьд  алдаатай байсныг монгол хэл дээрх оноосон нэрээр өөрчлөн батлуулахаар тус хуульд тусгасан гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ. Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 73 (7815)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 1 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин