УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

2025-10-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гарагт өглөө 09.30 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр  хуралдаж эхэлсэн.  Хуралдааны эхэнд  Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ Үндсэн хуульд заасан хугацаанаас 30 минутын өмнө уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бланк дээр 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд аравдугаар сарын 7-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин  чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэх байсан ч саналын томьёолол дээрээ санал нэгдэхгүй байсан учраас ирцээ бүрдүүлээгүй юм. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураана, байнгын хорооны саналаар санал хураахгүй гэсэн хоёр талын эсрэг байр сууриас болж, ирц бүрдүүлээгүй. Зарим нь Үндсэн хуулийн зөрчил болно зэргээр анхааруулж, хуралдаа оролцоогүй. Тэгвэл  24 цагийн дараа ийнхүү чуулганы ирц бүрдэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлж, дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсэн.  Тэрээр “Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байхгүй. Улсын Ерөнхий сайд би улс орноороо наймаалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай. Улсын төсвөө хэлэлцэн батлах, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэх урдах ажлаа хийхгүй бол аймаг нийслэл, сум дүүрэг төсвөө баталж чадахгүйд хүрнэ. Эмч, багшийн цалинг нэмэх нь бүү хэл бүх төрийн албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өл залгах төдий болох аюулын ирмэг дээр байна. Өнөөдөр уг нь энэ танхимд 47 хоногийн өмнө өргөн барьсан Бортээгийн ордыг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх байлаа. Харин энэхүү тогтоолын төсөл Засгийн газрын өмнө босгосон саад тээг болж байна. Гэвч үзэл санаа, зөв зарчим дээрээ байгаа цагт үнэн хэзээд ялна гэдэгт би итгэдэг.

 Өнөөдөр уг нь бид эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг өсгөж нэмэх талаар ухаан бодлоо уралдуулж байх байлаа. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газрыг зуу гаруйхан хоногийн дараа огцруулах эсэх хэрүүл хийгээд сууж байна. Монгол Улсад тогтвортой хэрүүл бус тогтвортой засаг хэрэгтэй гэлээ.

 Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэснийг нийт гишүүдийн 71 нь татгалзаж санал өглөө. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар огцорлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бөгөөд УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор батална. УИХ зургадугаар сарын 17-нд буюу дөрвөн сарын өмнө Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж байсан юм. Харин ийнхүү дөрвөн сарын дараа УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Г.Занданшатарыг огцрууллаа.

 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 102 нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Д.Амарбаясгалангийн хувьд өөрийнх нь нэр холбогдоод байгаа асуудлаас болж парламентын засаглал доройтож, төрийн ажил гацах ёсгүй, мөн өөрийн нэр төрийг гутаасан асуудлыг цэгцлэх, нэр төрөө сэргээх үүднээс УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна гэж тайлбарласан.

Тэрээр "Нэр бүхий 67 гишүүн намайг ёс зүйн хувьд түдгэлзүүлэх саналыг гаргасан ч хууль зүйн хувьд УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэх заалт байхгүй учраас миний хувьд үүсээд буй асуудал болон гишүүдийн тавьсан асуудлыг харгалзан үзэж УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн" гэж тайлбарласан юм.

Түүнчлэн тэрээр "Би гэмт хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх шаардлага байхгүй" гэж мэдэгдсэн юм.

Ингээд УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа парламентын үйл ажиллагааг удирдана.

 Монгол Улсын улс төрд нэг өдрийн дотор УИХ-ын даргаа чөлөөлж , Ерөнхий сайдаа огцруулсан өдөр болж  түүхэнд үлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 197 (7694)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 1 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 5 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 45 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 48 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 10 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15