Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

6 цаг 43 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээр компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн талаар мэдээлсэн. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан аж. Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэжээ. Нийгмийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжид судалгаа хийж үзэхэд хамгийн ихдээ сард 20-30 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш харин гүйцэтгэл, үр дүнгээр цалинждаг системийг нэвтрүүлнэ" гэлээ. Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, болон Хөдөө аж ахуйн бирж, "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК, "МИАТ" ТӨХК зэрэг компанийн захирлуудын цалин дунджаас харьцангуй өндөр гэнэ. Тиймээс эдгээр цалинг түвшинд нь аваачих ажлыг хийнэ гэлээ. Харин хамгийн бага цалин авдаг Төрийн өмчит компаниудад "Монголын цахилгаан холбоо" ХК, Монгол кино нэгтгэл, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, Үндэсний шигшээ багын бэлтгэл сургалтын төв зэрэг байгууллагууд багтжээ. Эдгээр байгууллагуудын цалин дунджаар 940 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөг байна. Иймд тухайн асуудлыг үргэлжлүүлэн судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.

 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Еbarimt-ыг цахимжуулснаар 140 мянган модыг хамгаална

-Ерөнхий сайд Г.Занданшатар “Digital first” буюу цахимаа тэргүүнд концепцыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд бүх төрийн үйлчилгээг цахимжуулж, ялангуяа механик үйлчилгээнүүдийг цахимаар авдаг болох талаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам өчигдөр Ebarimt-ыг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Дунджаар 1.2 тэрбум Ebarimt хэвлэгддэг. Үүнээс 45 хувь нь Ebarimt системдээ бүртгэгддэг. Яагаад гэвэл үнийн дүн бага эсвэл хэвлэгдэхдээ чанар нь муу бүдэг хэвлэгдсэн байдаг. Тэгэхээр иргэн механик гараар шивэхээс залхуурч эсвэл төвөгшөөгөөд хаягддаг. Харин үүнийг техник технологи талаасаа шууд карттай нь холбох бололцоо байгаа. Иргэн банкны аппликейшнаар ороод аль картаа Ebarimt-тайгаа холбох сонголттой болно. Тухайн картаараа худалдан авалт хийвэл автоматаар Ebarimt аппликейшнтай холбогдоно. Давуу тал нь 55 хувь хаягдаад байгаа Ebarimt бүртгэгдэнэ. Ерөнхий сайд Ebarimt-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгоно гэж зарласан. Үүнтэй холбоотой ч гэж ойлгож болно. Цаашлаад сугалаанд хожих магадлал нэмэгдэнэ. Сугалаа нь үнийн дүн харгалзахгүй магадлалын онолоор гаргадаг учраас хожих магадлал нэмэгдэнэ гэж ойлгож болно. Мөн экологид ч эерэг талтай. Ebarimt 1.2 тэрбум хэвлэгдэж байна гэдэг дундаж тооцоогоор 140 мянган мод гэсэн үг. Модоор цаас хийдэг. Иймд 140 мянган модыг хэмнэж байгаа гэсэн үг юм. Хүсвэл холбохгүй эсвэл холбосноо болиулах ч сонголттой байна. Заавал механик хатуу зарчимтай байлгахгүй. Энэхүү ажил нь есдүгээр сарын эхний долоо хоногт бүрэн хэрэгжиж эхэлнэ.

 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн албыг цэвэрлэх чиглэлээр ахиц гаргаж ажиллана

 

-Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэн зөв, бодитой үнэлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргад үүрэг даалгавар өглөө. Аливаа ажлыг төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд үнэн, зөв, бодитой зохион байгуулж байх нь татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төрийн алба чиг үүргээ бодитой, зөв хэрэгжүүлж чадаж байгаа эсэхтэй шууд хамааралтай байдаг. Хэрэв бодитой, зөв  үнэлж, дүгнэж чадахгүй бол хүссэн зорилтдоо амжилттай хүрч чадахгүй, ажлаа оновчтой төлөвлөж, удирдаж, дүгнэж чадахгүй гэсэн шаардлага байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 98.5 хувь нь маш сайн, сайн гэсэн байгаа. Харин олон нийт энэ чиглэлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Үнэлгээний цаана урамшууллын төсвийн хөрөнгөөр санхүүждэг бага биш мөнгөн дүн яригдаж байгаа. Тийм учраас цаашид төрийн алба төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд бодитой, зөв, үнэн байх чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай. Цаашдаа үнэлгээ ил тод, нээлттэй болсноор олон нийтийн зүгээс тавих хяналт сайжирна. Нөгөө талаасаа ажлаа сайн, бодитой гүйцэтгэдэг, ачааны хүндийн үүрч байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах, ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг хүмүүст хариуцлага тооцох юм. Ингэснээр төрийн албыг  цэвэрлэх чиглэлээр тодорхой ахиц гарна гэж үзэж байна. Ерөнхий сайдын хувьд төрийн албыг хавтгайруулан цомхотгох гэж ярихаасаа илүү ажлын гүйцэтгэл, үр дүнг нь үнэлдэг шударга, зөв тогтолцоог нэвтрүүлэх замаар шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхий сайдын захирамжаар төрийн албаны шинэчлэл хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахлан, холбогдох яам, агентлаг, төрийн албаны зөвлөл, судлаачид оролцон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээндээ төрийн албанд ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж байна.  Шударга, зөв тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Энэ ажлын эхлэл болгож ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тайланг ил болгож байгаа юм.

 

Татан буулгаж, нэгтгэж нийлүүлэх есөн компани

 

Авто импекс компанийн шүүхийн маргаантай асуудлыг Сангийн яамтай ярилцаад төрийн мэдлийн хувьцааг худалдах чиглэлийг барина. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг татан буулгана. Боомтын хөгжлийн корпорацыг татан буулгана. Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв, “Эрдэнэт медикал” эмнэлгийг Зүүн бүсийн хавдрын оношилгоо дэд төв болгохоор шийдлээ. Тавантолгой түлшийг нийслэлийн өмчит бүрэн шилжүүлэх, Аялал жуулчлалын үйлчилгээний төвийг татан буулгах,  Багануур эрчим компанийг татан буулгах зэрэг арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэхээр боллоо.Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 109 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Дээр дурдсан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 109 компани 87 болгон цөөрүүлнэ. Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд удахгүй агентлагийн бүтцийг Засгийн газраар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан давхацсан чиг үүрэгтэй, салбарын сайдын бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт болон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудад байгаа чиг үүргийн давхардлыг арилгах саналыг мөн боловсруулж, ирэх долоо хоног танилцуулахыг манай газарт болон холбогдох сайд нарт үүрэг болгосон. Гуравт, төрийн өмчит компаниудын захирлын цалин, хангамжийн асуудлыг ярьсан. Үйл ажиллагааны үр дүн, компанийн ашиг орлогод нийцсэн цалин урамшууллын системийг хэрэгжүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд удаа дараа илэрхийлж байгаа. Тиймээс энэ дагуу олон улсын байгууллагуудтай хамтран аргачлалыг боловсруулж байна. Төрийн өмчит компанийн захирлын хамгийн өндөр цалин, дунд дүн, бага дүн гэдэг дээр судалгаа хийсэн. Гол нь үндсэн цалин тийм өндөр биш. Харин жилийн эцсээр ажлын үр дүнд нь тулгуурлан урамшууллын системийг шинэчлэх асуудлыг танилцууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд эцэслэн танилцуулна" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 144 (7641)

 

Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өм

6 цаг 43 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн алба төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд бодитой, зөв, үнэн байх ёстой

Д.Мөнх-Эрдэнэ: Төрийн алба төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэлийн бүх шатанд бодитой, зөв, үнэн байх ёстой

20 цаг 28 мин
Э.Батшугар: Банкны картыг "Е-barimt"-тай холбох ажил ирэх сарын эхний долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

Э.Батшугар: Банкны картыг "Е-barimt"-тай холбох ажил ирэх сарын эхний долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

20 цаг 31 мин
Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

20 цаг 38 мин
“Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар Х.Пүрэвжаргалыг томиллоо

“Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар Х.Пүрэвжаргалыг томиллоо

20 цаг 39 мин
АНУ-ын сэтгүүлч Эррин Хэйнс 2025 оны “Gwen Ifill” шагналын эзэн боллоо

Олон улсын эмэгтэй сэтгүүлчдийн сан /IWMF/ 2025 оны “Gwen Ifill”-ийн нэрэмжит шагналын эзнээр “The 19th” цахим хэвлэлийн хамтран үүсгэн байгуулагч, ахлах редактор Эррин Хэйнс /Errin Haines/ тодорсонын наймдугаар сарын 5-нд зарлалаа.

22 цаг 21 мин
Хот, дүүргийн Засаг дарга нарын ХОМ

АТГ төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо.  Хот, дүүргийн Засаг дарга нарын ХОМ-ээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг ингэж зарцуулжээ

“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд х

Өчигдөр 06 цаг 00 мин
12 томоохон төсөл, арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцав

Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр 2025/08/05-нд Хархорум хотын 2026 оны төсвийн төсөл болон ойрын жил хэрэгжих

Уржигдар 17 цаг 20 мин
Кейт Миддлтон  хэтэрхий жин хаяж турсандаа санаа зовох болсон

Уэльсийн гүнж Кейт Миддлтон  хорт хавдрыг даван туулж, эдгэрч байгаагаа зарласнаас хойш

Уржигдар 17 цаг 10 мин