“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

2025-04-10
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ. Улс төрд лав Л.Гантөмөр гэдэг “өрсөлдөгч” алга. Сонирхлоо. Тэгсэн нь, түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван Гантөмөр байжээ. Хоёр нь Л овогтой аж. Тиймээс ангийнх нь багш тэднийг ялгахын тулд одоогийн АН-ын даргыг Лу.Гантөмөр гэж бичдэг болжээ. Түүнээс хойш найзууд нь хүртэл Лу.Ганаа гэж дуудддаг болсон байгаа юм. Улмаар, энэ нэрээрээ улс төрд танил болсон байна.

Гэснээс, Лу.Гантөмөр дарга нь болсон АН-ынхан 35 жилийнхээ ойд зориулсан Их хурлаа сая даваа гаригт хийлээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр л дөө. Уг нь энэ АН нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд “төрсөн” байдаг юм. Түүгээр 25 жилийн ой нь л дөхөж байна. Гэтэл яагаад ч юм, “нас”-аа 10-аар нэмээд, төрсөн өдрөө тэртээх 1990 онд байгуулагдсан Монголын Ардчилсан нам /МоАН/-ынхаар тогтоочихлоо. Гэхдээ энэ чухал биш юм. Харин, АН өнөөдөр өдий дайны болсон нь сайн хэрэг л дээ. Яг үнэндээ, АН саяхан л бараг л нам биш болчихсон байсан. Нэг тийм, “айл гэр” гэдэг шиг тоглоомын бүтцүүд, бидний ярьдгаар энэ нам дахь бүлэг, фракцууд тал талд өөрсдийнхөөрөө тоглоод эхэлсэн. Юун хууль, яасан дүрэм, ямар ёс зүй. Мөн ч холиосон доо.

Энэ нь, 2016 оны сонгуулийн навс ялагдлын дараа эхэлсэн. 2017 онд намаас нь нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болоод дээрдсэнгүй. АН-ын ан цав улам нэмэгдэж, хурдтайгаар хагаралдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд арайхийн орсон ч бас л үнэмлэхүй ялагдал хүлээсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд бас л тархай бутархай хэвээрээ байв. СЕХ, Дээд шүүх толгойгоо гашилган байж 2020 оны УИХ-ын сонгуулийн суурь дээр нь арайхийн тэр сонгуульд оруулсан. Бас ч гэж, АН-гүй сонгууль гэж юу байх вэ дээ. Эрх баригчид ингэж үзсэн биз. Тэр үеийн үйл явдлууд тэгж л уншигдсан. Энэ зуурт АН дотор бол жинхэнэ холион бантан болж байв. АН гэсэн хоёр “улс төрийн хүчин” үүссэн. Хоёр тусдаа дотоод сонгууль явуулж, тус тусдаа тамгатай хоёр даргатай болж байв. Хажуугаар нь жижиг бүлэг фракц тоймгүй олон байсан даа.

Ингэж явсаар 2023 оны эхээр ҮБХ-ны гишүүд нь тал талаасаа цуглаж хуралдаад Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэр үед тамга нь нэг хүнд, гэрчилгээ нь нөгөө хүнд байв. Гэхдээ, тэгэхэд АН-ынхан яагаад С.Баярцогтыг биш, З.Нарантуяаг биш Лу.Гантөмөрийг намын дарга болгосон бэ. Яг үнэндээ, С.Баярцогт ч, З.Нарантуяа ч Лу.Гантөмөрөөс илүүрхэх зүйл ихтэй улстөрчид шүү дээ. Нэг нь улс төрийн туршлага, нөгөө нь хатуу чанд байдлаараа намынхандаа болоод олонд танигдсан, түүгээрээ дэмжлэг авах магадлал өндөртэй байв. Гэхдээ Лу.Гантөмөр ч АН-ын анхан шатаас эхлээд Залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан. Мөн АН дахь “Нэг ардчилал” хэмээх нэр нөлөө бүхий фракцыг тэргүүлж байв.

Түүнээс илүүтэйгээр түүнд АН-ын дарга байсан Н.Алтанхуягархуу араншин байдаг. Хэт нэг талыг барьдаггүй. Дунд нь явж байдаг. Гол нь хэнтэй ч хэл амаа ололцдог чанар Лу.Гантөмөрт бий. АН-ыг ингэж бударч бутарсан үед иймэрхүү л ааш аягтай дарга авч гардаг. Нэг талаас задгайдуу гэж болох ч цаг үе нь АН-д тийм л даргыг нэхсэн хэрэг. Урьд нь, 10 гаруй жилийн өмнө, АН бас л тарж бутарчих гээд Н.Алтанхуяг дарга болж байж бөөгнүүлж билээ. Магадгүй, Лу.Гантөмөрийн дарга болсон үе Н.Алтанхуянхаас хамаагүй хүнд биз. Дээрээс нь, АН-д ах нар нь “залуухан”-аараа байгаад байдаг нэг зовлон бий. Ардчиллын анхдагчдын дийлэнх нь одоо ч намаа атгадаг. Лу.Гантөмөр болохоор Монголын улс төр дэх “далаад оныхон”-ы төлөөлөл байдаг. Тэгэхээр тэдний дундуур намаа даргалах ямар байх нь ойлгомжтой. Гэсэн, ямар ч л байсан намын дарга болсноосоо хойшх хоёр жил гурван сар гаруйн хугацаанд АН-ыг нэг болгоод авсан.

Тэгээд бас засагт хамтарч, үндсэндээ эрх барьж байна. Ингэж “ах нар”-ынхаа тараасан намыг хураасан.

Ер нь бол, Лу.Гантөмөрийн “хувь хүн” л энэ хүртэл авч ирсэн. 2024 оны сонгуулиас ганцхан жилийн өмнө арайхийн даргатай болсон АН-д ялалт дэндүү хол байх нь тодорхой юм. Дахиад дөрвөн жил өнжиж дараагийн сонгуульд бэлдэх нь АН-ын хувьд тэсэхэд хүнд даваа болсон. Нөгөөтэйгүүр, нэгэнт ялагдаад бүгдийг эсэргүүцэх ганцхан сонголттой үлдсэн бол өнөөдөр Монгол Улсын стратегийн том төслүүд хөдлөхгүй л байсан юм. Үүнд хүрэхийн тулд Лу.Гантөмөр 2023 оны сүүлчээс “…Хөгжлийн том төслүүдийг хамтдаа урагшлуулах” зарчим дээр ойлголцож, УИХ дахь гишүд нь 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, 2024 оны Үндэсний баялгийн сангийн хуулийг бусад улс төрийн хүчнүүдтэй санал нэгтэйгээр дэмжсэн. Тэдгээр хуулийн үйлчлэл, шинж тэмдэг өнөөдрийн улс төрийн үйл явдлуудаар илэрч гарч ирж байна.

Гэхдээ, Лу.Гантөмөрийг хамтарсан засаг байгуулж орсныг намынх нь зарим нөхөд шүүмжилсээр л байна.

2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийг С.Баярын Засгийн газарт орж, өөрөө Тэргүүн Шадар сайд болоход ингэж багтарсан хүн олон л байсан. Тэд “… Н.Алтанхуяг дарга аа, АН өнөөдөр байхгүй боллоо. Гишүүд тань ханиа хадарч, ижлээ идээд дууслаа. Арай хамтарч ажиллаад байгаа МАХН тань АН-ыг булшлах үүргийг та нарт өгсөн юм биш биз” гээд л хашгирдаг байлаа. Өнөөдөр яг л энэ үг үсгээр Лу.Гантөмөр рүү дайрч байна. Гэтэл яасан, 2012 оны сонгуульд АН ялж эрх барьсан. Тэр үед Н.Алтанхуяг нар сонгуулийн дөнгөж өмнө мэдэгдэл хийгээд засгаас гарч байв.

Тэгвэл, “…Лу.Гантөмөр 2028 оны УИХ-ын сонгуульд яаж тоглох бол” гэдэг сонин байгаа юм. Наана нь бас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Тэрээр сая намынхаа Их хурал дээр “…2028 онд бид дүнгээ тавиулахад утаа, түгжрэл арилсан байх болно гэдгийг би энэ индэр дээрээс баталгаатайгаар илэрхийлж байна.

Монгол хүний орлого 10 мянган ам.долларт хүрсэн байх болно” гэлээ. Энэ үг нь нэлээд шуугиуллаа. Янз бүрийн “онош” тавьцгааж байна. Харин, учир мэдэх хүмүүсийн дийлэнх нь “…Лу.Гантөмөр ирэх сонгуулийн өмнө намаа аваад засгаас гарахгүй бололтой. Нэгэнт энэ засгийн эхлүүлсэн, эхлүүлэх том төслүүдийг тэд нуруун дээрээ үүрсэн. Тэгэхээр хийж байгаадаа итгэлтэй байгаа хүний үг” гэж байх юм. Нэг талаас, тогтолцоо өөрчлөгдөж, намуудын аль нь ч ялаад дангаараа засаглах боломж хомс болсон. Тэгэхээр мань эр тэр “цэг”-ийг харсан уу, эсвэл “…Эрх баригч намын үүднээс сонгуульд орвол илүү” гэж үзсэн үү. Одоогоор АН-ын дарга Лу.Гантөмөрийн толгой дахь тооцоо, цээжин дэх хожоог мэдэх арга алга. Ямартай ч, сая намынхаа Их хурлыг хийлээ. Генсекээ жинхэллээ. Хоёр ч намыг намдаа нэгтгээд авлаа. Бас бус “жижиг сажиг” асуудлуудаа ч цэгцлэв. Ингээд АН-д түүний бодол бодлого болж хэрэгжихээр болж байгаа юм. Засагт хамтарсан МАН, ХҮН намын хэрэг явдалд ч Лу.Гантөмөрийн нөлөө орно. Цаашлаад, Монголын улс төрд ч жин дарах нь тодорхой болов. Учир нь “Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 66 (7563)

 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

1 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

1 цаг 44 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

6 цаг 19 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

6 цаг 19 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17