Баатарлаг туульсын “Сүбээдэй” мэт утга зохиолд дархлагдсан Р.Лхамрагчаа...

2024-10-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

ЖАНГАРААР УЛБААЛСАН ЗАНГАРАГТАЙ ҮЙЛС

 

...Он цагийн тоосонд бөртийлгүй ард түмний дунд ам дамжин яригдсаар ирсэн Жангарын тууль нь ард олны хүсэл мөрөөдлийн дуулал, яруу туульсын урлагаар дамжсан унтаршгүй мөнхийн бүтээл бөгөөд нутаг ус, ард олноо харийн дайснаас өмгөөлөн хамгаалсан тэмцэгч хүмүүний амьдралын түүхийг бүтээсэн гайхамшигт бүтээл.

Эр зориг, ухаан билиг, баатрын цог жавхаа, самбаа, долгим яруу сэтгэл бүхнийг цултгасан Монгол түмний оюун билгийн охь шим, тэнгэрийн адис, жанлав шингэсэн Жангар туулийг хайлах туульчид тэнгэрийн зоргоор цаанаасаа заяадаг гэх. Тиймээ, Алтай сайхан нутагт аранзал залуу насаа илтгэсэн 1200 Жангарч, багачууд хайлсан нь юутай бахтай. Аймгийнхаа 17 сумаасаа хүрэлцэн ирсэн, 30-аар багцлагдсан, арван хэдхэн настай бяцхан Жангарчдын нүргэлсэн аялгууг бүтэн хоёр өдрийн турш сонссон Алтайчууд болон бүх Монголчууд азтай яа.

... Хантайшир уулын өвөр, араар нутагладаг малчин ард Дэгээхүүгийнх 11 хүүхэдтэй, өнөр өтгөн ам бүлтэй айл байсан бөгөөд ууган охин нь эдүгээ цагийн энэ улсын Ерөнхийлөгчийн буурал ээж нь ажгуу. Түүний нь ихэр дүү Сүрьяа, Адъяа нар Арын хүрээнд ардын тэнхим байгуулагдахад анхны сурагчид болцгоожээ.

Монгол туульсын сор болсон Жангарыг орчин үеийн уншигчдад зориулан шинээр “Монгол хувилбар”-ыг баринтагласан өвгөн бичээч Дэгээхүүгийн Сүрьяагийн холч ухаан, эгэлгүй гавьяаг бишрэн мэхийнэм.

Арван долоон бүлэгтэй, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн том боть болгон баринтагласан “Монгол Жангар” туулийг хойч үедээ үлдээсэнд үнэнхүү талархнам. Тиймээ зохиолч судлаач байж номын суварга бүтээн ард түмнийхээ дунд мөнхийн хутаг олох нь хэн хүнд олдохгүй их хувь тавилан бөгөөд хүн өөрөө домог юм. Домгоо хүмүүн өөрөө бүтээдэг ажээ.

Жангар хэмээх баатарлаг шүншигт тууль айл бүрийн хойморт залагдаж соёлын өвийн дархлаагаа сэргээх ерөөл билэгдэлт сайн үйлсийг аугаа их ухаан, асар том түүх болгож орон нутагтаа хоёр өдөржин “хайлуулсан” энэ цагийн жангарч баатрууд болох аймгийн засаг дарга О.Амгаланбаатар /одоо УИХ-ын гишүүн/, соёлын газрын дарга С.Цагаанбаатар нар болон нутгийнхан хоёр удаа Алтай сайхан нутагт зохион байгуулсан түүхэн гавьяатай.

Алиа Жангарын авшиг шингэсэн Алтайн хөх тэнгэр дор ард олны зүрх сэтгэлийн гүнд гэгээн оч бадамлаж, нүдэнд нь соён гэгээрэл, хөгжил дэвшлийн “гал” ассан нь юутай бахтай.

Өдөр, цагийн тэнцлийг олж, мөчийг тааруулан тэнгэр лусаа аргадан хайлах Жангар туулийг төр улсын үйл сулран доройтоход, аян дайнд мордоход эр дайчдын сүр жавхааг даллан хайлдаг гэх. Тууль хайлснаар тэнгэр язгууртай монголчуудын сүнс сүлд баярлана, баярлахаараа бидэнд ээлээ хүртээнэ гэх...

Монголчууд туулиар дамжуулан тэвчээр, хатуужил, эр зоригийн хүмүүжлийг үр хүүхдүүддээ өвлүүлдэг байжээ.

Туулиар дамжуулан өвөг дээдэс минь хүн байх, эх дэлхийгээ хайрлах, улс үндэстнийхээ төлөө зүтгэх, эх оронч хүмүүнлэг үзэл санааг өвлүүлэн үлдээсэн байдаг аа. Үндэстэн бүр өөр өөрсдийн өв соёлоо хамгаалж, сурталчлан таниулахаар идэвхтэй өрсөлдөж буй энэ цаг үед бид амьдарч байна.

 

БААТАРЛАГ ТУУЛЬСЫН "СҮБЭЭДЭЙ" МЭТ...

 

Барагцаалбал 500-гаад жилийн өмнөх Жангар туулиас хойш зохиогдож буй "Сүбээдэй" гурван боть бүтээлийг туурвиж буй Р.Лхамаа найрагчаар бахархнам.

... Ялгаран тунаран үлдэгч

Шалгаран шигшрэн товойгч

Ялгуусан зам татуулагч

Жанждын жанжин Сүбээдэй

Дайснаараа Хөшөөгөө босгуулсан

Дайны тэнгэр Сүбээдэй

Дархан цолоо мандуулсан

Дайчин баатар Сүбээдэй

 

Гучин гурван үндэстнийг

Дайлаар мордон номхотгож

Гулд хөндлөн Дэлхийг хэрж

Дайд юуг нь хэмжихдээ

 

Жаргах нартай тэнгис тийш

Ургах нартай дөтөлж

Жаран таван их тулаанд

Уухайт ялалтыг хөтөлж...

 

Өвгөн дархан Жарчиудайн

Зэлмэ хөвүүний үеэл,

Өршөөлт хаан Чингисийн

Өрлөг Сүбээдэйг дуул юу... хэмээн өгүүлэх хөх монголын ялан мандсан алтан түүхийн товчоолол сэцэлсэн Туульсын туурвилаа өргөн баригсан Өрлөг Сүбээдэйн сүр гэрэл, өнө алсад ивгээж гэрэлтүүлэгсэн Лхамаа найрагчийг биширч Монголын утга зохиолыг шимтэн уншигчид дорд мэхийн ёсолном.

<<...Яруу найргийн эрчимт цэцээр дундад зууны үеийн Монгол цэргийн ялгуусан их баатарлалт замнал болоод тулааны арга ухаан, дайтах ур чадвар, аугаа гавьяат үнэн бодит түүхийг баатарлаг Туульс болгон хайлж, мөнхжүүлэн товойлгож чадсан нь эх орны эр цэргийн хувьд ч тэр, зэвсэгт хүчин, улсыг батлан хамгаалах үйлсэд ч тэр, оюун санааны онцгой үүргийг гүйцэтгэсэн туурвил яалтгүй мөн гэдгийг дурдах нь зүйтэй>> гэж цэргийн шинжлэх ухааны докторууд үнэлсэн байдаг.

...Яруу найрагч Р.Лхамрагчаа нь Сүбээдэй баатрын цадиг түүхийг олон жил судалж, нөр их хүч хөдөлмөр зарцуулсны үндсэн дээр энэхүү хөлгөн туульсыг бүтээн туурвихдаа эцэг-хүү-ач гурван үеийн баатруудын түүхэн замналд түшиглэжээ. Туульст Чингис хааны Их Монгол Улсыг байгуулах үйл хэрэгт Сүбээдэй баатрын гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг яруу сайхнаар илэрхийлэхийн зэрэгцээ түүний амьдрал үйл хэрэгтэй уялдуулан тухайн цаг үеийн Монголын түүхийн голлох үйл явдлуудыг уран сайхнаар өгүүлсэн нь онцлогтой болжээ.

Давуу шинж нь давамгайлсан, өвөрмөц шинжтэй, өргөн сэтгэлгээтэй улсууд Монгол төрд хэрэгтэй энэ цаг үед БХЯамнаас “Монгол Улсын иргэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг 2005 онд баталсан байдаг. “Нар зөвийн Эх орон” шүлэг хийгээд уран бүтээлчдийн аялал, тэмдэглэлүүд ч энэ хөтөлбөрийн үр дүнд хэрэгжсэн аж.

Ховдын цэнхэр хязгаар нутгаас төр түмнээ төлөөлөн тавантаа сонгогдож дархлагдсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С. Бямбацогт болон удирдлагуудаас, түүхэн он дарааллын дагуу түүхийн үнэнээс гажилгүй шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн эдгээр туульсыг цэрэг эх орончдоор шимтэн судлуулаасай билээ.

Манай үндэсний бахархал болсон энэхүү түүхт хүмүүний байгуулсан гавьяа, үзүүлсэн үлгэр жишээ, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, дэлхий дахины дайтах урлагт оруулсан гайхамшигт тактик бүдгэрэх ёсгүй бөгөөд хойч үеийнхэнд бахархал болон дуурсагдах учиртай. Барууны орнуудад Сүбээдэй судлалын тусгай сургалтыг цэргийн шинжлэх ухаандаа өргөнөөр ашигладаг, бас системтэйгээр судалдаг гэлцэнэ.

Бас Сэлэнгэ аймгийн ИТХ болон “Ирээдүйн хишиг Сан”-гаас хамтран хэрэгжүүлсэн “Эх оронч эко аялал” хөтөлбөр нь 2013 оноос эхэлсэн бөгөөд ахлах ангийн сурагчдын хүсэн хүлээсэн зорилтот аялал билээ. Тэд “Эх орон хилийн сүлдэт баганаас эхэлдэг” сэдэвт зохион бичлэгийг өөрсдийн ойлгоцоор бичдэг бөгөөд жил бүрийн багш нарын баярын өдрийг угтаж хилийн цэргийн 0243-р ангитай хамтран зохион байгуулдаг.  Цэргийн ангийн түүхэн замнал, ажил үйлс, амжилт бүтээлтэй нь танилцаж, “Алдрын танхим”-аар зочлон, цэргийн хуарантай танилцаад хилийн “Тэг цэг” дээр дурсгалын зураг татуулж Алтанбулаг музейг үзэж сонирхдог юм. Сурагчдын бичсэн сэтгэл уяраам зохион бичлэг, эсээ нь хилчдийг догдлуулан баярлуулдаг бөгөөд уламжлалт энэхүү хөтөлбөрийн хүрээнд төр, ТББ-ын хамтын ажиллагааг орон нутагт шинэ шатанд гаргаж жишиг болгон үлдээх зорилгоор аймгийн ИТХ-ын үе үеийн удирдлагууд, Э.Оюунболд нар хичээнгүйлэн дэмждэг билээ.

Баатарлаг мэргэн дээдэс маань дэлхий ертөнцийг засан тохиноож, засаглан залуурдаж асан аугаа түүхийн алтан хүрд юүг биднээ болоод хүн төрөлхтөнд үлдээсэн инү юутай их бишрэл гайхамшиг, омогшил бахархал билээ.

“Монгол” хэмээгч төрт улсыг дэлхий дахинаа идэрхэг хүчирхэгээр мандаан дуурсгагч, басхүү оршин үлдэхүйн чагтага юуг од гараг эрхсийн шүтэлцээгээр батжаан чангалж чадсан, орчлон ертөнцтэй ивээлтэн, огторгуй сансрын эрчимтэн, өдгөө бөмбөрцгийн зүг бүхэнд очистон гэрэлтэх “Монгол” үндэс угсаат хүмүүн бид бүхний баатарлаг мэргэн өвөг дээдсийн ялгуусан аугаа их гавьяа зүтгэл болоод хүн төрөлхтний оюуны охь, шалгарал шигшрэл болон гийсэн Их Монгол ухааны алтан ганжир дор насад сүслэн мөргөмү хэмээсэн Найрагчийн өөрийнх нь үгээр өндөрлөнөм зэ.

Экологийн сэтгүүлч Л.Оюунчимэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)

 

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

4 цаг 29 мин
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

4 цаг 34 мин
Бурханы сүм “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ажлын албанд спорт, чөлөөт цагийн хэрэглэл хандивлалаа

Дэлхийн өнцөг булан бүрд халуун сэтгэл, хайр түгээн, хүмүүнлэгийн сайн дурын үйл аж

8 цаг 15 мин
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

15 цаг 18 мин
2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Өнгөрсөн пүрэв гарагт товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр ирц бүрдсэнээр эхлэв.

20 цаг 53 мин
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?

Өдгөө, улсын төсөв хүндэрч, төсвийн тодотголоор цалин хөлс нэмэх гээд Засгийн газар үйлээ үзэж байна.

20 цаг 53 мин
Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 53 мин
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр 75 гишүүн ирцээ бүртгүүлж 59.5 хувийн ирц

20 цаг 53 мин
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

Уржигдар 14 цаг 04 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Уржигдар 13 цаг 59 мин