Стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилтэй хэлэлцээ хийнэ

2024-09-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийж,  Засгийн газрын байр, суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа стратегийн орд газруудын үр өгөөжийг ард түмэн Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн. Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт юм. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Стратегийн орд гэхээр Үндэсний баялгийн сангийн тухай ярьж байгаа гэсэн үг. Стратегийн гэдэг нь нэг жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.  Стратегийн ордоос орж ирж буй ашиг нь Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг УИХ 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй.  УИХ-аас баталсан 16 стратегийн ордоос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байгаа гэсэн үг. Тэгвэл 39 стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц нь тогтоогдсон хэдий ч УИХ-аар орж батлагдаагүй.  Тиймээс энэхүү ордыг стратегийн ордод хамааруулах Засгийн газрын шийдвэр гарч, УИХ-д өргөн мэдүүлж, жагсаалтыг шинэчлэх ёстой. Үүнийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан.  Түүнчлэн Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан. Ийм байхад алга дарам тусгай зөвшөөрөл гэсэн цаасыг барьчхаад энэ бол 100 хувь миний өмч байх ёстой гэж зарим хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар үзэх нь зохистой биш. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж байна. Хэлэлцээр хийх үүргийг надад даалгасан.  Тус хувийн хэвшлүүдтэй 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байна. Зарим стратегийн ордын хил зааг тогтоогдоогүй. Хил заагийг тогтоох үүргийг Ц.Туваан сайдад даалгасан.Хил зааг тогтоогдсон стратегийн орд эзэмшиж буй компани руу хэлэлцээрийн урилга явуулна. Энэ нь хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш. Ирэх долоо хоногт хэлэлцээрийн урилгад хариу илгээсэн компанитай хэлэлцээрийг эхлүүлнэ. Харилцан тохиролцоод УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулна

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталжээ. "“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани. Тиймээс компанийг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.  Энэ талаар Н.Учрал сайд “Өнөөдөр олж буй ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг ахиулахын зорилгоор ийм шийдвэр гаргасан. Ингэснээр энэ компанийн томилгоо, худалдан авах ажиллагаанд улстөрчид хөндлөнгөөс оролцохгүй. “Коделко” гэх Чили улсын төрийн өмчийн компани зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Өмнө нь манайх шиг хүдэр дэх зэсийн агууламж буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсноос болж энэхүү компани зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн компаниар менежмент хийлгүүлсэн. Үүний үр дүнд зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэж, өртөг буурч орлого нэмэгдсэн.  Мөн Саудын Арабын “Майнинг” гэх төрийн өмчит компани нь хамааралтай шийдвэр гаргадаг, ил тод нээлттэй байдал алдагдсан учраас дэлхийн Бостин консалтинг, McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Ингэснээр зардал 20 хувиас 10 болж буурсан, борлуулалтын орлого нэмэгдсэн.  Тиймээс цаашдаа олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна.  Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна” гэлээ.

 

Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө татахад анхаарч ажиллана

 

Сангийн сайд Б.Жавхлан олон улсын “Фитч” агентлагаас Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг ахиулсан үндэслэлийг Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Есдүгээр сарын 18-нд манай улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа В+ тогтвортой зэрэглэлд шилжүүлэхэд суурь гурван асуудал нөлөөлсөн гэж салбарын сайд нь хэллээ. Монгол Улсын өрийн удирдлагын менежмент сайжирсан. Үүний үр дүнд Монгол Улсын ДНБ-д эзлэх гараад өрийн хэмжээ буурсан байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнг харвал Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал бүрдэж байна. Санхүүгийн тогтвортой байдал сайжирч, улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний эксптортдоо тулгуурлан эдийн засаг, санхүүгийн салбар тогтворжиж байна гэдгийг чухалчилж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+ тогтвортой гэж үнэлсэн байна.  Мөн Засгийн газар богино хугацаатай арилжааны бондод баталгаа гаргахгүй, харин урт хугацааны хүү багатай, Засгийн газрын үйл ажиллагаан 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд эх үүсвэр татах чиглэлд ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 187 (7431)

 

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

6 цаг 33 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

6 цаг 33 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

6 цаг 33 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27