Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

2024-03-28
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Базарбямын Нямсүрэн

 

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой. 
Газар нутаг, хүн амын тоо зэргээс шалтгаалан сонгуулийн дүнг нэгтгэх хугацаа ч багагүй шаарддаг бөгөөд эцсийн дүнг санал хураалт дууссанаас хойш гурав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 4-ний өдөр олон нийтэд зарлах аж. 

 

Энэтхэг хэрхэн санал өгдөг вэ?

 

75 жилийн өмнө Бүгд Найрамдах засаглалыг сонгон тусгаар тогтносон Энэтхэг улсын хувьд ардчилсан зарчмаар сонгуулиа явуулж, удирдагчдаа тодруулдаг уламжлалтай. 
БНЭУ нь парламентын засаглалтай. Ирэх сард эхлэх Лок Сабхагийн сонгуулиар парламентын доод танхимын 543 гишүүнийг сонгоно. Сонгуулийн дүнгээр олонх болсон нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилох эрхтэй.
Тус улсад нийт 960 сая сонгогч байгаагийн 470 сая орчим нь эмэгтэйчүүд. Энэтхэгийн сонгуулийн ирц ихэвчлэн өндөр байдаг бөгөөд 2019 оны парламентын сонгуулийн ирц 67 хувьтай байжээ.
Санал хураалтын явцад 15 сая орчим ажилтан шаардлагатай бөгөөд сая гаруй хэсгийн хороодод хуваарилж цахим хэлбэрээр саналаа өгдөг. Индонези, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улс оронд сонгууль явуулах нь өөрөө асар том ажил бөгөөд бүх сонгогчдод хүрэхийн тулд сонгуулийн хорооны ажилтнууд төмөр зам, нисдэг тэрэг, морь, завиар хүртэл очиж санал авах нь хэвийн үзэгдэл. Энэ утгаараа Энэтхэгийн сонгууль дэлхийн хамгийн өндөр өртөгтэйд тооцогдох бөгөөд 2019 оны парламентын сонгуульд долоон тэрбум гаруй доллар зарцуулсан гэсэн судалгаа гарчээ. Энэ удаагийн сонгуульд энэ зардал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. 

 

 

Хэн нэр дэвшиж байгаа, хэн ялах магадлалтай вэ?

 

2019 оны сонгуулиар Ерөнхий сайд Нариндра Модигийн Бхарат Жаната нам 543 суудалтай парламентад олонх болсон бөгөөд дангаар 303 суудал, эвслийн хувьд 352 суудлыг эзэлж байна. Тиймээс ч сонгуулийн гол нэр дэвшигч одоогийн Ерөнхий сайд байх нь ойлгомжтой. Ерөнхий сайд Н.Моди сүүлийн арван жилд улс орныхоо хөгжлийн төлөө багагүй бүтээн байгуулалт, шинэ санаачлагуудыг гарган ажилласан учир гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлэх магадлал харьцангуй өндөр гэж хэлж болно. Ялангуяа дэлхийд эхний тавд багтсан хүчирхэг эдийн засгийг бий болгож, дэд бүтэц, цэвэр ус, бие засах газрын хомсдол зэрэг тулгамдсан асуудлуудыг эхнээс нь эмхэлж эхэлсэн нь дотоод дахь нэр хүндийг нь нэмэгдүүлэхэд томоохон түлхэц өгчээ. Түүнийг “Улс төрд байгаа нам, хүчний харьцааг тэнцвэртэйгээр хадгалж чадах өөрийн гэсэн тоглолтын арга барилтай учир аль ч талтай хэл амаа ололцох боломжтой нэр дэвшигч” хэмээн “Нью-Йорк Таймс” тодорхойлсон байх юм. 
Ерөнхий сайдын нэр хүнд өндөр байгаагийн хэрээр хүчтэй сөрөг хүчний ялгарал бүдгэрэх хандлага бий. Сөрөг хүчний гол нам болох Энэтхэгийн үндэсний конгресс Энэтхэгийг олон жил удирдсан ч дараалсан хоёр удаагийн сонгуулиар ялагдаж, намын нэр хүнд нь эрс буурчээ. Үүний нэг жишээ нь 2019 онд дөнгөж 52 суудал авснаас нь тодорхой харж болно. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар сөрөг хүчний хэд хэдэн намын төлөөлөл эвсэл болон нэгджээ.

 

Экспертийн үг

 

"Н.Моди сонгуульд ялах боломж өндөр харагдаж байна"

Энэтхэгийн сонгуулиас юуг онцлох, энэ нь цаашид ямар өөрчлөлт авчрах боломжтой зэрэг асуудлаар Олон улс судлалын төвийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын судлаач Э.Мөнхзулын байр суурийг хүргэе.

 

-БНЭУ-ын сонгууль ирэх сард болно. Энэ сонгуулийн онцлогийг та хэрхэн харж байна вэ? Геополитикийн талаасаа яагаад чухал вэ? 
-Төр улсын засаглал, гадаад, дотоод бодлогын уялдаа, залгамж чанар тогтвортой байснаар тухайн улсын цаашдын ирээдүй, хэтийн төлөвт чухал нөлөө үзүүлдэг. Улс төрийн дотоод байдал ямар байна, түүнийг дагаад тухайн улсын гадаад харилцаа, гадаад нөхцөл байдал тодорхойлогдоно. 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд эхлэх Энэтхэгийн парламентын доод танхим (Лок Сабха)-ын сонгуульд аль нам ялалт байгуулж, засгийн эрхийг хэн авахаас хамаараад тус улсын цаашдын хувь заяа, олон улсын харилцаанд үзүүлэх жин нөлөө хаашаа чиглэх нь сонирхолтой байна. Гол сөрөг хүчин болох Үндэсний Конгрессын нам (INC) болон бусад намууд олон улсын харилцаа, бүс нутгийн интеграцчлалд оролцох, хандах хандлага нь ялгаатай байж болох тул одоогийн эрх баригч намаас өөр хүчин ялалт байгуулбал дахин шинэ бодлого, алсын харааг гаргаж ирж магадгүй гэж харж байна.
Энэтхэг улс 1947 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тусгаар тогтносон. Дэлхийн II дайн дуусаж, хүйтэн дайны эхэн үед их гүрнүүд БНЭУ-д төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан. АНУ, ЗСБНХУ зэрэг тухайн үеийн хүчирхэг их гүрнүүд Энэтхэгийг ямар нэгэн стратегийн ач холбогдолтой орон гэж авч үздэггүй байсан. Энэ нь БНЭУ-д гадаад бодлого, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх, олон улсын харилцааны гол тоглогчдын нэг болж, байр сууриа баталгаажуулах боломжийг олгосон юм. 


БНЭУ нь сүүлийн жилүүдэд эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсрол гэх мэт олон салбарт тогтвортой өндөр өсөлтийг үзүүлж байгаа явдал нь бүс нутаг, олон улсын харилцааны оролцогчдын анхаарлыг аль хэдийнээ татах болсон. Тэр ч утгаараа их гүрнүүд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, Ази тивийн бүс нутгуудад БНХАУ-аас гадна БНЭУ хэмээх өөр нэгэн хүчирхэг тоглогч гарч ирснийг хүлээн зөвшөөрч, тус улсын дотоод, гадаадад өрнөж буй асуудлуудыг анхааралтай харж ажиглаж байна. Энэтхэгийн геополитикийн ач холбогдол нь Ази тив, ялангуяа Өмнөд Азийн бүс нутагт илүүтэй төвлөрч байгаа харагддаг. Тийм ч учраас энэ удаагийн сонгуулийн үр дүн нь хөрш орнуудтай харилцах харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга зэрэг динамик байдалд нөлөөлж Энэтхэгийн гадаад бодлогын цаашдын чиг хандлага хаашаа эргэхийг тодорхойлох юм. 2047 онд БНЭУ тусгаар тогтнолоо олсны 100 жилийн ой, 2049 онд БНХАУ 100 жилийн ойгоо тус тус тэмдэглэнэ. Ази тивийн хүчирхэг энэ хоёр улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд хүчээ харуулахаар өрсөлдөж байна гэж хэлж болно. БНХАУ-ын эдийн засаг 1978 оноос хойш өндөр өсөлтийг үзүүлсээр ирсэн. 2023 оны байдлаар эдийн засгийн үзүүлэлтээрээ тус улс АНУ-ын дараа хоёрдугаарт, харин БНЭУ тавдугаарт эрэмбэлэгдээд байна. 2024 оны гуравдугаар сарын байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан мэдээг The Conference Board судалгааны байгууллагаас гаргасан байна. Үүнд, Хятадын, Энэтхэг улсуудын ДНБ 5-7 хувийн өсөлттэй байгаа нь бусад орнуудтай харьцуулбал илүү өндөр үзүүлэлттэй байгаа юм. Энэтхэг дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Ирээдүйн Азийн сүр хүчийг энэ хоёр орон харуулах төлөвтэй байна. Манай улс энэ хоёр орны нэгтэй хиллэдэг, нөгөөтэй нь бид оюун санааны хөрш билээ. 


-Н.Моди Ерөнхий сайд дахин Ерөнхий сайд болох магадлал өндөр байгаа гэж харж байна. Та үүнтэй санал нийлэх үү. Сонгуулийн дүнгээс шалтгаалж ямар өөрчлөлт гарах боломжтой вэ?
-2014, 2019 оны сонгуулиудад Рахул Ганди тэргүүтэй Энэтхэгийн Үндэсний Конгресс нам, Нарендра Моди тэргүүтэй Бхарати Жаната нам гол өрсөлдөгчид байсан. 2014 онд Бхарати Жаната нам олонхын суудал авсан нь Энэтхэгийн улс төрд томоохон өөрчлөлтийг авчирсан. Энэтхэгийн тусгаар тогтнолын дараах түүхийн ихэнх хугацаанд засгийн эрх барьж байсан Үндэсний Конгресс намын ноёрхлыг зогсоосон юм. Тухайн үеийн Бхарати Жаната намын сонгуульт ажил, мөрийн хөтөлбөр, эдийн засгийн шинэчлэл, ажлын байр бий болгох, сайн засаглалтай болгоно гэсэн амлалтууд олон сонгогчдын сэтгэлд хүрсэн. Үүнээс харвал, 2019 оны сонгуульд ч мөн Н.Моди, түүний намын нэр хүнд, өмнөх кампанит ажлууд дахин сонгогдоход томоохон нөлөө үзүүлсэн байгаа юм. Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн явуулсан санал асуулга, мөн барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Н.Модиг гуравдах удаагаа дахин сонгогдоно гэж үзэж байгаа юм. Энэтхэгийн нийт хүн амын 70-аас дээш хувь нь хинду шашинтай. Исламын эртний сүмийг нурааж, түүний бууринд энэтхэг хүний санаа сэтгэлд тохируулан хинду сүмийг байгуулсан, ингэснээр хинду шашинтай хүмүүсийн дэмжлэгийг Модигийн Бхаратия Жаната нам авч чадаж байгаа нь сонгуульд ялах боломжийг нэмэгдүүлж байна. 


Хэрэв Н.Моди дахин бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулбал түүний өмнөх бодлого, Бхарати Жаната намын мөрийн хөтөлбөрт үндэслэн тус улсын хувьд ямар өөрчлөлт гарахыг таамаглаж болох юм. Нэгт, эдийн засгийн талаас хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зэрэг бусад эдийн засгийн шинэчлэлд үргэлжлүүлэн анхаарал хандуулах байх. Үүнд, үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжил, дижитал эдийн засгийг тэлэх санаачилга багтах юм. Хоёрт, 2014 онд Н.Моди Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Энэтхэгийн доод түвшний хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн халамжийн хэд хэдэн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Аюушман Бхарат (эрүүл мэндийн үйлчилгээ), Прадхан Мантри Авас Йожана (орон сууц), Жан Дан Йожана (санхүүгийн оролцоо) зэрэг одоо байгаа нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг улам өргөжүүлж магадгүй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)

АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.  Сонгуулийн

7 цаг 8 мин
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон

13 цаг 28 мин
Джеффри Сакс: Европ АНУ-тай хамт чимээгүй байгаа ч бусад улсууд Венесуэлийг хамгаална гэж найдаж байна

АНУ 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг "Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа" (Operation Absolute R

13 цаг 28 мин
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр

13 цаг 28 мин
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулга

13 цаг 28 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн туха

Өчигдөр 06 цаг 00 мин
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Уржигдар 16 цаг 30 мин
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

Уржигдар 16 цаг 26 мин