З.Санждорж: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд луу жилийн луу өдөр тохиож байгаа

2024-02-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг угтаж, XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн өнгө төлөв, иргэдийн засал номын  талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн,  Монголын их хүрээ хийдийн хамба, зурхайч  З.Санждоржтой ярилцлаа.    

 

-Монгол түмэн туулай жилээ үдэж, луу жилтэйгээ учран золгож байна. “Шороон үхэр”-ийн зурлагаар шинжвэл “Хилэнт эх” хэмээх Луу жилийн өнгө хэрхэн бууж байна вэ?

-XVII жарны “Томо” хэмээх модон луу жил морилон ирж байна. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс жилийн өнгийг олон янзаар тодорхойлсоор ирсэн. Энэ жилийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд луу жилийн луу өдөр тохиож байгаа. Энэ нь найман сайн бүрдсэн  өдөр юм. Судар номонд сайн үйлс арвижиж, сайн сайхан зүйлсийг дэлгэрүүлэх тухай бичсэн байдаг. Найман сайн өдөр нь өвчин зовлонгүй, нас урт, төгс жаргалтай, эд баялаг эрхэм сайн, нэр алдартай, хувь тавилан сайтай, эдлэл хэрэгсэл төгөлдөр, сайхан бүхэн тохиох утгыг бэлгэддэг. Энэ өдөр бүгдэд үгийн сайныг хэлвээс ажил төрөл нь сэтгэлчлэн бүтнэ. Мөн энэ жил гурван хөх мэнгэ голлож байгаа. Энэ нь хавдар өвчин, боом дэлгэрэх төлөвтэйг илтгэдэг. Энэ жил шороон махбодтой учраас зурхайд буусан үхрийн өнгө нь шар байгаа. Тиймээс газар тариалан эрхлэх,  мод тарих, үр тариа тарихад ургац шим арвин. Мөн дөрвөн шийр нь хөх өнгөтэй байгаа нь хаврын саруудад салхи шуургатайг илтгэж байна.  Зуны эхэн сар хямралтай, аль ч улирлын эхэнд салхи шуургатайг харуулж байна. Өвөлдөө бага зэрэг илүү сартай байхаар зурхайд бууж байна.

-Хүмүүс цагаан сараар хаврын урь ордог гэж ойлгодог. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хаврын урь орох үеэр жилийн онцлогийг шинжиж мэддэг. Шинийн нэгний өдөр тэнгэрийн өнгө аясаар айлчлан ирж буй жилээ дүгнэдэг. Тэнгэр цэлмэг байвал зуншлага сайн байдаг. Газрын гарц арвин байвал мал  сүрэг тарга тэвээрэг сайтай, түүний үрээр хүн зоны идээ цагаа арвин дэлгэр байдаг.

 Энэ жилийн хувьд луу жилийн хаврын урь энэ сарын 4-нд орсон. Шар нохой өдөр нь  шороо махбодь зонхилж байгаа. Тиймээс монголчууд ургац, үр тариа арвин авна. Хүүхэд нялхаст ээлтэй, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарч байгаа учир аливаад болгоомжтой хандаж, засал номоо сайн хийлгэж, зөвийг билгэдэж, сайн сайхныг дэлгэрүүлж байвал аливаа сөрөг муу бүхнийг засаж залруулах учир утгатай.

-Ихэнх зурхайч луу жилийг “Хилэнт эх”-т гэж тодорхойлсон байсан. Харин та “Томо” хэмээх модон луу жил гэж тодорхойлжээ?

 -Ёгт нэрэнд манайхан төөрөлдөж будилах нь цөөнгүй. Дорнын зурхайд 12 жилийг таван махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. 60 жил нь тус бүрдээ нэртэй. Тухайн жил ямар болохыг тооны ухаанаар, шинжлэх ухааны судлалаар нарийн тооцон гаргадаг. 

Энэ жилийн ёгт нэрийг харахад “Томо” гэж нэрлэж байгаа юм. “Хилэнт эх” ихэт хэмээн орчуулаад байгаа нь оносон нэр биш. Жилийн ёгт нэрийг махчилж орчуулах нь буруу. Үгийн утгаа зөв гаргах хэрэгтэй. Харин “Хилэн их”-т хэмээх жил нь  XVII  жарны 49 дэх үхэр жил юм. “Хилэн эх”  гэхээр хүмүүс хатуу жил гарч байгаа гэж ойлгоод байгаа юм. Тухайн жилийг нэрлэж буй төвд орчуулгын нэрээр жилийн өнгийг шууд тодорхойлох нь буруу. Өлзийтэй сайхан жилийн нэрийг зөв оноож орчуулах нь их чухал.

-Цахим орчинд зарим иргэд луу жилд хүүхэд төрүүлбэл сайн гэх. Энэ жил төрсөн хүүхэд ямар онцлогтой байх вэ?

-Би зурхайн үндсэн судраа барьдаг. Хүмүүс зурхайн холбогдолтой зүйлсийг дураараа ярьж, наргиан болгох нь зохисгүй. Луу жилд үр хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, эргэлзэж байгаа бол зурхайд харуулах хэрэгтэй. Түүнээс биш нэгнийгээ даган дуурайж болохгүй. Луу жилд төрсөн хүүхэд бүр луу мэт хүчтэй болно эсвэл уур хилэн ихтэй болно гэж хийсвэрээр ойлгож болохгүй. Луу жилийн ямар өдөр төрснөөс тухайн хүүхдийн хувь заяа нь шийдэгдэнэ. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэж бий. Жилийн нэр дуулиан шуугианаар мэндлээгүй байгаа хүүхдийг дүгнэх хэрэггүй. 

-Жил орж буй хүмүүс юу анхаарах вэ?

-“Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн” гэж ярьдаг. Тиймээс жил нь орж буй хүмүүс ерөнхий засал номоо сайн хийлгэх хэрэгтэй.  Ялангуяа жил нь орж байгаа эрэгтэйчүүд цагаан сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэх нь зүйтэй. Эмэгтэйчүүд цагаан сар гарсны дараа заслаа хийлгэж болно. Жил нь орсон хүмүүс тус тусын заслыг хийлгэвээс гараг эрхэсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байдаг. Тиймээс манай “Монголын Их Хүрээ” хийд  жил бүрийн хүмүүсийн хийлгэвэл зохистой заслыг зурхайн ухаанаар тооцож гаргадаг. Ер нь тухайн жил гарахаас өмнө заслаа хийлгэх нь зохистой биш. Харин шинийн 15-нд багтах нь илүү тохиромжтой. Номын хүч илүү байдаг учраас монголчууд эртнээс шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэж буян заяагаа даатгадаг.

-Улиран одож буй туулай жил зурхайд буусан зурлагатайгаа хэр нийцэв. Ард түмэн юу гэж дүгнэж байна?

-Манай өвөг дээдэс, зурхайг маш сайн судалдаг байсан нь ажиглагддаг. Одоогоос жилийн өмнө зурлага гаргаж хэвлэл мэдээллээр дамжуулж байсан удаатай. Жилийн сүүлээр зурхайгаа дүгнэх нь хаа хаанаа зөв. Мөн ард түмэн минь ингээд дүгнээд хэлэхээр их талархдаг. Үүнээс их урам авдаг юм. Тухайлбал, туулай жилийг үер ус гэнэтийн аюулаас хол байх, жилийн сүүлээрээ галын аюул их байхыг зурхайд буулгасан. Энэ бүгд яг таарсан.  Мөн шинийн нэгэндээ үүл нь бараан байсан нь үер ус ихтэй байхыг харуулж байлаа. Ирэх онд могой жилийн босгон дээр хэлсэн бүхнээ ард түмэндээ бас дүгнүүлэх байх.

-Цаг тооны бичгийг гаргахад олон жилийн судалгаа шаарддаг нь лавтай?

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн саналын дагуу бүтээсэн. 100 жилээр нь бодож гаргасан хуанли бий. Монгол түмэн буддын гүн ухааны гол үзэл санаа, үндсэн тулгуур онолыг шүтдэг ард түмэн. Бурханы шашин шинжлэх ухаанд суурилдаг. Тухайлбал, зурхай гэхэд шинжлэх ухаанд суурилна. Үүнийг хүмүүст таниулж дэлгэрүүлэхийн тулд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Зурхайн ухаанд заасны дагуу хүмүүс сайн өдрөө өөрт хэрэгтэй зан үйлээ эхлүүлдэг байсан. Бүх зүйл утга учиртай, тогтсон зурхайтай байдаг. Мөн сүүлийн үед залуус хань болох хүнээ үзүүлэх нь түгээмэл байна энэ нь зөв.

-Энэ 2024 он бол сонгуулийн жил. Та төр төлөөлөх хүмүүсийн тухай сонирхолтой зурхай гаргадаг. Энэ жилийн зурхай гарсан уу?

-Төрийн түшээ болох өндөр магадлалтай болон магадлал багатай хүмүүсийг тодорхойлдог дээдсийн зурхай гэж гаргадаг юм. Үүнийг анх “Тавилан” сониноор дамжуулж хүмүүст хүргэж байлаа.  Жил, мэнгийг нь тодорхой зааж оруулсан байдаг. Энэ жил өмнөх үеэс олон гишүүнтэй байхаар хуульчилсан. Төрд түмнээ төлөөлөх хүмүүс тодорхой хувь тавилантай. Мөн зурхайн ухаанд захирагдана. Тиймээс дээдсүүд зурхайгаа зуруулж, амжилт гаргах хийгээд төрийн түшээ болох магадлалд багтаж байгаа эсэхээ мэдэх боломжтой. Ингэвэл оновчтой зөв шийдэл болдог. Харин нарийн зүйлсийг энд дурдах боломжгүй. Хувь хүн өөрөө ирээд зурхайгаа үзүүлж болно. 

-Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба шинээр сонгогдоод удаагүй байна. Таны хувьд шинэ залуу хамбаа дэмжиж ажиллах, бурхны шашин соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэхээр санал солилцсон гэж сонссон?

-Улиран өнгөрч байгаа туулай жилд буддын шашинд том үйл явдал боллоо. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар Д.Жавзандорж тодорч суудалдаа заларсан. Шинэ удирдлагатай болсноор бурхан шашины бодлого,  дүрэм цаашлаад олон зүйл өөрчлөгдөнө. Эрдэм номтой залуу хүн учраас эрч хүчтэй байгаа. Томилогдоод удаагүй ч олон ажлыг төлөвлөж хэрэгжүүлж байна.  Бид бүхэн жилийн нэр томъёон дээр анхаарч ажиллахыг ярилцсан. Уламжлалт зурхайн хэллэгт анхаарна. Мөн шинжлэх ухаан талаас нь орчин үетэйгээ нийцүүлж ажиллахад хамтрахаар болсон. Уламжлалт анагаах ухаан, цаг тооны бичиг, од гарагийн тогтолцоог судлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл  зэрэг олон ном судрыг шинжлэн судалж орчин үетэй нийцүүлэн хослуулна. Манай лам нар дунд бурхан зурдаг, хувцас урладаг, уламжлалт эм гаргадаг  хүмүүс бий. Тэдэнтэй хамтарч бүтээн байгуулалт хийнэ. Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Монгол үндэсний эрх ашгаа түрүүлж харах цаг иржээ. Бид бурхан шашны ирээдүйг бодож ажиллана. Төр бат, шашин тунгалаг хэмээх сайхан үгийг уриагаа болгож, хамтарч ажиллахаар санал нэгдсэн байна. Энэ жил бол бурхан шашинд ээлээ өгсөн сайхан жил байлаа. Лам нар бидэнд ард түмэн итгэдэг. Тиймээс сүсэгтэн олны итгэлийг дааж ажиллах, хариуцлага хүлээж байгаа. Хэрэв алдаа гаргаж ард түмний итгэлийг алдвал харамсалтай. Их хариуцлагатай цаг үед ажиллаж байна.

-Магадгүй хүмүүс сэтгэлийн боловсролыг шашнаас олж авдаг байх. Та монгол түмэндээ хандаж  сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Цагаан сараар өглөөний ургах нарнаар цай сүүний дээжээ өргөн, амар мэндээ мэдэлцэн золгохоосоо эхлээд бүх зүйлийг нарийн дэг жаягыг дагах хэрэгтэй. Найман сайн бүрдэхийг ерөөж бурхан тахилдаа дээжээ өргөх. Шинийн нэгэн билэгтэй сайн өдөр учир залуус уурлаж огт болохгүй. Элдэв муу үгнээс татгалзах нь зүйтэй. Тиймээс монгол түмэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)

 

ахмад буурлууд үгийн сайханаар ерөөж ерөөл нь биелэлээ олдог байлаа, жишээ нь Сайхан жил улирч сайхан жил гарлаа, одоо тарган сайхан хаваржиж байна уу, айлчин золголт их хийж байна уу, гэхчлэн үгийн сайханаар бялхуулан мэндчилдэг билээ,
Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгахыг зөвлөжээ

Уржигдар 13 цаг 15 мин
Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Т.Баярхүү: Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ

Уржигдар 13 цаг 09 мин
Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

Уржигдар 13 цаг 04 мин
МАН жагсаалтдаа багш , малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

МАН жагсаалтдаа багш нар малчдын төлөөллийг оруулахаар ярьжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Эвлэрлийн гэрээ байгуулсан бол анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй

Энэ удаагийн “Хууль, эрх зүй” буландаа шүүхээр шийдвэрлэсэн нэгэн кейсийг хүргэ

Уржигдар 07 цаг 15 мин
76 -г 5.9, харин 126 нэр дэвшигчийг 6.4 тэрбумаар сурталчилна

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болно. Ингэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 78-ийг нь м

Уржигдар 07 цаг 10 мин
Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэг

Уржигдар 07 цаг 05 мин
Хаврын чуулганаар авлигын эсрэг ямар хуулиуд батлах вэ?

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ.   Сонгуулийн өмнөх чуул

Уржигдар 07 цаг 00 мин
Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

2024-02-29
Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг бүх хүмүүстээ төрсөн өдрийн мэнд хүргэе

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 29-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын бүх иргэнийг онцлон төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

2024-02-29