Танихгүйгээ дугуйлаарай, тэр “бурхан” байж мэднэ

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Та бид таван сарын дараа шинэ УИХ-ыг сонгоно. Том яривал, бид хувь заяагаа, лидерээ сонгох дэлхийн 60-аад орны нэг болоод байгаа юм. Геополитик хаашаа гулсахыг зарим улс гүрний сонгууль шийднэ. Гэхдээ дэлхий биднийг онцлохгүй ч өөрсдийнхөө хувьд маш том сонголтыг хийнэ. Яагаад гэхээр, бүсчилсэн том тойрог, намуудын жагсаалтаас 126 гишүүнийг тодруулна. Тэр шинэ гишүүд ихээхэн үүрэгтэй. Маш товч хэлэхэд, тэд маань “...Авлигыг нам дарах уу”, аль эсвэл “...Авлигатайгаа нийлээд цаашаа явах уу” гэдгийг шийдэх хүмүүс болно. Энгийнээр, иймэрхүү чухал агуулгатай сонгууль болох юм.

Горилогчид хэдийнэ хөдлөөд эхэлжээ. Тар нь уу, сунгаа нь уу бүү мэд. Хаа сайгүй л УИХ-д санаатай хүмүүс хөлхөлдөж байна. Аймаг дамжиж хэсээд л, сүйд. Удам судар нь ийшээ ч нэг, тийшээ ч нэг салаалаад, нэг л биш. Бас өөрийгөө өндийлгөж, өрсөлдөгчөө бөхийлгөх аян ч идэвхжижээ.

Дээрээс нь, том намууд дотроо түлхэлцэж байна. Фракцгүй нам гэж үгүй. Угаасаа байдаг үзэгдэл л дээ. Дэлхийн жишиг бол голдуу үзэл бодлын нэгдлээр фракцалдаг. Харин манайд ашиг сонирхлоороо нэгддэг. Фракц гэдэг нь мафийн шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг. Ийм байдлаар 30 жил явж ирсэн. Тэр хэрээр, тухайн намд хэний фракц хүчтэй байна, тэднийхэн хүндтэй суудалд очдог. Суудал гэдэг мөнгөний уурхай. Одоо ч дийлэнх нь ийм бодлоор ирэх сонгуульд санаатай гүйж яваа дуулдана. Гэтэл өнгөрсөн гурван жилд өчнөөн хууль өөрчлөгдөөд УИХ-ын гишүүн болох бараг ашиггүй болчихсон байдаг. Тэгэхээр, нэр дэвших мөрөөдөл тээж яваа нөхдүүд хуулиудаа нэг харчихад гэмгүй л байгаа юм.

Жижиг намууд том намуудын улстөрчдөөр дүүргэлт хийж байна. Нөгөөдүүл нь нам дотроо хүч алдсан фракцынхан л даа. Тийм нөхдүүд өнгөрсөн жилээс хойш жагсаалтад дээгүүрт бичигддэг жижиг намуудыг эргүүлдэж тойруулдаж гүйж байгаад өдгөө толгойд нь гараад суучихаж байна. Наана нь намын дарга нэртэй хүүхэлдэй шиг этгээд байдаг. Нөгөөдүүл  араас нь удирддаг. Нэг биш, нэлээд нам ийм зохион байгуулалтай болоод байна.

Ер нь манай улс төрийн намуудад нэг онцлог байдаг юм. Үзэл баримтлал гэдэг зүйлийг бараг тоодоггүй. Анх гарч ирэхдээ “...Баруунтан, эсвэл зүүнтэн” гэж өөрсдийгөө цоллодог. Гэвч үйл ажиллагаанаас нь үзэл баримтлал нь огт ханхлахгүй. Бүр эсрэгээр нь ярьдаг, хийдэг. Тэдгээрт нэгдэж байгаа улстөрчид ч гоё. Зүүнтэн байснаа баруунтан болно. Ийм үйлдлүүд том, жижиг намууд дээр авах юмгүй тарчихсан. Өнөөдөр нам ч үгүй, үзэл баримтлал ч үгүй явж байсан хэн нэгэн мөнгөтэй хүн өглөө сэрээд альд нь ч хамаагүй элсэнэ. “...Нааш ир, боломж өгье” гэдэг рүү нь л явдаг шиг байгаа юм. Тэгээд тэндээсээ нэр дэвшинэ. Тэгж УИХ-д орсон хүн олон доо.

Хамгийн гол зүйл рүүгээ оръё. Монголчууд өнгөрсөн гурван жилийн туршид өмнөх 30 жилийн булхай луйвартай танилцсан. Цаддаг бол цадахаар л олон хулгайг мэддэг болсон доо. Харамсалтай нь, тэр бүхэнд оролцож ирсэн хуучин танилууд маань 126-гийн нэг болохоор идэвхийлэн гүйлдээд эхэлжээ. Бүсчилсэн том тойрогтой болсон нь тэдэнд итгэл өгчээ. Тэд “...Бид танил учраас шууд сонгогдоно” гэж үзэж байна. Тэгчихсэн, 126-г бүрдүүлээд, тэгээд илүү гарахаар олуулаа явж байна. Том намууд тэднийг нэр дэвшүүлэхгүй байж чадахгүй л бололтой. Нэг нь тойрог руугаа, нөгөө нь жагсаалт руугаа чихэх бодлоготой байгаа дуулдаж байна. Угтаа энэ бол аюул шүү дээ. Ядаж өнгөрсөн 30 жилд Монголын хөгжлийн төслүүдийг гацааж, ЖДҮ хусаад, Хөгжлийн банкийг тоноод, нүүрс хулгайлсан этгээдүүдэд хориг тавьж барахгүй л болоод явчихлаа. Тэгэхээр ирэх сонгуульд намуудын жагсаалт, тойргийн нэр дэвшилт шинэ, цэвэрхэн хүмүүсээс бүрдэхгүй нь бараг тодорхой боллоо. Тэр нь, ирэх сонгуулиар гарч ирэх 126 гишүүндээ намууд анхаарахгүй нь гэсэн үг. Тиймээс бид хатуу байр суурь барих хэрэгтэй болж байна. “...Яаж” гэхээр сонголтоо л сайн бөгөөд зөв хийх ёстой болов. Монголыг ийм болгосон хуучны хэд маань жагсаалтаад бичигдээд, аль эсвэл “...Сайн байна уу, та нар минь” гээд сум, аймагт маань хүрээд очно. Тэгэхэд нь сонголтоороо л “...Духаа нааш нь, дураа цааш нь” болгох хэрэгтэй юм. “...Гэхдээ яаж” гээд сонголт хийх олон хүн хоорондоо ярьж байна. Нэг сайн санаа ярьсан нь чих дэлсэв. Манайханд нэг үг олон жил, ялангуяа сонгууль дөхөхөөр трэнд болдог доо, “...Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гэж... Энэ удаад үүнд “...Үгүй” гэж хэлбэл зохих юм байна. Тойрог бүрт очсон 7-10 нэр дэвшигчээс аль таньдаггүйгээ л дугуйлах хэрэгтэй. Хэрвээ та тухайн нэр дэвшигчийг танихгүй бол тэр хүн ядаж ЖДҮ, Хөгжлийн банк, нийслэлийн газар, нүүрсний хулгайд оролцоогүй гэсэн үг шүү дээ. Тэгвэл маньдаа л бурхан болно. Ер нь та бид арваад удаа сонголт хийлээ. Дан­даа л алдсан, харамссан байдаг. Энэ удаад хэрсүү байя. Тэгээд ганц л зүй­лийг тохирцгооё. Та танихгүйгээ дугуй­лаа­рай, тэр хүн  “бурхан” байж мэднэ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)

 

 

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

8 цаг 35 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

11 цаг 55 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

17 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

17 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

17 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин