Давосын чуулган дээрх "Монгол"

2024-01-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

Жил бүрийн эхэнд Швейцарын Давос хот хөл хөдөлгөөнд дарагддаг. Улс орны тэргүүнүүд, удирдагчид, бизнес, улс төрийн томчууд аль хэдийнэ Давос хотоор овоглох болсон эдийн засгийн чуулганд ирж, тухайн жилийнхээ олон улсын эдийн засаг, геополитикийн өнгийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл 54 дэх удаагийн чуулганд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. “Итгэлцлийг бэхжүүлэх” нь уриан дор цугларсан энэ удаагийн Давосын чуулганд 30 гаруй орны төрийн тэргүүн болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Хэзээнээс найдвартай, баталгаатай банкаараа дэлхийд танигдсан Швейцарын хувьд  Давосын чуулган жил болгон болдог уламжлал болсон үйл явдал. Харин энэ чуулганд хэн оролцож, хэн ирэхгүй байх нь тухайн жилийн геополитикийн өнгийг тодорхойлох нэг хэмжүүрийн нэг юм. Дэлхий дахины өнөөгийн сөргөлдөөнт байдал сүүлийн үед олон улсын хэмжээний хурал болгон дээр ёс мэт яригдаж, гол сэдэв болоод байгаа.  Энэ жишгийн дагуу геополитикийн асуудал, эдийн засгийн форумын үеэр ч голлох сэдвийн нэг байлаа. Мөн улс орнуудын аюулгүй байдлаас дутахгүй анхаарал татах болсон хиймэл оюун ухааны цаашдын чиг хандлага, эрсдэл, технологийн хөгжил, эдийн засгийг сэргээх нөхцөл боломжуудын талаар голлон ярилцсан эдийн засгийн форум болж байгааг олон улсын томоохон агентлагууд бичиж байна.

Тэгвэл чуулганы үйл явдлын мэдээллээс илүүтэйгээр тийш зорьсон  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илэрхийлэл хийгээд Монголын гадаад бодлогод хэр өгөөжтэй айлчлал болсон, Давос биднийг хэрхэн хүлээж авсан зэргийг тоймлохыг хичээв. Биеийн хэлэмж гэж байдаг шиг, аливаа олон улсын арга хэмжээнүүдийн үеэр хэнийг хаана суулгаж байгаагаас тус улсыг хэрхэн үнэлж, харж байгааг мэдэж болдог бичигдээгүй хууль бий. Тэгвэл эдийн засгийн чуулганы нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нүүрэн талын эгнээнд суудал зэхсэнээс нь үзэхэд тэд биднийг ямар хэмжээнд хүлээн авч, хэр өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосыг зорихдоо албан ёсны 30 гаруй уулзалт товлосон бол форумын эхний гурван өдөрт 80 гаруй уулзалтуудыг хийгээд амжиж. Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөсөн бөгөөд уулзалтууд амжилттай болсныг албан мэдээллээс харж болж байна.

Мөн төлөвлөснөөс гадна хэд хэдэн чухал уулзалтыг амжуулсны дотор Европын сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч болон “Транспэрэнси интернэшнл” байгууллагын тэргүүнтэй хамтын ажиллагаа ярилцжээ. Мэдээж уулзалт болгон өөр өөрийн ач холбогдолтой, хэлэлцэх асуудалтай. Тэгвэл эдгээрээс хамгийн чухал нь юу байв гэвэл Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүнтэй хийсэн уулзалт байж мэдэх юм.

“Тог тасардаггүй бол гоё” гэж жижигхэн хүүхдээс эхлээд жирийн иргэд боддог шиг эрчим хүч, шатахууны хараат байдлаас гарах хүсэл нь үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдийн “толгойн өвчин” байсаар ирсэн. Тэгвэл Европын сэргээн босголт банкны ерөнхийлөгч хатагтай Одил Рена Бассотой уулзах үеэр эрчим хүчний хараат байдлаас гарахад бодит дэмжлэг үзүүлэх талаар ярилцжээ. “Сэргээгдэх эрчим хүчний салбар, тэр дундаа салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно” гэж хатагтай Одил Рена онцолсон байна. Энэ нь өнгөрсөн 17 жилд манай улсын 130 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн тус банкнаас цаашдаа ч эрчим хүчний хараат байдлаас гарахад дэмжих нэг түнш шүү гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож болохоор. Дашрамд дурдахад, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Цаашид нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар ч мөн ярилцав. Энэ талаас нь харвал 20 жилийн дараа Ерөнхий сайдын Швейцарыг зорьсоны хамгийн том олз энэ байж болох юм.

“Давос”-ын уулзалтын бас нэгэн давуу тал нь авлигатай тэмцэхэд дотооддоо төдийгүй гадныхантай хамтрах тухай яриа байлаа. Сайн, муу хэлүүлэн байж Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар  авлигын эсрэг тэмцэж эхэлсэн. "5Ш" ажиллагаагаа анхлан зарлахад нь элэг доог хийн шоолж байсан сөрөг хүчнийхэн нь хүртэл хүлээн зөвшөөрч, “Авлигатай яахав тэмцэж байна л даа” хэмээн үр дүнг нь үнэлдэг болтол “муу хэлүүлсэн ч ил гаргасаар” байгаа нэг ажил нь авлигын асуудал. Тэгвэл Авлигатай тэмцэх ажилд дотооддоо тэмцэхээс гадна олон улсын байгууллагын дэмжлэг, сайшаалыг хүлээх болсон нь дээрх уулзалтын өөр нэгэн ач холбогдол юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагын тэргүүн Франсуа Валериантай уулзах үеэр “Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно” гэжээ. Мөн хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайдад аминчлан илэрхийлсэн байна. Мэдээж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн муу олон нэр зүүж буй. Гэвч энд нэг л зүйл илэрхий байгаа нь дотооддоо муу сайн янз янзаар дуудуулж байвч гадаадад ямартай ч биднийг дориухан ажиллаж байна хэмээн тоох болсон нь сүүлийн үеийн олон улсын арга хэмжээнүүдээс ажиглагдах болжээ. Манай улс төвийг сахисан, гуравдагч хөршийн нээлттэй гадаад бодлогоо ил тод зарладаг. Энэ нь хоёр том хөрштэй манай улсын хувьд гадаад бодлогоо тэнцвэржүүлсэн зөв имиж гэдгийг гадныхан ч хэлдэг болж. Мөн уулзалтын тоо нэмэгдэж, Монголын залуу Ерөнхий сайдтай танилцах завшааныг олзуурхан хүлээж авч байгаа хандлагаас харахад ч бид гадаад бодлогоо гайгүйхэн авч яваа юм байна гэж эерэгээр дүгнэхээр болж. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн аравдугаар сард Киргизэд болсон ШХАБ-ын уулзалтын үеэр гадаад бодлогын тэнцвэрээ хадгалж байгаа Монголын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн “стан”-ы орны удирдагчид илэрхийлж байсныг санаж байна. Бид дотооддоо утаа, түгжрэл, хулгайтайгаа маргалдаж байгаа ч гадаад ертөнцөд зөв бодлого баримталсан, төвийг сахисан үлгэр жишээ улс хэмээн харагдах болжээ.  Тиймээс ч “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн асуудлаа аль болох дотооддоо ярьж, гадаад ертөнцөд нээлттэй, нэгдмэл байр сууриа бэхжүүлсэн залгамж чанарыг аль ч намын засгийн үед авч үлдэж чадвал хэтдээ манай улсад хэрэгтэй бодлого байх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)

 

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

10 цаг 27 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

10 цаг 28 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

14 цаг 16 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

14 цаг 33 мин
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

23 цаг 24 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

23 цаг 24 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

23 цаг 24 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28