"Зууны мэдээ": 2023 оны Трэнд зочид

2023-12-26
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Бид 2023 онд 16 эрхэмтэй ярилцсанаа тоймлон хүргэж байна.

 

Я.Содбаатар: Шинэ Хархорум дараагийн 100 жилийн хөгжлийн шийдэл байх боломжтой

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар

-Улаанбаатар хотод саяас илүү хүн амьдрахад бэрхшээлтэй. 5-10 жилийн дараа нийслэлийн хүн ам, ачаалал ямар байхыг мэдэхгүй. Ерөнхий дүр зургаар харвал шинэ Хархорум Монгол Улсын дараагийн 50-100 жилийн хөгжлийн шийдэл байхаас гадна ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой гэж үзэж байгаа. https://www.zms.mn/a/92824

 

Сэлэнгийн Тамгын газрыг 15 жил удирдсан Ө.Сувдаа дарга

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа.

-Манайхны нэг тогтсон ойлголт бол эмэгтэйчүүд албан ажлаа  ч, гэр орныхоо ажлыг ч зэрэг хийх ёстой гэдэг. Энэ ойлголтын зөрүүгээс болж шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг болов уу гэж хувьдаа боддог. Түүнээс биш манай эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар хаана ч гологдохгүй. Ер нь сайн ажиллах, энгийн сайхан амьдрах гол суурь бол сайн төлөвлөлт, хувийн зохион байгуулалт байдаг. https://www.zms.mn/a/93151

 

Магваны Эрдэнэбат: Хүн төрөлхтөн уран зохиолыг л өөрчилж, эвдэж чадаагүй

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Магваны Эрдэнэбат.

-Энэ хорвоо дээр хувирч өөрчлөгдөөгүй нэг л зүйл байгааг анзаарсан. Тэр бол уран зохиол. Орчин үед бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Ганцхан уран зохиолыг нуршуу, зузаан байна. Уран зохиол ийм, тийм байх ёсгүй, эсвэл товч тодорхой байх ёстой гэсэн шаардлагыг өнөөг хүртэл хэн ч тавьж чадаагүй. Уран зохиолын энэ хандлагыг хүн төрөлхтөн эвдээгүй. Ямар ч судлаач, шүүмжлэгч гарч ирлээ гээд өөрчлөөгүй. Өнөөдөр, маргааш, ирээдүйд ч ийм байна. Тиймээс жинхэнэ уран зохиолын тухай ойлголт, уран зохиолд хандах хандлага хэзээ ч өөрчлөгдөхгүй. https://www.zms.mn/a/95892

 

Ө.Цэрэнчунт: Монгол хүний оюуны бүтээл дэлхийд ус агаар шиг хэрэгтэй байна

УДБЭТ-ын  гоцлол дуучин Ө.Цэрэнчунт.

Пянз гэдэг үнэхээр нэр төр, хамгийн чухал нь чанарын баталгаа юм. Пянз өөрөө аналоги буюу “амьд” дуугаралттай. Яг дуучин нь хажууд дуулж байгаа мэт бодит мэдрэмжийг өгдөг. Энэ удаагийн 10 дахь цомгоо ийнхүү хүндэтгэл үзүүлж, алтан пянз хэвлүүлж байна. Нөгөөтэйгүүр Монголын сонгодог, сор болсон бүтээлүүдийг алтан пянз болгож гаргахгүй юм бол дуучин бид өөр юуг  ингэж мөнхөлж чадах билээ. https://www.zms.mn/a/96025

 

Л.Мөнхзаяа: Цагаан цаас шиг хүүхдийн сэтгэлийг хамгийн гоё өнгөөр зурж байна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын зургийн дугуйлангийн багш Л.Мөнхзаяа

-Би анх таван шавьтай болно л гэж төсөөлдөг байлаа. Гэтэл одоо тоогоо алдсан. Намайг гээд зориод ирж байгаа хүүхдүүдийг буцааж чаддаггүй. Цав цагаан цаас шиг хүүхдийн сэтгэлд хамгийн гоё өнгөөр зураг зурж байна. Энэ ажил маань эргээд надад эрч хүч, урам зориг өгч, эдгээр хүүхдийн авьяасыг нээж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь гүүр болохсон гэдэг хүслийг бадраах болсон. Дугуйлантай өдрөө төлбөр авдаг юм шиг л эрт гүйгээд очдог. Учир нь хүүхдүүд бүр эрт надаас түрүүлээд ирчихсэн хүлээж байдаг юм. Өмнө нь багшийн ажлыг ийм сайхан гэж би бодоогүй. https://www.zms.mn/a/95436

 

Ц.Төмөрхуяг: Театр "Инээмтгий хүн"-ээр намайг дахин сорьж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг.

-Би хамгийн төгс, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн жүжигчин л тайзны бүтээлд тоглодог гэсэн үзэлтэй хүн. Тайз өөрөө амьд харилцаа, үнэн мэдрэмжийг өгдөг. Жүжигчний шандсыг сорьж, ур ухааныг нь уудалдаг газар. Жүжигчин хүний хувьд тайзан дээр тоглоно гэдэг үлгэрийн юм шиг мэдрэмж. Гэхдээ яг амьд харилцаа, дуу хоолой микрофоноор дамжиж үзэгчдэд очихоор хүрдэггүй л байхгүй юу. Тэгэхээр би микрофон зүүхгүй гэж бодож байна. Угаасаа тайзны жүжигчин өөрийн дуу хоолойгоо тайзны хамгийн арын эгнээнд суусан үзэгчид хүргэх нь үүрэг шүү дээ. https://www.zms.mn/a/93099

 

Какүрюү М.Ананд: Захианаас эхэлсэн замнал минь энэ юм даа

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд

-Аавдаа "Ааваа би сүмогоор барилдаж үзье. Та надад туслаач. Би Сүмогийн холбоонд захиа бичье" гэлээ. Ингээд бид хоёр захидал бичиж, Сүмогийн холбоо ч бичсэн захидлын маань хариуг нэг сарын дараа ирүүлсэн байдаг. Одоогийн "Изүцү" дэвжээний багшийн маань эхнэр над руу залгаад шууд “Хүрээд ир” гэдэг юм байна.  Тэгээд 2001 оны намар есдүгээр сард 29-нд  Япон улсад хөл тавьж байлаа. Миний Япон Улс руу хүсч тэмүүлж хөл тавьж байсан мөрөөдөл минь биелсэн байгааг эргээд харахад сайхан байна. Тиймдээ ч замнал минь ганц захианаас эхэлсэн гэж хэлэх дуртай.  Намайг дэвжээндээ аваач гэж гуйсан захиа. Хэрэв авбал бүх хүчээрээ зүтгэнэ гэсэн үгэндээ хүрсэн гэж боддог шүү. https://www.zms.mn/a/93690

 

Лолита Чигане: Эрэгтэй, эмэгтэй тэнцүү төлөөлөл нийгмийн амьдралыг бүтэн хардаг

Латви улсын парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чигане.

-Эмэгтэйчүүд хүн амын тал хувийг эзэлж байгаа нөхцөлд эрэгтэйчүүдтэй адил байдлаар төлөөллөө хангах шаардлагатай. Улс төрд дан ганц эрэгтэйчүүд давамгайлаад байх юм бол хүн хоёр нүдтэй атал нэг нүдээ боочихоод шийдвэр гаргаж байгаатай адил харалган болно. Харин эрэгтэй, эмэгтэй хоёулаа тэнцүү төлөөлөлтэй байх юм бол нийгмийн амьдралыг хоёр нүдээрээ бүтэн харж, алсын хараатай шийдвэр гаргаж чадна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа ажиллавал улс төр “эрүүл” байдаг. Аливааг хоёр талаас нь харж дүгнэнэ шүү дээ. https://www.zms.mn/a/93619

 

Х.Алтайсайхан: Эмчийн мэргэжил миний амьдралыг бүтээсэн

Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн тэргүүн, АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор Х.Алтайсайхан.

-2011-2016 онд Номхон далайн Фижи улсын анагаахын их сургуулийн захирлаар ажилласан.  Энэ маань монгол хүн анх удаа гадаадын их сургуулийн захирлаар ажилласан тохиолдол.  Ийм тохиолдол байхгүй байх аа. Олон улсын чихрийн шижингийн холбооноос мөн Азийн шилдэг эмч шагналаа өгсөн.   Миний амьдрал олон хувь тохиолын нийлбэр юм даа.   Намайг энэ чиглэлд сурган хүмүүжүүлсэн багш нарын маань ач гавьяа юм даа хэмээн залбирч явдаг даа. https://www.zms.mn/a/96138

 

Ч.Батзаяа: Бүргэд бол казах түмний сэтгэл зүрхний жигүүр, хүндлэл, бахархал

“Аян трэйвел” ХХК-ийн захирал, аялагч, гэрэл зурагчин Ч.Батзаяа

-Монгол үндэстний гол онцлог нь нүүдэлчин соёл шүү дээ. Тиймээс би сүүлийн жилүүдэд үндэстний цөөнхийн мартагдаж буй соёл уламжлалын сэдэв дээр түлхүү ажилласан байна. Түүний үр шим, бодит жишээ нь цаатнуудын амьдралын онцлогийг харуулсан “Цаатан”, Монголын бахархал, Алтайн уулсын эзэн цоохор ирвэсийн тухай ховор зургуудтай “Ирвэс”, харин сүүлийнх нь казах түмний шувуулах соёлыг онцолсон “Бүргэд” гэсэн  гурван цуврал юм. Миний гол зорилго эх орноо олон улсад эергээр сурталчлах явдал билээ. https://www.zms.mn/a/93334

 

Л.Сумати: Намууд тейтингээ өсгөе гэвэл шинэ хүмүүс оруулж ирэх хэрэгтэй

“Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати.

-Нэг нам биш, намууд тэр чигээрээ л дэмжлэг авч чадахгүй байгаа. Ер нь энэ бол цэвэр тогтолцооны хямралтай холбоотой.  Гэхдээ намууд рейтингээ өсгөе гэж бодож байгаа бол шинэ хүмүүс оруулж ирэх ёстой. Улс төрийн намуудын нэр хүнд ч нэр нь бохирдсон хүмүүсээсээ салахгүй бол улам унаж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар “Намуудын хэрэг огт байхгүй” гэж иргэдийн 46 хувь нь хариулжээ.  Аль нэг намыг онцлооч гэхэд 78 хувь нь онцолдог нам байхгүй гэжээ. https://www.zms.mn/a/93764

 

М.Амархүү: Шүлгийг туршлагаар бус шинэ, соргог мэдрэмжээр л бичдэг

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, зураач М.Амархүү.

-Уран бүтээлч хүний хамгийн гол сэдэв бол эх орон. Хүний бүхий л эрхэм, нандин зүйл эх оронд л багтана шүү дээ. Миний хувьд анх бичиж эхлэхдээ зөвхөн  өөртөө зориулж бичдэг байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам туршлагаар шүлэг бичдэггүй гэдгийг ойлгож байна. Харин шинэ соргог мэдрэмжээр л бичдэг юм байна. Мөн яруу найраг бол цэвэр мэдрэмж шаарддаг. Тиймээс ном бүр өөр утга санаа, өгүүлэмжтэй байх ёстой. Утга зохиол судлаачид намайг “Аливааг шогч байдлаар хардаг, хөнгөн ёгтлолыг Монголын яруу найрагт оруулж ирсэн” гэж дүгнэдэг. https://www.zms.mn/a/92590

 

Б.Лакшми: Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо чухал нөлөө үзүүлдэг

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми.

-Эмэгтэй манлайлагчийн хувьд нийгэм илүү өндөр шалгуур хангуулахыг хүсдэг. Тухайлбал, ганган дэгжин, үргэлж сайхан зантай, уурлаж аашилдаггүй байвал манлайлагч эмэгтэй гэж харж байна. Мөн манлайлагч эмэгтэй гэр бүлээ, үр хүүхдээ авч явдаг байх ёстой, гэрийн ажлыг чамбай хийхийн сацуу ажил, алба эрхэлдэг байх шалгууртай. Гэтэл эрэгтэй манлайлагчийн хувьд шалгуур маш энгийн тэр хүн гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хэмжээнд ажиллаж чадаж байгаа бол үндсэндээ нийгэм хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Эндээс нийгэмд эмэгтэйчүүдээс хүлээж байгаа шалгуур нь хэт ялгаатай нь анзаарагдах болов уу. https://www.zms.mn/a/95169

 

Н.Отгонбаяр: Бидний дараагийн зорилго бол малчдын "UBCab"

UBCab компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр.

-Идэвхитэй ажиллах таван жил байгаа гэж хардаг. Ubcab-ыг бид байгуулахдаа 10 мянган жолоочтой байх болов уу л гэж төлөвлөсөн. Гэтэл бидний төсөөллөөс ч хол давчихсан. Хүнээс хамааралтай менежмент хамгийн буруу гэдгийг их сургуульд сурч байхдаа ойлгож авсан ухагдахуун. Тиймээс манай залуус өөр өөрийн хариуцсан ажлаа Н.Отгонбаяр гэдэг хүний шаардлагагүйгээр аваад явчихна. Тэгэхээр миний дараагийн таван жилд хийхийг хүсч байгаа зүйл бол малчдын "Ubcab". Малчдын хоршоолол болгож бүртгээд хэрэглэгчийг холбож дундын дамжлагагүйгээр шийдэх боломжийг эрэлхийлж байна. Энэ хүрээнд бид саяхан европийн орнуудаар явж байгаад ирсэн. https://www.zms.mn/a/94482

 

Г.Ганхуяг: Наадамчдын уухайнд цэнгэлдэх тойроод алхах сайхан

Чөлөөт бөхийн ОУХМ, Ховд аймгийн  Булган  сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг.

-Ер нь бөхчүүд намайг баруун хөл авдгийг мэдээд хамгаалдаг. Тиймээс би зүүн хөлд сууж сурахын тулд  жил гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Харин тавын даваанд Ө.Бат-Орших гарьдын баруун хөлийг авч, даваад начны болзол хангаад их баярласан. Гэхдээ дотроо ингээд ханаж болохгүй, цаашаа барилдана гээд сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээсэн. Ингээд зургаагийн даваанд Б.Орхонбаяр арслан намайг амласан. Арслан бусад бөхчүүдтэй харьцуулахад жин бага, хурдтай учраас барилдаан таарах юм шиг санагдсан. Тиймээс би өөрийн санасан мэхээ хийж, явж барилдахыг хичээсэн. Цэрвүү барьцны цаг дуусаад элэг бүс, сэнжиг рүү ороод баруун золгоон дээрээс хутгаад давсан. https://www.zms.mn/a/94796

 

Н.Баатаржав: Хийн түлшээр дулаанаа шийдчихвэл агаар 98 хувиар цэвэрших боломжтой

“Монголын хийн холбоо”-ны ерөнхийлөгч, “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав.

-Өнөөдрийн агаарын  бохирдол,  автомашины  түгжрэл бүгд хот төлөвлөлтийн буруугаас болж байгаа. Барилгын  норм  дүрмийг зөрчиж бариулсан барилга ямар их эрсдэл дагуулдгийг өнгөрсөн зуны үер усны  гамшиг харууллаа шүү дээ. Иргэдээ орон сууцжуулахын тулд хотоо зөв төлөвлөсөн бол хэд хэдэн  хотхон бариад Улаанбаатар  хот  аль  хэдийнээ цэгцрэх боломж байсан. Мөн шахмал түлшний үйлдвэр барихаас өмнө хийн түлшийг төлөвлөж гаргасан бол,  өнөөдөр гарч байгаа зардлаас хямд тусах байсан юм шүү. https://www.zms.mn/a/96639

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 257 (7242)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

23 цаг 30 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

23 цаг 53 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

23 цаг 57 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин