Эцэг таныгаа хүндэтгэн дурсая

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Өнгөрөгч зууны гучаад оны дунд үеэр Монгол Улсад гадны нөлөөгөөр зохион байгуулагдсан их хэлмэгдэлд өртсөн иргэд олон. Тэдгээрээс 30 гаруй мянга нь хилсээр шийтгэгдэж шорон гянданд хоригдож, зарим нь буудуулан хороогдсон гэдэг.

Энэ 30 мянган хүний нэг нь миний эцэг П.Түшигцоодол юм. Тэр их хэлмэгдэлд тухайн хэлмэгдэгчийн гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан бүгд өртөж ажил төрөл, амьдрал ахуйгаараа ихээхэн хохирсон байдаг.

Гэр бүл, үр хүүхэд биднийхээ цаашлаад эх орон, ард түмнийхээ төлөө бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан зориулж байсан шударга, үнэнч өвөг дээдэс, эцэг эх, бахархалт ахмад үеэ эргэн дурсах, сэргээн мөнхжүүлэх нь үр хүүхэд, хойч үеийнхний эрхэм үүрэг билээ.

Улс төрийн их хэлмэгдлээс хойших 86 жилийн хугацаанд тэр үеийн улс орны нөхцөл байдал, БНМАУ-ын болон МАН-ын түүхийг үнэн мөнөөр нь сэргээн шинэчлэхэд холбогдох эрдэмтэн мэргэд, улс төрийн судлаачид, улстөрчид, шинжээч, ажиглагчид, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа нь сайшаалтай.

Т.Дашдэлэг миний эцэг Пэрэнлэйгүнхив овогтой Түшигцоодол /1938 оны хэлмэгдэгч/-ын талаар түүхийн шинжлэх ухааны доктор профессор С.Идшинноров, улс төр судлаач Ч.Шоовдор, улс төрийн ажилтан, нийтлэлч С.Даш нарын зэрэг нөхөд буурьтай судалгаа хийж, хэвлэл мэдээлэлд бичсэн өгүүлэл, нийтлэлийг нь онцлон тэмдэглэж, эрхэм та нартаа баярласан, талархсанаа илэрхийлье.

Миний эцэг П.Түшигцоодол нь XV жарны шар нохой жилийн зуны дунд сар буюу аргын тооллын 1898 оны долдугаар сард Халхын Сайнноён хан аймгийн Үйзэн гүний хошуу эдүгээгийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг Онгийн голын урд нухуу Угалзын амны дэнжид төржээ.

Аавыг минь төрж, өсөх тэр үед иргэний /одоогийнх шиг/ сургууль байгаагүйгээс эцэг маань гэрийн сургалтаар бичиг үсэгтэй болжээ.

Хамжлагын малчин гаралтай, ард халх П.Түшигцоодол нь Арвайхээр уулын хошуунд 1923 оны арванхоёрдугаар сард МАН-ын 98 дугаар үүрийг 38 гишүүнтэйгээр анх байгуулахад нь Намын Төв Хороо, Засгийн газрын төлөөлөгч Батсуурь гэгчээр батлан даалт гаргуулж, МАН-д гишүүнээр элсэж, намын тэр үүртээ даргаар сонгогджээ. Намын бат илэрхийлэх нь 3333 гэсэн дугаартай.

Мөн Монголын Залуучуудын төв хорооны төлөөлөгч Найдан удирдаж дээрх хошуунд Бошгыг халах “Гэгээнийг мөрөөдөгч” Залуучуудын эвлэлийн 23 дугаар үүрийг 1924 онд 30 гишүүнтэйгээр байгуулахад нь П.Түвшинцоодол гишүүнээр элсэж, тэргүүлэгчээр сонгогджээ. Тэрээр бас МҮЭ, Харилцан Туслалцах Хоршооны болон Улсыг Батлах Хамгаалах Нийгэмлэгийн гишүүнээр элссэн байна.

П.Түвшинцоодол нь МАН, Ардын засгийн ардчилсан хувьсгалт бодлого, шинэчлэгч үзэл санааг тууштай дэмждэг, идэвх зүтгэлтэй залуусын нэгэн байсан юм. Тэрээр 1924-1930 онд Арвайхээр уулын хошуунд бичээч, Захиран тушаах хэлтсийн эрхэлсэн түшмэл, Цэцэрлэг Мандал уулын аймгийн Залуучуудын эвлэлийн хороонд хэлтсийн эрхлэгч, Арвайхээр Уулын хошууны дарга, тус хошууны МАН-ын Хорооны дарга, Хамтралын нягтлан бодогч /1930-1931 он/, Зүүнбаян-Улаан сумын дарга /1932-1934 он/, аймаг дахь Улсын худалдааны баазын дарга /1934-1935 он/, Өвөрхангай аймгийн орлогч дарга /1935-1938/ зэрэг ажлуудыг шударга, үнэнчээр хашиж, Улсын болон Нам, Эвлэлийн Их хурал (VII)-д төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

Эцэг П.Түвшинцоодол маань 1938 онд “Гэндэн, Дэмидийн идэвхтэй хамсаатан” гэдэг хилс хэрэгт холбогдон До.Яамны аймаг дахь хэлтэст баривчлагдаж, үнэт эд хөрөнгөө /26 нэр төрлийн/ хураалгаснаар манайх гэгч айл /биднийг/-ыг их хэлмэгдлийн хар үүл дайрч бид бүгдээрээ “Эсэргүүнийхэн” гэдэг гунигт нэр, хочтой болцгоож билээ. Тэр үед энэ дурсамжийг тэрлэгч Т.Дашбилэг би гурван настай байлаа. Завхрал хэлмэгдлийн энэ хүнд, хар жилүүдэд ээж С.Цоодол маань хамаг эд хогшлоо хураалгаад 3-16 насны 6 хүүхэд, нөхрийнхөө 76 настай эцгийнх нь хамт намаржаанд буудал сахин үлдэж, хүүхдүүд биднийгээ хүний дайтай хүн болгохоор чармайж, зовж зүдэрсэн амин ачит ээжийгээ бас бахархан дурсаж, хүндэтгэн мөргөм үү.

Манайх гэдэг айл бусдын адилаар “Өвөлжөө рүүгээ нүүе” гэтэл До.Яамны хэлтсийнхэн /н.Хичээнгүй, Магсаржав нар / үнэ цэнэтэй бүхнийг нь хураан авч, хоосолсон авдруудад нь ачилгын сур таталга, хом бамбай, буйл бурантаг, эмээл хазаарыг нь хийж битүүмжлээд “лац битүүмжийг хөндөж, хөдөлгөж болохгүй” гэсэн хатуу чанга шийдвэрийг дагаж биелүүлэхээс өөр аргагүй учир манайх тийнхүү хар буудалдаа өвлийн сартай учирч, хүүхдүүд бид хэт даарч зутарсан уршгаар, цөмөөрөө ханиад, хоолойн томуу өвчнөөр өвчилж долоон настай /миний хоёр дахь ах/ Т.Дашцэрэн гэртээ нас барж, зовлон дээр үхэл, хагацал нэмэгдсэн юм. Аж амьдралын энэ хүнд үеийг ээж маань “Завхрал хэлмэгдлийн хар өдрүүд” хэмээн нэрлээд “Дахин бүү давтагдаг” хэмээн Төрдөө, Төрийн сүлдэндээ сүсэглэн залбирдаг байлаа.

Эцэг маань аймгийн болон До.Яамны ташаандаа буутай, гартаа гав, жад бүхий хэрцгий, догшин байцаагч нарын хатуу ширүүн, чангаруулсан байцаалт, харгис зэрлэг авир, тамлан зовоолт зэрэг нь хэн нэгний нэрийг худлаар хэлж ял-хэрэгт холбогдуулаагүй гэдэг. “Би Гэндэн, Дэмидийн хамсаатан байгаагүй, Японы тагнуул, Ардын дайсан, хорлон сүйтгэгч эсэргүүн огт биш” гэдгээ эрс шулуун, зоригтойгоор мэдүүлж байж. Хоёр жилийн турш ийнхүү байцаагдсаар амьд үлдэж, 1940 онд найман жилийн хорих ялаар хилс шийтгүүлжээ. Үнэн үг үнэтэй бас хүчтэй нь энэ буюу.

Эцэг маань Төрийн өршөөл, уучлал үзэлгүйгээр заагдсан хилс ялаа биеэр эдэлж дуусгаад 1946 онд шоронгоос суллагдаж ирэхдээ үнэхээр туйлдаж ядарсан, бас чийг, өвчин эмгэгт сүрхий нэрвэгдсэн байв. Бидний хайрт, хүндэт эцэг маань 1948 оны эхээр тавин насаа гүйцэд насалж чадалгүйгээр нас барж хорвоогоос хальсан нь дээрх хилс ял, залхаан цээрлүүлэлт, шорон гяндангийн зовлон зүдгүүртэй л холбоотой. Аав маань уг удмаа дагаад урт насалж, төрийн цагаатгал, шударга хүндэтгэлээ дуулж, эрх чөлөөгөө иргэний ёсоор эдлэн жаргаж чадаагүй нь харамсалтай.

Бидний эцэгт оноосон дээрх улс төрийн гэмт хэрэг гэгч нь Р.Пүрэв, Ц.Агаан нарын зэрэг хүмүүсийн зохиомол гүтгэлэг байсныг БНМАУ-ын Дээд шүүх 1964 онд 078 дугаар тогтоолоор нотлон тогтоож, эцэгт минь ноогдуулсан ял  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн билээ. Энэ нь шударга, үнэн ямагт дийлдгийн нэгэн нотолгоо юм.

Миний эцэг П.Түвшинцоодол бол тухайн цаг үе, нам төр, шинэ нийгэмдээ итгэн зүтгэж явсан цаг, түүхийн зарц, өөрийн ажил, үйлдэл, шинэчлэгч үзэл бодлынхоо эзэн-гэрч нь байжээ. Тэрээр эх орноосоо урваагүй, ард олноосоо тасраагүй, улс нийгэмдээ хор хүргээгүй, нам төрдөө болон бусдадаа хар буруу санаагүй, шударгаар зүтгэж явсан цагаан мөртэй, гэгээн үйлстэй сэхээлэг иргэн байв.

Хэлмэгдлийн хар жилүүдэд “Эсэргүүнийхэн” хэмээн хавчигдан зүдэрч явсан олон зуун иргэд, залуус, тэдгээрийн үр хүүхдүүд эдүгээ шударга сайхан ирээдүйн төлөө, өөрсдийн болон ард түмнийхээ аз жаргалтай хангалуун амьдралын төлөө шамдан зүтгэсээр, хөдөлмөрлөсөөр...

Бяцхан дурсамж нийтлэлээ эцгийнхээ хэлэх дуртай “Хичээсэн хүн сурна, бүтээнэ, Залхуурсан хүн турна, ядуурна” гэсэн сургамжит захиасаар өндөрлөе.

Өндөр настан Т.Дашдэлэг

/Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, инженер/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

 

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

2 цаг 50 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

2 цаг 54 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

6 цаг 5 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

6 цаг 5 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

6 цаг 5 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

6 цаг 5 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

23 цаг 45 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23 цаг 58 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

Өчигдөр 06 цаг 00 мин