ҮЕР БА ТӨР

2023-08-07
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Сүрнээгийн УЯНГА

 

Улаанбаатарт бороо орох тоолонд хот хүнтэйгээ урсах нь гэдгийг 20 минутын аадар дахиад мэдрүүллээ. Борооны дараа иргэд эд хөрөнгө бүхнээ алдаж зөвхөн өмссөн хувцастайгаа л үлдлээ. Нийслэлчүүд ийм нөхцөл байдалтай энэ зун хоёр дахь удаагаа нүүр тулж, нүцгэн гараараа тэмцэж байна. Тэгэхдээ бүр энэ удаагийн үерийн аюулд дөрвөн хүний алтан амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарав. Уг нь 30 хоногийн өмнө үер усны анхны аюул болсон. Тэр үед дарга цэрэггүй үерийн аман дээр буусан айлуудыг аварч аюулгүй болгохоор уралдан ажилласан. Гэтэл тэгэсхийгээд үер ч намжсан, албаныхны ажил ч цалгардсан. Төлөөс нь дөрвөн хүний амь нас, хэдэн зуун хүний эд хөрөнгө, эрүүл мэнд. Гэтэл өнөөдөр төр бэлтгэл бэлэн байдлаа хангаагүй хэвээр. Ажлаа хийсэнгүй. Бүхэл бүтэн сарын дараа үерийн аюул нөмрөхөд дахиад л айлуудыг үерийн аман дээрээс нүүлгэхээр ярьж эхлэв. Мөн хүн хүч, зэвсэг техникийн бэлтгэл ч туйлын хангалтгүй. Өнөөх л үерийн гамшиг болсон газраар “тэнэсэн” хэдэн дарга нар. Нөхцөл байдал ердөө дээрдсэнгүй. Ядаж л өнгөрсөн 30 хоногийн хугацаанд нийслэлийн хаана уулын үер орж ирэх эрсдэлтэй вэ гэдгээ тооцож гаргаад үерийн аман дээр буусан айлуудыг албадаад ч хамаагүй нүүлгэж болох байв. Гэвч төрийн хүч хүрээгүй аж. Дахиад ч бороо орно, үер урсана. Харин төр яаж ажиллах бол. Энэ амралтын өдөр Баянзүрх, Дарь-эхэд болсон үерийн үеэр төр хэрхэн ажилласныг тоймлон, цаашид ямар гарц гаргалгаа байгааг хүргэж байна. 

 

ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ ЭРСДЭЖ, 97 БАЙШИН, ГЭР, 105 АВТОМАШИН, ХОЁР КОНТЕЙНЕР УСАНД УРСЧЭЭ

Наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн үед орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт уулын үер бууж, 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан. Эдгээр байршилд Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн хэлтэст 15 дуудлага ирсэн. Тухайлбал, автомашинтайгаа үерт урссан хоёр иргэн эмнэлэгт хүргэгдсэн, мөн 10 сартай хүүхэдтэйгээ хамт явж байсан гэсэн мэдээлэл ГССҮТ-аас  өглөө. Энэ мэдээллийн дагуу  хүүхдийг эрэн хайж, машин усанд өртсөн газраас нэг км орчмын зайд цогцсыг нь олсон. Үерт 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин өртсөн байна. Тиймээс эдгээр байршил, машинд  нэгбүрчлэн самналт хийж байна. Түүнээс гадна үерт өртсөн байршилд хоёр иргэн цахилгаанд цохиулан нас барсан тухай дуудлага ирсэн. Эрэн хайх, аврах ажиллагааны явцад мөн үерт өртөж нас барсан хүний цогцос олдсон. Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагынхан зэрэгт нийт 700 орчим хүн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа, эсэхийг тодруулах, мөн аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байна” гэлээ.

 

ГАМШИГТ ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ГЭР, ХҮНС, БАРААНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

 

Баянзүрх дүүрэгт буусан үерийн улмаас хохирсон иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар УОК хуралдаж мэдээлэл өгөв. Шадар сайд С.Амарсайхан "Үерт өртсөн иргэдийн хохирлын хэмжээний үнэлгээ хийгдэж байгаа. Өнгөрсөн сард болсон үерийн хохирлын үнэлгээ эхнээсээ УОК, НОК дээр нэгтгэж байгаа. Үерийн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагууд гаргана" гэв.ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Дэлхийн зөн ОУБ, НҮБ-уудтай хамтран гамшигт өртсөн айл өрхүүдэд орон гэр, хүнс, бараа материалын дэмжлэг үзүүлнэ. Цэвэрлэгээ, ариутгал хийх санхүүжилтийг хуулийн дагуу ХНХЯ онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулна. Нэн түрүүнд гамшигт өртсөн айл өрхүүдийг холбогдох халамж, дэмжлэгт хамруулж, цэвэрлэгээ ариутгалыг хийнэ" хэмээн ярилаа.

 

300 ХҮНИЙ БАГТААМЖТАЙ ТҮР БАЙР ГАРГАВ

Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас уулын үер бууж, хүнд нөхцөл үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр  түр байр гаргав. Үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүст зориулан гаргасан энэ түр байр 300 хүний багтаамжтай. Одоогоор 140 орчим хөнжил гудас, халуун хоол, цай зэрэг шаардлагатай зүйлийг бэлдсэн. Урчигдар шөнө энд гурван гэр бүлийн найман хүн ирж хоножээ.

 

6870 ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААН ТАСАРСНААС ТАЛЫГ НЬ ХОЛБООД БАЙНА

Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Дарь-Эх, Цагаан даваа, Жамсран уул орчмын зарим өрхийн цахилгаан хангамжийг сэргээж байна. 142 дэд станцын 6870 хэрэглэгчийн эрчим хүч тасарсан. Одоогийн байдлаар 85 дэд станцын 3184 хэрэглэгчийг цахилгаанд холбоод байна. Түүнчлэн айл өрхийн цахилгааны шитүүд, гурван дэд станц усанд автсан. Усыг соруулах ажил хийж байна.

 

ҮЕРИЙН ДАЛАН ХОГ ШОРОО ДҮҮРЧ, УС ЗАМ РУУ ХАЛЬЖЭЭ

Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж орсон. Аадар бороо орж эхэлснээр машинууд бөглөрч, хоёр минутын дотор хуйларсан ус бууж ирэн, машинуудыг авч явсан гэж иргэд ярилаа. Тус уулын ус үерлэн буусан газарт үерийн далан байдаг, тэр нь Сэлбэ голтой нийлдэг ч барилгын хог шороо дүүрч, ус зам руу хальжээ. Холбогдох албаныхан эхний ээлжид зорчих хэсгээ чөлөөлөхөөр ажиллаж байв.

 

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН АЙЛ ӨРХҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

 

Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдтэй нэг бүрчлэн уулзаж өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа талаар  ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа “Уулын ам, үерийн голдирол, гуу жалга даган зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдтэй нэг бүрчлэн уулзаж өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх зэрэг заавар зөвлөгөөг өгч нүүлгэн шилжүүлж ГУББГ-ын зүгээс тус байршилд сувгийг сэргээн татах, хамгаалалтын далан үүсгэх, бөөгнөрсөн барилгын хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн ажиллаж байна” гэв.

 

Д.Сумъяабазар: ГАЗРЫН АЛБА, ДҮҮРЭГ, ХОРООДТОЙ ХЭЛЭЛЦЭЖ ХАРИУЦЛАГА  ЯРИХ ЁСТОЙ

Үер усны гамшигтай холбоотойгоор Цагаан даваа орчимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тэрбээр “Уулнаас бууж ирэх усны урсацыг хааж, газрыг нь тэгшилсэн байна. Тэгэхээр энэ байршилд үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Үерийн барилга байгууламжийг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилсэн, ингэж өндөрлөж байгаад газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бий. Газрын алба, дүүрэг, хороодтой хэлэлцэж энэ асуудлыг цэгцэлнэ. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг ч ярих ёстой” хэмээлээ.

 

ҮЕРТ ӨРТСӨН ИРГЭДЭД 24 ЦАГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга П.Эрхэмбулган “Үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш Нийслэлийн Түргэн тусламжийн төвд нийт 10 дуудлага ирсэн. Мөн НОК-ын Шуурхай штабын дэргэдэх ерөнхий боловсролын 127 сургуулийн түр байранд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман албан хаагч 24 цагаар ажиллан, иргэдэд болон үерийн нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад үзлэг хийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна. Шаардлагатай тохиолдолд иргэдийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, хэвтүүлэн эмчилж байгаа. Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 13 иргэн түр байранд ирж үзүүлснээс нэг иргэний артерийн даралт нь ихсээд буурахгүй байдалтай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргэгдсэн бол бусад иргэнд зөвлөмж өгөн, зарим иргэнийг эмчийн хяналтад түр байранд хонуулсан. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)

 

"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

4 цаг 15 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

4 цаг 20 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

4 цаг 20 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

4 цаг 25 мин
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талы

4 цаг 30 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан

4 цаг 40 мин
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрий

4 цаг 45 мин
З.Баянзул: Театрын бодлого хүүхдийг монгол дархлаа, эх оронч сэтгэлтэй болж төлөвшихөд чиглэх ёстой

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн ху

4 цаг 50 мин
Тэргүүн хамба уриалга гаргажээ

Тэргүүн хамба уриалга гаргажээ

21 цаг 18 мин