Бан Ги Мун: Жендэрийн тэгш байдлыг бүх талаар дэмжих ёстой

2023-06-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун эмэгтэйчүүдийн манлайлал, жендэрийн тэгш байдлыг хангах нь онцгой ач холбогдолтой талаар Төрийн ордны Их Монгол танхимын индэр дээрээс онцлов.

Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын нэгэн гол сэдэв жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэжээ.

Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн тусгах тухай ид хэлэлцэж буй энэ үед олон улсын томоохон чуулган жендерийн асуудлыг онцгойлон анхаарсан нь ч мэдрэмжтэй сонголт байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулга уулзалтыг нээж үг хэлсний дараа чуулганы хүндэт зочид илтгэл тавьсан. Тухайлбал, манай улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирсэн ноён Бан Ги Мун болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вук Шин нар үг хэлсэн юм. Мөн Олон улсын Парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг тус чуулга уулзалтад оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлжээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Бид эрх тэгш ертөнцийг бий болгохын төлөө дэлхий нийтийг уриалдаг. Энэ бол миний амьдралынхаа туршид дэмжиж, хийж хэрэгжүүлж ирсэн үйл хэргийн нэг. Мөн "Илүү сайн ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сангийн эрхэм зорилгын гол цөм юм. Бид жендэрийн тэгш байдлыг сайжруулахад чиглэсэн аливаа хууль тогтоомж, бодлого, институцийг дэмжих ёстой. Энд цугларсан бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид та бүхнийг өөрийн нөлөөллийн хүрээнд өөрчлөлтийг цааш үргэлжүүлээсэй гэж хүсч байна. Мөн Алтайн өвөр нутгийн Тогтвортой байдлын яриа хэлэлцээ нь Монгол Улсын нэр хүндийг хилийн чанадад улам цуурайтуулах болно гэж найдаж байна. Бид эв нэгдэлтэй, эрс шийдэмгий байснаар саад бэрхшээлийг даван туулж чадна. Ингэснээр эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхал гэдэг зүйл үгүй болж, нийгэм даяар цэцэглэн хөгжиж, тогтвортой, чинээлэг нийгмийг бүрдүүлэх боломжтой болно” гэв.

Жендэрийн тэгш байдал-Тогтвортой хөгжил” салбар хуралдаанд УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш байдал, Х.Булгантуяа гишүүн эмэгтэйчүүдийн эрх мэдэл, манлайлал сэдвээр, УИХ-ын гишүүн П.Анужин тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдал сэдвээр үндсэн илтгэл танилцуулсан. Мөн Д.Цогтбаатар, Х.Доржханд, М.Оюунчимэг, С.Ганбаатар нарын Их хурлын гишүүд оролцож саналаа хэллээ. Оролцогчдын олонх нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцолж байлаа. Мөн төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, “Стэнфорд”, Эва, Сингапурын их сургуулийн судлаач, профессорууд илтгэлээ хэлэлцүүлэв.

 

Кристин Мин Вопитка: Яагаад 50:50 байж болохгүй гэж?

 

Чуулга уулзалтын зочдын нэг, Стэнфордын их сургуулийн боловсролын дэд профессор, Олон улсын боловсролын магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вопиткагаас эмэгтэйчүүдийн манлайллын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Та өнөөдрийн салбар хуралдааны үеэр жендерийн тэгш байдлыг бий болгоход боловсролын салбар чухал ач холбогдолтой тухай илтгэлдээ дурдаж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Боловсрол бидэнд урам зориг, мэдлэг, хүч өгөхийн зэрэгцээ асуудлыг шийдэх, гарц гаргалгаа олох боломжийг бий болгодог. Ялангуяа Монгол шиг ардчиллын үлгэр жишээ улс орны хувьд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарах нь Монголын олон улс дахь нэр хүндэд ч онцгой ач холбогдолтой. Тийм учраас улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тодорхой арга хэрэгслийг ашиглаж ч болно. Тухайлбал, хүйсийн тэгш байдлын индекс байж болно. Жендерийн тэгш байдлыг хангахад боловсрол маш чухал юм. Боловсролоор дамжуулан мэдээллийн сан бий болгож, түүндээ тулгуурлан одоогийн нөхцөл байдлаа бодитоор үнэлэх боломжтой болдог. Мэдээж энэ нь цаашид эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, хүйсийн тэгш байдлыг бий болгоход чухал алхам болно.

-Яг одоогоор Монголд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Намууд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгож нэмэгдүүлэх амлалт өгсөн боловч эрэгтэй улс төрчдийн зүгээс амлалтаа биелүүлэхгүй байгаа хандлага байна. Таны хувьд эмэгтэйчүүдийн квотын асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би Монголын одоогийн хэлэлцэж байгаа асуудлыг сонсоод бага зэрэг гайхсанаа нуухгүй. Яагаад эрэгтэй удирдагчид, улс төрчид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хойрго хандах ёстой гэж. Харин ч миний харж байгаагаар 40 хувь бага санагдаж байна. Яагаад 50 хувь байж болохгүй гэж. Нийгмийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс 50:50 хувиар бүрдүүлдэг. Монгол эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж буй мөртлөө 40 хувийн квотын ч эрхгүй байгаа нь зүй тогтлын хувьд маш ойлгомжгүй санагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)

УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

УИХ-ын гишүүд тангаргаа биелүүлж байна уу

48 мин
Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

Хулгайг нь сөхөхөөр хэлмэгдүүлдэг Ц.Элбэгдоржийн дарангуйллыг Х.Нямбаатар 13 жилийн дараа давтахыг санаархаж байна

59 мин
Эрх баригч нам даргагүй байна

Эрх баригч нам даргагүй байна

4 цаг 28 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

8 цаг 44 мин
МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна

МАН Х.Булгантуяад хариуцлага тооцно, АН УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна

9 цаг 6 мин
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тайлбар

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн тайлбар

21 цаг 48 мин
АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлаас тав хоногийн завсарлага авав

АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах асуудлаас тав хоногийн завсарлага авав

22 цаг 8 мин
Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

Д.Ганбат: Баахан нүүрсний хулгайчид нэг тал болоод дээр гараад суучихсан байна

22 цаг 12 мин
ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

22 цаг 19 мин
С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэнэ

С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэнэ

22 цаг 21 мин