Өсвөр насныхан сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, төрд гарах арга гэж үзэж байна

2023-06-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Сонгуулийн ирц жил ирэх тусам буурсаар байна. Угтаа бол бидний сонгосон хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад төрийн эрх барьж ард түмний аж амьдралыг шийддэг. Төрд түмнийг төлөөлөх хүмүүсээ өөрсдөө сонгох Монгол Улсын иргэний үүрэгт ажилдаа идэвхтэй, хариуцлагатай байх учиртай. Гэтэл  18-34 насны залуус сонгуульд санал өгөх нь чухал асуудал гэж үзэхээ больж үл ойшоох хандлагатай болсныг төрийн болон төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн олон судалгааны дүнгэлт харуулсаар байна. Тухайлбал, саяхны нэгэн судалгаанд оролцсон өсвөр насныхны 17.6 хувь нь улс төрийг огт сонирхдоггүй, 34 хувь нь нээх их сонирхдоггүй гэж хариулсан байна. Түүнчлэн Монгол Улсын ирээдүйд итгэлгүй байгаа төдийгүй сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн, сонгогчдыг төөрөгдүүлж хууран мэхлэх замаар төрд гарах арга, бохир аргаар төрд шургалах оролдлого гэж үздэг талаар судалгааны дүгнэлт гарчээ. Энэхүү 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох судалгааг “Зориг сан”-аас зохион байгуулдаг “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид болох “Яасан бэ?” төслийн баг, “Нийгэм Улс Төрийн Боловсрол” НҮТББ  хамтран хийсэн байна. Судалгаанд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ерөнхий боловсролын сургуулийн 1146 сурагчийг хамруулжээ. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 29.3 хувийг, сонгуулийн насны хүн амын 39.2 хувийг 18-34 насны залуучууд бүрдүүлж байна. Тэгвэл 2021 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр насны ангиллын 50.1 хувь нь саналаа өгсөн нь 35 ба түүнээс дээш насны ангиллын ирцээс 8.3 хувиар бага байгаа юм. Үүнд олон хүчин нөлөөлж байгаа ч өсвөр настнууд улс төрд оролцох боломжтой үе ирэхэд улс төрийн анхан шатны мэдлэг дутмаг, мэдээлэл хомс байгаа нь илүү нөлөөлдөгийг судалгаагаар онцолжээ. Мөн манай улсад 15-18 насны залууст нийгэм, улс терийн оролцооны талаарх анхан шатны боловсрол олгох сургалт, хөтөлбөр болоод нөлөөллийн арга хэмжээ хүртээмжгүй байсаар байна.

 

Улс төрийн мэдээллийг 63.3 хувь нь фэйсбүүкээс авдаг

 

Манай улс цөөн хэдэн үзүүлэлтээр дэлхийд толгой цохидгийн нэг нь цахим хэрэглээ түүнд зарцуулах хугацаа байдаг. Тэгвэл монголын 10-18 насны хүүхдүүдийн цахим хэрэглээ  олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжөөс даруй 2-3 дахин их байна. Зөвлөмжид бол 10-18 насныхан өдөрт хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлэх ёстой гэж зөвлөсөн байдаг бол манайхан 4-6 цагийг буюу хоногийн дөрөвний нэгийг цахим орчинд зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд өсвөр насныхан цахим орчноор тархаж буй олон төрлийн сөрөг болон хуурамч мэдээлэл, улс төрийн мэдээг насанд хүрэгчидтэй адил хүлээн авч харж байна. Гэтэл өсвөр насныхны сэтгэл зүй бүрэн төлөвшөөгүй,  сэтгэл санааны хамгаалалт сул, муу мэдээнүүдийг ялгаж салгаж бүрэн ойлгоогүйгээс айдаст автах, ирээдүйдээ итгэх итгэл сулрах олон сөрөг үр дагавартай байдаг. Энэ нь ч судалгааны үр дүнгээр гарчээ.

Өсвөр настнуудын улс төрийн мэдээлэл авч байгаа гол суваг нь фэйсбүүк, телевиз, мэдээллийн сайтууд байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 63.3 хувь нь фэйсбүүк, 62.2 хувь телевиз, 25.2 хувь нь мэдээллийн сайтуудаас улс төрийн мэдээлэл авдаг гэж хариулжээ. Эдгээрээс гадна мэдээллийн гол эх сурвалж нь гэр бүлийн нөлөө өндөр байгаа нь судалгаагаар гарсан байна. Учир нь телевизээр улс төрийн мэдээлэл үзэх нь өсвөр настнуудын өөрсдийн сонголт гэхээс илүү эцэг эх, өвөө, эмээгийн сонголтоор мэдээлэл хүлээн авах байдал шууд нөлөөтэй гэж дүгнэжээ. Энэ нь мөн өсвөр настнуудын сонголтод нөлөөлдөг аж. “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр 2021 онд “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулан харвал энэ судалгаанд оролцсон 15-18 насныхан өөрийн байр сууриас илүү бусдынхыг харгалзан сонголт хийх хандлагатай байгаа юм. Судалгаанд оролцож буй 15-18 насны залуус гэр бүл, найз нөхдийн сонголт болон цахим орчинд өрнөж буй хандлага, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан сонгуульд саналаа өгнө гэж хариулжээ. Түүнчлэн улс төртэй холбоотой сэдвээс насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр тэднийг улс төрийн сэдвээс хол байлгах хандлага бий. Улмаар улс төрийн боловсрол, мэдлэг хангалтгүйгээр насанд хүрч сонгуульд оролцож, санал өгдөг. Энэ нь эргээд залуус сонгуульд оролцож санал өгөхгүй байх, санал өгөхдөө бие даасан сонголт хийж чадахгүй байхад шууд нөлөө үзүүлдэг.

 

Хүүхдүүд авилгалыг бууруулж боловсролын системийг сайжруулахыг хүсч байна

 

Улс төр бужигнаантай, элдэв төрлийн хөнгөлөлттэй зээл, хөгжүүлэх сан тойрсон асуудал их байгаа ч өсвөр насныхан насанд хүрмэгцээ сонгуульд саналаа өгнө гэж хариулсан нь найдвар төрүүлнэ. Тухайлбал, 74 хувь нь тийм, 10 хувь нь үгүй, 15 хувь нь хэлж мэдэхгүй байна гэж хариулсан байгаа юм. Хэдийгээр 15-18 насны сурагчдын улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхолтой байна. Бүр цаашлаад хүүхдүүд улс төрд оролцох нийгмийн эерэг өөрчлөлтийг авчрах, шударга байдал, нийгмийн салбаруудын тогтолцоог сайжруулахыг томчуудын адил хүсч байгаа юм. Тиймээс үүн дээр тулгуурлан сонгуульдаа идэвхтэй оролцдог, улс төрийн суурь мэдлэгтэй, бие даан сонголт хийх чадвартай сонгогчдыг бэлтгэхэд анхаарч сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)

 

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

1 цаг 23 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

1 цаг 23 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

1 цаг 23 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

13 цаг 32 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

19 цаг 5 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин