Д.Идэржаргал: Хэвлэлүүд ёс зүйтэй ажиллаж буйгаа сурталчилснаар олон нийтийн итгэлийг нэмэгдүүлнэ

2023-02-20
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Энэ удаа МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор (Ph.D) Д.Идэржаргалыг урьж, ярилцлаа.

 

Олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэл бүрэн төлөвшөөгүй

 

Сэтгүүл зүйн ёс зүйн үндсэн асуудал бол мэдээллийн үнэн бодит байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэ цэн, хэвлэлийн эрх чөлөөний үүрэг хариуцлага байдаг. Эдгээр ойлголт нь авторитари, либертари, коммунист, нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйн үед хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Олон улсын сэтгүүл зүйн түүхийн нийтлэг энэ үзэгдэл Монголын сэтгүүл зүйд давтагддаг. Тодруулбал, тухайн улс оронд эхлээд үндэсний сонин хэвлэл бий болдог. Хэн нэгэн хэвлэл мэдээллийг хянах гэж оролддог. Үүний эсрэг хэсэг бүлэг эсвэл нийгмээрээ тэмцэж байж хэвлэлийн эрх чөлөөг олж авдаг. Хэвлэлийн эрх чөлөө хязгааргүй болмогц шар сэтгүүл зүй дэлгэрдэг. Дараа нь нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйг шаарддаг. Ингэж сэтгүүл зүйн ёс зүй хөгждөг түүхтэй. Манай улс энэ дарааллын дагуу зах зээлийн зарчмаараа нийгмийн хариуцлагатай сэтгүүл зүйг бүтээхийн төлөө ажиллаж байна. 


Түүхийн хувьд ижил төстэй ч ёс зүйн хөгжлийн хувьд Монголын сэтгүүл зүйг олон улсаас өөр болгож буй зүйл нь олон нийттэй харилцах соёл юм. Сэтгүүл зүй өндөр хөгжсөн орнуудад олон нийт нь асар их тэмцэж, бослого гаргасны дүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг олж авсан байдаг. Учир нь дээрх орнуудад  хэвлэлүүд нь “Бид бол та бүхний дуу хоолой” гэдгээ иргэддээ маш сайн ойлгуулдаг байсан. Ийнхүү тэмцэж байж хэвлэлийн эрх чөлөөг олж авсан олон нийт сэтгүүл зүйг ёс зүйтэй ажиллахыг шаарддаг. Сэтгүүл зүй нь ч ёс зүйгээ баримталдаг, олон нийтийнхээ төлөө ажилладаг гэдгээ байнга сурталчилдаг. Ийм зарчмаар олон нийттэйгээ эргэх холбоотой ажиллаж, сэтгүүл зүйд итгэх итгэлийг эрхэмлэсээр ирсэн. 


Харин манай улсад 1990 оны хувьсгалаас өмнө сэтгүүл зүй олон нийттэй нягт уялдаатай харилцах, тэдний дуу хоолойг сонсох, хүртээмжтэй харилцах боломж байгаагүй. Монголд хэвлэл мэдээллийг түгээх шуудан харилцаа хангалттай хөгжөөгүй, сонин хэвлэл массын өдөр тутмын хэрэглээ болоогүй байсан. Төрөөс хянаж байсан учраас хэрэглэгчид сэтгүүл зүйн ёс зүйн үнэ цэн, ач холбогдлыг бүрэн ойлгох, сэтгүүл зүйгээс тийм байхыг шаардах нөхцөл бүрдээгүй. Сэтгүүл зүйн салбарынхан ч хэвлэлийн эрх чөлөөг өрөөсгөл ойлгож, тодорхойлж байсан тухай судалгаанууд байдаг. Ингэж л ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүй орхигдож, дуулиан шуугиан, хов жив, худал мэдээллийн түрэлтэд чөлөөт хэвлэлийн нэр хүнд нэг хэсэгтээ замхарсан. Үнэн бодитой, мэдэх ёстой, чухал мэдээллийг эрэлхийлэх олон нийтийн ухамсар ч үгүйлэгдэх болсон. Сэтгүүл зүй энэ шокноосоо гарах гээд явж байтал интернэт технологи нийтийн хэрэглээ болж сайтуудын тэсрэлтийн үе ирсэн. Харин одоо нийгмийн сүлжээ сайтууд хүмүүсийн мэдээлэл авах, түгээх гол хэлбэр, хэрэглээ болоод байна. Ардчилсан хувьсгалаас хойших  30 гаруй жилийн дотор ийм олон өөрчлөлт нөлөөлсөн нь сэтгүүл зүйн ёс зүйн онцлог юм.


Хэвлэлийн эрх чөлөө, олон нийт, ёс зүй гэсэн ойлголтыг сэтгүүл зүйн мөн чанарыг тодорхойлох тулгын  гурван чулуу хэмээн үзэж болно. Монголд хэвлэлийн эрх чөлөө байна. Харин мэргэжлийн ёс зүйгээ сайн хөгжүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд олон нийт цахим сүлжээнээс илүү сэтгүүл зүйд итгэдэг болно. Олон нийтийн сэтгүүл зүйд итгэх итгэл бүрэн төлөвшөөгүй бол их эмзэг байдаг. Нэг талд олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчид өөрсдийгөө “дөрөв дэх засаглалын эзэд”, “ган үзэгтэн” хэмээн үнэлж байхад нөгөө талд олон нийт нь тэднийг “шантаажчин”, “худалдагдсан”, “ёс зүйгүй” гэж шүүмжилж байна. Энэ дүр зураг Монголын сэтгүүл зүй тэр чигтээ ёс зүйгүй байна гэсэн үг огтоос биш. Харин сэтгүүл зүйд итгэх итгэл бүрэн төлөвшөөгүй буюу эмзэг байна гэсэн үг. Тиймээс ганц нэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёс зүйгүй үйлдэл гаргахад салбарт бүхэлд нь хамаатуулж ойлгодог.

 

 

Блиц

Боловсрол:
2012 онд: МУИС-д сэтгүүл зүйн бакалавр
2014 онд: МУИС-д сэтгүүл зүйн магистр
2022 онд: МУИС-д сэтгүүл зүйн докторын зэрэг хамгаалсан. 
Америк, Австрали, Герман, Сингапурт мэргэжил дээшлүүлсэн.

 

Ажилласан байдал:

2011-2015 онд: “Монголын цахилгаан мэдээ” компанийн www.24tsag.mn сайтад сэтгүүлч
2015 оноос: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд багшилж байна. 
2017-2020 онд: “Улаанбаатар ньюс” компанийн www.ubn.mn сайтын Гүйцэтгэх захирал
2022 оноос: “unnu news” сайтын мэдээллийн багийн зөвлөхөөр ажиллаж байна. 
2022 оноос: Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн. 

 

Ёс зүйгээ хэрхэн баримталж буйгаа нийтлэлдээ тусгах нь чухал

 

Сэтгүүл зүйн ёс зүйд итгэх итгэл үнэмшил унасны гол шалтгаан нь дээр дурдсанчлан олон нийтийнхээ итгэлийг олж авахын төлөө тэмцэхгүй байгаа явдал юм. Олон нийтийн итгэлийг олж авахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ёс зүйн мэдэгдлүүд хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл, ёс суртахуунтай ажиллана гэдгээ тогтмол амлаж, сурталчилж байх шаардлагатай гэсэн үг. Ингэх нь сэтгүүл зүй өндөр хөгжсөн орнуудад эртнээс хэвшил болсон. 
Тухайлбал, тухайн редакц ямар ёс зүйн код баримталдаг, мэдээллийг хэрхэн баталгаажуулснаа зарлаж,  “Манай ёс зүйн кодод хориотой аргаар мэдээлэл олж авахыг хориглосон ч бид олон нийтийн тусыг харгалзан нууц камер ашиглахаар шийдсэн”, “Мэдээллийг тэнцвэржүүлэхийн тулд эсрэг талын байр суурийг сонсох гэж оролдсон ч бидэнд хариулт өгөөгүй” зэргээр ёс зүйгээ баримталж буйгаа мэдээ, нийтлэлдээ шингээн мэдэгдэж болно. 
Ёс зүйн мэдэгдлүүд нь тухайн хэвлэлийг сурталчлах, уншигчдын итгэлийг хадгалах, олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийх, Засгийн газрын хөндлөнгийн оролцоотой тэмцэх гэсэн олон давуу талтай. Ийм үнэт зүйлсийг бий болгож байж л Монголын сэтгүүл зүй олон нийтийн ёс зүйн илүү амбицтай тоглогч болно. 

 

12 редакц л өөрийн ёс зүйн кодтой байгаа нь хангалтгүй

 

Манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 80 хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон авч, редакцын ёс зүйн кодод агуулгын шинжилгээ хийлээ. Сонгон авсан сайт, сонин, телевиз, радиогийн тоог зах зээл дээр байгаа тоотой уялдуулахыг хичээсэн. Судалгаанд түүвэрлэгдсэн хэвлэлүүдээс 38 нь (47 хувь) үйл ажиллагаандаа ямар нэгэн ёс зүйн код баримталдаггүй.


Зургаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Манай редакц өөрсдөө боловсруулсан ёс зүйн кодтой” гэсэн боловч ямар нэгэн шалтгаанаар үүнийг олон нийтэд ил тод нийтлэх болон судлаачдын багт хуваалцах боломжгүй гэж хариулсан. Үлдсэн 36 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 13 нь ёс зүйн кодоо вэб сайтдаа ил тод байршуулсан байсан. Эдгээр хэвлэлүүдийн 26 нь буюу 32 хувь нь ёс зүйн кодоо ил тод байршуулаагүй, байршуулахаас татгалзсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байснаар итгэл үнэмшлийг нь олж авдаг. Тиймээс баримталдаг редакцын бодлого, ёс зүйн кодоо вэб сайтдаа ил тод байршуулдаг жишиг олон улсад бий. Гэтэл манай хэвлэлүүд үүний ач холбогдлыг ойлгохгүй байгааг энэ үзүүлэлтээс харж болно. 


Редакцын ёс зүйн кодтой гэж хариулсан 36-аас 24 нь ХМЗ-өөс баталсан кодыг, гурав нь МСНЭ-ээс баталсан ч одоо хүчингүй болсон кодыг баримталдаг байна.  Ердөө 12 редакц мэргэжлийн ёс зүйн өөрийн гэсэн кодтой байна.Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Үүнээс хоёр нь кодоо хуваалцах боломжгүй гэсэн тул 10 редакцын ёс зүйн кодод дүн шинжилгээ хийсэн. 
Олон улсад редакцын ёс зүйн кодод тавьдаг шалгууруудаар үнэлсэн. Тодруулбал, редакцын код нь уриалга, зохицуулалт, тайлбарын аль алиныг агуулсан байх, үйл ажиллагааны онцлогийг тусгасан байх, сэтгүүл зүйн ёс зүйн үндсэн зарчмуудыг тусгасан байх, кодыг хэрэгжүүлэх арга замыг илүү нарийн тодорхойлох, тайлбарлах, хориг арга хэмжээг тодорхой хэмжээнд тусгах, хариуцлагын арга хэмжээг тусгах, ёс зүйн ээдрээт нөхцөл үүссэн бол хэнтэй хэлэлцэж шийдэхийг тусгах, кодыг тогтмол шинэчилдэг байх, шинэчлэлд хамт олны саналыг хэлэлцдэг байх, кодыг хамт олон тогтмол ашиглах нөхцөлийг тусгах, хэл найруулга ойлгомжтой, сөрөг үг хэллэгийг хэтрүүлэн ашиглаагүй байх, олон нийтэд ил тод байх зэрэг шалгуурууд байдаг. Эдгээрээс ikon.mn, mpress.mn, gogo.mn сайт, NTV телевизийн ёс зүйн код хамгийн олон шаардлагыг хангаж буйгаар сайн баримт бичиг болсон. 
Хэрэгслээр нь авч үзвэл өдөр тутмын сонин, радио, сэтгүүлүүд редакцын ёс зүйн кодгүй байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт. Мөн МҮОНТ, МҮОНР ёс зүйн асуудал хуулиар зохицуулагддаг хэмээн хариулсан нь учир дутагдалтай. Учир нь нэгт, мэргэжлийн ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулах боломжгүй. 

 

Сэтгүүлчтэй шийтгэх хэлбэрээр тэмцэх нь буруу

 

“Бидэнд ёс зүйн зарчим боловсруулж, батлах нь юу юунаас чухал. Түүнийгээ дагаж мөрдөх нь боловсруулж, батлахаасаа илүү чухал” гэж Ч.Чойсамба багш дүгнэсэн нь ёс зүйн хэм хэмжээг энэ салбарт нийтээр сахиулах, үр дүнтэй ажиллах механизм шаардлагатай тухай санаа байсан юм. Ийм соёл редакцад хэрхэн төлөвшиж буйг 110 сэтгүүлчээс анкет ярилцлагын аргаар судалсан. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан ажилд ороход редакц ёс зүйн кодоо танилцуулдаггүй, кодоо шинэчилдэггүй, шинэчлэхдээ хамт олны саналыг тусгадаггүй, ёс зүйн шийдвэр гаргахдаа кодоо ашигладаггүй, ёс зүйн алдаанаас суралцах нөхцлөөр хангадаггүй болох нь харагдсан. 


Шинээр ажилд орогсдын 63 хувь нь байгууллагынхаа ёс зүйн кодын талаар бүрэн дүүрэн мэдээлэл, танилцуулга авдаггүй. Судалгаанд хамрагдагсдын 41 хувь нь ажиллах хугацаандаа ч ёс зүйн кодтойгоо бүрэн танилцаагүй, редакцуудын 74 хувь нь кодоо шинэчилдэггүй, шинэчлэлгүй удсан байна. Редакц нь ёс зүйн кодоо шинэчлэхдээ сэтгүүлч, хамт олноос санал авдаг эсэхийг асуухад ердөө 29 хувь нь санал авдаг гэж хариулсан. Судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 24 хувь нь ёс зүйн шийдвэр гаргахад кодоо огт ашигладаггүй гэж хариулсан.


“Сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд танай редакц хэрхэн хүлээж авдаг вэ?” гэсэн асуултад 31 хувь нь сэтгүүлч яагаад ёс зүйн алдаа гаргах нөхцөл үүссэнийг хамт олондоо тайлбарлаж, багаараа кэйсийг хэлэлцдэг гэсэн байна. Дөрөв хүрэхгүй хувь нь ижил төрлийн асуудал цаашид гарахад хэрхэх ёстой талаар редакцын ёс зүйн коддоо нэмж оруулдаг гэсэн нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Харамсалтай нь 41 хувь нь сэтгүүлч алдаа гаргасан бол удирдлага сэтгүүлчтэй тусдаа уулзаж, сануулга өгдөг гэж хариулжээ. Мөн зургаан хувь нь удирдлага сэтгүүлчийг шууд буруутгадаг гэсэн байна. Үүнээс удирдах албан тушаалтнууд ёс зүйн асуудлыг хамт олон дунд хэлэлцэж суралцах процессыг дэмжихийн оронд шууд буруутгах, шийтгэх хэлбэрээр буюу үр дүн муутай арга барилаар ажиллаж буйг харж болно. 


Мөн 12 хувь нь сэтгүүлчийн гаргасан алдааг нийгмээрээ шүүмжилсэн тохиолдолд л авч хэлэлцдэг, 15 хувь нь хэн нэгнээс гомдол ирээгүй л бол ёс зүйн алдаа гаргасан эсэхийг мэддэггүй, 4.5 хувь нь сэтгүүлч алдаа гаргасныг мэдсэн ч редакц дийлэнхдээ тоохгүй өнгөрүүлдэг гэсэн байна.  Эндээс  32 хувьд нь редакц ёс зүйн асуудалд огт анхааралгүй, тоохгүй өнгөрүүлдгийг харж болно. Манайд редакцын ёс зүйн кодод зохицуулалттай холбоотой заалтууд илт дутагдаж байна. Тухайлбал, ёс зүйн шийдвэр гаргахад ээдрээт нөхцөл үүссэн бол хэнтэй хэлэлцэж шийдэхийг, хориг арга хэмжээг, ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд авах үүрэг, хариуцлагын арга хэмжээний тухай заалтууд байх ёстой.

 

Редакцын тогтвортой хөгжил ёс зүйг төлөвшүүлэх үндсэн хөшүүрэг нь юм

 

Редакцын кодод тавигдах шалгуурыг бүгдийг нь хангасан кодтой нэг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй нь харамсалтай. Мөн группийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болон үйл ажиллагаа тогтворжсон, нэр хүндтэй хэвлэлүүд ч дотоод журамтайгаа хавсран салбарын кодыг ашиглаж буй нь хангалтгүй. Энэ нь редакцын түвшинд мэргэжлийн ёс зүйн код цогц байх ёстой гэж авч үзэхгүй байгаагийн илрэл юм. 
Сэтгүүл зүйн ёс зүйн асуудлуудыг шийдвэрлэх үндсэн хөшүүрэг нь редакцын тогтвортой хөгжил, юм. Тиймээс ХМХ-үүд эдийн засгийн хараат бус байдлаа хангахуйц бизнесийн загвар нутагшуулах нь редакцын тогтвортой хөгжлийн  үндэс болно. Түүнчлэн редакцын кодоо батлах, хүний нөөцийн мэдлэг, ур чадварт анхаарах, ёс зүйн соёл бий болгох асуудлууд дараагийн шийдэл болж эрэмбэлэгдэж байна.
Салбарын түвшний код ерөнхий байж болох ч редакцын түвшний код нарийн тодорхой байх ёстой. Бүх редакц өөр өөр ёс зүйн кодтой байх албагүй ч үйл ажиллагааныхаа онцлогийг коддоо тусгах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, лайв дамжуулдаг бол юуг лайваар үзүүлж болох, болохгүйг тусгах нь зөв. Аливаа заавар журмыг мэргэжлийн гишүүд хүндэтгэж, дагаж мөрдөхийн тулд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл код нь тэгнэ, ингэнэ гэж зааварчлахаас гадна тухайн мэргэжил юу хийдэг, хэний, юуны төлөө чиглэдэг болохыг тунхаглаж өгөх ёстой. Ингэснээр мэргэжлийн эрхэм зорилго нь гишүүдийн үүрэг, хариуцлагатай холбоотой гэдгийг сайтар ухамсарлах боломжтой болдог. 


Сэтгүүл зүйн ёс зүй бол мэргэжлийн болоод нийгмийн хүчин зүйлсээс хамаарах системийн асуудал. Тиймээс ч бид сэтгүүлчийн ёс зүй биш, сэтгүүлчийн ёс суртахуун, сэтгүүл зүйн ёс зүй хэмээн ялгаатай томьёолдог. Энэ мэргэжлийн ёс зүй нь олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсрол, шинэ мэдээллийн хэрэгслийн нөлөө, сэтгүүлчийн мэдлэг ур чадвар хийгээд хөдөлмөрийн нөхцөл, редакцын хүний нөөц хийгээд хараат бус байдал, зах зээлийн өрсөлдөөн, редакцын төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. 


Гэхдээ энэ олон шалтгааныг үл харгалзан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн ёс зүйн төлөөх наад захын зохион байгуулалтыг хийхгүй байгаа нь буруу. Сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт нь байгууллагын буюу редакцын түвшинд хамгийн их алдагдаж байгаа нь 10 редакц өөрийн ёс зүйн кодоо боловсруулсан, мөн редакц ёс зүйн асуудалд анхаарч буй практик соёлын судалгаануудаар нотлогдсон. 


Гурван сая гаруй хүн амд ногдож буй 500 орчим олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй сэтгүүл зүйн салбарын ёс зүйн асуудлыг үйл ажиллагаа нь төлөвшиж яваа ХМЗ дангаар бүрэн шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалтыг салбараас гадна хувь сэтгүүлч, редакцын түвшинд хэр хангаж буй асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай. 2015 оноос ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага ХМЗ-ийг байгуулсан нь мэргэжлийн, ёс зүйг дээдэлсэн мэдээллийн орон зайг төлөвшүүлэхэд томоохон алхам болсон. ХМЗ цаашид ёс зүйн кодоо сайжруулах, гишүүдийнхээ чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлах замаар өнөөгийн амжилтаа улам бүр бататгах боломжтой гэж бодож байна. 

 

Шуурхай нийтлэлийн сайтуудыг сэтгүүл зүйтэй андуурдаг

 

Сошиал медиа нь мэдээлэл харилцааны өргөн хэрэгсэл болохын хувьд сэтгүүл зүйн мэдээлэл үйлдвэрлэлийн бүх үе шат болон хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой харилцахад асар их нөлөөтэй. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сошиал медиаг хэрхэн ашиглах, мэдээллийг хэрхэн үзүүлэх, энэ орчинд биеэ хэрхэн авч явах асуудал нь сэтгүүл зүйн ёс зүйг ихэд сорьж байна. 


Өөр нэгэн асуудал нь хэвлэл мэдээллийн боловсролгүйгээс олон хүн IA (Instant Articles) буюу шуурхай нийтлэлийн сайтуудыг сэтгүүл зүйтэй андуурч байна. “Мета” компани 2016 онд энэ үйлчилгээг нээснээр хүн бүр Фейсбүүк сүлжээнд хэвлэн нийтлэгч болж, мэдээ нийтлэлийг нь олон хүн унших бүрт тус сүлжээний сурталчилгааны орлогоос хуваалцах боломжтой болсон. Олон улсын хэмжээнд 37 мянган шуурхай нийтлэлийн сайт бүртгэлтэй. Ийм сайтын мэдээлэл Фейсбүүкийн аппликэйшн дээр ачаалагдах хурд нь энгийн сайттай харьцуулахад 10 дахин хурдан байдаг. Тиймээс шуурхай гэж тодотгосон. 
Монголд шуурхай нийтлэлийн сайтууд олны танил хүмүүсийн хувийн амьдрал, хов живийг бичиж, худал мэдээлэл түгээдэг. Харамсалтай нь маш олон хүн үүнийг сэтгүүл зүйн мэргэжлийн сайт гэж андуурч байна. Тиймээс олон нийтэд хэвлэл мэдээллийн боловсрол олгох ажлыг төр хийхгүй бол сэтгүүл зүйн салбарынхны хийх ёстой нэн тэргүүний ажил гэж бодож байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 41 (7026)

SHINE OYUN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

2 цаг 47 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

2 цаг 54 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

3 цаг 0 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

3 цаг 3 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

3 цаг 11 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

8 цаг 21 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

9 цаг 8 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

11 цаг 17 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

11 цаг 47 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

11 цаг 52 мин