Туркийн иргэд: Энэ бүхэн хувь тавилан биш, чанаргүй барилга л буруутай

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Турк болон Сирийн газар нутагт  болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо пүрэв гарагийн байдлаар 42000-д хүрчээ. Үүний 35 мянга гаруй нь Турк, 6000 орчим нь Сири улсын иргэн байна. ДЭМБ-аас энэ удаагийн газар хөдлөлтийг Европын 53 оронд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аюултай байгалийн гамшиг хэмээн мэдэгдэв. 
Туркийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр 9200 гаруй гадаадын аврагч тус улсын иргэдийг нурангинаас хайх, аврах ажиллагаанд оролцохын сацуу 100 орчим орон тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Ийнхүү нурангин доороос хүмүүсийг эсэн мэнд аварч байгаа ч амиа алдсан хүүхдүүдийн тоо цаашид хамгийн их нэмэгдэнэ гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн хэвлэлийн ажилтан Жэймс Элдер “Газар хөдлөлтөд өртсөн Туркийн 10 хотод 4.6 сая хүүхэд амьдардаг. Харин Сирид 2.5 сая хүүхэд газар хөдлөлтийн нөлөөлөлд өртсөн” гэж ярилаа.
НҮБ-ын төлөөлөл Сири улсад айлчилсны үр дүнд тус улсын ерөнхийлөгч хоёр улсын хил орчмын бүсээр гурван сарын хугацаанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр Турк улсаар дамжуулан Сири руу тусламжийн бараа хүргэх боломж бүрдлээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэн юм. Тэрбээр “Байгалийн давагдашгүй нөхцөл байдал болж хүмүүс зовж болох ч хүнээс шалтгаалах хоол хүнс, санхүү, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн зүйлсээр гачигдаж болохгүй. Тиймээс НҮБ-ын зүгээс газар хөдлөлтийн улмаас хохирсон Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 397 сая ам.долларын хандив өглөө. Гамшигт өртөгсдийг хоргодох байр, сэтгэл зүйн үйлчилгээ, хоол хүнс, боловсролын үйлчилгээгээр хангах нь бидний одоогийн үндсэн зорилго” гэв. Мөн Саудын Араб улсаас 35 тонн хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл болон хоргодох байр гэсэн барааг Сири улсад хүргүүлжээ.
Харин Турк улсын иргэдэд хоол хүнсний дутагдал гэсэн асуудал үүсээгүй юм байна. Энэ талаар Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай “Ард иргэдийн хоол хүнсний хүрэлцээнд ямар нэгэн асуудал үүсээгүй. Бүх муж, хотууд руу хангалттай хэмжээний хэрэгцээт зүйлсийг хүргүүлсэн” гэж “CNN”-д ярьжээ. 

 

ГАМШИГТ ӨРТӨГСДӨД СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ХАМГААС ЧУХАЛ

 

Гэнэтийн байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн сэтгэлийн шархийг эдгээхэд анхаарах нь маш чухал гэдгийг ДЭМБ анхааруулав. Газар хөдлөлтийн улмаас амьдарч байсан бүс нутаг нь сүйрч, ойр дотны хүмүүс нь нас барсан хүмүүст сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай юм.


Энэ талаар ДЭМБ-ын Турк дэх суурин төлөөлөгч Батир Бердикиличев “Гэнэтийн хүчтэй газар хөдлөлтөөс болоод сэтгэлийн шархтай болсон хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн бүх хүн амд сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө хамгаас их хэрэгтэй. Богино хугацаанд болсон гэнэтийн гамшгийн талаар хүмүүс одоо л бодож, юу болоод өнгөрсөн талаар ухаарч байгаа. Газар хөдлөлтийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн хүмүүст ч бид хүрч үйлчлэх ёстой” гэж ярьжээ. Тиймээс ДЭМБ Туркийн эрх баригчидтай хэлэлцээр байгуулж нурангинаас амьд үлдэж чадсан хүмүүст сэтгэл зүйл эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.Энэ талаар ДЭМБ-ын Европын орнуудыг хариуцсан захирал Хэнс Клуг “Туркт ирсэн ДЭМБ-ын яаралтай тусламжийн 22 баг гэмтэж бэртсэн болон сэтгэл зүйн цочролд орсон маш олон хүнд тусламж үзүүлэн ажиллаж байна” гэв.


Туркийн Ялова хотын иргэн Телки “Истанбулаар аялж ирснийхээ дараахан бид гэрээ маш сайхан тохижуулсан. Айл бүхэнд шаардлагатай хувцас, хүнс, тавилга гэсэн бүх зүйлд бидэнд байв. Гэтэл одоо аавыгаа нурангин доороос олохын төлөө хичээж байна” гэж “Al Jazeera”-д ярьжээ.

 

ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН ЭЗДИЙГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Газар хөдлөлтийн улмаас олон тооны байшин барилга нурсан нь барилгын чанартай холбоотой хэмээн Туркийн иргэд эрх баригчдаа буруутгасан. Тэгвэл энэ шүүмжлэлийн дараахан Туркийн эрх баригчид барилга барихдаа стандартаа мөрдөөгүй гэж үзэн холбогдох хүмүүсийг баривчилж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр чанаргүй барилга барьсан хэрэгт буруутган 134 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдээлэв. Энэ талаар Хууль зүйн сайд Бекир Боздаг “Нурсан барилгын заримыг 30 ба түүнээс олон жилийн өмнө барьсан. Заримыг нь 20 жилийн өмнө, саяхан барьсан ч барилгууд ч бас байгаа гэсэн мэдээлэл Хотын захиргаанд ирсэн. Энэ мэдээллийн дагуу аудитын үнэлгээг хийлгэж, нурсан барилгуудыг ямар ААН барьсныг тодорхойлохоор холбогдох албан тушаалтнууд, прокурорууд ажиллаж байна” гэж ярьжээ.


Ашиглалтад ороод нэг их удаагүй барилгууд газар хөдлөлтийн улмаас нурж, юу ч үгүй сүйрсэн нь туркуудын бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Энэ их уур бухимдлаас үүдэн барилгын чанартай холбоотой асуудал одоогоор Туркийн анхаарал татсан сэдвүүдийн нэг болоод байна. Учир нь шинэ барилгууд 7.5-7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход тэсвэртэй байх стандарттай баригдах ёстой. Өмнө нь болсон олон удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилгуудад нарийн шаардлагыг тавихаар зохицуулсан байдаг. Тиймээс Их Британийн “BBC” агентлаг хамгийн сүүлд баригдсан хэд хэдэн барилгын талаар сурвалжилжээ. Тус агентлагийн сурвалжлагч өнгөрсөн жил Малатя хотод барьсан шинэ барилгыг онцолсон байна. Юу  ч үгүй сүйрсэн тус орон сууцыг анх зарахдаа 7.8 магнитудын газар хөдлөлтөд тэсвэртэй стандартаар барьсан хэмээн сурталчилсан байна. Энэ мэт стандартын дагуу барьсан гэх тодотголтой олон барилга нурсан нь туркуудын эргэлзээг хамгийн ихээр хүргэж, чанаргүй барилгын эздэд хариуцлага тооцоход хүргээд байгаа юм. Хэрэв барилгыг зөв стандартын дагуу барьсан бол газар хөдлөлтийн магнитуд хэд байхаас үл хамааран нурахгүй үлдэх байсан хэмээн архитектурчид тайлбарлаж байна. 


Туркт 1999 онд болсон газар хөдлөлтийн үеэр 17 мянган хүн амиа алдсанаас үүдэн барилгын стандартыг маш нарийвчлан тогтоож байв. Гэвч 2018 онд шинэчлэн баталсан стандарт өмнөх стандартын хатуу заалтуудыг сулруулсан байна. Үүнээс шалтгаалан Туркийн инженер, архитекторуудын нэгдсэн танхимын мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлтөд 75 мянга гаруй барилга өртжээ. Эдгээр нь  чанаргүй материал ашиглан газар хөдлөлтөд тэсвэргүй хэврэг барилга барьсантай холбоотой юм. Архитекторууд болон хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд ашиг орлогын төлөөх чанаргүй барилга байшингуудаас сэргийлэхийн тулд барилгын код буюу дагаж мөрдөх хатуу зарчимтай байх ёстойг цаг үргэлж анхааруулсаар иржээ. Гэсэн ч эрх баригчид барилгын компаниудад зөөлөн хандсанаар ямар ч зөвшөөрөлгүй, чанарын шаардлага хангаагүй, стандартаас хэд дахин өндөр барилгууд сүндэрлэсэн хэмээн мэргэжилтнүүд шүүмжилж байна.


Энэ үеэр Амьжиргаагаа залгуулдаг гол эх үүсвэр болсон дэлгүүр нь газар хөдлөлтийн улмаас юу ч үгүй сүйрсэн 50 настай Халил Ибрахим Калискан “Газар хөдлөлтийн бүс нутагт амьдарч байгаа мэддэг байсан. Тиймээс энэ удаагийн гамшиг бол хувь тавилантай холбоогүй. Харин чанаргүй барилга барьсан нь гол алдаа” гэж “Al Jazeera”-д ярьжээ. 

 

“МАНАЙ ГЭР  ТАНАЙХ Л ГЭСЭН ҮГ”

Туркийн ард иргэд газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслах аянг эхлүүлжээ. Тэдний төлөөлөл нь 28 настай хуульч Мелих юм. Тэрбээр газар хөдлөлтөд байшин нь нурж орон гэргүй болсон Хатай мужийн дөрвөн гишүүнтэй гэр бүлийн тухай сонсоод тэдэн рүү залгаж “Алив ээ, манайд хүрээд ир. Манай гэр  танайх л гэсэн үг” гэж хэлжээ. 


Харин 51 настай Айсе Армаган Герман дахь гэр бүл, найз нөхдөөсөө хоол хүнс, хувцас, яаралтай тусламжийн хэрэгсэл цуглуулах кампанит ажил өрнүүлжээ. Тэднээс 5000 орчим ам.доллар цуглуулж газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст хоол, хүнс авч өгч тусалжээ. Мөн түүний эзэмшилд байдаг хүн амьдардаггүй байрандаа гамшигт өртөгсдийг амьдрахыг санал болгожээ. Энэ тухайгаа Армаган “Хүмүүс гуталнаас эхлээд бүх зүйлээ алдсан байх даа гэсэн төсөөлөл миний нүдэнд буусан. Тиймээс тэднийг аюулгүй, тайван байхад нь туслах хоргодох байр хамгаас чухал гэж бодсон. Надад хангалттай мөнгө байгаагүй ч байр байсан. Түүнийгээ санал болгосон.Одоо ганц зүсэм талх байсан ч тэдэнтэй хуваалцахыг хүсдэг” гэж ярив. Гамшигт өртсөн Малатя хотоос зургаан хүүхэдтэй хоёр гэр бүлийн 21 хүн ирж Армаган болон түүний үеэлийн байшинд амьдарч байгаа юм.


 Армаганы гэрт амьдарч байгаа Нафие Оздемир “Яг юу болсон тухай сөхөж ярихыг хүсэхгүй байна. Хоолой сөөж, юу  ч дуугарч чадахаа больтлоо би хашгирсан. Айсегийн саналыг хүлээж авч, түүнд төвөг удахыг хүсээгүй ч өөр сонголт бидэнд байгаагүй.Учир нь эхний шөнө цасан дээр ямар ч гутал, дулаан хувцасгүй хоносон. Дараа нь эмнэлэг, сургуулийн коридорт өнжсөн. Бүр сүүлдээ уулын энгэр бараадаж агуй олж хоносон” гэж ярьжээ.
Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байшин нь гамшигт өртсөн хүмүүсийг жилийн дотор гэртэй болгохын тулд хүн тус бүрт 530 ам.доллар өгөхөө амлаад байна. Энэ амлалт биелэх хүртэл иргэдийг их сургуулийн дотуур байр, зочид буудал, зогийн газруудад байрлуулахаас гадна майхан барьж өгчээ. Гэсэн ч хоёр сая гаруй хүнд яаралтай хоргодох байр шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

18 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

28 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

33 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

33 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

15 цаг 30 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

15 цаг 57 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

16 цаг 0 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

16 цаг 3 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

16 цаг 7 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

16 цаг 24 мин