Бүтээн байгуулалт сүндэрлэсэн замаар...

2020-08-14
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 8 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт ажиллахын зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад ажлын талбар дээр нь очиж шагнаж урамшуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 336, 167 дугаар ангийн Хүндэт харуул болон Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд түүнийг дагалдаж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаны хүмүүс ажилласан юм.
Ингээд Их говийн гарнизон болон улс орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа зарим бүрэлдэхүүнээ онцолъё. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан хамт олны хүчин чармайлтаар нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байх агаад түүний нэг нь эмнэлгийн байр байв. ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, орон нутгийн удирдлагын дэмжлэгээр өөрийн хүчээр эмнэлгийн байраа саяхан бүрэн шинэчилсэн байна. Одоо зөвхөн тохижуулах ажил үлдээд байгаа, шинэчлээд авна гэдэг л хамгийн чухал юм гэж ангийн эмч, сувилагч, асрагч бүсгүйчүүд онцолж байсан юм. Энэ өдөр ээлжийн сувилагчаар Г.Уянга гэдэг бүсгүй гарч байв. Тэрээр хань, ахлагч О.Санчирдоржоо дагаад Дорноговь аймагт ирсэн гэнэ. Одоогоор түүний хань БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхээр үзлэг, шалгалтад орох гэж Улаанбаатар хотыг зорьжээ. Тэд хоёр охинтой. Охиддоо Эрдэнэсувд, Сувд-Эрдэнэ гэдэг нэр хайрласан, хоёр талын аав, ээж нь нутаг орондоо ажилсаг, хөдөлмөрчөөрөө алдартай малчин буурлууд байдаг талаар ч хуучлав.
Залгуулаад цэргийн гал тогоогоор орлоо. Ээлжийн тогооч Н.Одончимэг тэргүүтэй бүсгүйчүүд цэргүүдийн өдрийн хоолыг хийгээд тун завгүй байж таарав. Зэвсэгт хүчиндээ 13 дахь жилдээ алба хааж байгаа Н.Одончимэг “Манай бүсгүйчүүд сэтгэлээ шингээсэн, шим тэжээлтэй хоол, хүнсээр хүүхдүүдээ дайлдаг” хэмээн ярилцлагын эхэнд онцлов. Цэргийн анги бол түүний хоёр дахь гэр, амьдралынх нь 13 жилийн жаргал, зовлонгийн алинд ч хамт яваа хамт олондоо хайртай гэдгээ ч илэрхийлж байсан юм. Харин бэлтгэгч-тогооч Б.Сумъяа офицерын гэргий бөгөөд мөн л ханиа дагаад “Их говийн гарнизион”-д хоёр жилийн өмнө иржээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат энэ бүсгүй хань, ахлах дэслэгч А.Алтанхуягаар маш их бахархдаг нь андашгүй байв. Түүний хань 2017 онд “Ирээд л үз” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргаж байсан, өдгөө төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хүчин зүтгээд завгүй гэнэ. Тэд гурван охин, нэг хүүтэй. Хоёул ажил ихтэй байдаг ч том охин А.Номин-Эрдэнэ дүү нараа асраад сурчихсан, хоол хүртэл хийж өгдөг болчихсоныг ээж нь бахархан хуучилж байлаа. Анх цэргийн амьдралыг төдийлөн ойлгодоггүй, хөндлөн мэт санагддаг байсан ч нэг жилийн өмнөөс энэхүү хамт олны дунд ороод хамгийн ихээр ойлгодог болж, цэрэг дайчдыг бахархахгүй байхын аргагүй хүмүүс гэдгийг мэдэрсэн гэв.
Түүний адил ханиа дагаад Зүүнбаянд ирсэн өөр нэг бүсгүй бол бэлтгэгч Ү.Гэрэлбат, үйлчлэгч А.Саруулцэцэг нар. Ү.Гэрэлбат “Цэргийн хоол бэлтгэх нь их буянтай ажил. Манай гал тогооныхон “Баярлалаа” гэдэг үгэнд ихэд урамшдаг, хэн нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн эвсэг бүсгүйчүүд” гэж онцолж байсан бол А.Саруулцэцэг ханиа дагаад Булган аймгаас ирсэн гэнэ. Түүний хань ахлагч Ч.Эрдэнэбаатар Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас томилогдож ирсэн бөгөөд хангай нутгаас халуун говьд ирэхэд анх хэцүү мэт санагдаж байсан ч одоо дассан аж.
Үргэлжлүүлээд Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 414.6 км урт төмөр замын далангийн суурь бүтэц, гүүр хоолой, нэг өртөө, зургаан зөрлөгийг зарим хувийн хэвшлийн компани, төмөр замчдын хамт барьж байгуулж байгаа дайчид дээр очив. Монгол Улсын Ерөнхийлөгч бүтээн байгуулагч залуусыг “Эх орныхоо бахархал болсон залуус, шинэ цагийн түүх бүтээж байгаа та бүхэн энэ улсад гавьяатай хүмүүс шүү” хэмээн онцолж байсныг дурдах нь зүйтэй байх.
Хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан саяхандаа л “Зөрлөг III”-ийн ажилчдын орон сууц, удирдлагын байрыг барьж эхлүүлж байсан бол өдгөө хэдийнээ сүндэрлүүлжээ. Тус ангийн гүүр хоолойн бүлгийн дарга, ахмад М.Эрдэнэбулган хэлэхдээ “Манай анги 28 гүүр хоолойгоо бариад дууссан, одоо зөвхөн бэхэлгээ хийж байна. Энэхүү барилгын явц 80 гаруй хувьтай байна. Зарим нөхөд өртөөний барилга барьж байгаа. “Зөрлөг VI”-ийн орон сууц, удирдлагын байрыг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн барилгачин дайчидтай хамтран богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулсныг манай цэргийнхэн мэдэх байх аа” гэв.
Яг энэ үед тус ангийнхан өдрийн зоогоо барьж таарсан бөгөөд түүний дараа гүүр, хоолойн инженер Б.Батбаяр барилгын бүрэлдэхүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгч, ажлын хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн эсэхийг нь шалгав. Тэрээр алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих чиглэлд өдөр бүр ухуулга, яриа хийж, хэрэв аюулгүй байдлаа хангахгүй бол ямар эрсдэл хүлээж байдгийг жишээ баримттай нь ойлгуулдаг гэнэ. Өөрийн хүсэлтээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа зарим хугацаат цэргийн алба хаагчтай уулзахад байлдагч Г.Ганбаяр Булган аймгийн Баян-Агт сумаас цэргийн албанд татагдан ирсэн нэгэн бөгөөд тэрээр ШУТИС-д барилга, инженерийн мэргэжлээр суралцдаг байна. Бүтээн байгуулалтын ажилд оролцож мэргэжилдээ гаршиж, дадлага хуримтлуулж буйдаа ихэд олзуурхаж буйгаа хэлнэ лээ. Түүний онжав байлдагч А.Батбаясгалангийн хувьд ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуульд Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр дөрөвдүгээр дамжаанд суралцдаг, халагдаад үргэлжлүүлэн суралцана гэнэ. Тэрээр “Бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор өрлөг хийж, арматур зангидаж сурсан. Халагдаад хайртай ээж А.Алтанцэцэгтээ зуслангийн байр барьж өгнө” гэсэн нь манай хугацаат цэргийн алба хаагчид хэрхэн чадваржиж байгааг илтгэх биз ээ. Харин энэ ангид хамгийн залуу байлдагч нар Б.Энхбаатар, Б.Энхдаваа нар. Б.Энхбаатар нийслэлийн Хан-Уул дүүргийнх бөгөөд 18 нас хүрээд л цэргийн албанд татагдаж ирсэн бол Б.Энхдаваа нь Орхон аймгаас ирсэн, цэргийн албанд ирснээр бие бялдар чийрэгжиж, сэтгэл санаа төлөвшиж, амьдралын зорилго тэмүүлэл дүүрэн болсноо ч дурдаж байсан юм. Тэднийг өрөг усграгч, дэд ахлагч Г.Гансүх “Манай хоёрын нэр нь төстэй, нас ойролцоо болохоор бид ихрүүд гэж өхөөрддөг юм. Зааж өгсөн бүхнийг амархан сурдаг” гэж магтаж байв. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр тус ангийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа ямагт сахиж ажиллахыг залуустаа захиж байсан юм.
Хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан торойх бараагүй тал нутагт мөн л бүтээн байгуулалтыг ид өрнүүлж байна. Хурандаагийн хэлснээр тус ангийнхан гүүр, хоолой, орон сууц, өртөөний барилга гээд дөрвөн газарт хуваагдан ажиллаж байгаа гэнэ. Төмрөн бетон гүүрийн ажил 60, барилгын ажил 80, өртөөний бүтээн байгуулалт 30, хоолойн ажил 99 хувьтай байгаа ажээ. Төмрөн бетон гүүрийг барьж байгаа залуус дээр очлоо. Энэхүү төмрөн бетон гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км зам дагуух гүүрнүүдээс хамгийн урт нь гэнэ. Тус ангид 14 хоногийн өмнө Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 10 цэргийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирсэн байна. Оны эхэнд “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллеж, Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин, зам гүүрийн мэргэжилтэн, тогооч гэсэн таван тусгай мэргэжлээр 180 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид суралцан төгссөн бөгөөд тэд өдгөө ажлын талбар дээр мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаатай ч таарав. Тухайлбал, дэд ахлагч М.Эрдэнэбилэг тэдний нэг ажээ. Тэрээр арматурын бэлдцийг хийж сурсан, барилгын өрлөгийг ч хийж дадсан байна. “Ах нараасаа их зүйлийг сурч байна. Эзгүй талаар өөрсдийн бүтээн байгуулсан төмөр замаар галт тэргэнд суугаад явах цаг удахгүй байх аа. Тэр үед өөрөөрөө болон цэргийн ах, эгч нараараа бахархах байх аа. Бидний хөдөлмөр энэ цаг үед хүч, хөлс шавхаж байгаа ч ирэх цагийн бахархал нь байх болно. Цэргийнхний хүчээр энэ зам сүндэрлэж байна. Ажил үйлс ундарч, залуус урамтай байгаа” гэв.
Тус ангийн зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд одон, медаль хүртээж, баяр хүргэсэн ба Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалгасан В.Октябрьтой хөөрөлдөв. Тэрээр “Ажлын талбар дээрээ хөдөлмөрөө үнэлүүлэх сайхан юм байна. Хамт олондоо маш их баярлалаа. Эхнэртээ хэлэхэд баярлаад л байсан” гэв.
2019 оны 12 дугаар сард өвлийн тэсгим хүйтэнд гүүр хоолой барьж буй бүтээн байгуулагч дайчдад халуун аарц зөөж гүйсэн сувилагч бүсгүй, ахлагч Б.Золжаргалтай ч дахин таарлаа. Тэр үед “Эмч болох мөрөөдөлтэй. Их эмчээр суралцаж байгаа” гэж ярилцлага өгч байсан бол энэ жил сургуулиа төгсөж их эмч хэмээх алдрын эзэн болж чаджээ. Бүтээн байгуулалтын шан тавихаас нь эхэлж оролцож яваа энэ бүсгүй Зэвсэгт хүчинд тав дахь жилдээ алба хааж байгаа, хамт олноо өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь түүний гол зорилго аж.
Дэд хурандаа Д.Зоригтсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийнхан ч ялгаагүй ажлын талбар дээрээ бужигнаад, ангийн байрлалд тогооч, сувилагчдаас өөр хүн алга. Хамгийн сонирхолтой нь тус ангийнхан ШБОС буюу шинэ бүтээл, оновчтой санаа шингэсэн нэгэн шинэ техник “бүтээсэн” нь бульдозер машины ард индүүдэгчийг орлох томоохон труба холбож, цаг, мөнгө, хүн хүч хэмнэж чадсан байна. Өөрөөр хэлбэл, бульдозер машины урд талын хэсэг нь бланс чулууг тарааж байхад арын хүнд даацын труба нь үргэлжлүүлээд индүүдээд явчихдаг юм байна. Энэхүү шинэ “бүтээл”-ийг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр үзэж сонирхоод, бүтээсэн алба хаагчдад нь баяр хүргэж байлаа.
Дэд хурандаа Д.Зоригтсайханы хэлснээр тус ангийнхны хувьд төмөр замын суурь далангийн ажлын явц 100, хоолойн ажил 97, төмөр замын дээд бүтцийн ажил буюу бланс дэвсэлт 26 хувьтай байгаа. Үүнээс гадна хамгийн сайхан мэдээ нь цэргийнхэн төмөр замын суурь далангийн ажил, гүүр, хоолой, өртөө, зөрлөгийн барилгуудыг барьж байсан бол өдгөө дээд бүтцийн ажил болох төмөр замын рейльс угсрах ажилд ханцуй шамлан орцгоожээ. Өдгөө 1 километр гаруй зам тавьсан байх агаад өдөрт дунджаар 100-150 метр орчим төмөр замын рейльс угсардаг байна. Энэ нь маш их хэмжилт хийдэгтэй холбоотой аж. Тиймээс төмөр замын рейльс угсарч буй цэргийнхэн дээр очлоо. 20 гаруй залуус дор бүрнээ завгүй, рейльс төмрийг тусгай тоног төхөөрөмжөөр хэмжиж, ёстой нэг төө, төөгөөр нь шахам суурилуулж байна. Төмөр замын хяналтын багийн хоёр залуу ч бас хянаад зогсож байв. Тэдний нэг замчин Н.Отгонбаяр “Цэргийнхэн их хариуцлагатай. Ялангуяа 7780 дугаар ангийнхан механикжсан анги гэдэг утгаараа бүтээмж өндөр. Ажилдаа гаршсан хамт олон, төмөр замчин бидний заавар, зөвлөмжийг ч их сайн мөрддөг” гэж хяналтын багийнхан магтахад нь цэргийнхнийхээ өмнөөс баярлах мэт ихэд сайхан сонсогдов.
Зэвсэгт хүчинд цэргийн алба хаагчдаас дутахааргүй үүрэг, хариуцлага хүлээн ажлын голыг нь нугалж, ачааны хүндийг үүрдэг олон энгийн ажилтан байдаг жишгээр бүтээн байгуулалтын талбайд ч бас ажилласаар л байна. Тухайлбал, гал тогоонд тогооч Г.Гүндэгмаа (256), бэлтгэгч Б.Гүндэгмаа (326), Ц.Чинбат (014) нар бүрэлдэхүүнийхээ оройн хоолыг хийж байв. Хоёр "амьдаа"-г хамт олон нь овгийнх нь үсгээр л ялгаж дууддаг гэнэ. Г.Гүндэгмаа нь Зэвсэгт хүчинд 14, Ц.Чинбат нь найм, Б.Гүндэгмаа гурав дахь жилдээ алба хааж байгаа бүсгүйчүүд байна. Тэд долоо хоногт төрөл давтагдахгүйгээр хоол хийж өгдөг, бүрэлдэхүүн ч хоол, ундандаа ам сайтай байдаг нь тэдний урам зориг, эрч хүч нь болдог гэнэ лээ.
Эмнэлгийн байраар ч оров. Ахлагч П.Болорцэцэг (189), С.Шаргаа (186) нар энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн ажлаа жагсаагаад сууж байна. Эмнэлэгт нь эм, тариа, ороох боох материал, шарлага, бумба тавих тусгай багаж хэрэгслүүд нь дүүрэн. Ахлагч П.Болорцэцэг “Алба хаагчдадаа өдөр тутамд үзлэг явуулдаг. Өвлийн улиралд ханиад, зуны улиралд нар, шарилж, шороо тоосноос үүдэлтэй харшил тусах тохиолдол элбэг байгаа. Гэхдээ бид аль болох даамжирч, хүндрэхээс нь өмнө эмчилж анагааж байгаа” гэв. Харин С.Шаргаа хэмээх бүсгүй “Энэ их бүтээн байгуулалтыг нугалах залуус нэн тэргүүнд эрүүл байх ёстой. Тэр утгаараа бид үзлэг, эмчилгээг тогтмол явуулдаг. Эм, тарианаас гадна бумба, бариа, шарлагыг тогтмол хийдэг” гэв. Тэрээр Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд аав, ээж нь түүнд нутгийнхаа нэрийг хайрлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэ удаагийнхаа томилолтоор мөн тус ангид ажилласан бөгөөд “Ажил сайн явагдаж байна” хэмээн урамшуулаад сургагч ахлагч Мөнхсайхан (110), ахлагч Дэлгэрсайхан (336) нарт Цэргийн хүндэт медаль, Мөнхжаргал (014)-д Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээсэн юм.
Төгсгөлд нь тус ангийн Бутлуурын үйлдвэрт очив. Үйлдвэрийн дарга, ахмад К.Аймурат хэлэхдээ “Манай үйлдвэр хэрэгцээтэй материалуудыг Зэвсэгт хүчний ангиудад нийлүүлж байна. Ажлын явц 70 хувьтай. Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Манлай сумын цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбайд хайрга нийлүүлсэн" гэдгийг онцлов.
Тийм ээ. Торойх зүйлгүй тал нутагт цэргийнхэн болон хувийн хэвшлийн барилгачид, төмөр замчдын их бүтээн байгуулалт цаашид ч сүндэрлэнэ.
https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/134

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

57 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

59 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

4 цаг 49 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

4 цаг 54 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

4 цаг 59 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

5 цаг 4 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

5 цаг 9 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

5 цаг 14 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

15 цаг 13 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

22 цаг 42 мин