IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

2024-04-26
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчилал тогтвортой бэхжиж байгаа ч ардчилсан үзэл санааны шилжилт  34 жилийн дараа 1990 оны түвшинд бүр тодруулбал, Монгол Улсын ардчилал “саарал” түвшинд буюу нэн эгзэгтэй цаг үед ирсэн байна  гэж өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн “Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын ардчилагчдын бага  хурлаас онцолж  байна. Монгол Улс ардчилал, шинэчлэлийн  замналаар замнаснаас хойш  34 жил болжээ. Энэ түүхэн замналд  ямар ололт амжилт, алдаа оноо байгааг тус хурлаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, хэвлэн нийтлэн эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх яагаад хумигдав бид хүмүүнлэг ардчилсан нийгэм бүтээж чадсан уу цаашид ардчиллаа хэрхэн хамгаалж тэмцэх вэ зэргээр ардчиллын замаар замнасан бусад орны ах дүү нартайгаа нийлж суугаад ярилцсан юм. Монгол Улсад анх удаа болж буй тус хурлыг дэлхийн баруун төвийн чиг баримжаатай намуудын  олон улсын байгууллага болох “Олон улсын ардчилсан холбоо” /IDU/  Монголын Ардчилсан нам  хамтран зохион байгуулж ардчиллын  үзэл санаа Монголын ардчилалд хэрхэн нутагшив гэдэгт дүн тавих түүхэнд  тэмдэглэгдэх хурал гэж хурлын чиглүүлэгч Ц.Сүхбаатар ярьсан юм. Хуралд Олон улсын Ардчилсан холбооны биет төлөөлөгч Тони Клемент, тус холбооны Залуучуудын холбооны тэргүүн, АНУ-ын  Залуу Бүгд найрамдахчуудын холбооны тэргүүн, Английн Консратив нам болон Германы ардчилсан нам, Монголын АН-ын ахмад, дунд, залуу үеийн 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг нээж Монголын Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр үг хэлсэн юм. Тэрээр “Өнгөрсөн 33 жилийн хугацаанд бид Монгол оронд улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж чадсан хэдий ч хууль дээдлэх ёс, шударга шүүхийн бие даасан байдлыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадаагүй явдал өнөөгийн энэхүү авлигажсан тогтолцоог төрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байж магадгүй.

Иймээс хууль дээдлэх ёс, шударга шүүхийн бүрэн бие даасан тогтолцоог бүрдүүлэх явдал манай намын эн тэргүүнд анхаарах асуудал зайлшгүй мөн. Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намуудыг нэгтгэдэг нэр нөлөө бүхий хүчирхэг олон улсын байгууллага болох Олон Улсын Ардчилсан Холбооны бүрэн эрхт гишүүн манай нам Монгол Улсын ардчиллын баталгаа, ардчилсан тогтолцооны гол тулгуур баганын нэг яах аргагүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэсэн юм.

Стифен Харпер

Түүний  дараагаар Олон улсын ардчилсан холбооны дарга Стифен Харпер мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ “Дэлхий дахинаа ардчилал нь дарангуйлал, худал хуурмаг бодлого, үйл ажиллагааны дайралтад өртөх боллоо. Монгол Улс, монголчууд ч мөн үүнд өртөж байна.”

Ардчиллын дайснуудтай ухралтгүй тэмцэх нь Ардчилсан Намын гол ажил байх болно гэдгийг тодотгохын зэрэгцээ намын дарга Л.Гантөмөрт талархалаа илэрхийлж, Олон Улсын Ардчилсан Холбоо Монголын Ардчилсан Намыг цаашид ч байнга дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

 

“Ардчилалд баярлаж дууслаа одоо ардчиллаа хамгаалах цаг ирлээ”

 

IRI олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Грег Кастаниа /Craig Castagna/ Олон улсын бага хурлын энэ индрээс “Баярлах цаг дууслаа, Одоо Ардчилалыг хамгаалцгаая!” хэмээн эрс шийдэмгий хэлж, Ардчилал ухарсан салбаруудыг тодотгохын зэргэцээ цаашид юунд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолсон юм. 

2020 оны сонгууль виртуал сонгууль боллоо. Байхгүй хаяг дээр хүн бүртгэж санал өгүүлэх “царцааны нүүдэл” хийсэн нь сонгуулийг будлиантуулдаг гэж тэд үзэж байна. Мөн улсын бүртгэлийн газар нэг удаа саналаа өгөөд, дахин өөр хаяганд бүртгүүлж санал өгөх боломжгүйгээр 2024 оны сонгуулийг зохион байгуулахгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж ажиглагчид тодотгон ярьлаа.

Түүнчлэн сэтгэхүйн өөрчлөлт Монголд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, нэрт нийтлэлч, түүхч Б.Батбаяр нар хэлэхдээ “Монголд ядуурал огт байхгүй. Харин залуучуудын ардчилсан үзэлд хандах хандлага, сэтгэлгээ ядууралд орсон гэж өөрийн хийсэн судалгааг  үндэслэн сонирхолтойгоор тайлбарлаж байсан юм Өөрөөр хэлбэл, Монголд ардчилал бодит байдлаар хэрэгжиж эдийн засгийн  үсрэнгүй тэлэлт хийж хүмүүсийн амьдралд чанарын өөрчлөлт  гарсан хэдий ч хуучин нийгмийн буруу сэтгэхгүй амь бөхтэй оршиж бүх зүйл ардчиллаас болсон мэт сэтгэлгээний  буруу хандлага давамгайлж байгааг баримтаар өгүүлсэн.  Эдийн засагч Да.Ганболд мөн өөрийн илтгэлдээ Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн онцлог, шилжилтэд  Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ ямар их  үр дүнтэй байдаг, хөрөнгө оруулалтыг хэрхэн тогтоож, тогтвортой, үр дүнтэй байлгах талаар дурдсан юм. Мөн ардчиллын анхдагч Д.Сосорбарам “Ирээдүйд Монгол Улсын хөгжлийг баруун төвийн үзлээр авч явбал ямар замаар хөгжих вэ” сэдвээр  дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийн талаарх онцолж хэлэхдээ “Бид хоёр сарын дараа Дарангуйллыг сонгох уу, Ардчиллаа сонгох уу гэдэг сонголтыг хийх гэж байна. Өнөөдөр иргэн төрийн эсрэг гэмт хэрэг хийвэл хариуцлага тооцох хуулийн 100 гаруй заалт үйлчилдэг бол төр иргэнийхээ эсрэг шийдвэр гаргавал  хариуцлага тооцох ямар ч хуулийн заалт алга. Ийм тогтолцоотой нийгэм бүрэлдсэн нь байна. Гэхдээ Эрүүгийн хуульд иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж болохгүй  гэсэн хуулийг саяхан бид  батлуулсан нь сайн мэдээ боловч энэ нь цаашид ардчиллын үзэл санаагаар хэрхэн баталгаажих нь бас эргэлзээтэй байна” гэсэн юм.  Баруун төвийн чиг баримжаатай дэлхийн улс төрийн намууд үзэл санаагаа хуваалцах, харилцаа холбоо тогтоох, харилцан бие биенээсээ суралцах, хамтран хүчтэй дуу хоолой болж үнэт зүйлсээ хамгаалах зорилгоор 1983 онд  IDU буюу Олон улсын ардчиллын холбоог байгуулсан билээ. Өдгөө тус холбоонд 84 улсын баруун төвийн чиг баримжаатай улс төрийн намууд багтаж байна. IDU-ийн анхны үүсгэн байгуулагчдын дунд  тэр үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Рональд Рейган, Английн Ерөнхий сайд асан М.Тетчер, Парис хотын захирагч хожмоо Франц Улсын Ерөнхийлөгч болсон Ж.Ширак, Германы Канцлер Х.Коль болон бусад лидерүүд байв.

Ардчилсан Нам энэхүү Олон улсын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан нь санамсаргүй хэрэг биш.  Монголын Ардчилсан Нам нь олон улсын тавцанд нэр хүндтэй, туршлагатай, төрийн эрх барих хэмжээний улс төрийн институци хэмээн үнэлэгддэг гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн, дэлхий даяар анхаарал татаж байгаа технологи, хиймэл оюун ухааны хөгжил, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн санаа бодлоо солилцов. Эдгээр өдрүүдэд  2024 оны 4-р сарын 25-26 хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн засгийн эрх чөлөөг хамгаалж, чөлөөт өрсөлдөөнийг дэмждэг баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд төдийгүй бусад ардчилсан улс орнууд болон дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарал Улаанбаатар хотын зүг төвлөрч байна. Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн хурлын индэрээс хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе. Мөн зарим төлөөлөгчдийн үгийг хүргэе.

 

Олон улсын ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Michael Dust: Монгол ардчиллын индексээр ухарсаар байвал  авторитар дэглэмд орох эрсдэлтэй

-Өнөөдрийн бага хурлын гол ач холбогдол нь Ардчилсан нам. Ардчилсан нам ирэх жилүүдэд Монголын улс төрд гол байр суурийг эзэлж, ардчиллыг бэхжүүлэх хүрээнд ажиллана гэдэгт бид итгэж байна. АН ганцаараа биш, энэ намын хойно Олон улсын ардчилсан холбоо байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Ардчилсан намыг бид ямагт дэмжинэ. Яагаад гэвэл Монгол Улсын газар зүйн байрлалаас харвал ардчилсан дараагийн улс хэдэн зуун км-ын зайтай байгаа. Тиймээс энэ хурлын ач холбогдол нь Монголын АН-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, бэхжүүлэхэд чухал нөлөөтэй гэж бодож байна.

Ардчилал бол ерөнхий ойлголт. Жишээлбэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, чөлөөт ардчилсан сонголт хийх зэрэг олон зарчим бий. Тэгэхээр эдгээрээс алийг нь авч ардчиллын индексийг гаргаж байна гэдэг чухал.Ардчиллын ерөнхий индексээр Монгол Улс 60 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Жаахан хойш байр руу ухарвал авторитар дэглэмтэй ангилалд орох эрсдэл байна лээ. Бусад индексээр харвал 190-130-д гэхчлэн зарчим бүрээр өөр өөр байранд орсон харагдаж байгаа юм. Тиймээс ямар хүчин зүйлсээр ардчиллыг хэмжиж байгаа нь чухал.

 

ОУАХ-ны даргын бие төлөөлөгч Tony Clement:  Баруун төвийн чиг баримжаатай намуудыг нэгтгэдэг байгууллага  IDU

-Намайг Тони Клемент гэдэг. Би Канадын хууль тогтоох байгууллагад парламентын гишүүнээр ажиллаж байсан. Өнөөдрийн арга хэмжээнд Олон улсын Ардчилсан холбоо гэдэг байгууллагыг төлөөлөн оролцож байна. Олон улсын Ардчилсан холбоо бол дэлхий даяар оршиж байгаа баруун төвийн үзэл баримтлалтай ардчилсан, консерватив бодлоготой намуудын нэгдсэн байгууллага. Гишүүнчлэлийн хувьд Америк, Ази, Латин Америк зэрэг бүх л тивийн энэ чиглэлийн улс төрийн намуудыг нэгтгэсэн шүхэр байгууллага гэдгээр онцлог.Монгол улсын ардчилал, үүсэн бий болсон ардчиллын уламжлалыг ОУАХ дэмждэг. Мөн ирэх сонгуульд АН-ыг ялалт байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс өнөөдөр маш чухал цаг үе дээрээ ирээд байна. Удахгүй болох сонгуулийн эгзэгтэй цаг үед сонгууль шударга, өрсөлдөөнтэй, ямар нэгэн гадны нөлөөгүйгээр явагдах нь чухал юм. Ардчиллаараа Монгол Улс хэддүгээр байрт жагсаж байгаа талаар би нарийн статистик мэдэхгүй байна. Гэхдээ ардчилсан тогтолцоонд тодорхой хэмжээний сорилт, дарамттай ямагт тулгардаг. Энэ нь Европ, Америк, Латин АНУ, Африкт ч үүсэж байгаа. Дэлхийн хэмжээнд нэг хандлага явж байна. Ардчиллыг үгүйсгэх, дарамт үзүүлэх зэрэг. Гэхдээ бид үүнийг даван туулж байж ардчилсан тогтолцоогоо хадгалж үлдэнэ.

“Монгол Улс-Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын бага хурал дээр АН-ын дарга Лувсаннямын Гантөмөрийн хэлсэн үг.

Олон Улсын Ардчилсан Холбооны Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Эрхэмсэг ноён Тони Клемент,

Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст,

Энэхүү хуралд оролцож буй АН-ын гишүүд,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монголын ардчиллын хувь заяа, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан хөгжил, чөлөөт сонголтын төлөө сэтгэл гарган хүрэлцэн ирж, энэхүү хурлын үйл ажиллагаанд оролцож буй та бүхэнд АН-ын удирдлагын өмнөөс гүн талархал аа илэрхийлье.

1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр дэлхий даяар эхэлсэн эрх чөлөө, ардчилсан өөрчлөлтийн төлөөх аугаа их хөдөлгөөний нэг салшгүй хэсэг нь Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал юм. 1990 оны Ардчилсан хувьсгал бол тэртээ 13 дугаар зуунд Их Монгол Улс хэмээх аугаа их гүрнийг байгуулан дэлхийг донсолгож явсан бидний өвөг дээдсийн маань үлдээсэн бахархалт түүх, 20 дугаар зууны эхээр Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн бидний ахмад үеийнхний ариун үйл хэргийн зүй ёсны үргэлжлэл юм. Энэхүү хувьсгалын үр дүнгээр Монгол Улс жинхэнэ утгаараа бүрэн бие даасан, хэнээс ч үл хамааран өөрийн хөгжлийн замыг ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийн дагуу тодорхойлон хэрэгжүүлж байгаа, дэлхийд нээлттэй эрх чөлөөт орон болж тогтсоныг дэлхий даяараараа хүлээн зөвшөөрч, хүндэтгэн харилцаж байгаа билээ. Өдгөө гуч гаруй жилийг ардаа орхисон Ардчилсан хувьсгалынхаа үр дүн, өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилт, алдаа оноо, бидэнтэй ижил төстэй нөхцөлд буй зарим улс оронд авч хэрэгжүүлж болохуйц сургамж туршлагын талаар ийнхүү үзэл бодол нэгтэй улс төрийн намуудын хүрээнд авч хэлэлцэн, саналт бодлоо солилцож байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм хэмээн би үзэж байна. Энэхүү завшааныг ашиглан Ардчилсан хувьсгалыг зориглон санаачилж, түүчээлэн авч ирсэн, өнөөгийн Ардчилсан Намыг санаачлан үүсгэн байгуулалцаж өдий зэрэгт хүргэсэн ахмад үеийн төлөөлөл болсон тус намын ахмад гишүүддээ мэхийн ёсолж гүн хүндэтгэлээ илэрхийлж буйг минь хүлээн авна уу? Өнөөгийн Ардчилсан Нам бол Монголд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн гол хөдөлгөгч хүчин, Монголын эрх чөлөөт, бие даасан тусгаар байдлын тугийг өндөрт өргөж ирсэн гол улс төрийн хүчин яах аргагүй мөн билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалаар анхлан Монгол Улсад бүрэлдэн бий болсон ардчилсан тогтолцоо өнгөрсөн 33 жилийн хугацаанд асар олон сорилт, бэрхшээлийг даван туулсаар өнөөдөртэй золгож байна. Монголын ардчилсан хөгжил нь ерөнхий чиг хандлагын хувьд зөв явж ирсэн бөгөөд 1992 оны Шинэ Үндсэн Хуулиараа батлан тогтоосон парламентат ёсны ардчилсан тогтолцоог сонгож авсан явдал манай Монгол орны онцлог, монголчуудын оюун сэтгэхүйд нийцсэн туйлын зөв сонголт байжээ. Хэдийгээр алдаа оноо гарч байсан ч гэсэн энэ тогтолцооныхоо хүрээнд бид есөн удаагийн парламентын сонгуулийг хуульд засан журмын дагуу тогтмол хугацаанд шударга, ардчилсан зарчмаар явуулж чадсан бөгөөд сонгуулийн үр дүнгээр Засгийн эрхийг улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчиндээ тайван замаар шилжүүлсээр ирсэн юм. Энэ бол Монголын ардчилсан тогтолцооны хамгийн гэрэл гэгээтэй, ололттой тал буюу олон улсын түвшинд биднийг ялгаруулан харагдуулж буй онцлог маань билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын шуурган дунд бий болсон эрх чөлөө, хүний эрх, ардчилсан нээлттэй нийгмийг цогцлоох эрмэлзэл бүхий МоАХ, ШДХ, АСХ зэрэг залуучуудын анхны улс төрийн байгууллагууд улмаар МоАН, МҮДН. МСДН гэсэн улс төрийн бие  даасан намууд болон төлөвшиж, ардчиллын нийтлэг зорилгын хүрээнд нэг нам болон нэгдэх үйл явц амжилттай хэрэгжиж ирсний дүнд өнөөгийн Ардчилсан Нам бүрэлдэн бий болсон билээ. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд ардчилсан үнэт зүйлээрээ нийтлэг зорилго бүхий 10 гаруй нам тус намд нэгдэн орж байсан. Ийнхүү Монгол Улсаа коммунист тоталитар нийгмээс хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжүүлэх ариун зорилгын төлөө манай нам тууштай тэмцэж ирсний дүнд  өнөөдөр манай улс хүний эрхийг хүндэтгэдэг, эрх чөлөөтэй, дэлхийн бусад оронд нээлттэй ардчилсан орны нэг болсон юм.  Бидний тавьж байсан анхны зорилтууд амжилттай хэрэгжиж өнгөрсөн есөн удаагийн парламентын сонгуулийн 2-т нь манай нам төрийн эрх барих хэмжээний суудал авч Засгийн газраа дангаараа байгуулан ажиллуулж байсан бол, хоёрт  нь хамтарсан Засгийн газарт орж ажиллах боломжтой болж байсан түүхтэй. Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намуудыг нэгтгэдэг нэр нөлөө бүхий хүчирхэг олон улсын байгууллага болох -Олон Улсын Ардчилсан Холбооны бүрэн эрхт гишүүн манай нам Монгол Улсын ардчиллын баталгаа, ардчилсан тогтолцооны гол тулгуур баганын нэг яах аргагүй мөн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Ардчилсан хувьсгалын ачаар Монгол Улс маань нэг улсын хараат байдлаас бүрмөсөн чөлөөлөгдөж чадсан бөгөөд үүний үрээр бид бие даасан, бүрэн эрхт, тусгаар улсын хувьд дэлхийн бүх улстай эрх тэгш харилцах боломжтой болсон билээ. Ялангуяа ойрын хоёр хөрштэйгөө харилцах харилцааны үндсийг зөв тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ Монголын ард түмний сонгосон хөгжлийн зам, нийгмийн тогтолцоог хоёр хөршөөрөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж, улмаар гуравдагч хөрш болох барууны өндөр хөгжилтэй орнууд болон бусад улстай нээлттэй бөгөөд өргөн харилцаатай байх бодлого баримталж ирсэн нь манай ардчиллын нэгэн ололт юм. Гадаад бодлогын энэхүү үзэл баримтлалыг Монголын бүх улс төрийн хүчний оролцоотойгоор нийтийн тохиролцоогоор баталж, өнгөрсөн хугацаанд ягштал баримталж ирсэн нь Монголын ардчилсан хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлж иржээ гэж дүгнэн хэлж болно.

1990-ээд оны эхэн үед Монгол орон улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлж, өмч хувьчлах, үнэ чөлөөлөх, банк-санхүүгийн зах зээлийн чөлөөт байдлыг хангах зэрэг алхмуудыг дэс дараатай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн Монголын эдийн засгийн  бодит байдал болон нэгэнт тогтжээ. 2010-аад оны эхэн үед Монгол Улсын байгалийн асар их нөөц баялаг эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн үйлдвэр эрчимтэй хөгжиж улмаар гадаадын их хэмжээний хөрөнгө оруулалт цутган орж ирснээр манай улсын эдийн засаг огцом тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт 17 гаруй хувьд хүрч дэлхийн чихийг дэлдийлгэж байсан үе бий. Гэвч эдийн засгийн энэхүү тэлэлт, өсөлт тэр бүр хүн амын дийлэнх хэсэгт хүртээлгүй байж, төрийн дээр сандайлан суусан эрх мэдэл бүхий цөөнхийн ашиг орлогыг л зузаатгаж ирсэн нь нууц биш ээ. Монголын баялгийн эх үүсвэр уул уурхайн үйлдвэрлэлд төрийн хэт оролцоо хэвээр байгаа нь баян ядуугийн туйлшралыг бий болгож, ард түмний дийлэнх олонхын эдийн засгийн эрх чөлөөг боомилж, хээл хахууль, авлигыг хэмжээ хязгааргүй алдаж, тогтолцооны шинжтэй болголоо. Үүнийг сүүлийн найман жил тасралтгүй эрх барьж буй намын тэргүүн өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа саяхан мэдэгдсэн. Иймд ард түмнийхээ эдийн засгийн эрх чөлөөг хангаж, нийтээрээ бизнес эрхлэх таатай орчныг жигд бүрдүүлэхийн төлөө тэмцэх явдал баруун төвийн үзэлтэй манай намын нэн тэргүүний зорилт байх болно.

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд бид Монгол оронд улс төр, нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж чадсан хэдий ч хууль дээдлэх ёс, шударга шүүхийн бие даасан байдлыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чадаагүй явдал өнөөгийн энэхүү авлигажсан тогтолцоог төрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байж магадгүй. Иймээс хууль дээдлэх ёс, шударга шүүхийн бүрэн бие даасан тогтолцоог бүрдүүлэх явдал манай намын эн тэргүүнд анхаарах асуудал зайлшгүй мөн.

Сүүлийн жилүүдэд Монгол дахь ардчилсан хөгжлийн үйл явцад доголдол үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн өмнөх ололт амжилтаасаа ухарсан, нэг хүн , эсвэл цөөнхийн ноёрхол давамгайлсан авторитар чиг хандлагууд ажиглагдах болсонд ОУАХ-ны зүгээс зохих ёсоор анхаарал хандуулж, холбогдох тогтоол гарган дэлхийн олон нийтэд хандсан уриалга гаргаж байсанд бид талархалтай байдаг. Дэлхийн баруун төвийн үзэлтэй улс төрийн намуудын хүрээнд анх удаа Монголын ардчиллын түүхэн туршлага, ололт амжилт, алдаа оноо, сургамжийн талаар ийнхүү илэн далангүй хэлэлцэж байгаа нь манай ардчиллын түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал зайлшгүй мөн. Бид Ардчилсан хувьсгалаар хийсэн ард түмнийхээ сонголт, ардчилсан нийгмийн тогтолцоогоо хамгаалан улам бэхжүүлэхийн төлөө ОУАХ-ны гишүүн бусад намуудтай нягт хамтран ажиллахад бэлэн байна.

Олон улсын бага хурлын ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

5 цаг 12 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

6 цаг 39 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

6 цаг 44 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин