Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

2024-04-26
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс дэлхий дахинд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байдаг.  Тэгвэл энэ зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт гарч байгаа гэдэгтэй эрдэмтэн судлаачид  санал нэгдэж байна.

Чуулганд мөн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

 

Г.Занданшатар: Түүх, соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай

Caption

Монгол Улсын УИХ, АНУ Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ  “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй.  Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна.  Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх, соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай. Монгол Улс олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ 2023-2027 онд өрнүүлж буй хамтын ажиллагаандаа “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх”-ийг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон. УИХ засаглалын тогтолцоондоо суурь реформ хийх, парламентын ардчиллыг бэхжүүлэх үзэл баримтлалыг агуулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хийж, нийгэмд шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх асуудалд Монголын төр, засаг, олон нийт эв санааны нэгдэлтэй байж, сүүлийн 4-5 жилд эрчит давалгаа, цэгцрэх хөдөлгөөн болон өрнөж байна гэлээ.  Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулах, санал санаачилга дэвшүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байгааг дурдан, Алтай язгуурын хэл, түүх, соёлоороо нэгддэг бидний нийтлэг үнэт зүйлс хамтын ажиллагааны яриа хэлэл­цээг баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

 

“Жижиг улс орнууд хөгжье гэвэл институцүүдийг хөгжүүлэх хэрэгтэй”

 

Чуулганы үдээс хойшхи ху­рал­даан “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэ­мэг­дүүлэх, сайжруулах” сэдвээр үр­гэлжлэв. Энэ нь “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын найм дахь хэсгийн зорилго юм. Үндсэн илтгэлийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр танилцууллаа. Түүний илтгэлээс онцлон хүргэж байна.

“Жижиг улс гэж ямар улс вэ гэдгийг нэн тэргүүнд тодорхойлох хэрэгтэй.  Монгол Улс бол жижиг улсдаа орно. Жижиг томыг тодорхойлоход нэгдүгээрт,  хүн амын тооноос шалтгаалж байна. Манай улс 3.5 сая орчим хүн амтай.  Жижиг улс орнуудад ондоошил гэдэг зүйл бий.  Тэр нь их хүчтэй. Мөн жижиг улс оронд хувь хүн хоорондын харилцаа их чухал хүчин зүйл болж байдаг.  Бараг бүгдээрээ бие биеэ мэднэ.  Тэр ч утгаараа “Яриад байх юм бол бараг хамаатай болно” гэсэн үг ч бий.  Нөгөө талаар жижиг улс орон хуваагдах, дайсагнах гэсэн сул тал гарах нь бий.  Яагаад гэхээр энэ улс оронд жижиг асуудал гэж байдаггүй.  Бүх асуудал нь том болчихдог.  Түүнээс гадна жижиг улс орон гадаад худалдаа, тусламжаас их хамааралтай байна.  Мөн хүн амын хувьд 1-2 гадаад хэл сурсан байх шаардлагатай болж байна. Хамгийн чухал үнэт зүйл гэж хэлж болмоор зүйл нь боловсролын асуудал.  Харамсалтай нь манай улсад төдийлөн хангалттай биш байгаа. Жижиг улс орнууд олон улсын засаглалд томоохон байр суурьтай оролцохын тулд монгол хүнээ ашиглах хэрэгтэй.  Тэр хүн нь өндөр боловсролтой, ёс зүй үнэт зүйлстэй, нийгэмдээ ч бүс нутагтаа ч хүлээн зөвшөөрөгдсөн, алсын хараатай байх шаардлагатай юм. Жижиг улс байхын давуу тал бас бий. Тэр нь лидерүүддээ шууд хандаж болж байна. Төр засгийн удирдлагуудтайгаа шууд уулзалт хийж болно. Гэтэл нөгөө талд нийгэм маань институц биш хувь хүний харилцаанд суурилсан байвал хувь хүнээс хамааралтай бодлогууд хэрэгжээд байдаг.  Улс төрийн хөтөлбөр биш улс төрийн лидерүүдээсээ хамаарсан хөтөлбөр хэрэгжээд байдаг гэсэн үг.   Энэ нь сөрөг нам хөгжихөд амаргүй хөрс болж байна.  Тэгэхээр улс төрийн нам аль нэг манлайлагчийг хэр удаан дагасан бэ гэдэг хувь хүний харилцаанаас хэтэрхий хамааралтай болж байна.  Хувь хүний харилцаанд илүү ач холбогдол өгөөд байгаа учраас  институц  маань хүчтэй болж чадахгүй байна.  Цаашид бид үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Жижиг орон хөгжье гэвэл институцүүдийг хөгжүүлэх хэрэгтэй.  Тэгэхгүй бол энэ хүн сайн, мундаг гэж маргалдсаар байгаад ард түмэн түүнд татагдаж, хуваагдсаар бид маш их цаг алдаж байна. Улам мухардалд орж байна. Миний хувьд Монголын хөгжлийн гол үндэс бол хувь хүн биш гэж харж байна.  Алтан бөгстэй, мөнгөн цээжтэй хүн байсан ч  хамаагүй.  Харамсалтай нь Монголын тогтолцоо  институцүүд болж хөгжиж чадаагүй. Энэ бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан бидний буруу.  Улс төрийн намын дарга нарын буруу.  Бид олон нийтийн хувь хүн гэдгээрээ татаж ирсэн учраас институцээ хөгжүүлэх тал дээр алдаа гаргасан.  Эхний 30 жил хувь хүний манлайлал дээр тулгуурласан бодлого барьж алдсан бол одоо дараагийн буюу Монголын ардчиллын хоёр дахь том шат бол институцүүдийн хөгжил юм.  Энэ бол шинэ Үндсэн хууль гэсэн үг.  Тэгэхгүй бол одоогийн Үндсэн хууль хувь хүний манлайлалд чиглэсэн, хувь хүн дээр тогтсон ийм Үндсэн хууль байгаад байна.  Жижиг улс орныг том оронтой харьцуулахад нэг хүнийг үнэлэх үнэлэмж, бусад том улс орнуудынхаас хамаагүй өндөр байдаг.

 Жижиг улс орны аюулгүй байдлын баталгаа бол хүний эрх,  эрх чөлөө.  Түүнээс биш цэрэг арми биш, өөр ямар нэгэн байгууллага Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй.  Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан институциуд Монгол Улсын хөгжил дэвшлийн баталгаа мөн.  Сүүлийн жилүүдэд жижиг орнууд амжилттай байгаа эсэх дээр их маргаан өрнөж байна. Жижиг орнууд амжилттай байж болно гэдгийг харуулсан олон жишээ бий.  Люксембург, Катар, Сингапурын жишээнүүдээс харж болно.  Тэгэхээр бид амжилттай байж болох байгаа биз.  Сингапур улс энэ хөгжлийг манлайлж яваа улсын хувьд жижиг орнуудын чуулганыг санаачилж зохион байгуулдаг.  Жижиг улс орнууд дуу хоолойгоо нэгтгэж бие биенээ дэмжиж ажиллаж сурах хэрэгтэй байна.  Харамсалтай нь жижиг орнуудын соёлд юу дутагдаж байна вэ гэхээр ямар нэгэн “ах” олдог.  Тэрэндээ найдаж, тэрнээсээ хамааралтай амьдрах гээд байдаг. Тэр буруу.  Жижиг орнууд ах олох хэрэггүй.  Харин өөртэйгөө адилхан жижиг орнуудтай найзалж, бие биеэ дэмжиж ажиллах хэрэгтэй.  Жижиг орнууд тоогоороо том улс орнуудаас илүү.  Яг олон улсын байгууллагад аливаа асуудлаар санал хураавал жижиг орнууд ямар ч том орноос илүү асуудлыг шийдвэрлэх боломжтой.  Үүнийгээ бид ойлгодоггүй, аль нэг талд нь ордог” гэлээ.

 НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра илтгэлдээ, НҮБ-ын өнцгөөс харахад жижиг улс орнууд дэлхийн шийдвэрт хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг тавих хэрэгтэй. Үүн дээр зоригтойгоор ярих шаардлага гарч байна. Дэлхий даяар шинэ тоглогч, оролцогчдод боломж олгож, дэлхийн засаглалын үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй. Гэхдээ тухайн орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхгүй зармыг баримтлах шаардлагатай гэдгийг онцолж байв.

 

Бан Ги Мүн: Тогтвортой хөгжлийн зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

 “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад  гадаадын олон төлөөлөгч хүрэлцэн ирсний нэг нь “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн юм.   Тэрээр "Эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна. Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэлээ.  Тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаа илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байна.  Тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодитой ажил хэрэгчээр ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд хүчтэй институц хэрэгтэй. Мөн, бүс нутгуудын хурцадмал байдал, зөрчил мөргөлдөөн хүн төрөлхтний ахиц дэвшлийг хойш татаж байна.  Уур амьсгалын өөрчлөлт, инфляц, нефтийн сүлжээний асуудлууд эдүгээ олон улсад хүнс, эрчим хүч, санхүүгийн давхар давхар хүндрэлийг бий болгож байгаа. Нийгмийг сайжруулж ногооруулан, илүү тэсвэртэй болгох, шинэ хямралуудыг даван туулахад шинж­лэх ухаан, технологийн ололт, шинэ, шинэлэг шийдлүүдийг ашиг­лах нь чухал. Олон улсын түв­шинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажил­лахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж, ялангуяа энх тайван, шударга ёс болон энэ хүчтэй институцийг Ази тив болон дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй" гэлээ.

 

Салбар хуралдаанууд

 

Салбар хуралдаан  “Төв Ази ба Монгол Улсын ардчиллын шилжилт: Өнөөгийн төлөв сэдвээр үргэлжилсэн.  Үндсэн илтгэгч нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар байлаа. Тэрээр Монгол Улсын 800 жилийн түүхэн дэх онцлог байдлаас эхлэн парламентын ардчиллын 30 жилийн түүх, буддимз болоод ардчилал, улс төрийн систем, намуудын хөгжил, ардчилсан шилжилтийн явцад болон тогтвортой өсөлтийг бий болгоход тулгарч буй бэрхшээлийн талаар танилцуулсан. Дараа нь Киргиз-Турк “Манас” их сургуулийн Хүмүүнлэгийн факультетын орлогч декан, доктор, дэд профессор Кайрат Бэлэк “13-р зууны Чингис хааны эрин үеийн Киргиз, Монголын харилцаа” сэдвээр илтгэл тавилаа. 840 онд Уйгарын хаант улсыг ялж Төв Азийн зүүн хэсэгт зонхилох үндэстэн болсон Юнисейн Киргизүүдийн соёлын үр нөлөө, Киргизийн улсууд задарсны дараа Алтайн киргиз хэмээх шинэ угсаатны нэгдэл бий болсон түүх, 13 дугаар зууны эхэн үед Чингис хаан өмнөд Сибирь болон Киргизийн ойн ард түмнийг байлдан дагуулсан талаар илтгэлдээ онцолж, эдгээр нь Киргизийн ард иргэдийн хувь тавиланг хэрхэн өөрчилсөн талаар түүхэн сурвалж дурдан өгүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 83 (7327)

 

Өндөг үйлдвэрлэгч CEO Ж.Болд

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа тавдугаар сарын 5-нд төрсөн

9 цаг 19 мин
Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

Г.Занданшатар: Ногоон автобус, газрын тухай сонсголыг яаравчилмаар байна

10 цаг 46 мин
Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

Тэргүүн хамбын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ

10 цаг 51 мин
Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх автозамыг маргаашаас хаана

10 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Уржигдар 13 цаг 18 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Уржигдар 13 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Уржигдар 10 цаг 15 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Уржигдар 09 цаг 52 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Уржигдар 09 цаг 48 мин