Ж.ЧУЛУУНХҮҮ
Монголын дипломат ажилтнуудын үндэсний Холбооны ерөнхийлөгч, төлөвдөгч инженер-эдийн засагч, олон улсын эдийн засгийн судлаач
Байгалийн хий бол шатдаг төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс хүн төрөлхтний эрүүл мэнд, агаар мандал, уур амьсгал, хүрээлэн буй байгаль орчинд хамгийн хор хөнөөл, аюул багатай түүхий эд юм. Тийм ч учраас өндөр хөгжилтэй улсууд сүүлийн жилүүдэд атомын эрчим хүч, нүүрсний хэрэглээнээс аажмаар татгалзаж, оронд нь байгалийн хийн эрчим хүчний хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлж байна.
Европын холбооны улсуудаас жишээлбэл, ХБНГУ л гэхэд 2030 онд нүүрсний хэрэглээнээс бүрмөсөн татгалзах, атомын эрчим хүчний хэмжээгээ аажмаар багасгах зорилт тавьж, эхнээс нь хэрэгжүүлээд байна. ОХУ нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээрээ дэлхийд тэргүүн байр эзэлдэг, ЗХУ байх үеэс геологи-эрэл хайгуулын ажлыг урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй гүйцэтгэж, ялангуяа алмаас, алт, зэс,төмрийн хүдэр, нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмалын асар их нөөцийг илрүүлж, баталгаажуулсан юм .
Эдгээр ашигт малтмалын дотроос нутгийнхаа зүүн хойд болон Сибирийн уудам нутагт өөрийн орны төдийгүй БНМАУ-ын гишүүнээр нь нэгдэн орсон Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлийн гишүүн- Зүүн Европын социалист орнуудыг байгалийн хийгээр олон жилийн туршид найдвартай хангах стратегийн бодлогодоо тулгуурлан хэдэн зуун их наяд шоо метрээр хэмжигдэх байгалийн хийн нөөцийг илрүүлж, өөрийн Бүгд Найрамдах Улс байсан Украин, Беларусь, Латви, Литви, Эстонын хийгээд Зүүн Европын улсуудын байгалийн хийн хэрэгцээг бүрэн хангах асуудлаар эрдэм-шинжилгээний олон арван хүрээлэнгээр эдийн засгийн үр ашгийн тооцоо, судалгаа, үндэслэл, урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, аль болохоор зөв зохистой, аюулгүй ашиглах бодлого төлөвлөж, улмаар байгалийн хий дамжуулах хоолойг барьж байгуулахын тулд дээд зэргийн чанартай гангийн болон инженерчлэл, барилга-монтажийн үйлдвэрүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэх, мэргэшсэн ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт зарцуулсан билээ.
Эхний ээлжид өөрийн Бүгд Найрамдах Украин Улсын нутгаар дайруулан олон мянган километр байгалийн хийн хоолойг барьж, тус улсын болон европын бусад орны хэрэгцээг олон жил хангаж байсан боловч ЗХУ задарснаар Орос-Украины нутаг дэвсгэр, үндэстэн хоорондын мөргөлдөөн, гадаад төлбөр тооцооноос шууд хамааралтай улс төр, эдийн засгийн таагүй уур амьсгал бий болсон. Энэ бүхнээс шалтгаалж ОХУ байгалийн хийн бүтээн байгуулалтын тактикаа эрс шийдвэртэй өөрчилж, Балтын тэнгисээр дайруулан Герман, урдуур Турк улсаар дайруулан байгалийн хийн хэдэн мянган километр урттай хоолойг богино хугацаанд бүтээн байгуулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Умарт 1” болон “Умарт урсгал 2” гэж нэрлэсэн жилдээ 100 орчим тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүч чадалтай байгалийн хийн хос хоолойн хамтын ажиллагааны асар том бүтээн байгуулалтад улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдол өгч, тэдгээрийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээнд ХБНГУ, БНТУ-ын удирдагчидтай хамтдаа 2019 оны эцсээр оролцов. Үүний зэрэгцээгээр ОХУ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын идэвхтэй гишүүн болж, БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, БНХАУ-ын санаачилсан “ Нэг бүс, нэг зам”, “Талын зам”, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд Ази, Европыг холбосон хурдны зам, тээвэр ложистик, дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцож байна.
Энэ бүхний эхний ээлжийн арга хэмжээ болгон ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг БНХАУ-ын зүүн хэсгийн хэрэгцээнд зориулж богино хугацаанд барьж байгуулж, 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулснаар ойрын ирээдүйд БНСУ, Япон руу үргэлжлүүлэн барьж байгуулахаар олон жилийн өмнөөс төлөвлөсөн эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон төсөл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих түүхэн үе шатандаа орсон явдалд төлөвлөгч инженер-эдийн засагч, олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар мэргэшсэн судлаачийн хувиар би туйлын баяртай байна.
Хүмүүн төрөлхтний хувь заяаны тавилангаар би Киевийн Эдийн засгийн академийг амжилттай дүүргэж, ажил амьдралынхаа гарааг Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооноос эхэлж, олон улсын улс төр, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээгээр өөрийнхөө хүсэл эрмэлзэл, сонирхол, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ тулгуурлан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цаг үеийн тулгамдсан асуудлуудаар бие даан тооцоо, судалгаа, дүгнэлт, санал боловсруулах чиглэлээр мэдээллийн сантай болоод байна.
Энэхүү мэдээллийн сан хөмрөгтөө тулгуурлан Монголынхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, бодлого, зорилт, зорилго, хөтөлбөртэй уялдуулж, эх орныхоо эдийн засгийн хөгжлийн өсөлтийг тогтворжуулах, ард иргэдийнхээ амьдралын төвшинг эрс шийдвэртэй дээшлүүлэх зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, улсын төсвийн үрэлгэн зардлыг аль болохоор бууруулах, экспортын бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг олшруулах замаар гадаад худалдааг өргөжүүлэх, валютын нөөцийг өсгөх, үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбаруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, эрдэм-шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
Эдгээрийн дотроос зөвхөн байгалийн хийн хоолойг эх орныхоо нутгаар дайруулан тавиулах талаар хийсэн ажлынхаа түүхээс товч сөхвөл:
- Би Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол- Зөвлөлт, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байх хугацаандаа буюу 1990 оноос эхлэн оросын Талын холбогдох албан тушаалтнуудаас албан ажлын болон найз, нөхдийн шугамаар ОХУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн тулгамдсан асуудлуудын талаар эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт олон жил хамтран ажиллаж байсан орос найз нөхөдтэйгөө ОХУ-ын улс төр, эдийн засгийн гадаад бодлогын үзэл баримтлал, хэтийн төлөвийн тухай элэгсэг дотно, нээлттэй ярилцаж, бодит мэдээллийг жинхэнэ эх сурвалжаас нь авч байв.
- Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаад Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хот суугаа Ерөнхий консулын газрын худалдаа-эдийн засгийн зөвлөхөөр 1999-2001 онд томилогдон ажилласнаар Монгол-Оросын бүс нутгийн болон хил орчмын шууд хамтын ажиллагааны тухай асуудлаар судалгааны ажлаа эрчимжүүлэх сайхан нөхцөл, боломж, аз завшаан надад тохиолдсондоо.
- Олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг иргэн нэг бүрдээ тэгш хүртээх чиглэлээр Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хороо, Сайд нарын Зөвлөл, Гадаад явдлын яам, гадаад харилцааны яаманд төрийн болон төрийн тусгай дипломат албыг 40 шахам жил хоёргүй сэтгэлээр хаших хугацаанд өөрийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ суурилан, хүсэл сонирхол, мөрөөдлөөрөө олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны асуудлаар тодорхой тооцоо, судалгаа, эрдэм-шинжилгээний ажил хийж, өөрийн үзэл бодол, тооцоо, судалгаа, санал дүгнэлтээ дотоод, гадаадын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлж, олон улсын хурал , зөвлөгөөн, чуулга уулзалтад удаа дараа оролцож, итгэл тавьж байна.
- Үндсэн мэргэжлээрээ Эрхүү хотод томилогдсон ажилласнаар олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарын судалгааны ажлаа эрчимтэй үргэлжлүүлж, тус мужийн Амбан захирагч Б.А. Говоринд санал болгосноор Гадаад харилцааны газрын даргатай нь хамтдаа тус мужийн Ковыктинскийн байгалийн хийн арвин их нөөц бүхий ордтой газар дээр нь очиж танилцаж, энэ тухайгаа Гадаад харилцааны яамандаа зохих журмын дагуу тодорхой тооцоо, судалгаа, дүгнэлт, цаашид авах бодлогын чанартай арга хэмжээний тухай саналаа уламжилсаар байсан юм.