Монгол, Японы хооронд гүүр барьсан ахмад дипломатч С.Хүрэлбаатар

2022-02-21
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

 

Орчуулагчаас Элчин сайд хүртэл

Токиогийн Аояма галерейд гарсан "Тэнгэр, нар, түншлэл" Монгол, Японы калиграфчдын хамтарсан үзэсгэлэнд Ерөнхий сайд Ш.Абэ өөрийн бүтээлээ тавьж өрсөлдсөн юм. 2016.03 сар.

Монгол, Японы хооронд 1972  оны хоёрдугаар сарын 24-нд  дипломат харилцааг анх тогтоосон түүхтэй. Дипломат харилцааг тогтоох тухай хэлэлцээ нэлээд идэвхитэй явагдаж,ажил хэрэг болох нь ойлгомжтой болсон үед буюу 1971 онд онд Монгол Улсын  Гадаад харилцааны  яам япон судлалаар  мэргэжсэн ажилтнуудаа бэлтгэх шаардлага гарсан байдаг. Ингээд  1971 онд Гадаад харилцааны  яамнаас оюутан элсүүлэх уралдаант  шалгалт зарлахад  Улсын Багшийн дээд сургуулийн II дамжааны оюутан орж  тэнцсэн нь С.Хүрэлбаатар юм. Ийнхүү тэрбээр 1971-1976 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд япон судлалаар мэргэшиж төгссөн байна. Сургуулиа  төгсч  ирээд  Гадаад  харилцааны яаманд орж тасралтгүй 42 жил ажиллаад 2017 онд гавьяаны амралтаа авчээ. Гэсэн ч өөрийн ажиллаж ирсэн замаас холдсонгүй, “Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүнээр сонгогдон үргэлжлүүлэн  ажиллаж  байна. Өдгөө нийгэмлэгийнхээ шугамаар Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, найрсаг харилцааны уур амьсгалыг бэхжүүлэхэд  зүтгэж яваа аж. С.Хүрэлбаатар гуай 42 жил Гадаад  харилцааны яаманд ажиллахдаа Япон улсад гурван удаагийн томилолтоор ажиллажээ. Эхний удаа нарийн бичгийн даргаар,  хоёр дахь удаа очихдоо  зөвлөхөөр,  гурав дахь удаад 

Элчин сайдаар томилогдон очжээ. Ингэхдээ Элчин сайдаар хоёр удаа буюу дээр дурдсан 42 жилийн  17 -г  нь Монгол Улсаас Токиод  суугаа Элчин сайдын яаманд өнгөрүүлжээ. Эрхэлсэн ажил нь  Японтой холбоотой эхэлж, одоо ч   үргэлжилж байгаагаараа онцлог юм.

 

Монголчууд Хубилайн  үед Япон руу довтолж,  Богд хааны үеэс элч илгээж байжээ

 

Манай нийтлэлийн зочин С.Хүрэлбаатарыг хоёр орны харилцааны түүхийн “Нэвтэрхий толь” гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тэрбээр Монгол, Японы хоорондох харилцааны үе шатыг  дөрвөн үед хувааж үздэг юм билээ. Нэгдүгээр үе буюу  “Дипломат харилцаа тогтоохоос өмнөх үе”-д 1274 онд Хубилай хааны цэрэг Японд дайлаар мордож байсан үйл явдлаас эхлэн ХХ зууныг хүртэлх үеийг хамруулдаг байна.  Энэ үед монгол цэргүүд довтолж байсныг эс тооцвол хоёр орны хооронд ямар нэгэн хэлхээ холбоо байсангүй. ХХ зуун дөнгөж гарч Монгол Улс Манж Чин улсын эрхшээлээс гарч  тусгаар тогтнолоо зарлах үед  Япон улстай харилцаа тогтоох оролдлогууд гарч байв. Тэр нь юу вэ гэвэл, 1911 онд манай улс тусгаар тогтнолоо зарлахад Орос түдгэлзэж, Хятад эсэргүүцэж, бусад орон  чимээгүй ажиглаж, дэмжиж зөвшөөрсөн улс байсангүй.  Богд хаант Монгол Улсын гадаад бодлогын нэг том зорилт нь  мөнхийн хөрш Хятад, Орос хоёроор хүлээн зөвшөөрүүлэх, цааш  гуравдагч хөршүүдтэй  холбоо тогтоож  харилцаагаа тэнцвэржүүлэх, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй улс төр, эдийн засаг, соёлын харилцаа хөгжүүлэх бодлого явуулж байжээ. Энэ бодлогынхоо хүрээнд  1912 оны хоёрдугаар сард Богд хааны зүгээс Да лам Цэрэнчимэдийг Японд элчээр илгээж  “Бид танай улстай найрамдалт харилцаа тогтоомоор байна. Худалдааны харилцаа хөгжүүлмээр байна” гэж хүсэлтээ илэрхийлжээ. Харамсалтай нь замаас нь хятад, оросууд манай элчийг явуулалгүй саатуулсаар буцаасан байдаг.

Өнөөдөр бид хоёр улсын харилцааны асуудлыг ярихад  зарим нь 1990-ээд оноос эхэлсэн гэж үзэх нь бий. Миний бодлоор гуравдагч хөршийн бодлогыг манай улс аль эрт 1910-аад онд эхэлж, 1920-оод онд тэр бодлого үргэлжилж байсан хэмээн тэрбээр өгүүлж байна. 1921 онд Ардын хуввсгал ялсны дараа ч гуравдагч хөршийн эрэлд мордож байсан түүх бий. Орос, Хятадтай харилцааны тэнцвэр барих, энэ үүднээс гуравдагч орнуудтай харилцаа тогтоох бодлого явуулж байжээ. Тухайлбал, Германд оюутнууд явуулж, заримыг нь Франц руу илгээж, Японтой харилцаа тогтоох оролдлогууд хийгдэж байж. Гэвч амжилтад хүрч  чадсангүй. Харин ч их хэлмэгдүүлэлтийн нэг шалтаг болж, “Японы тагнуул”, “Урвагч”, “Ардын дайсан” гэж шийтгүүлжээ.

 

Дайны төлбөр ба  “Төмөр хөшиг”-ний хоёр тал дахь  он жилүүд

Японы хун тайж Акишиномияг гүнжийн хамт Токио дахь Монголын Элчин сайдын яаманд хүлээн авсан нь.

ХХ зууны 1930-аад онд  Халхын голын дайн гарсан бол түүний  төгсгөлд Японы милитаризмыг бут цохиход Монгол Улс холбоотон Орос улстай хамтран дайтсан. Ийм байдалтай явсаар ХХ зууны 1950-аад оноос хамтын харилцаа байгуулах асуудал  эхэлжээ. Баримт дурдахад  Япон улс 1956 онд Зөвлөлт  Холбоот Улс /ОХУ/-тай   дипломат харилцаа тогтоосон байдаг. Япон улс гадаад харилцаагаа шинэчилж өргөтгөх, улс орнуудтай харилцаагаа сайжруулж өргөжүүлэх  бодлого явуулж ирсний  хүрээнд НҮБ-д элсэх асуудлыг ихэд  чухалчилж байв. Ингээд  Америкаар зуучлуулан ЗХУ-д  санал тавьсан байдаг.  Өөрөөр хэлбэл, “Япон улстай  дипломат харилцаатай болж, цааш НҮБ-д элсэхэд  НҮБ-ын  аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд үүнийг  дэмжиж өгөөч” гэсэн хүсэлт  тавьсан байдаг. ЗХУ  ямар хариу өгсөн юм бэ гэвэл  “Тийм бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Японтой хамт НҮБ-д  элсүүлье, асуудлыг ингэж  шийдье”  гэсэн хариу санал тавьсан байдаг. Ингээд  1957 онд энэ тохиролцооныхоо дагуу Монгол, Япон хоёрыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцэхэд Зөвлөлтийн дэмжлэгийг авсан Япон улс ногоон гэрлээр НҮБ-д  элсч, Монголыг  НҮБ-д элсүүлэхийг Тайванийн гоминданыхан эсэргүүцсэн. Америк түдгэлзсэн  учраас Монгол  Улс элсч  чадалгүй хоцорсон.  Энэ үйл явдал нь хоёр орон  бие биеэ  хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн,  дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээ эхлэх талаар бие биедээ дохио санамж өгсөн анхны  алхам байжээ. Харин тодорхой харилцаа тогтоох тухай хэлэлцээ эхэлсэн үе нь  Монгол Улс НҮБ-д албан ёсоор гишүүн болж элссэний дараа буюу 1961 оноос эхэлжээ.  Монгол Улсыг НҮБ-д элсэхэд Монголыг дэмжиж гар өргөсөн эхний улсуудын тоонд Япон улс  орсон байдаг.  Ийнхүү Монголыг дэмжиж  гараа өргөснөөрөө Монгол Улсыг хүлээн зөвшөөрч байна, харилцаа тогтооход бэлэн байна гэсэн  сонирхлыг илэрхийлж, мөн тийм бодлого явуулсан байна. Үүний дараа Гадаад яамныхаа төлөөлөгчдийг Монголд томилуулан   харилцаа тогтоох тухайд монголчууд  ямар үзэл бодолтой байдаг юм. Ер нь хэлэлцээ эхэлбэл явах нь уу гэдэг тандалт  судалгаа хийж байсан байдаг. Түүнчлэн Москвад болон Польш, Дели, Энэтхэгт байсан Элчин сайдын яамдаараа  дамжуулан  харилцаа тогтоох,  хэлэлцээ хийх боломжийн тухай  ярьж байжээ. Хэдийгээр хоёр тал  харилцаа тогтоох эрмэлзэлтэй байсан ч түүнд бас саад болсон  хүчин зүйлүүд  байсан. Тэр нь  тухайн үеийн олон улсын харилцааны бүтэц, хүйтэн дайны уур амьсгал, төмөр хөшигний хоёр талд  байсан  Монгол,  Япон нь шууд  харилцаа тогтооход  төвөгтэй  байснаас гадна дайны төлбөрийн асуудал байв. Монгол улсын зүгээс Японд  Халх  голын дайн, хил дээр болж байсан будилаан, 10-аад жил Монголын эсрэг өдөөн хатгалга явуулж байсны төлбөрт 80 сая ам.доллартай тэнцэх дайны төлбөрийг төл гэсэн шаардлагыг   тавьсан. Япон түүнийг нь   хүлээж аваагүй. Япон болохоор  “Түрэмгий дайн хийгээгүй. Халх голын дайн,   бусад зэвсэгт мөргөлдөөнүүд бол Монгол, Манж-го улс хоёрын  хилийнн шугам тодорхойгүй байснаас болж үүдсэн мөргөлдөөн байсан. Түүнээс түрэмгийлэл байгаагүй. Тиймээс  бид дайны төлбөр төлөх үндэс байхгүй”  гэсэн байр суурьтай. Ингэж хоёул  маргалдсаар  10 жил болсон. Эцэст нь 1972 онд дайны төлбөрийн асуудлыг  харилцаа тогтоосны дараа шийдье. Тэгэхгүй бол эцэс төгсгөлгүй асуудал үргэлжлэх нь гэж ярилцсанаар  1972 оны хоёрдугаар сарын 24-нд диломат харилцаа тогтоожээ. Үүнээс хойш дайны төлбөрийн асуудлыг дахин таван жил хэлэлцэж, хоёр талаас дундаж байдлаар тохиролцсон байна. Монгол дайны төлбөр гэж хэлэхгүй, Япон буцалтгүй тусламж олгоно гэхгүй, эдийн засгийн хамтын ажиллагааны журмаар шийдье гэж тохиролцон 1977 оны гуравдугаар сарын 17-нд БНМАУ, Япон улсын Засгийн газар хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, таван тэрбум иений буцалтгүй хөрөнгийг Монголд олгоё гэсэн. Энэ хөрөнгөөр “Говь” үйлдвэр байгуулагдсан түүхтэй. Дайны төлбөр гэх маргаанд ч цэг тавьж, бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг нээжээ. Энэ бол  1274 оноос 1972 он хүртэлх  хоёр улсын харилцааны эхний үе юм.

 

“Говь”-ийг  тойрсон эдийн засаг ба  шинэ үе

Японы Ерөнхий сайд Ё.Мори, Гадаад хэргийн сайд К.Магимура нарын хамт. 2001.09 сар

Харилцааны хоёрдугаар  үед 1972-1990 он хүртэлх хугацааг хамруулж болно. Энэ он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эхний суурь тавигдсан. Хоёр орон нийгмийн байгуулал, үзэл суртал өөр ч  яриа хэлэлцээг өргөжүүлэх, худалдаа хийх, “Говь” комбинатыг тойруулсан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, оюутан, багш солилцох,соёлын харилцааны эхлэл бий болжээ.

Монголд ардчилсан хувьсгал гарч шинэчлэлт, өөрчлөлт явагдсан 1990-1996 он бол харилцааны эргэлт гарсан үе гэж нэрлэж болох юм хэмээн С.Хүрэлбаатар гуай тодорхойлсон. Тухайн үед Монголын ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг Япон улс идэвхтэй дэмжиж, Ерөнхий сайдаа ажиллуулж,  Монголын ардчиллыг улс төр, санхүү,  эдийн засгийн хувиар бүрэн дэмжихээ илэрхийлснээр харилцаа улам ойртож,  хурдацтай хөгжих эхлэл тавигджээ. Тухайн үед Монголд туслах  дэлхийн хандивлагчдын уулзалтыг 10 удаа зохион байгуулсан байна.

Харин дөрөв дэх үеийг “Түншлэлийн эрин” хэмээн нийтлэлийн зочин маань онцолсон. Хоёр улс 1996 онд харилцаагаа иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжүүлнэ хэмээн тохирч амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дараа 2010 онд иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр харилцан тохирсон. Иж бүрэн түншлэл нь дөрвөн баганаас бүрдэнэ. Нэг дэх нь улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлж, харилцан ойлголцож, итгэмжилсэн байдлыг дээшлүүлэх зорилт. Хоёр дахь нь бие биеэ харилцан нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудал. Гурав дахь нь харилцан ашигтай, өргөн соёлын харилцаа, хамтын ажиллагаа. Дөрөв дэх нь олон улсын тавцан дээр бие биеэ дэмжсэн хамтын ажиллагаа явуулах юм. Стартегийн түншлэл нь үүнээс хэрхэн ялгагдаж байна гэвэл энэ дөрвөн багана дээр тав дахь багана нь хоёр орны харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал нэмэгддэг байна. Энэ түншлэлийн харилцаа өнөөдрийг хүртэл амжилттай явж байна. Харин шинэ зуунд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг онцлон дурдах учиртай. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал олон улсад нээлттэй, энхтайвнаар харилцаж, хамтран ажиллана гэсэн зарчмыг тунхагласан байдаг. Түүн дотроо харилцааны эрэмбийг авч үзвэл  хоёр хөрштэйгээ ижил тэнцүү  сайн хөршийн харилцааг хөгжүүлнэ. Хоёрдугаарт,  хоёр хөрштэйгээ харилцах харилцаа, хамтын ажиллагаанд тэнцвэрийг барихуйц гурав дахь хөршийг бий болгож, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн зорилтыг дэвшүүлсэн.

Манай нийтлэлийн зочин, ахмад дипломатч С.Хүрэлбаатар гуай 1959 онд Удаанбаатар хотод төрсөн. Аав, ээж нь  Баянхонгор аймгийн уугуул учраас өөрийгөө “Баянхонгорын хүн” хэмээн ярих дуртай. Түүний аав цэргийн хүн байгаад хожим нийгмийн салбарт ажиллаж байсан. Ээж нь их эмч байв. Нэг өргөмөл дүүтэй, хүний ганц хүү тэрбээр 1969 онд аймгийн төвд аравдугаар ангиа төгсч УБДС-д элсэн орж  хоёр жил суралцаад Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан  Япон судлалын мэргэжилтэн бэлтгэх шалгалтад тэнцсэнээр ийнхүү  42 жилийг энэ салбарт үдэж, одоо ч  нийгэмлэгийн  тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Амьдралын хань Гандиймаатайгаа  сурагч байхаас үерхэж, Эрхүүгийн багшийн сургуулийн оюутан байх үед нь гэр бүл болж охинтой болсон. Өдгөө  таван ач, зээтэй. Охин нь  эдийн засагч мэргэжилтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

 

Т.Баярхүү: Газны дэлбэрэлтэд өртсөн айлуудын хохирлыг тогтоох ажил дуусаж байна

Т.Баярхүү: Газны дэлбэрэлтэд өртсөн айлуудын хохирлыг тогтоох ажил дуусаж байна

2 цаг 46 мин
Ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ удирдана

Ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ удирдана

2 цаг 52 мин
О.Батнайрамдал нэр дэвших хүсэлтээ өгчээ

О.Батнайрамдал нэр дэвших хүсэлтээ өгчээ

2 цаг 58 мин
“Тамирчны алдар” дууны эзэн гавьяат тамирчин Н.Энхбат

“Тамирчны алдар” дууны эзэн гавьяат тамирчин Н.Энхбат

4 цаг 32 мин
Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

Танилц: Төв цэнгэлдэхийн газраас шилжүүлж авсан компаниуд ХЭН бэ

7 цаг 8 мин
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэлгүй 26 дахь жилдээ ороод байна. 

10 цаг 38 мин
Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

Хийж бүтээснээрээ овоглогдоно гэдэг эрхэм сайхан

Өчигдөр 14 цаг 24 мин
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Өчигдөр 14 цаг 20 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Өчигдөр 14 цаг 16 мин
Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

Д.Ганбат: Би Зүүнбаянд гурван жилийн цэргийн алба хааж, УИХ-д сонгогдсон хүн

Өчигдөр 13 цаг 06 мин