Дурсах юм арвинтай хүн

2018-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

TВ-9 телевизийн 15 жилийн ойд

Очиртовуугийн СОЁЛТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

ТВ-9” телевизийн Ерөнхий найруулагч

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч О.Соёлт гуай “ТВ-9” телевизийн тулгын чулууг тулалцсан анхдагчдын нэг. Тэрээр тус телевизэд ажиллах хугацаандаа олон арван бүтээл туурвиж, бас залуу уран бүтээлчдийг бэлтгэж дадлагажуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан хүн. О.Соёлт найруулагч “ТВ-9” телевизийн таван жилийн ойгоор бяцхан дурсамж бичиж, зургаан жилийнх нь ойгоор зориулсан шүлэг хүртэл тэрлэж байжээ. Тэдгээрийг энэ дугаартаа нийтэлж байна. Уг дурсамжид ТВ-9 телевизийн үүх түүхтэй холбоотой олон сонин баримт сэлтийг тэмдэглэж үлдээсэн тул өнөөдөр ч хуучраагүй, ач холбогдлоо алдаагүй хэвээр байна.

“ТАНЫ ТЕЛЕВИЗ” ТАВАН НАС ХҮРЛЭЭ

Таван нас. Хүүхдээр бол сэвлэг үргээх нас. Телевизийн хувьд бол сэвээ дарж, алхаа гишгээ нь жигдэрсэн насаа. Нэрээ ч  олоогүй, үндсэн өнгөө ч тодорхойлоогүй байсан тэр үед би “UBS” телевизээс энэ телевизэд ерөнхий найруулагчаар уригдан ирж ажиллах болсон юм. Бүх юм цаасан дээр, бүх юм шүүгээний нүдэнд байсан цаг үе. Бид “ТВ-9” гэх үү, хэд гэх вэ. Манай телевиз гэх үү. Таны телевиз гэх үү, лого болон телевизийн ерөнхий өнгөө ногоон, хөх, шар, улаанаар уу гэж хэлэлцэж, зөвлөлдөж, уран бүтээлийн хэтийн чиг шугам, урын сангийн ерөнхий бодлого гээд энэ телевизийн өлгийг засч, бүсийг нь уях ёстой байлаа. Энэ үед “Шар нохой” студийн авьяаслаг залуус бидэнтэй хамтран ажиллаж байсан нь сэтгэлд тодхон байна. Бидэнтэй хамт тэдний бүтээсэн логоны үндсэн өнгө, хэм хурд, утга санаа одоо ч өөрчлөгдөөгүй нартай хамт манай телевизийг таван жил  тойрон эргэсээр байна.

Лого. Таних тэмдэг. Дуудах дуудлага. Их дотно нөхөр инээмсэглэн учрах шиг, эртний мартагдсан танил эргээд ирэх шиг та бидний сайн мэдэх энэ лого сарнаар ч, нарнаар ч 24 цагийн хөтөлбөртэй “Таны телевиз”-тэй минь хамт байгаасай. Цаасан дээр байсан телевизийн “Анхны галт тэрэг”-ийг ажилсаг хамт олон, авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран хөдөл­гөснөө эргэн дур­сахад сэтгэлд гэгээ татаж, тархинд туяа гийдэг юм.

Тэр жилдээ “ТВ-9” буюу “Таны телевиз” оны шилдэг телевиз болсон нь зорьсон зорилго нь зөв, санасан санаа нь төв, зассан зам нь шулуун, цацсан цацал нь сүү байсных биз ээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Пентакс”, Эрүүл мэнд боловсролын “Жаргалан”, түүх аялал жуулчлалын “Манлай-99”, “Мөргөлийн замаар”, хүүхэд залуучуудын “Мөрөөдлийн хөтөлбөр 999”, шашин зан заншлын “Ном хурах цаг”, “Эрдэнийн эрхи”, “Дасгал” шоу, нийгэм улстөрийн нийтлэл мэдээ гээд телевизэд байх ёстой бүх л төрөл жанраар уран бүтээл туурвиж байлаа.

Эдүгээ таван настай манай телевиз нэгэнт хөлөө олж, хэл нь зүгширсэн байна. Улаанбаатар хотын нас бие жигдэрсэн, эрч хүчтэй урагшилж яваа арваад телевиз “аргамаг хүлэг-“ийн тоосонд манай телевиз “соёолон” насандаа гүйцэхийг нь гүйцэж, хаяхыг нь хаяж, дөрөө бат, жолоо чанга уралдан давхисаар байна.  Магнайдаа ямар ч хүлгийн тоос хүргэлгүй толгой илүү давхиж яваа. Одоогийн хэллэгээр брэнд болсон “Шашин”, “Спорт”, “Шууд” гэсэн нэвтрүүлэг манайд бий.

Манайх чинь Монголдоо анх удаа бүх насны морьдын уралдааныг орон даяар шууд дамжуулсан онцгой түүхтэй телевиз. Хагас мянганы тэртээх “Их хурд”-ын уралдааныг шууд дамжуулахад Архангайн уугуул, хотын суугуул нэгэн өндөр өвөөгийнхөө сартай зээрдийг хажууд нь, уяанд нь байхад нь тэр бүр анзаарч хардаггүй байсан хайчлан солбих хоёр чих, нисэн дүүлэх дөрвөн хурц туурай, наранд гялс хийх толин сар, бүрээ сайхан хямсааг тод томруунаар тодоос тод харж, сэтгэл догдлон, баярын нулимс бүрхэхэд газар, сүүл, туурай, нүд, хамар, толглой, хүүхэд, морь, бөөн морьд, тоос, түрүү морь… Газар жирэлзэж нүд эрээлжилсэн энэ их хурдын уран гоё зураг авалт, хурц тод монтаж, техникийн өндөр чадлыг бишрэн бахдахдаа хултай айргаа цалгитал алга ташсийм гэдэг.

Магадгүй бид хамба ламыг Гандан хийдтэй нь талын Монголын өргөө гэрийн хойморт анх залж, хөдөөх эзэгтэй арц хүж уугиулж, төв гандангийн найман эгнээ жавдан дүүрэн эгнэн суусан 100-гаад лам хуврагын дуу хоолой, нүүр царайг “амьдаар” нь харж, сүсэглэн залбируулсан буй заа. Магадгүй бид хөл бөмбөгийг Балжиннямтай хамт айлын хойморт залж, адуучин эр мордохоо азнаж, хөдөөний залуусыг хөзөр, даалуунаас илүү хөлбөмбөгийн спортод хорхойтой болгосон байж мэднэ. Бид аймаг аймгийн хол ойрын наадам, чухал үйл явдлыг, бөхийн өргөөнд болдог барилдааныг алгасалгүй шууд дам­жуул­даг. Тийм өндөр хүчин чадалтай техник, бэлтгэж мэргэшсэн уран бүтээл­чидтэй телевиз, манайх.

Магадгүй манай орны өнцөг булан бүрт амьдарч байгаа малчин, саальчин, тариаланч, ээж, эгч, ах дүү нар бөхийн өргөөнд барилдаж байгаа хүүгээ, дүүгээ , ханийгаа, нутгийн бөхөө харах гэж саалиа хойшлуулж, саам өнжөөж унахад нь уулга алдаж хувинтай сүүгээ цалгиулж, давахад нь данхаа шүүрэн цай залгилж, дээлийн захыг нь мушгиулсан байж мэднэ. Хурдны морьдын түрүүч гараад ирэхэд гаансаа галтай нь хамт түрийлж, гарахдаа малгайгаа мартан шуугих хөдөөгийн эрчүүдийг баярлуулж нэг, гомдоож нэг үзсэн ч байж мэднэ.

Манай телевизийн ар араасаа цуврах хэдэн арван нэвтрүүлэг таныг уйдаахгүй ээ. Бид холыг ойртуулж, хоёрыг уулзуулж 24 цагийн турш тасралтгүй ажиллах болно. Би энд ганц ч хүний нэрийг эс дурдав. Тэдний зураг, тэдний үг, тэдний тухай дурсамж бол харин надад олон бий. Тэр бүрийг бичих нь илүүц биз. Тэднийхээ сайхан үгсийг зүрхэндээ шингээж, сайн хүмүүсийг сэтгэлдээ хадгалж явъя. “ТВ-9” телевизийн өрхийг татаж, даахийг нь үргээлцсэн буурал найруулагч би өсөн өндийж, дээдлэн дэвшиж яваа миний, таны, бидний телевиздээ сүүний дээж, хадагны уртыг барин уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.

 2008-9-9

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

5 цаг 40 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

6 цаг 3 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

6 цаг 7 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

12 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

12 цаг 20 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

16 цаг 10 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

16 цаг 15 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

16 цаг 20 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

16 цаг 25 мин