Улс орнууд иргэдийнхээ орлогыг батлан дааж, цалинг нь нөхөн олгож байна

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Манай улсад дотоодод халдвар бүртгэгдсэнээр 14 хоногийн хөл хорио тогтоож хямралын үед эдийн засгийг хамгаалах 23 багц арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох, бүх төрлийн банк, банк бус байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах, НДШ-ийн алданги төлбөр, татвараас чөлөөлөхөөр болсон. Мөн импортын хүнсийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөхөөр болсон. Тэгвэл бусад улс орнууд цар тахлын үеийн эдийн засгийн хямралыг давуулахад ямар бодлого баримталж байгааг танилцуулья.

 

ИРЛАНД УЛС ЦАЛИН НӨХӨН ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

Ирланд улс цар тахалтай холбоотойгоор хоёр дахь удаагийн хөл хорио тогтоогоод байна. Цар тахлаас үүдэн бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, ажилгүйдэл ихэссэнтэй холбогдуулан Засгийн газраас эдийн засгийг дэмжих яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Нэн тэргүүнд цар тахлын улмаас ажилгүй болсон иргэдэд нөхөн төлбөр олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ажил хийж байсан боловч цомхотголд өртсөн хүмүүст долоо хоногийн 200-250, 300-350 еврогийн тэтгэлгийг авсан цалин дээр нь үндэслэн олгож байгаа бол их, дээд сургуулийн оюутнуудад 250 еврогийн  нэг удаагийн буцалтгүй тусламжийг зул сарын баяраас өмнө олгох шийдвэр гарчээ. Мөн ажил хийж байгаа боловч ажиллах цаг нь эрс багассан бол алданги цагийн нөхөн олговрыг олгож эхэлжээ.

Түүнчлэн хувийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд 25 хүртэлх хувиар орлогоо алдсан бол тухайн байгууллагын ажилчдын цалингийн 30 хувийг Засгийн газраас олгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дөрвөн хувиас хэтрэхгүй хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох бодлого баримталж байна. Ингэхдээ зээлийн хүүг зургаан сараар царцаах, татварын хөнгөлөлт үзүүлж байна.

Судлаачдын хамгийн их сайшааж байгаа зүйл бол Ирланд улс цар тахал арилсны дараа бизнесүүдээ хэрхэн хөл дээр нь босгох талаар цахим сургалтуудыг аль хэдийнэ эхэлж салбар тус бүрээр зөвлөмж гарган төр, хувийн хэвшил хэрхэн хамтран талаар хэтийн төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Эрүүл мэндийн яамнаас мэргэжил дээшлүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө, хувь хүний хөгжлийг дэмжиж хөдөлгөөий дутагдлаас сэргийлэх онлайн сургалтыг тогтмол хийж, халдвартай хүнийг таньж мэдээлдэг цахим хуудсыг хүн бүр утсандаа суулгахыг уриалж байна.

 

ГЕРМАН УЛС 605 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН БАГЦ ГАРГАВ

 

Германы Засгийн газар зээлд зориулж 550 тэрбум евро буюу 605 тэрбум ам.доллар хуваарилснаа зарлаж,  цар тахлын улмаас хохирол амссан компаниудыг хөрвөх чадвартай болгох боломжийг бүрдүүлэх үүрэг өгчээ.Түүнчлэн эдийн засгийн хүндрэлд орсон компаниудад татвар төлөх хугацааг хойшлуулах боломжуудыг олгож байна.

 

АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ БАТЛАН ДААВ

 

Австрийн Засгийн газар компаниудын үйл ажиллагааг батлан даах, ажлын байраар хангахын тулд 4.4 тэрбум еврогийн эдийн засгийн багц тусламж үзүүлж байна. Энэ мөнгийг эрүүл мэндийн нөхцөл байдлыг тогтворжуулах, хөдөлмөрийн зах зээлд түлхэц өгөх, нийтийн хэв журмыг сахих, цар тахлын улмаас үүсэж буй орлогын алдагдлыг бууруулахад зарцуулж буй юм. Мөн бизнес эрхлэгчиддээ зээл олгох, татвар төлөх хугацааг нь хойшлуулах, татварын урьдчилгаа төлбөрийг бууруулах, экспортыг дэмжиж байна. Түүнчлэн асран халамжлах хүүхэдтэй ажилтнууддаа чөлөө олгож буй компаниуд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг олгож, аялал жуулчлалын салбарыг дэмжих тусгай хөтөлбөр боловсруулсан.

 

ИТАЛИ ИРГЭДДЭЭ 100 ЕВРОГИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА

 

-Италийн Засгийн газар алдагдлаа нөхөж, эдийн засгаа аврах тусгай арга хэмжээнд 25 тэрбум евро гаргах тогтоолыг баталжээ. Эрүүл мэндийн тогтолцоог санжүүжүүлэхэд 3.5 тэрбум еврог гаргаж байна. Бизнес эрхлэгчид болон ард иргэдийн зээлийн төлбөр болон ипотекийн зээлийг зогсоож Засгийн газар батлан дааж буй юм. Хөл хорионы улмаас ажилдаа явж чадахгүй байгаа иргэддээ тусгайлан мөнгө тарааж байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж буй эцэг эхчүүдэд хүүхэд асрагчийн үйлчилгээний нөхөн төлбөр болгон 600 еврогийн эрхийн бичиг, хувийн компанийнханд  50 хүртэлх хувийн нэмэлт урамшуулал олгож байна. Жилд 40000 еврогоос хэтрэхгүй орлоготой бүх ажилтан 100 хүртэлх еврогийн урамшуулал авах боломж бүрджээ.

 

АНУ АЙЛ ӨРХ БҮРТ 3000 МЯНГАН АМ.ДОЛЛАР

 

-АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа коронавирусын тархалтын улмаас хохирол амссан компаниудад зээл олгож эхэлсэн. Тэгвэл зээлийн санхүүжилтийг дахин 50 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхийг Конгресст уриалаад байсан юм. Мөн цар тахлын үр дагаврыг амсаж буй компаниудын татвар төлөх хугацааг хойшлуулж, айл өрх бүрт 3000 мянган ам.доллар тарааж байв.  Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хүргэж бууруулах шийдвэр гаргасан байна.

 

ЯПОН УЛС ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОСОН

 

-Японы Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор дөрвөн тэрбум орчим ам.долларын багц гаргав. Хөл хориотой холбоотойгоор сургуулиуд хаагдсаны улмаас чөлөө авахаас өөр аргагүйд хүрсэн эцэг эхчүүдэд нөхөн төлбөр олгох зэрэг тусламжийн багцын хэмжээ 1.6 их наяд иенээс илүү гарна гэж тооцсон байдаг. 

 

ХЯТАД 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАРГАЖ БАЙВ

 

-Урд хөрш эдийн засгаа хоёрдугаар сараас эхлэн цаг алдалгүй дэмжив. Тухайн үед Хятадын Засгийн газар 10 тэрбум ам.долларыг гаргаж, компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, хүргэлтийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байв.

 

ОХУ ХЯМРАЛТАЙ ТЭМЦЭХ САН БАЙГУУЛЖ, БИЗНЕС  ЭРХЛЭГЧДИЙГ ХЯНАХЫГ ХОРИГЛОВ

 

-ОХУ-ын Засгийн газар цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдгээ хамгийн эхэнд зарласан. Үүний тулд хямралтай тэмцэх сан байгуулах зорилгоор улсын төсвөөс 300 тэрбум рубль гаргажээ. Түүнчлэн цар тахалд өртсөн салбаруудад зориулж татварын хөнгөлөлт үзүүлж, бизнес эрхлэгчдэд тавих хяналт шалгалтыг хориглов. ОХУ-ын эрх баригчид тээвэр, аялал жуулчлалын компаниудын хохирлыг барагдуулж, үйлчилгээний эрэлт нь буурсан спортын байгууллагуудыг дэмжиж байна.

 

ТУРК УЛС “ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАМБАЙ” ХӨТӨЛБӨРӨӨР ХАМГААЛНА

 

Турк коронавирусын улмаас хохирол амсаад байгаа бизнес эрхлэгчиддээ зориулж 15.5 тэрбум ам.долларын багцыг танилцуулсан. Тус улс “Эдийн засгийн тогтвортой байдлын бамбай” хөтөлбөрөөр дамжуулан жижиг үйлдвэрүүд, экспортлогчид, ажилтнууд, тэтгэвэрт гарсан иргэдийг хамгаалах бодлого боловсруулав. Туркийн Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг 231 ам.доллар болгож, айл өрхүүдэд 308 сая ам.долларыг хуваарилах аж.Түүнчлэн бизнес эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд нь зээл төлөх хугацааг гурван сараар хойшлуулах, хохирол амссан үйлдвэрүүдэд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд багтжээ.

 

ПОЛЬШ ИРГЭДИЙНХЭЭ ЦАЛИНГИЙН 40 ХУВИЙГ ТӨЛЖ БАЙНА

 

Польшийн Засгийн газар эдийн засгаа дэмжих, бизнес эрхлэгчиддээ туслах зорилгоор томоохон багц санал болгожээ. Багцын хэмжээ 212 тэрбум злот буюу 52 тэрбум ам.доллар юм. Хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраа алдахаас нь хамгаалах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, санхүүгийн тогтолцооны аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах аж. Орон тооны цомхотгол хийхээс зайлсхийж буй компаниудын ажилтнуудын цалингийн 40 хувийг мөн төлж буй юм.

 

ЧЕХ УЛС ЦАЛИНГИЙН 80 ХУВИЙГ ТӨРӨӨС

 

-Эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгийн нарийн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй орны нэг бол Чех юм.  Хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрээд байгаа дэлгүүр, зоогийн газар болон бусад компанийн ажилтнуудын цалингийн 80 хувийг төрөөс төлж барагдуулах бол үлдсэн 20 хувийг компани төлөхөөр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

13 цаг 33 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

13 цаг 56 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

14 цаг 0 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

20 цаг 10 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

20 цаг 13 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин