Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /2/

2020-11-14
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

Түрүүч нь Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

 

 

2. Монгол Улсын улс төрийн биет цогцолбор (Mongolia’s Body-Politic)-ын талаар төөрөгдөлд оруулам төлөөллийн тухай

Монгол нь нэг төрлийн үндэстэн ард түмнээс бүрдэх улс (homogeneous nation) уу эсхүл дэлхийн бараг бүх улстай адил олон угсаатны, олон соёлт улс уу? Хэрэв олон-угсаатны улс гэвэл Монголд хэдэн угсаатны бүлэг байдаг хийгээд тэдгээрийг хэрхэн нэрлэдэг нь Монгол Улсын хүн амын бүтцийг сонирхож буй хэн бүхний асууж мэдэх асуулт юм. Орчин цагт хүмүүс мэдээлэл авахдаа хамгийн түрүүнд интернэт ашигладаг болсон. Гэтэл НҮБ дахь Монгол Улсын төлөөлөгчийн газрын болон ЮНЕСКО-ийн дэргэдэх Монголын үндэсний комиссын цахим хуудсуудад Монголын түүх, хүн ам, засаг захиргаа зэрэг улсын талаарх наад захын суурь мэдээлэл алга. Их Британи болон АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны цахим хуудсуудад л Монгол улс дахь угсаатан, үндэстний тухай мэдээлэл байна. Тэдгээрийн талаар дор авч үзье.

 

2.1. Дипломат албанд буй Монгол улс дах угсаатан, үндэстний талаарх ташаа мэдээлэл

 

Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд буй “Монголын тухай” гэх хэсэгт Монгол Улсад дараах “угсаатны бүлэг” (ethnic groups) байна хэмээн дурдсан байна. Үүнд:

 

“Largest ethnic groups (2010 census): Khalkha – 82,4%, Kazakh – 3,86%, Dörvöd – 2,75%, Bayad – 2,15%, Buryat – 1,71%, Zakhchin – 1,25%, Dariganga – 1%, Uriankhai – 1%, other smaller groups are less than 1% respectively.”[1]

 

“Голлох угсаатны бүлгүүд (2010 оны хүн амын тооллогоор): Халх-82,4%, Казах-3,86%, Дөрвөд-2,75%, Баяд-2,15%, Буриад-1,71%, Захчин-1,25%, Дарьганга-1%, Урианхай-1%, бусад жижиг бүлэг тус тус 1%-аас бага болно.”

 

Цахим хуудсанд нийт хүн амын тус бүр 1-ээс дээш хувийг эзлэх найман “угсаатны бүлэг”-ийг хүн амын 1-ээс бага хувийг эзлэх “бусад жижиг бүлэг”-ийн хамтаар ийнхүү жагсаасан байна. Энд бүх бүлгийг Англи хэлээр “ethnic groups” (угсаатны бүлэг) гэх нэг ангилалд оруулжээ. Тус хэсэгт Монгол хэл дээрх хувилбар байхгүй тул бидэнд “ethnic groups” хэмээх нэр томьёоны Монгол нэршил нь “ястан”, “угсаатан”-ы аль нь болохыг таамаглах л үлдэж байна. Ийнхүү Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь “ethnic groups” хэмээх Англи нэр томьёогоор бүх бүлгийг нэрлэсэн бөгөөд энэ нь “Монгол” хэмээх угсаатны бүлгийн нэрийг төлөөлөөгүй байна. Үүнийг бид Монголчуудгүй Монгол Улс хэмээн хэлж болох юм.

Харин АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудас нь Монгол Улсын талаар өмнөхөөс өөр төлөөллийг агуулжээ. Үүнд:

 

“Ethnic Mongols comprise approximately 94.9% of the population, Kazakh 5% and Turkic, Chinese and Russians make up the remaining population”[2].

“Нийт хүн амын 94.9%-ийг Монгол угсаатан (ethnic Mongols) эзэлнэ. Казак 5% ба Түрэг, Хятад мөн Оросууд үлдсэн хүн амыг эзэлж байна.”

Энд ethnic” гэдэг нэр томьёог дахин ашигласан бөгөөд Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамны цахим хуудсанд тусдаа “угсааны бүлэг” хэмээн жагсаан нэрлэсэн Дөрвөд, Баяд, Буриад зэргийг “Монгол угсаатан” (ethnic Mongols) хэмээх нэг ангилалд багтаажээ. Бүр хачирхалтай нь Казакуудыг Түрэг, Хятад, Оросуудтай хамт жагсаасан байна. Эндээс эдгээр (Казак, Түрэг, Хятад, Орос) нь Монгол Улсад байгаа тус тусдаа “угсаатны бүлэг” (ethnic groups) болох эсхүл өөр өөр ангилалд хамаарах эсэх нь ойлгомжгүй байна. Дээрхээс дараах хэдэн асуулт үүдэн гарч байна. Үүнд: Нэгдүгээрт, энд дурдсан Хятад, Орос нь Монгол Улсын “угсаатны бүлэг”-ийг бүрдүүлж байгаа Монгол Улсын иргэд үү эсхүл Монгол улсад оршин суугаа гадаадын иргэд үү? Хоёрдугаарт, “Түрэг” хэмээх нэр томьёог угсаатны бүлэг (ethnic group)-ийн хувьд хэрэглэсэн үү эсхүл Түрэг хэлээр ярьдаг Казах, Тува нарыг хамрах угсаатан зүйн, магадгүй иргэншлийн ангилал (ethnographic or perhaps civilizational category) байдлаар хэрэглэсэн үү? Энэ нь тоомжиргүй, ойлголтын дутмаг байдал, угсаатны алдаатай төлөөллийн аль нь байлаа ч анхаарал хандуулалгүй өнгөрөх асуудал биш билээ. Өнгөн талаас нь дүгнэхэд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам нь Казак, Хятад, Орос зэрэгтэй эн зэрэгцэхүйц “Түрэг” хэмээх бүхэл бүтэн бүлэг бий болгосон байна! Энэ төлөөллийг бид буруу ангилал бүхий Монгол Улс хэмээн нэрлэж болох юм.

Ийнхүү хоёр Элчин сайдын яамны аль аль нь Монгол Улс дахь хүн амын бүлгийг нэрлэхдээ “угсаатан” (ethnic) гэх нэр томъёог хэрэглэжээ. Гэхдээ эхнийх нь нэрлэн дурдсан бүх бүлгийг “угсаатны бүлэг” (ethnic groups), удаах нь олон бүлгийн “угсаатан” гэх тодотголыг үгүй хийж, Казах, Түрэг, Хятад, Орос гэх ангилалтай зэрэгцэх “Монгол угсаатан” хэмээх нэгэн том бүлэгт тэдгээрийг хамруулснаар өөр хоорондоо харилцан адилгүй хэмжээ хүрээтэйгээр уг нэр томъёог ашигласан байна.

2.2. Википедиад Англи, Монгол хэлээр Монгол Улсын [төлөөллийн] талаар бичсэн нь: Итгэж болох мэдээлэл агуулсан эсэх?

Өөр нэгэн харьцуулалтын хүрээнд Википедиа дахь Монголын тухай Англи, Монгол хэл дээрх мэдээллийг авч үзье. Өнөөдөр Википедиа нь олон улсын хэмжээнд хандалт хийх боломжтой мэдээлэл олж авахад хамгийн дөхөм эх сурвалжуудын нэг болсон бөгөөд түүнд байршуулсан мэдээлэл нь ихээхэн өргөн нөлөөтэй гэж үздэг.

Википедиагийн англи хэл дээрхи хувилбарт Монгол Улс дахь угсаатны тухай ийнхүү өгүүлжээ. Үүнд :

“Ethnic Mongols account for about 95% of the population and consist of Khalkha and other groups, all distinguished primarily by dialects of the Mongol language. The Khalkha make up 86% of the ethnic Mongol population. The remaining 14% include Oirats, Buryats and others. Turkic peoples (Kazakhs and Tuvans) constitute 4.5% of Mongolia's population, and the rest are Russian, Chinese, Korean and American nationalities.”[3]

 

Монгол угсаатнууд (ethnic Mongols) хүн амын 95%-ийг эзлэх бөгөөд Халх ба бусад бүлгээс бүрдэж Монгол хэлний аялгаараа ялгаатай. Монгол угсаатан хүн амын 86%-ийг Халхууд эзэлнэ. Үлдсэн 14%-д Ойрадууд, Буриадууд мөн бусад Монгол бүлэг орно. Түрэг үндэстэн (Казах ба Тува нар) Монголын хүн амын 4.5%-ийг бүрдүүлж байгаа бол үлдсэн нь Орос, Хятад, Солонгос, Америк үндэстнүүд болно.”

Дээрх мэдээлэлд хүн амыг Монголын ба гадаадын гэх хоёр (2) том ангилалд хуваасан байна. Монголын хүн амыг дотор нь Монгол угсаатан (ethnic Mongols) ба Түрэг хүмүүс (Turkic peoples) гэсэн хоёр (2) том бүлэгт ангилжээ. Энд өгүүлснээр Монголчууд нь “угсаатан” (ethnic) бөгөөд энэ ангилалд Монгол хэлний олон янзын аялгаар ярих бүх бүлгийг багтаасан бол Казах, Тува нарыг Түрэг хүмүүс хэмээн нэрлэжээ. Энэ нь улмаар “Түрэг хүмүүс” нь “Монгол угсаатан”-тай төстэй нэг ангилалд хамаарах уу эсхүл Казах, Тува нар нь тус тусдаа Түрэг хэлээр ярьдаг угсаатны бүлгийг бүрдүүлэх үү гэх сонирхол татам асуултыг гарган ирж байна. Ийнхүү Википедиа дахь Англи хэл дээрх уг мэдээлэл нь Монгол улс дахь угсаатан, үндэстний тухай учир битүүлэг байдлыг бий болгож байна.

Википедиад Монгол Улс дахь угсаатан, үндэстний талаар Монгол хэлээр хэрхэн өгүүлснийг одоо харъя. Үүнд:

“Монгол улс үндсэндээ нэгэн төрлийн ард түмнээс бүрдэнэ. Хүн амын 95% нь Монгол үндэстэн байна. Ястнаар салган бүртгэдэг уламжлалтай. 2010 оны хүн амын тооллогыг үндэслэвэл халх ястан (82%) зонхилж, хасаг (4%), дөрвөд (2.8%), баяд (2.2%), буриад (1.8%), захчин (1.3%), дарьганга (1%), урианхай (1%), дархад, хотгойд, торгууд, хотон, мянгад, тува, барга, үзэмчин, элжигин, сартуул, хамниган, цаатан, чантуу, харчин, цахар зэрэг хориод нэрээр бүртгэж байна. Хятад, Орос, Солонгос зэрэг гадаадын иргэн 0.6 хувийг бүрдүүлж байна.[4]

 

Монгол хэл дээрх тус хувилбар нь өөр нэгэн багц мэдээллийг агуулж байна. Үүнд нэг талаас Монгол нь нийт хүн амынх 95%-ийг “Монгол үндэстэн” (Mongolian nationality) эзлэх нэгэн төрлийн ард түмэн (homogenous nation)-ээс бүрдэх улс гэсэн байна. Цаашлаад хүн амын тооллогоо ястан гэх ангиллаар хийж ирсэн хэмээгээд 23 ястныг тоочин дурджээ. Хүн амын олонхыг Халх ястан бүрдүүлэх бөгөөд Халх нь ийнхүү хамгийн том ястанд тооцогдоно гэхийн сацуу Казах, Тува нарыг тус тусад нь “ястан” гэх ангилалд хамааруулжээ. Харин тусдаа нэгэн цонхонд (дор дурдсан хүснэгтийг харна уу) Монгол Улсын хүн амын угсаатны бүрэлдэхүүний талаарх 2010 оны үндэсний тооллогын үр дүнг дурдсан бөгөөд үүнд Казакуудыг үндэстэн хэмээн тодорхойлсон ба бусад ястан гэх ангилал нь Монголд Казакуудаас өөр үндэстэн байхгүй гэх санааг харуулсан. Википедиа дахь мэдээллийн эхний хэсэгт хүн амын 95%-ийг “Монгол үндэстэн” бүрдүүлдэг хэмээн тодорхой дурдсан учраас энэ нь сонирхол татахуйц зүйл юм. Тиймээс Монгол улсад Монгол, Казак гэх хоёр үндэстэн байдаг бөгөөд Монгол үндэстэн нь ястанд хуваагддаг хэмээн ойлгоход хүргэж байна. Үүгээр үндэстэн, ястан гэх ангиллын шатлал бийг илэрхийлж байгаа ч үндэсний хэмжээний хүн амын тооллогод уг ялгааг үл хайхран зөвхөн ястанд хуваан үзжээ. Үүний дүнд Казак нь Монгол гэдэгтэй адилаар үндэстэн гэх ангилалд бус бусад ястанд хамаарсан байна. Үүнд хүн амыг ястнаар салган бүртгэдэг уламжлалтай тул ард иргэдийг ястанд ангилан бүртгэнэ гэх тогтсон практик үйлчилж байна гэх ганцхан тайлбар өгч болох юм.

 

Яс үндэс

Хүн ам 
(2010 он)

Хувь

Халх ястан [Halh yastan]

2,168,141

82.4 %

Хасаг үндэстэн [Kazakh ündesten]

101,526

3.9 %

Дөрвөд ястан [Dörvöd yastan]

72,403

2.8 %

Баяд ястан [Bayad yastan]

56,573

2.2 %

Буриад ястан [Buriad yastan]

45,087

1.7 %

бусад ястан [other yastans]

187,387

7.1 %

гадаадын иргэн [foreign citizens]

16,320

0.6 %

 

Сонирхолтой нь дээрх хоёр хэсгийн араас дараах мэдээллийг оруулжээ. Үүнд:

“Буриад, Ойрад Монгол нь халхжих, Тува, Хотон, Чантуу зэрэг түрэг угсаатан, Хамниган түнгус угсаатан нь монголжих үйл явц явагдсаар байна. Хасагууд Баян-Өлгийд 88% эзэлж буй учраас харьцангуй өөрийн соёлыг хадгалж байна.”

Энд угсаатан гэх шинэ ангиллыг оруулж, улмаар гурван угсаатны бүлэг (Түрэг, Түнгүс, Монгол)-ийг үүнд хамааруулан тодорхойлсон байна. Эдгээр нь хэл, угсаа гарлын эртний холбоо (primordial ties)-оор холбогдсон соёл иргэншлийн бүлгүүд юм. Иймээс энэ хүрээнд угсаатан гэдэгт тохирох хамгийн зохимжит Англи нэр томъёо нь “stock” буюу “гарал үүсэл” гэх үг байж болох юм. Монголд Казах, Тува, Чантуу ба бусдыг Түрэг, Хамниганыг Түнгүс, үлдсэнийг нь Монгол хэмээдэг. Гэтэл энд угсаатан-хоорондын уусжилт (inter-ugsaatan assimilation)-ыг шилжилтийн хувьд энгийн гэхээс илүү хямрал, ижилслээ алдах явц мэтээр авч үзжээ. Википедиа дахь дээрх мэдээллийн зохиогч/зохиогчид нь Түрэг гаралтай Тува, Хотон, Чантуу болон Түнгүс гаралтай Хамниган нарыг янз бүрийн Монгол гарал (Mongol stock)-тай бүлгүүдтэй ойртон ижилснээр Монголжиход хүрсэн гэсэн байна. Тиймээс Буриад болно гэдэг нь уг бүлэг Монгол гаралтайн хувьд Монголжино гэсэн үг болж таарч байна. Гэтэл мөн хэсэгт Буриад, Ойрад Монголчуудыг халхжиж байна гэсэн нь Халх нь Буриадууд болон Ойрадуудтай адил Монгол угсаа гарвалтай биш мэт санааг илэрхийлжээ. Ойрад нь Монгол дахь Баяд, Дөрвөд, Торгууд гэх мэт бүлгийг өөртөө багтаасан ерөнхий ангилал билээ. Гэтэл энд Буриадуудтай ижил төвшинд жагсаасан нь нэг шатлалын мэт сэтгэгдэл төрүүлж байна. Уусжилтын тухай уг мэдээллийн утгагүй байдал нь философи дахь “ангиллын алдаа” (category mistake) хэмээх ойлголтын нэг жишээ бөгөөд үүнийг өгүүллийн 4 дүгээр бүлэгт шинжилнэ.

Цахим орчинд олон нийтэд нээлттэй буй дээрх мэдээлэл нь Монгол Улс дахь угсаатны тухай ихээхэн ойлгомжгүй дүр зургийг ястан, үндэстэн, угсаатан гэх олон янзын ангиллын нэршлийн хамтаар харуулжээ. Энэ төрлийн төөрөгдөл, ярвигтай байдал нь Монгол Улсын дотоодод болон гадаадад олон газар тохиолддогийн хувьд нийтлэг юм. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль зэрэг хууль тогтоомжид угсаатан, үндэстний талаар юу гэж заасан байдаг бол? Энэ тухай дараагийн бүлэгт өгүүлнэ.

 

[4] Энэ талаар https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D1%83%D0%BB%D1%81#cite_note-15 цахим холбоосоор нэвтэрч үзнэ үү.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.10.30 БААСАН № 210 (6435)

Шимтэн уншигч
Polite.mn bayrlalaa
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

1 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

1 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

2 цаг 22 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

3 цаг 43 мин
Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

4 цаг 8 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

4 цаг 13 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

4 цаг 18 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

4 цаг 23 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

4 цаг 28 мин