Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал /1/

2020-11-13
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Бодлогын саналд зориулсан суурь судалгааны өгүүлэл

 

Урадын Э.Булаг

(Их Британийн Кэмбрижийн их сургууль)

 

Англи хэлнээс орчуулсан:

Э.Туулайхүү (МУИС, Хууль зүйн сургууль)

Ш.Туяа (МУИС, Шинжлэх ухааны сургууль)

 

 

Зохиогчийн хэвлэлд зориулсан өмнөх үг

 

Энд цувралаар хүргэж буй эрдэм шинжилгээний ѳгүүлэл болон зөвлөмж нь Кэмбрижийн их сургуулийн “Нөлөөллийг эрчимжүүлэх судалгаа”-ны хүрээнд Их Британийн Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөл (Economic and Social Research Council)-өөс санхүүжүүлсэн нэг жилийн хугацаат “Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл (Yastan [Ethnicity] and National Unity in Mongolia)” төслийн гол үр дүн юм (Төслийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн). Уг төсөл нь миний Nationalism and Hybridity in Mongolia (Oxford, 1998) бүтээлийн Монгол хэвлэл (Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил, МУИС Прэсс, 2016)-д үндэслэсэн. 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын угсаатан, үндэстний үзлийн асуудлыг өргөн хүрээнд дэлгэн тавьсан тус бүтээлийг орчуулагдан гарах хүртэл нь Монгол Улсад төдийлөн ойшоодоггүй байлаа. Харин Монгол орчуулга хэвлэгдэн гарсан цагаасаа тус улсын эрдэм шинжилгээ, улс төрийн хүрээнийхний дунд тодорхой хэмжээнд маргаан мэтгэлцээнийг үүсгэж ирсэн. Тус бүтээлийг уншсан хэн бүхэн Монгол дахь угсаатны улс төрийн асуудал нь олон нийтийн ойлгож байгаагаас илүү бэрхшээлтэй гэдгийг үндсэндээ ойлгож, зарчмын хувьд Монголчуудын доторх ястны явцуу үзлийг даван туулах замаар Монгол Улс ястанд хуваагдаж улс төржсөн байдлаас гарах нь зүйтэй гэх зохиогчийн үзэл санааг хүлээн зөвшөөрөх шинжтэй байдаг. Энэ эерэг хандлага нь бүтээлээ анх хэвлүүлснээсээ хойш 20 гаруй жилийн дараа уг сэдвийг эргэн судлах урмыг, Монгол дахь угсаатан, үндэстний ижилслийн асуудлыг ахин үнэлж, холбогдох хууль тогтоомж, бодлогыг сайжруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулахад дэм болно гэх итгэл найдварыг тус тус надад өгсөн юм.

 

Энэ ѳгүүлэлд аливаа нийгмийн “ангилал” нь улс төрийн тодорхой ижилсэл агуулдгийн хувьд түүний тодорхойгүй байдал, төөрөгдөл нь улс төрийн төсөөлөөгүй үр дагаварт хүргэх эрсдэлтэй хэмээн мэтгэж, Монгол Улс дахь ангиллын алдааны асуудлыг авч үзсэн болно. Эдүгээ тодорхой “ястан”-ы бүлгийн зарим гишүүн өөрсдийгөө “үндэстэн” гэж нэрлэх явдал түгээмэл болсон бөгөөд энэ нь (албан бус хэдий ч) хоёр тусдаа ойлголтын үндсэн ялгааг хавтгайруулан Монгол гэх нэг үндэстнийг үгүйсгэж болзошгүй байна. Монгол Улсын дипломат албаны Англи хэл дээрх зарим цахим хуудсанд Халх, Казак, Буриад зэргийг ялгаатай “ethnic groups” (ястан) хэмээн дурдсан байдаг бол зарим нь өмнөх шигээ тус тусад нь авч үзэхгүйгээр зөвхөн “ethnic Mongols” (Монгол угсаатан) гэх нэг нэршлийг Казак, Хятад, Орос зэрэгтэй зэрэгцүүлэн тавьдаг нь ойлголтын төөрөгдөл оршин буйг илтгэх нэг нотолгоо юм. Ястан, үндэстнийг тоочин заах социализмийн үеийн практикийг хэвээр хадгалж буй иргэний бүртгэл, статистикийн хорооны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль (1992) болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010)-аар хөхүүлэн дэмжсэн үндэсний эв нэгдэлд сорилт үүсгэж буйг өгүүлэлд мөн чухалчлан үзэв. Монгол үндэстний талаарх ястан-үндэстний үзэл санаанд тулгуурласан тодорхойлолт (ethno-national definition) нь ястан-үндэстэн гэж мөн ойлгогддог үндэстний цөөнхийг өөртөө багтаахад тийм ч тааламжтай бус ханддаг нь улмаар аль алинд нь “үндэсний аюулгүй байдал”-ын хямралыг үүсгэж болох талтай. Иймээс Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид байгаа төөрөгдлийг арилгах болон дээр дурдсан ястны ангиллын албан ёсны орчуулгыг системчлэх зорилгоор Монгол Улс дахь ястан, үндэстний ойлголтыг сууриар нь эргэн харахыг зөвлөмжид санал болгосон.

 

Би энд дурдан буй эрдэм шинжилгээний өгүүлэл, зөвлөмжийг Англи хэл дээр бичсэн юм. Олон улсын эрх зүй болон антропологи судлалаар мэргэшиж буй хоёр залуу судлаач, МУИС-ийн багш нар болох Э.Туулайхүү, Ш.Туяа нар өгүүлэл, зөвлөмжийн эхний болон засан сайжруулсан хувилбаруудыг Монгол хэлнээ уран чадамгай орчуулсныг энд цохон тэмдэглэж, тэдэнд талархал илэрхийлье.

 

Өгүүлэл, зѳвлѳмжийн англи хэл дээрх үндсэн эх болон хѳндсѳн асуудлын талаарх нэмэлт мэдээллийг Урадын Э.Булаг 2020, Ethnicity, National Unity and Law in Mongolia/Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрх зүйн асуудал (МУИС Пресс) бүтээлээс үзэж болно.

1. Оршил                                                                                                    

Үндэсний ижилсэлд суурилсан улс төр (цаашид “ижилслийн улс төр” гэх) нь эдүгээ дэлхийд хүчээ авч буй томоохон асуудал болсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нэрийдлээр Дэлхийн II дайнаас хойш тус улсын олон улсад манлайлж ирсэн глобалчлалын бодлогоос татгалзсан, Их Британи улс бүрэлдэхүүнээс нь гарах болсонтой холбоотойгоор Европын холбоо түүхэндээ хамгийн том сорилт, ижилслийн асуудалтай тулгарсан хийгээд ОХУ, барууны орнуудын хоорондын зөрчил, дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөллөөс улам бүр эмээх болсон барууныхны байдал нь үүнийг нотлон харуулна. Эдгээр жишээ нь 1990 оноос хойш Монгол Улсад нөлөөлж ирсэн гурван том хөрш орон[1] урьдын байдлаа цаашид хадгалах шинжгүй болж байна гэх энгийн, ойлгомжтой дохиог бидэнд өгч байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөрш орнуудад ижилслийн улс төр ач холбогдолгүй байхаа больж, харин эсрэгээрээ улс төрийн биет цогцолбор (body politic)-оо болон дэлхийн бусад улстай харилцах бодлогоо дахин тодорхойлоход хүргэсэн улс төрийн цөм асуудал болоод байна. 2016 оны 1 дүгээр сард зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсыг “төвийг сахигч улс” (Монгол Улсын байнга төвийг сахих статус)[2] хэмээн тодорхойлох тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан санаачилга нь олон улсын улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлтөд Монгол улс зовинож байгаагийн тодорхой илрэл болсон юм (хэдийгээр амжилт олоогүй ч). Энэ нь үндэстэн өөртөө засан тохинох (national self-determination) нь үндэстэн өөрийгөө тодорхойлох (national self-definition)[3]-оос эхэлдгийн нийтлэг нэг жишээ болно.

Өгүүлэлд Монгол Улсад үндэстнийг хэрхэн томъёолж ирсэн хийгээд дотоод хүн амаа эрх зүйн хувьд хэрхэн тодорхойлж байна вэ гэх асуудлын суурин дээр [өнөөгийн] Монгол Улсын улс төрийн биет цогцолбор (Mongolia’s body politic)-ыг эргэн харах шаардлагатайг онцолно. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нь тухайн үед дэлхий дахинд түгж байсан чиг хандлагад хариу болгон өөрийгөө [шинээр] тодорхойлсон бүтээгдэхүүн бөгөөд ажилчин анги, хоршоолсон ардын холбоонд үндэслэсэн нийгмийн янз бүрийн анги давхарга (ажилчин анги, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид) хөдөлмөрч сэхээтэн зэрэг) бүхий социалист улс гэх өмнөх үеийн тодорхойлолтоос татгалзан Бүгд найрамдах Монгол ард улсыг Зөвлөлтийн сүүдэрт орших нэгэн үндэстэн байдлаар гарч ирсэн хэмээн албан ёсоор зарласан. Шинэ Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэнэ…”[4] хэмээн үндэсний субьектийг тунхагласан. Үндсэн хуульд үндэстний цөөнхийн талаар заалт орсон хэдий ч энэ нь [үндсэндээ] Монголын үндэсний төр лүү тэмүүлсэн үндэсний үзэлт[5] Үндсэн хууль юм.

Монгол Улсад үндэсний эв нэгдлийн зорилгод хор хөнөөл учруулж мэдэх угсаатны улс төрийн хямрал (ethno-political crisis) бий болсон гэж үзэж байгаагийн хувьд шинэ Үндсэн хууль дахь дээр дурдсан Монгол Улсын улс төрийн биет цогцолборын тодорхойлолтыг нарийн шинжлүүштэй. Учир нь Үндсэн хуульд Монгол улсыг “үндэстний цөөнх” бүхий Монгол үндэстэн-улс хэмээн тодорхойлсон байхад өдөр тутмын хэрэглээнд Монгол үндэстэн доторх дэд бүлгүүд болох ястныг иргэний бүртгэлийн “яс үндэс” гэх хэсэгт “үндэстний цөөнх”-тэй хамтатган тэмдэглэж буй нь эдгээр хоёр ойлголтын ялгааг хавтгайруулж байна. Үүний улмаас зарим ястны бүлэг өөрсдийгөө “үндэстэн” хэмээн нэрлэхэд хүрсэн нь өөрөө Монгол үндэстэнд халтай. Үндсэн хуульд зааснаар үндэстний цөөнхийг зөвхөн хэлний эрх эдлэнэ хэмээн тайлбарлаж болох ч олон улсын практикт үндэстний цөөнх нь улс төр, нутаг дэвсгэрийн эрх бүхий өргөн хүрээний ойлголт болохын хувьд Үндсэн хуулийн уг тайлбарыг шууд байдлаар сорилтод оруулж байна. Уг угсаатны улс төрийн хямрал нь угсаатан, үндэстний талаарх эрх зүйн зохицуулалт, өдөр тутмын хэрэглээнд буй ангиллын төөрөгдлөөс урган гарсан гэх үндэслэлийг энэ судалгаанд дэвшүүлсэн болно. Хэрэв үндэсний эв нэгдэл нь 1992 оны Үндсэн хууль, 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсноор Монгол үндэстний эрхэм зорилго, дэмжин тэтгэгч тулгуур гэвэл ангиллын нэгдмэл байдал (categorical unity)-гүйгээр үндэсний эв нэгдлийг хангах боломжгүй.

Энэ өгүүлэл нь угсаатан, үндэстний ангиллын төөрөгдлийг арилгах, бууруулах хүрээнд тус ангилалд хэрэглэгдэж буй үгийн сан (товчхондоо нэр томъёо)-г эргэн нягтлахад чиглэсэн бодлогын саналд[6] зориулсан суурь судалгаа юм. Өгүүлэлд эхлээд ангиллын нэр томьёоны хэрэглээ болон тэдгээрийн Англи хэл дээрх орчуулгад буй төөрөгдлийг ангилал гэдэгт юуг ойлгодог, энэ нь улс төртэй хэрхэн холбогддог талаарх антропологийн ерөнхий судалгаа, Хятадын тухайлсан жишээний хамтаар тайлбарлана. Үүний дараагаар Монголын эзэнт гүрний үеэс өнөөг хүртэлх Монголын түүхийн ялгаатай цаг үеүүдэд угсаатныг хэрхэн үзэж ирснийг түүхийн үүднээс хураангуйлан танилцуулна. Эцэст нь Монгол Улс дахь угсаатны улс төрийн хуваагдмал байдлыг даван туулах арга замыг судлан Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж дахь угсаатан, үндэстний талаарх эрх зүйн зохицуулалтыг хянан үзэхийг санал болгоно.

 

[1] Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын талаар Uradyn E. Bulag 2017. “A World Community of Neighbours in the Making: Resource Cosmopolitics and Mongolia’s ‘Third Neighbour’ Diplomacy.” In Martin Saxer & Juan Zhang (eds.) The Art of Neighbouring Making Relations Across China’s Borders. Amsterdam University Press, pp. 121-144-аас үзнэ үү.

[3] Coombe, R. J. 1998. The cultural life of intellectual properties: Authorship, appropriation, and the law. Durham, NC: Duke University Press, p. 199.

[5] “Nationalist” гэдгийг энд илүү дундыг баримталсан (төвийг сахисан) утгатай “үндэсний үзэлт” хэмээх үгээр буулгав. Үүнийг “үндсэрхэг” хэмээн орчуулах нь сөрөг утгыг илэрхийлэх талтай байдаг.

[6] “Ястан, үндэстний талаарх Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, төрийн үйл ажиллагааны практикийг хянан үзэх тухай зөвлөмж”-ийг үзнэ үү.

 

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.10.29 ПҮРЭВ № 209 (6434)

Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

20 мин
С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуули

25 мин
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг амиа алдсанаас хойш 26 жил өнгөрч байна. Д

30 мин
С.Зоригийг хөнөөснөөс хойш 26 жил,  С.Зоригийг яагаад хөнөөснийг “ярьсан” сүүлийн 23 өдөр...

​​​​​​​УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг

35 мин
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Манай УИХ яг арван жилийн өмнө, 2014 оны долдугаар сарын 1-нд нэгэн тогтоолыг баталж байв.

40 мин
Монгол инженер Ж.Золжаргалын "Инженерийн 10 шийдэл" номын нээлт өнөөдөр боллоо

Энэхүү номд орчин үеийн технологийг ашиглан XXI зууны Монголыг бүтээх тухай 10 ши

13 цаг 10 мин
Т.Доржханд VS Б.Баттөмөр

Т.Доржханд VS Б.Баттөмөр

13 цаг 35 мин
С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

С.Наранцогт: Гашуунсухайтын замын талаар салбарын сайд нь тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна

13 цаг 53 мин
Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

Б.Энх-Амгалан:Мэргэжлийн стандарт боловсруулж, нутагшуулах асуудлыг холбоо шийдэх эрх зүйн чадамж байхгүй, би энэ заалтад эргэлзэж байна

13 цаг 58 мин