Ч.Дагвадорж: Ухаантай хүний бүтээл урт настай байдаг

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

Монголын  утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан эрхмийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, эрдэмтэн зохиолч Чойсүрэнгийн Дагвадоржтой төсөрхөн уулзаж ярилцлаа.

 

-Таныг шүлэг, зохиолоор чинь бас олон сайхан дуу бүтээлцсэн  уран бүтээлч гэж эчнээ мэдэх юм. Төдийлөн уулзаж ярилцаж явсангүй нь миний алдаа  юм уу. Энэ удаа завшаан тохиолдох шиг. Өөрөө ер нь аль нутгаас гаралтай хүн бэ?

-Насны намартаа очоод гэртээ л голдуу налайж суух болсон өвгөн зохиолчийг зорин ирж уулзаж байгаад баярлаж байна аа. Би Хөвсгөлийн Арбулаг сумын уугуул хүн л дээ.

Мөрөн хотын арван жилийн сургуулийг төгсгөөд Монгол Улсын Их сургуульд элсэж монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргээд нутагтаа очиж багшилсан. Хөвсгөл далайнхаа захад хөдөөшингүй хэдэн жил болсон доо. Энд нэгийг дурсахад намайг оюутан байхаас л миний хэн болох чиг зүгийг заасан хүн бол монгол хэл бичиг, уран зохиолын судлал шүүмжлэлээр нэрд гарсан Шанжмятавын Гаадамба гэдэг сод эрдэмтэн байлаа. Энэ хүн л намайг эрдэм шинжилгээний ажилд дагалдуулан сургасан багш юм. Бас нэг бурхан гэхээр багш минь Чой Лувсанжав байсан. Тэдний маань нөлөө ч орсон болов уу. Би удалгүй Намын Төв Хорооны шийдвэртэй “том амьтан” нийслэлд ирэв ээ.

Тэгээд Чой Лувсанжав багшийн туслахаар нэг жил ажиллаж. Тэгж байтал зураг төөрөг тийм байсан юмсан уу, Цэргийн сэтгүүлч болдог байгаа. “Ардын арми“ сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга албатай долоон жил гаруй болов. Уг албанаас чөлөөлөгдсөнөөр зорилгодоо хүрэхээр шамдсан даа.

-Улсын Их сургуульд нэг хэсэг багшилсан байхаа?

-За тиймээ. Ажил албаны дийлэнх хугацаагаа тэнд өнгөрүүлсэн. Мөн Монголын Зохиолчдын хорооны шүүмж судлалын зөвлөлийн эрхлэгчээр нэг хэсэгтээ ажилласан.

Энд миний нэрт шүүмжлэгчдийн тусламжтайгаар хийсэн гэж хэлэх нэг томоохон зүйл бол Монголын уран зохиолын шүүмжлэлийн зөвлөлийг чиглэлээр нь олон улсын байгууллагын гишүүнд элсүүлсэн. Энэ нь Монголын уран зохиолын шүүмжлэгчдийг дэлхийтэй холбосон гэсэн үг. Харамсалтай нь 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөх явцад манайх татвараа төлж чадахаа байгаад тэр гишүүнчлэлээсээ хасагдчихсан юм. Ингээд дахин холбогдож чадаагүй өдий хүрэв дээ.

"Ээж минь дээ" дууг мөнхрүүлсэн хадны бичээс.

-Өөрийн уран бүтээлийн хувьд...?

-Яах вэ. Хэлээд байвал зөндөө л юм бүтээчихсэн санагддаг. Би 1960 -аад оны сүүлчээс уран зохиолын шүүмжлэл гэдэг чиглэл рүү тун идэвхийлж ороод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж дээ.  Ямар хүрээг хамарсан судалгаа хийсэн бэ гэвэл 20 дугаар зуун бүхэлдээ урагшаа татаж яривал 1900-гаад оны уран зохиолыг судалсан гэж болох байх.

Үүний зэрэгцээ яруу найргийг дагнаж нэлээдгүй шүлэг, зохиолоороо ном гаргалаа. Сүүлд багшилж байсан Улаанбаатар их сургуулийн санаачилгаар дөрвөн боть номоо гаргасан. Энэ бол миний бүтээлийн гол цөм нь юм. Ер нь базаад хэлэхэд 60 гаруй номд зохиогчоор нэрээ бичүүлчихэж дээ.

Тэр дотроос жаахан бардамхан хэлэх нэг юм бол “Монголын нэвтэрхий толь”-ийн нэг, хоёрдугаар дэвтрийг гардан удирдаж хариуцлагатай редактораар нь ажилласан явдал. Энэ бол маш том бүтээл болсон. Зөвлөлд нь 15 хүн багтаж байсан ч цаана нь 430 гаруй уран бүтээлчид, эрдэм шинжилгээний ажилтны хүч хөдөлмөр шингэсэн юм. Уг бүтээлийг хийсэн хугацаа гэж яривал 28 жил бид ажилласан байдаг. Уг толийн редактор Академийн ерөнхийлөгч асан Б.Чадраа гуай хэлэхдээ:

-Энэхүү толь бол Монгол Улсын нүүр царайг илэрхийлсэн онцгой бүтээл. Улс орны хувь заяанд хамаарах үйл явдлууд бүгд түүхчлэн орсон Улсын нууцлалын холбоотой зарим зүйлүүд ч багтсан. Чухал чухал баримт бичгүүд ч уг тольд бий. Бид дахин давтагдашгүй бүтээл гаргаж чадлаа шүү дээ гэж хэлж байлаа.          

Мөн “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-ийг гаргахад бас оролцсон. Яруу найраг, дууны гээд 20-иод номоо уншигчдадаа өргөн барьж дээ.

-Тэгэхээр Монголын дууны яруу найрагт таны нэр бас тун дээгүүр бичигдэх байх шүү.

-Яах вэ. Нийтийн 400-гаад дууны үг биччихэж. Олонх нь дуулагдсан байх. Тэр дотроос хэн хүнгүй мэддэг болсон, он жилийн саалтад хуучирч хоцроогүй дуунууд бий. Тухайлбал дуучин, ая зохиогч С.Цэрэнчимэдийн дуулсан “Ээж минь дээ”, Ц.Сийлэгмаагийн дуулдаг “Богд нь уулын сүндэл”, дуучин Д.Бурмаа, А.Мөнхбат нарын амьдруулсан “Харцны чинь хайлганд автлаа шүү хонгор минь” дуу байнга л сонсогдож байх юм.  Хит болно гээч нь тэр юм болов уу.

Дуу бүтсэн түүх гэж бий. Тэгвэл “Ээж минь дээ” дууны түүхийг яривал дуучин С.Цэрэнчимэд Зохиолчдын хорооны үлгэрийн танхимд ажиллаж байхдаа надад

-Та ээжгүй хүний зовлонг мэднэ дээ. Миний ээж тун муу байна. Дээрдэх янзгүй шиг. Хоёулаа ээжийн тухай дуу хийе гэдэг юм. Тэгэхээр маргааш нь юм уу даа, 1988 оны яг өдий үе дөрөвдүгээр сарын сард нэг өглөө би

Будантай юу буурал хорвоодоо

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө гэж бичээд уншихад хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй урсаж байсан шүү.

С.Цэрэнчимэдэд ч тэр үг их таалагдсан байх. Тун удалгүй аяыг нь хийгээд өөрөө дуулсан. Сүүлд нь би сумынхаа нэгдүгээр багийн нутаг Битүүгийн аманд байдаг ээж нэртэй өндөр хаднаа уг дууныхаа дөрвөн мөртийг сийлүүлсэн юм.

Тэнд одоо хүмүүс очиж залбирал үйлддэг болсон байна лээ. Дуу мөнхөрч байгаа нь тэр байх.“Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Сэтгэлийн амраг”, Хотгойд аялгуу зэрэг дан дууны хэд хэдэн ном гаргасан. Одоо 100 гаруй дууг ноттой нь багтаасан нэг ном бэлдчихээд байна. Шүлэг зохиолын хоёр ч ном хэвлүүлэхэд бас бэлэн.

-Таны эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв юу вэ?

-1980 онд “Монголын орчин үеийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм л даа.

Ц.Дамдинсүрэн, Ц.Хасбаатар нар албан ёсны шүүмжлэгчээр ажилласан. Энэ сэдвийг эргээд дурсахад их хуучирсан мэт санагдаж магадгүй. Яагаад гэвэл Монголын ажилчин ангийн түүхийг судалсан Батын Түдэв гэдэг хүн бид хоёрын нэр ажилчин анги гээд ярихаар хэлэгдэх газаргүй мэт болчхож.

1990 оны өмнө гэхэд манай улс чинь 1000 гаруй үйлдвэртэй, 118 мянган ажилчинтай байлаа шүү дээ. Гэтэл хувьчлалын буруудлаас болоод үйлдвэрүүдээ устгаж ажилчин ангийн том армиа үгүй хийсэн юм. Үүний уршгаар бидний монголчууд бусдын юмаар хооллож, хувцасласан маягтай нэг үгээр хэлэхэд амь зогоож л  байна шүү дээ.

-Нэгэн зүйлийг нэмж асуухад уран зохиолын шүүмж, судлал гэж бараг байхгүйтэй адил болсон шиг. Энэ талаар жинхэнэ мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

-Ер нь уран зохиолыг өөд татъя гэвэл шүүмж, судлалгүйгээр хол явахгүй л дээ. Өнөөгийн зохиолч, яруу найрагчдын бүтээлд шүүлтүүр гэж алга. Тийм болохоор зохиол нэртэй янз бүрийн юмс хөвөрч номын тоог нэмж л байх юм. За тэгээд ийм, тийм болж гэж хэлээд ч хүлээж авдаг хүн байгаа ч юм уу мэдэхгүй. Энэ талаар олон юм хэлээд ч нэмэргүй санагддаг.  

-Таныг хутагт хувилгаад зэрэг домогт хүмүүсийн тухайд нэлээд судалдаг гэж сонссон. Ном гаргасныг үзсэн. Тэр дотроос Дилав хутагтын талаар ихэд сонирхсон хүн юм билээ?

-За тиймээ. Ер нь уран зохиолын шүүмжлэл, сэтгүүл зүй хоёр тун холбоотой гэж боддог. Уран зохиолын шүүмжлэл сэтгүүл зүйд хамаардаг нь дэлхийн жишиг гэж болно. Би сэтгүүлчийн хөдөлмөрт 20-иод жилээ зориулсан хүн. Бичиж нийтлүүлсэн бүтээлүүд маань яв явсаар Дилав хутагт Жамсранжавын ажил, амьдралыг сонирхоход хүргэсэн болов уу.

Би 1990-ээд оны сүүлчээр АНУ-д очихдоо Дилав Хутагтын сойвон байсан дооромбо Жамбалдорж гэдэг хүнтэй танилцсан нь их гэгээнтний ажил, үйлийн талаар багагүй зүйл мэдэж авсан юм. Мөн Луу жанжин гүний том хүү Завханаар овоглодог байсан Хорло цорж мөн түүнд шавь орж өмнөдөөр явж суухдаа Дилав хутагттай хамтран зүтгэж явсан Өмнөговиос гаралтай Жамц гэдэг хүний тухайд бас мэдэх болсон юм. Тэр 100 гаруй нас зооглосон Жамбалдорж гуай бол 30-аад жил Дилав хутагтын шавь болж дэргэд нь байж насан өөд болтол нь асарч хандсан хүн. Түүний хэлсэн үг бүхэн аман түүх юм л даа. Аман түүхийн гол чанар үнэн байдагт оршино гэж би боддог.

Жамбалдорж гуай ярихдаа: Дилав хутагт чинь зүгээр нэг хуучин цагт тодорсон хувилгаан, шашны хүн биш Монгол Улсын хэтийн ирээдүйг шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн хүн юм шүү. Гэтэл Монголчууд зүгээр л цагийн эрхээр гадагшаа цагаачилсан жирийн нэг лам гэж эндүүрч явж дээ гээд жинхэнэ мартаж боломгүй түүхэн хүн байсан юм гэж ярьсан.

-Дилав хутагтын тухайд Богдод их таалагдаж байсан хүн гэдэг. Богдын тамгатай хутагт ч гэж бичигдсэн байдаг. Тэгээд сүүлд нь Дотоод яамны шийдвэрээр тагнуул болгож гаргасан энээ тэрээ гэсэн дурсамжууд хөвөрдөг дөө.

-Тиймээ Жамбалдорж гуайн ярианд түшиглэн хэлэхэд 1930-аад оны эхэн үед Япон болон Гоминданы Хятадын зүгээс манай улсын эсрэг бодлого, үйл ажиллагаа идэвхтэй байж. Үүнд: Төвдийн VI Ванчин богд Гэлэгнамжилын нөлөө ч их байсан юм гэдэг. Тиймийн учир Дилав хутагтыг хилийн чанадад нууцаар гаргаж Тэр Ванчин богд гэгчийн дэргэд байлгаж туршуулахаар илгээсэн байдаг. Энэ нь Маршал Х.Чойбалсангийн нөлөө орсон бас оргож гарсан гэсэн нэр зүүлгэсэн нь ч үнэн гэж бичигддэг.

Дилав хутагт анх Чунцин хотод суурьшсан бол удалгүй Ганжуурва хувилгааныг дагаж гарсан 100 өрх мөн Очирдара хувилгааны 80 гаруй өрх айлыг нэгтгэсэн “Дилав хошуу” гэж байгуулан захирагч нь болсон байж. Ванчин Эрдэнэ хувилгаантай ч их ойртож танилцсаны гадна Дилав хутагтын нэр хүнд ч өссөн байдаг.

Сүүлдээ хутагт маань Чан Кай Шигийн Азийн асуудал хариуцсан зөвлөх, Далай ламын зөвлөх болж явсан. Сүүлд нь Америкт очоод эрдэмтэн О.Латиморын үнэнч нөхөр, тэнд бий болсон Халимаг сүмийн хамба болсон юм гэдэг.

-Багш минь Хятадад 10 жил, Энэтхэгт бас төдий хэрийн жил болж Америкт амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлсэн. Би гэдэг хүн олон зуун шавийнх нь нэг гэж байсан.

Хутагт Америкаас Энэтхэгт байсан Жамбалдорж гуайд захидал бичиж л дээ. Уг захидалдаа мэнд амрыг нь мэдээд “За хө багш нь нас сүүдэр ахиж бие чилээрхэнгүй байх боллоо. Иймд дэргэдээ чамайг байлгахаар сонгож байна. Ирэхийг чинь хүлээе гэсэн байж. Жамбалдорж гуай хариуд нь дэргэдээ байгаач гэсэнд гялайлаа. Ээдээ багш минь таны олон зуун шавь нараас сурсан мэдсэн болоод аль ч талаараа би тааруухан хүн. Өөр хүн сонговол яанам бэ? гэж бичиж. Тэгсэн хутагт -Үгүй ээ. Би өөр хүн сонгохгүй. Чи л миний дэргэд байх учиртай гэснээр Жамбалдорж гуай Америкт очсон юм гэдэг. Тэгээд Дилав хутагтыг насан өөд болтол нь дэргэд нь байж. Багшийгаа бие нь муу байсан үед буюу бүтэн зургаан сар дэргэд нь нүд цавчилгүй шахам хувцсаа тайлалгүй байсаар бурхны оронд явуулсан даа би гэж Жамбалдорж гуай ярьсан юм даа.

-Дилав хутагт ер нь ном эрдэм хийгээд зан төрх нь ямар хүн байсан бол...?

-Жамбалдорж гуай хэлснээр бол  ном эрдмээр онцгой нэгэн төдийгүй, түвд, англи хэлэнд гарамгай хүн байж л дээ. Бас шагай харвана. Шатар тоглоно. Өндөр нуруутай, сайхан царайтай, гоё шүдтэй хүн байсан. Харин цагаан бурхнаар өвчилсний улмаас царай нь ов товхин цоохордуу болсон гэж байсан юм.

Эдгээр ярианд үндэслээд бас Дилав хутагтын шавь Жамц гэдэг хүний тухай “Хүйн холбоо буюу цагийн эрхээр харьд одсон монгол эрийн цадиг хуучийн хэлхээ” Жамбалдорж дооромбын тухайд “Хутагт багшийн таалалд нийцсэн хувь заяандаа залбирнам” гэсэн хоёр ном би бичиж дээ. Тэр номс уншигчдад нэлээд хүрсэн шиг байгаа юм. Миний хувьд үе үеийн хувилгаад, гэгээнүүдтэй ер нь бараглан уулзчихсан юм байна. Одоо бодоход. Сүүлд бичсэн Гэгээнтнүүдийн тухай гэдэг номд маань гэхэд Дилав хутагт, Дорнодоос гаралтай Зоригий гэгээн, Завханы Хорло цорж,  Энэтхэгээс Монголд сууж байсан Бакула ренбүүчий болон Ажаа гэгээн, Гүрдаваа ренбүүчий гээд монголд бурхны шашны түүх бүтээлцсэн домогт гэгээнтнүүдийн тухай бичвэрээ багтаасан бий.

Эцэст нь хэлэхэд тэр Жамбалдорж гуай Дилав хутагт багшаа дурсахдаа үе үе нулимс дуслуулан ярьж байсан нь санаанд илхэн байдаг юм. Ихийн их ухаантай хувилгаан хүний буяныг биширч байсны нь илрэл тэр байх гэж би ойлгож байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

 

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

10 цаг 26 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

10 цаг 31 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

10 цаг 37 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

20 цаг 30 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

20 цаг 35 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

20 цаг 40 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

20 цаг 45 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

20 цаг 50 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

20 цаг 55 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 0 мин