Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” олон улсын циркчдийн тоглолтыг үзлээ. Тоглолт үзэхээр биднийг очсон цагт том, бага нийлсэн 3000 орчим үзэгч цугларч ёстой л “бум бужигнаж, түм түжигнэж” байв. Мөсөн Өргөөний төв хаалгаар ормогц өнгө өнгийн гэрэл цацруулсан чимэглэл, тоглолтод оролцох циркчдийн танилцуулга зургийг томоор хэвлэн байршуулж улмаар улаан хивсэн гудам тоглолтын их танхим руу хөтөлнө. Ордны мөсөн талбайг тусгай зориулалтын хуванцар хавтангаар дүүргэж, түүнийгээ улаан өнгийн хивсэнцэрээр давхар хучин циркийн урлагийн тоглолтын хоёр манеж (тайз) зассан нь танхимд орсОн хүн бүрийн харцыг булаах нь таатай. Арга ч үгүй биз, бид чинь циркийн урлагийн тоглолтыг нэг манежид тоглож байхыг үзэж дадсан үзэгчид л дээ.

Тус тоглолтыг зохион байгуулагчид, AIC Степпе Арена ХХК-ийнхан нэлээд зүйлсийг санаачлан бүтээсэн нь үзэгчдийн таашаалд нийцжээ. Танхим дахь суудлын 4/1-ийг хар өнгийн хөшгөөр тусгаарлан үзэгчдийн суудал тал руу гэрлэн дэлгэц суурилуулсан, үзэгчдийг манежид ойртуулан тусгай суудлуудыг хэсэгчлэн тасалгаа хэлбэртэй байршуулсан, тоглолтод оролцох дэгжин загвараар үсийг нь зассан сургуультай ноход, хүн бүртэй мэндчилэн хөгжөөж, алиалагчтай гэрэл зургаа авхуулах боломжтой талбар, хүүхэд залуусын сонирхлыг татсан илбийн үзүүлбэрийн жижиг тоноглолыг борлуулж байгаа нь гадаадад спортын ордонд циркийн урлагийн тоглолт зохион байгуулдаг хэв шинжийг агуулсан байна. Улаанбаатар хотод циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах орон зай шаардсан маш цөөн байгууламжийн нэг нь Мөсөн Өргөө мөн болохыг “Дэлхий цирк, Монголд”  хөтөлбөрийн тоглолт нотлов.

Мөсөн Өргөөнд агаарын үзүүлбэрийн тоног төхөөрөмж суурилуулах даацын бэхэлгээ, цахилгаан татлагын тоноглол суурилуулалт, араатан амьтан байршуулах талбай, жүжигчдийн хувцас солих өрөө, тасалгаа, эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө зэрэг олон улсын тоглолтод шаардах бүхий л зүйлс хангагдсан талаар гадаадын жүжигчид сэтгэл хангуулан өгүүлнэ. Казахстан улсаас ирсэн  “Сургуультай нохой”-ны үзүүлбэрийн амьтан сургагч жүжигчин Лаяла Салимбаева өгүүлэхдээ, Степпе Аренад миний шавь жүжигчид  болох нохойнууд минь яг л таван одтой буудалд байгаа мэт ая, тухтай байрлаж байна" гэсэн бол Аргентин улсаас ирсэн дугуйн үзүүлбэрийн жүжигчин Франко Карвало, "Ний нуугүй хэлэхэд, Монголд очоод мөсөн талбай бүхий ордонд тоглох сураг сонсоод  манежээ хэрхэн засаж суурилуулах бол хэмээн эргэлзэж байв. Мөсөн Өргөөнд орж ирээд монголчууд яг л хойд америкийн хотууд дахь спортын ордны зарчмаар бүхий л зүйлсийг тоноглосон ордон бүтээн байгуулсныг үзээд сэтгэл амарч, өөрийнхөө тоглолтыг төгс гүйцэтгэлд анхаарах болсондоо" гэх зэргээр үнэлгээ, дүгнэлт өгч байна.

Тоглолт эхлэв. Хөгжмийн марш аялгууны хэмнэл дор олон улсын циркийн 80 орчим жүжигчид, өнгө алаглан сүлжилдэх гэрлэн чимэглэлийн дор үзэгч олны уухай, алга ташилт, хөөр баяслын дунд гал улаан хоёр манежыг бүрхэн эзлэх нь нүд баясган сэтгэл догдлуулна. Ойрын хэдэн жил Сүхийн талбайд  улс төрийн шинжтэй жагсаал, цуглаан харж, зүрх шимширч байсан надад эдгээр циркчдийн сүрлэг парад (тоглолтын нээлтийн жагсаал - мэндчилгээ) үнэхээр “сайхан”-ыг мэдрүүлсэн мөч байв. “Сайхан” гэх ойлголт нь гоо зүйн шинжлэх ухааны үндсэн категори (ангилал-үзүүлэлт) -ийн нэг нь юм. Циркийн урлаг нь гоо зүйн шинжлэх ухааны тулгуур  категориуд болох “сайхан”, “ гайхамшиг”, “эмгэнэл”, “инээдэм” -ийг үзэгч бүрийн сэтгэлд түгээн хүргэдэг болохыг  “Дэлхий цирк Монголд” хөтөлбөр мэдрүүллээ. Бидний “сайхан” хэмээн үнэлж байгаа чанарууд бодит байдал, юмс үзэгдэлд агуулагдан хэмээн гоо зүйн шинжлэх ухаанд тодорхойлжээ. Үүнийг акробатын “Битлз” хамтлагийн үзүүлбэр нь хөгжим, хувцаслалт, жүжигчдийн тайзнаа биеэ авч яваа байдал, донж нь 1960 оны дэгжин залуусын зан авир, төрх байдлаар дүрслэн алдарт Beatles хамтлагийн  “Yestreday” дууны аялгуунд хүч тамирын акробатыг хөнгөн чадамгай үзүүлж буй нь 60,70-д оны бидний үеийнхний дурсамжийг сэдрээсэн “сайхан” мэдрэмж төрүүлэв.  Тэгвэл, БНХАУ-аас ирсэн жүжигчин Жанг Фан нь хоёр см орчим диаметр бүхий маш сул татагдсан төмөр утас ( тросс) нь дээр толгой, нэг гар дээрээ тэнцвэрээ олж, үзэгчдийг гайхшрууллаа. Хүн гэдэг бодьгал нь өөрийн биеэр юуг ч хийх чадамжтайг түүний тоглолтоос харж “гайхамшиг”  гэхээс өөр тодорхойлох үг эс олдоно. Дэлхий дээр бидний сэтгэл санааг эзэмдэн уулга алдуулсан гайхамшигт үзэгдлийг нэгэнд байгаль дахь үзэгдэл юмс буюу байгалийн өөрийн бүтээл, хоёрт хүний бүтээсэн үйл ажиллагаа гэж эрдэмтэд үздэг. Үүнийг нотлох мэт араатны хаан гэгдэх арслан, алаг эрээн барууд дунд цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй мэт чөлөөтэй алхлах  Узбекстан улсаас ирсэн амьтан сургагч  Отабек Хуйсинов нь өөрийнхөө сэтгэл санаа, айдсаа ялан дийлж хувь хүнд байж болох зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээний дээд оргилыг үзүүлэх нь гайхамшиг юм. Монголчууд бид, араатны хааныг гадаад орны амьтны хүрээлэн эсвэл баримт киноноос л үзэж байснаас бус дэргэдээс харж, эхүүн үнэр, энэрэлгүй ширтэх шар ногоон өнгийн нүд, хэдийд ч чиний биед хүрч мэдэх хутга, мэс мэт хурц соёо, хумсыг ойрын зайнаас ажиж байсангүй. Бид сэтгэл, санаандаа аймшиг, эмээх мэдрэмж тээн сүрдэн зэрвэхсэн ч араатны хааныг хараад байхыг хүсэх нь  “гайхамшигт үзэгдэл” юм.

Хөтөлбөрийг өвөрмөц жүжиглэлт, найруулгаар чимсэн үзүүлбэр бол Орос–Украины жүжигчдийн хамтарсан бүтээл болох “Duo always  буюу үүрдийн хос” гэх агаарын гимнастикчдын тоглолт байв. Агаарын үзүүлбэрт өндрөөс унах эрсдлээс сэргийлэн хамгаалах бүс хэрэглэдэг. Энэ үзүүлбэрт хамгаалалтын бүс хэрэглэсэнгүй. Хоёр жүжигчин маань үйлдэл, хөдөлгөөнийг 4-5 метрийн өндөрт савалт, нисэлттэй хослуулан ур чадвараа гайхуулан чадамгай гүйцэтгэх нь бахархал төрүүлнэ. Энэхүү үзүүлбэрт эмэгтэй жүжигчин нь гэзэгнээсээ татуурга олсоор татуулан агаар хөөрөн нисэх нь нэг талаасаа гайхмаар нөгөө талаас байж боломгүй үзэгдэл байв. Эмэгтэй жүжигчинд ямар ч өвдөлт, зовиурыг авчрахгүй арга техникээр үзүүлбэрийг чимж чадсан байна. Мөн тус үзүүлбэрт цахилган татуурга ашигласан чухал дэвшлийг нэвтрүүлсэн байна.

Монгол улсад циркийн урлагийн хөгжил зогсож, сүйрч алга болоогүйг сүүлийн жилүүдэд олон улсын нэр хүндтэй тэмцээн, наадамд тогтмол оролцон тэргүүн байр эзлэн шагнал, урамшил хүртэж буй  Монголын олон арван авьяаслаг циркчдийн уран бүтээл нотолж байгаа. Эдгээрийн төлөөлөл болох монгол циркийн жүжигчдийн шидэх банзнаас үсрэгчдийн үзүүлбэр нь өөрийн залгамж халаа шинэ залуу уран бүтээлчтэйгээ мөр зэрэгцэн хоёр манежнаа дуу, дуугаа авалцан агаарт дүүлэн акробатын олон эргэлтийг гайхуулах мэт гүйцэтгэнэ. Үзэгчид, монгол залуусынхаа тоглолтоор бахархан алга ташилт, исгэрэлт, уухайгаар  урам өгч, баяр хөөр, аз жаргалаар бялхлаа. Тоглолтод оролцсон уран бүтээлчид эпилог-парад  буюу төгсгөл, үдэлтийн жагсаалаар үзэгч олонд талархан ёсолно.

Ярих, дурсах зүйл ихтэй “Дэлхий цирк Монголд” хөтөлбөрийг санаачлан өөрийн эх оронд авчирсан циркийн урлагт хүчин зүтгэж яваа Н. Эрдэнэ тэргүүтэй хамт олонд баярлалаа.

Дараа жил дахин онц сонирхолтой “Дэлхийн цирк”-ийг эх орондоо урин авчирахыг тань тэсэн ядан хүлээж байна. Монгол улсад циркийн урлаг мөхөж байгаа мэт ойлголтыг тас цохин “Бид байгаа” гэдгээ харуулсан Монголын циркчид, багш дасгалжуулагч, оюутан, сурагчдаар бахархаж байна. Та бүхэн Монголын циркийн хөгжлийн хүнд хэцүү үеийг уйгагуй хөдөлмөр, хичээл зүтгэлээр даван туулж яваа. Та нартаа амжилт хүсье.

Мөсөн Өргөө нь спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн, соёл урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолтыг өөр, өөрийнх нь онцлогт нийцүүлсэн өнгө төрх, хэв загвартай тайз заслыг технологийн сүүлийн үеийн төхөөрөмж бүхий гэрэлтүүлэг, дэлгэц, дуу-авиаг ашиглан яаж л бол яаж  “хувиргах” чадвартай  байгууламж болохоо дахин нотоллоо. Жишээлбэл, Монгол цэргийн өдрөөр тус ордонд зохион байгуулсан арга хэмжээ “цэргийн хуаранд”, Хас банкны шинэ жилийн арга хэмжээ “Таван одтой зочид буудал”-ын зоогийн их танхимд, жүдо бөхийн Гран При олон улсын тэмцээн Токио хотын “Будокан ордон”-д , ОХУ-ын уран гулгалтын “бүх одод”-ын үзүүлэх тоглолт  Москва хотын “Лужники спортын ордон” -д мэтээр зохион байгуулагдсан.  Монголчууд аа, эх орондоо олон улсын соёл, спортын ямар ч тоглолт, тэмцээнийг дэргэдээс нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн ордон, танхимд үзэх завшаан, боломжийг бүрдүүлэн Мөсөн Өргөө ордныг бүтээн байгуулсан “Ачит Ихт” ХХК-д дахин дахин талархал илэрхийлье. Бид бүхэн олон улсын ямар ч арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулахад нүүр улайхгүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан олон нийтийн барилга, байгууламжтай болжээ. AIC Степпе Арена, UG Арена мэт олон улсын спортын холбоодын дүрэм, стандарт, шаардлагыг хангасан, соёл урлагийн тоглолтын  уран сайхны хэрэглээ,  төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчилгээний аятай тухтай орчныг төгс бүрдүүлсэн эдгээр ордонд Монголын “Gen-Z” буюу “Зэт” үеийнхэн саатан морилох болов. Бидний үеийнхний ашиглаж, хэрэглэж байсан “спортын заал, соёлын төв” -ийн үе дууссан юм байна. Арга ч үгүй биз нийгмийн хөгжил, хүний хэрэглээ өсөн нэмэгдэж, Монгол оронд минь дэлхийн хэрэглээ, үйлчилгээ, стандарт хурдтай нэвтэрч байна.

“Дэлхий цирк Монгол”-д тоглолт өндөрлөв. Тэд ирэх жил шинэ үзүүлбэр, шинэлэг өнгө төрхтэй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Урлаг судлаач Н.Батмөнх

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг дуудаж байна

5 цаг 18 мин
"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

"Г.Батбаяр агсны машинаас гэрээслэл, бичиг баримт олдоогүй"

5 цаг 22 мин
Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

12 цаг 42 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

12 цаг 52 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

12 цаг 52 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

12 цаг 57 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

13 цаг 2 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

13 цаг 7 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

13 цаг 12 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

13 цаг 17 мин