Хилээс төрсөн алтан мөрдэстнүүд

2024-04-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доктор, дэд профессор Н.ДАВААДОРЖ

Дэлхий нийтэд анх “Генерал” хэмээх цэргийн дээд цолыг Франц улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бөгөөд Оросын эзэн хаан I Петр 1657 оноос армийнхаа удирдлага, жанжин нарт генерал цолыг хүртээх болсон байна. Генерал хэмээх цэргийн дээд цол тусгаар тогтносон дэлхийн бүх улс орны армид байдаг. Генерал цолтонгууд тухайн улсынхаа цэрэг армийг удирдан зохион байгуулагч, хөдөлгөгч гол хүч, тулах багана нь болдог. Аливаа улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь улсын хил. Тиймээс дэлхийн ихэнх улс хил хязгаараа хамгаалах тусгай цэрэгтэй байдаг. Тэднийг удирдах дарга, генералуудтай.

1944 оноос өнөөг хүртэл Монгол Улсын торгон хил, хил хамгаалах байгууллага, хилчдийн эгнээнээс 29 алтан мөрдэстэн "төржээ". БНМАУ-ын СНЗ-ийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд хуралдсан 52 дугаар хурлаас “Ардын хувьсгалт цэрэг ба Дотоод явдлын яамны дээд дарга нарт цэргийн алдар цолыг олгох тухай” тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор дэслэгч генерал цолыг Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, хошууч генерал цолыг С.Равдан, Б.Дорж, Б.Шагдаржав, М.Зайсанов, Р.Сосор болон батлан хамгаалах салбарын 11 хүнд олгосон байна. Энэ үеэс БНМАУ-ын цэргийн дээд цол нь Зөвлөлтийн улаан армийн жишгээр хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал, маршал” гэсэн шатлалтай болон өөрчлөгджээ.

Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Дорж нь хил хамгаалах байгууллагын анхны генерал бөгөөд 1971 онд “Армийн генерал” цол хүртсэн нь Монгол Улсын цэрэг, батлан хамгаалахын түүхэн дэх цорын ганц “Армийн генерал” цолтой цэргийн жанжин юм. Монгол Улсын зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсонтой уялдаж, дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчинд түгээмэл хэрэглэгддэг бригадын генерал, тэргүүн ахлагч, сургагч ахлагч цолыг нэвтрүүлжээ. Үүнтэй уялдан УИХ-ын чуулганаар 2006 онд “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, маршал гэснийг “бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал” хэмээн өөрчлөн найруулжээ. Үүний дагуу Ерөнхийлөгчийн 2006 оны 308 дугаар зарлигаар ХЦУГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техникийн газрын дарга, хурандаа Дондовын Ганбаатарт бригадын генерал цол хүртээсэн нь хилийн цэргийн анхны бригадын генерал цолтон болжээ.

Монгол Улсын төрөөс цэрэг, батлан хамгаалахын салбарт генерал хэмээх эрхэм дээд цолыг 1944 онд олгож эхэлснээс хойш өнөөг хүртэл Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас 219 “Алтан мөрдэстэн” тодрон гарчээ. Үүнээс хил хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 91 жилийн хугацаанд 29 алба хаагч “Генерал” хэмээх эрхэм цолыг хүртсэн нь энэ цолны босго, шалгуур, үнэлэмж, хүндлэлийг илтгэн харуулж байна. Хилээс тодорсон 29 алтан мөрдэстнийг цолоор нь авч үзвэл Армийн генерал нэг, дэслэгч генерал дөрөв, хошууч генерал 15, бригадын генерал есөн  хилчин байна.

Өнөөдрийн байдлаар хилийн цэргийн генералуудаас албан үүргээ гүйцэтгэж байгаа ес, бэлтгэл чөлөөнд ес, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 11 хүн байна. Хилчин генералуудаас БНМАУ-ын баатар нэг, Хөдөлмөрийн баатар хоёр, дайнд оролцсон ахмад дайчин хоёр, Ардын их хурлын депутат тав, УИХ-ын гишүүн гурав, гавьяат хуульч нэг, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нэг, эрдмийн зэрэг, цолтой есөн генерал байна. Мөн Монгол Улсаа төлөөлөн БНАСАУ, БНАГУ, Чех, Югаслов, ОХУ, Ветьнам, Лаос улсад Элчин сайд, консул, нарийн бичгийн дарга, хилийн албан ёсны төлөөлөгч гэсэн дипломат албанд зургаан генерал зүтгэж, төрийн алтан аргамжааг залгуулсан байна.

Мөн улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн олон генерал “Улсын торгон хил”-ийн түүхэнд тодоос тод алтан үсгээр мөнхрөн бичигджээ. Тухайлбал, баруун хилийн Байтаг богд, Их бага Хавтага, Хужиртын байлдааныг БНМАУ-ын баатар, ДЯЯ-ны Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, армийн генерал Батын Дорж “Мажиг” хэмээх нууц нэрээр Монголын ард түмний дунд “Ургацын” хэмээн алдаршсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Жамбын Жамъян нар гарамгай удирдан зохион байгуулж, харийн дайснаас эх орноо цэвэрлэн ялалт байгуулж, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган бэхжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан.

Түүнчлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш 1962 онд БНХАУ-тай, 1976 онд ЗХУ-тай улсын хил тогтоох ажлыг санаачлан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж Монгол Хятадын хилийг НҮБ-д 1975 онд бүртгүүлж, Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн гавьяатан билээ. Тэрээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд “Хилийн албаны нэвтэрхий толь” хэмээн мөнхрөн алдаршсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Хилийн цэргийн үе үеийн алтан мөрдэстнүүд эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын аюулгүй байдал, иргэдийнхээ амгалан тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, улсын хилийг тогтоон тэмдэглэх, хамтран шалгах, хил хамгаалах байгууллагыг мэргэжлийн чиг хандлагатайгаар бэхжүүлэх, хилчдийг сурган бэлтгэх, албанд дадлагажуулах, хилийн эрх зүйн орчинг шинэчлэн төгөлдөржүүлэх, хилчдийг ая тухтай амьдарч, ажиллах орчныг нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг удирдан зохион байгуулж иржээ. Монгол Улсын тусгаар тогтнолын үндсэн баталгаа болох улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад үе үеийн хилчин генералуудын авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь Монгол Улсын түүхийн бичлэгт том байр суурь эзлэх нь дамжиггүй.

Хилийн цэргийн түүхт 90 жилийн ой, Монгол Улсад генерал цол буй болсны баримтат цуврал 29 нэвтрүүлгийг МҮОНТ-ийн уран бүтээлчидтэй хамтран туурвиж, олон нийтийн хүртээл болгосон нь Хилийн түүх, хил хамгаалалтын түүх нөхөгдөн бичигдсэн үйл явдал болжээ. Хилчин генералуудын улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад оруулсан хувь нэмрийг хойч үед уламжлан үлдээх тэдний байгуулсан гавьяаг мөнхжүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор  хилийн цэргийн анги, салбарыг “Нэрэмжит” болгон алдаршуулж байна. Тухайлбал, БНМАУ-ын баатар, армийн генерал Б.Доржийн нэрэмжит Ховд аймгийн Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар анги, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Арвайн нэрэмжит Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар анги, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Хилийн цэргийн 0275 дугаар анги, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ч.Сандрын нэрэмжит Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангийг дурдаж болно. Монгол Улсын хилчин генералууддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7316)

 

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

9 цаг 45 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

10 цаг 53 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

11 цаг 1 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

13 цаг 4 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

15 цаг 46 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

18 цаг 9 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

18 цаг 14 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

18 цаг 19 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

18 цаг 24 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

18 цаг 29 мин