Шашныг хамгаалж, номыг тэтгэх Чойжин сахиус буюу “Гүртэн Чойжонч”

2024-02-29
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ТУУЛ

 

 “Хилэнт эх” хэмээх модон луу жил монголчууд бидний хувьд олон сайхан үйл явдал, учрал тохиолыг бэлэглэсээр хаврын урь угтаж байна. Энэ л цаг хугацааны урсгал дунд хүмүүний мэдлэг оюунд гэгээ татсан нэгэн чамбай бүтээл төрсөн нь Соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлаач, доктор Урианхайн овогт Бадам-Очирын Галааридаар овоглосон “Гүртэн Чойжонч” хэмээх ном ажээ.

Луу жилийн эхэнд уншигчдын мэлмийг мялааж буй энэ ном Үндэсний төв номын санд өчигдөр албан ёсоор нээлтээ хийж, номын хуудсаа сөхөв. Номын нэр хэн хүний сонирхлыг татах нь дамжиггүй.

Толь бичиг сөхвөл, гүртэнтэй холбоотой үгсийн тайлбар хайвал "Гүртэм” гэдэг нь шарын шашны чойжин бурханы сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цолыг гүртэмбэ гэдэг аж. Гүртэн гэхээр  гүртэм буулгадаг хүн буюу өнөө цагт бидний ойлгосноор “Тэнгэрийн хэл”-ээр ярьдаг хутагт хувилгаад, онгод сахиус буулгадаг бөө мөргөл, шарын шашны хүмүүсийн тухай энэ номд өгүүлжээ.

Уг бүтээлийг номын хорхойтнууд хийгээд эрдэмтэн мэргэд, багш судлаачид бодлын зангилаа тайлсан, ахин дахин унших “хорхойсох”,  бодож эргэцүүлэхын хэрээр цаашаа бас ухаж төнхөх, судалж шинжлэх эрэл хайгуул хийсэн чамбай судалгааны бүтээл  болсныг уншиж шимтсэн бичгийн нөхөд дүгнэж ярих нь бүр ч сонирхол татам. Энэхүү номын хуримд олон сонирхолтой зочид хүрэлцэн иржээ. Тухайлбал, Гүртэн чойжин удамтай хүмүүсийн үр хүүхдүүд  хүрэлцэн ирсэн байна. Мөн өнөө цагт энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, ном бүтээл туурвидаг эрдэмтэн судлаачид  хүрэлцэн ирсэн байна. Тэр дундаа даяаршлын эрин буюу бидний технологжсон зуунд Монгол үндэстэн, монголчуудын угсаа гарвал хэмээх ухагдахуунд хамаарах олон талт соёл, өв уламжлал, монгол хэл соёл, бөө мөргөл, тэнгэризм, угсаатны зүйн судалгаа, утгазохиол зэрэг олон  салбарт хүний тархи оюунд мэдлэг нэмэрлэж, түүх, судалгааны бүтээл туурвиж буй  олон чамбай бүтээлийн эзэд болох шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, эрхэм зохиолч Б.Галааридтай тэнгэр судлалаар олон жил хоршиж яваа Ардын багш Л.Дашням, МУИС-ийн Философийн тэнхмийн багш, шашин судлаач С.Дэмбэрэл, доктор Б.Болдсайхан зэрэг эрдэмтдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Номын хуримыг зорин ирсэн олны дунд бас нэгэн содон хүн байсан нь нас залуу боловч сурсан мэдсэн, сууж судалсан мэдлэг туршлагаар арвин, энэхүү  шинэ номын судалгааны гол эх сурвалж болсон гүртэн чойжин сахиусын зан үйлийг  20 гаруй жил өвлөн уламжилж яваа Жанчивдэчинлэн хийдийн хамба Ж.Шинэндэнцэл зорин ирж, сэтгэгдлээ хуваалцсан нь орчин цагийн судлаач эрдэмтдэд энэхүү сэдвийг  илүү өргөн дэлгэр судлаасай гэсэн сэдлийг бас төрүүлж байлаа.

Зохиогч энэхүү бүтээлдээ номын сахиус хэрхэн 1300-гаад жилийн тэртээ Төвдөд анх дэлгэрч, улмаар бурханы шашнаа хамгаалахын учир Чойжин буух зан үйл болон хөгжиж ирснийг өгүүлээд, Монголд дэлгэрсэн ороо бусгаа түүхэн цаг үеийн сонирхолтой түүх, баримт мэдээ,  Ардын баатар Хатанбаатар Магсаржав нарын тухай, Монгол төрийн “Мэргэн сайд” хэмээгддэг Ерөнхий сайд А.Амар, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг  Д.Лосол Богд хааны хатан Ц.Дондогдулам, Ц.Гэнэнпил нар чойжин буудаг байсан тухай, түүхийн хувьд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр хэрхэн энэ зан үйл дарагдсан, шашин шүтлэг хаалттай социализмын үед далд оршин байсан тухай судалж, сурвалжилсан бүхнээ эмхэтгэн баринтаглажээ. 

Номын нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүс МУСГЗ, соёл судлаач доктор зохиолч, сэтгүүлч Б.Галааридын хөндсөн сэдэв, судалгааны бүтээлийн талаар санал сэтгэгдлээ хуваалцаж, “амттай” яриа дэлгэж, хууч домог хүүрнэж, уншигчдын оюуны мэлмийг баясгав. Энэхүү сэдэв, судалгааны тухай зарим эрдэмтэн судлаачид хэрхэн дүгнэж, сэтгэгдлээ хуваалцсныг хүргэе. 

 

Ардын багш С.Дулам: “Гүртэн Чойжонч” ном жинхэнэ академик, эрдэм шинжилгээний бүтээл болжээ

-Энэ олон түвэгтэй сэдвийн дотор судлаач болгон зориглон барьж авч чаддаггүй, олон учир шалтгаанаар халгадаг, үзэл суртлын үед хаалттай байсан сэдвийг барьж авч номоо нээж,  энэ сэдвийн  хүрээ царааг нь тэлж байгаа Б.Галаарид шавьдаа баяр хүргэмээр байна. Энэ номыг үзэхэд, маш их академик, эрдэм шинжилгээний бүтээл болгож бичсэн байна. Судалгааны бүтээлийн хувьд бүх үзүүлэлтийг хангасан, номзүй, нэрсийн хэлхээ зэргийг харахад л жинхэнэ академик ном болжээ. Хаанахын аль ч номын санд өгсөн унших бүтээл болсон байна. Б.Галаарид өөрөө мэргэжлийн сэтгүүлч хүн хэрнээ ийм түвэгтэй сэдвийг барьж аваад энэ сэдвийг улам гүнзгийрүүлэн судалж байгаад бахархаж байна. Өмнөх нь тэнгэр үзлийн тухай сайхан бүтээлийг нь та бүхэн мэднэ. Сэдвийн тухайд манай нутаг, өнөөгийн Баянхонгор аймгийн Баянбулаг сум, хуучнаар Жонон бэйлийн нутагт намайг хар багаас мэдэхийн л гүртэн чойжинч хүмүүс нэлээд их байдаг байсан. Айл болгонд гэж хэлэхгүй ч сахиус буулгадаг хүмүүс цөөнгүй байсан, одоо ч бий. Мөн хэлмэгдүүлэлтийн үеийн номтой мэргэдийн хачирхалтай яриа, тухайн үед амь нас эрсэдсэн хүмүүсийн эрдэм номын шид гээд ярьвал их урт яриа болно. Энэ бүхнийг номондоо дурьдаж өгсөн байна лээ.Энэ сэдвийг цааш нь судлаад явбал дуусашгүй их судалгаа байгаа юм. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн хүмүүсийг харахад, “Би” гэсэн омогшилтой хүмүүс байдаг. Гэтэл энэ номд эрдэмтэн мэргэдээ дурдаж өгсөн нь эрдэмтэн хүний үлгэр жишээч ёс суртахуунтай бүтээл болжээ гэж харж байна. Ул үндэстэй судалгаа хийж, энэ сэдвийг туйлшруулж өгч байгаад талархаж байна.

 

Номын редактор, шашин судлаач С.Дэмбэрэл: Шашин судлалын хүрээнд “Гүртэн Чойжонч” ахин дахин судлагдах сэдэв

-Би энэ талаар нарийн судалгаа бол хийдэггүй хүн. Гэхдээ манай МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн нэг оюутан энэ сэдвээр дипломын ажил хийхдээ олон эрдэмтэн судлаачдын бүтээлийг дурдаж, Б.Галаарид багшийн бүтээлийг бас дурьдсан байв. Тэгээд хоёр дахь бүтээлийг нь редакторлох саналыг хүлээж авсан. Энэ номд шашин соёлын нэртэй зүтгэлтнүүдийн яриа, тэр дундаа Далай лам, Зава Дамдингийн яриа, номын нээлтэд хүрэлцэн ирсэн хамба Ж.Шинэндэнцэлын яриа зэрэг гүртэн чойжинч буулгадаг хүмүүсийн олон сонирхолтой ярилцлагыг оруулж өгснөөрөө сонирхолтой, сайн бүтээл болсон. Мөн гүртэн чойжинч хүмүүсийн үүх түүхтэй холбоотой судалгаа, эдгээр хүмүүсийн улс төр нийгмийн амьдралд оруулж байсан хувь нэмэр, VIII  Богдын тухай мэдээллийг оруулж өгсөн нь энэ ном онцлох сайн бүтээл болсон. Энэ номыг редакторлох явцад бас  Шүгдэн сахиусын тухай энэ номд дурдаж өгсөн үү гэж хүн асууж байсан. Тэгэхээр энэ сэдэв монголчуудын оюун санаа, шашин судлалын хүрээнд сонирхолтой сэдэв судалгаа болж чаджээ гэж хэлэх байна. Бас Баянхонгор, Говь Алтай гээд баруун аймгуудын гүртэн чойжинч хүмүүстэй ярилцлага хийгээд оруулсан нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн шаардлагыг хангасан бүтээл болсон гэж хэлмээр байна.

 

Ардын багш Л.Дашням: Энэ гал улаан ном миний цагаан сарын хамгийн үнэтэй бэлэг байв

-Энэ гал улаан ном миний хувьд,  цагаан сарын хамгийн үнэтэй, гоё бэлэг болсон. Энэ ном сэтгүүлч хүний бичсэн сэтгүүлзүйн ном биш, жинхэнэ судалгааны бүтээл болсон байна лээ. Энэхүү номыг ажил үйлийн завсраар сөхөж харах бус ахин дахин уншиж, бодож сэтгэх оюуны бүтээл болсон гэж бодож байна. Монголчууд бид гайхамшигтай оюунлаг, онцгой авьяастай хүмүүс. Гүртэн Чойжонч хүмүүс одоо ч бий. Монгол оюуны үнэтэй өв болсон энэ сэдвийг барьж аваад судалсан, ийм чадвартнуудын тухай өгүүлж, зан үйлийг өгүүлж, зохиолч сэтгүүлч хүмүүс энэ сэдэв рүү өнгийж судлаад ном бүтээнэ гэдэг их сайн. Хамгийн талархууштай нь өмнөх судлаачдын бүтээлийг барьж авч уншиж, цөлмөсөн. Судалгааны ажлын гол арга барил бол өмнөх мэдлэг дээр дөрөөлж, өмнөх судлаачдаа уншиж судална, илүүг таньж илүүг өгүүлнэ гэдэг сайн бүтээл туурвих гол зүйл болдог. Энэ бүхний ард манай монголчууд эрдэмшиж, мэдлэгжиж байдаг.

Б.Галаарид бол судалгааны бүтээл туурвихдаа маш нямбай ханддаг, өргөн хүрээтэй судалж шинжилдэг. Үүнийг нь “Үнэн” сонины үүх түүхийг өгүүлсэн ном бас гэрчилнэ. Тэр утгаараа энэхүү хийсэн ажилд нь сэтгэл их хангалуун байна. Бид бол орчлонт ертөнцийн нэг л хэсэг. Хүн гэдэг оюунлаг амьтан болсны хувьд эргээд ертөнцийг их судлах юм. Судалж гүйцэхгүй, таньж барахгүй  сэдэв юм. Гэсэн ч судалж дуусахгүй энэ их сэдэв рүү орж ажиллана гэдэг баярлууштай зүйл. Энэхүү номд өгүүлсэн чадвартай, авьяастай хүмүүсийг бид хүндэлж хүндэтгэж, тэдэнд эргэлзэж буй итгэж байх хэрэгтэй юм байна. Бидний дунд тийм хүмүүс байснаараа бидний амьдралыг шууд өөрчлөхгүй ч шууд бус утгаараа зөв зүгт залж чиглүүлж байдаг. Ингээд энэ номын тухай бусад бодлыг уншигч олондоо үлдээж, номын хуримд хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа хэлье.

 

Жанчивдэчинлэн хийдийн хамба Ж.Шинэндэнцэл: Чойжин сахиус хүний биед гурван төрлөөр дамждаг

-Миний бие энэ Чойжин сахиустай холбогдоод, энэ сахиусыг залдаг болоод 20 гаруй жил болж байна. Эхний 10 жил нууцалж явсан. Сүүлийн 10 жилд хийдийнхээ хэмжээнд сахиусны зан үйл, эрдэм шидээр хүмүүст тус болохыг хичээж яваа. Хорь гаруй жилийн өмнө өөрийнхөө хэмжээнд энэ сэдвийг судлахыг хичээсэн. Цаг үеийн ороо бусгаа үед энэ сэдэв лам нарын хувьд, нийтийн дунд  ч бас тасарсан завсардсан, судлахыг хичээсэн сэдэв байсан. Энэ Чойжин сахиусыг судалж үзснээрээ хүний үр удамд гурван төрлөөр дамждаг юм байна гэдгийг олж мэдсэн. Нэгдүгээрт, удам судраар дамждаг юм байна. Хоёрдугаарт, өмнөх хүний хэрэглэж байсан эд хэрэгслээр дамжин орж ирдэг. Гуравдугаарт, Түвдийн лам нарын дунд Чойжин сахиусыг урин дууддаг, Солх хэмээх номын хүчээр хэн нэгэнд орж ирдэг гэдгийг олж мэдсэн. Ийм гурван төрлөөр Чойжинч Гүртэнч хүмүүсийг тодруулдаг юм байна. Миний хувьд удам угсааны хүнээр дамжин орж ирдэг сахиус юм. Ийм ном бүтээл гараасай гэж их олон жил хүлээсэн. Номын зохиогч, судлаач Б.Галаарид гуайд талархаж байгаагаа уламжилъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

 

bayar hurgej amjilt husye Galaarid Badamochir
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

22 цаг 39 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

23 цаг 2 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

23 цаг 7 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин