Ж.Баяржаргал: Уран зохиолоо хайхардаггүй төр мөхөлдөө дөхдөг

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн. Авгаржин Ж.Баянжаргал гэж энгийн мэт атлаа тун хялбар биш ойлгогдох хүн төдийгүй билгэ танхайхан шүлэг бүтээлтэй нэгэн байдаг юм.

Түүнтэй тухлан сууж илүү дутуугаа хаман хэлэлцэх цаг зав нэг их таарч байсангүй л дээ. Харин саявтар нэг завшаан олдож төсөрхөн ярилцлаа.

 

-Өөрийг чинь нэртэй зохиолч, яруу найрагч гэдэг талаас нь уншигчид андахгүй. Уран зохиолд ойр хүмүүс олон жил хувь заяаг нь түшиж яваа “Утга зохиол” сониныг хэзээ гарахыг хүлээж суудаг юм билээ. Уран бүтээл өндөр үү. Сайхан хаваржиж байна уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлэх үү дээ.

-За баярлалаа. Сонин цаастайгаа нөхөрлөсөн шиг цаг хугацааг элээж байна даа. Модон луу жилийн бүтээл өндөр л байх болов уу. Монголын Зохиолчдын амьдралын толь болсон “Утга зохиол” сонингоо өөрийн хүүхэд шигээ хайрлан авч явна даа.

-“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр өөрөө Төв аймгийн уугуул гэдэг байх аа?

-Тиймээ. Бөхтэй, хурдтай, яруу найрагчтайгаараа Төв аймаг том шүү. Хангай говь хосолсон яруу найраг шиг газар нутагтай. Тиймдээ Монголдоо ардын уран зохиолч яруу найрагч хамгийн олонтой байдаг болов уу.

Төв аймгийн Авдарбаян /өнөөгийн Сэргэлэн сумын баргуудын дунд би өссөөн. Харин одоо энэ овгийнхны ой санамж бараг үгүй болж байна.

-Зохиолч, сэтгүүлч Ж.Баянжаргалыг олон сонин, сэтгүүлд бас телевизэд ажиллаж байсныг мэднэ. Бас нэг ярилцлагаас тань таван сонин үүсгэн байгуулж 10 гаруй сонин, телевизэд ажилласан тухай сонссон юм. Хэдийдээ тэр ажлыг амжуулж, шүлэг зохиолоо бичиж байсан юм бол гэж санагдсан шүү. Тэр их эрч хүчийг хаанаас олж авсан бэ?

-Нэг их эрч хүч гэх юү байхав. Бусдын адил амьдрал туулж, сургууль соёлоор дамжсаан.

Цэргийн алба хаалаа. Политехникум гэдэг сургууль төгслөө. Дараа нь Төр нийгэм судлалын академийг улс төр, сэтгэл судлаач мэргэжлээр дүүргэсэн. Бас Дорно дахины хэл иргэншлийн сургуульд суралцлаа.

-Зохиолч, яруу найрагч болох замыг хэрхэн сонгосон бэ?

-Би сонгоогүй. Яруу найрагч болно гэдэг чинь олон сургуулийн диплом өвөртөлснөөр болдог юм биш.  Авъяас, хөдөлмөр хоёр хосолж байж яруу найрагч гэгддэг болов уу. Яруу найргийг хэн нэгэн санааны зоргоороо үйлдвэрлэдэг юм биш. Өнөөгийн зарим нөхөд зүгээр л шүлэг, романыг ”үйлдвэрлээд” байх шиг.

Жинхэнэ яруу найргийг чинь сэтгэл зүрхээ шатааж тархиныхаа хялгасан судсаар жирэм сүлжиж өөрийгөө зовоож, огшиж омогшиж бүр онцгойлбол сагаж солиорч бүтээдэг юм шүү дээ.

Тэгэхээр сонголт биш зүрхнээс, сэтгэлээс урган гарсан тэмүүлэл юм Миний хувьд бараг тавин жил ийм амьдралаар замналаа.

-Тэгэхлээр тун багаасаа яруу найргийг сонирхсон хүний нэг байх нь ээ?

-Гуравдугаар ангийн сурагч байхдаа “Сансрын нисэгч” гэдэг анхны шүлгээ “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлж байлаа.

Түүнээс хойш “Торомжоо” гэдэг номоо 1985 онд гаргасан байдаг.

Тэгээд нийт 50-иад ном бүтээжээ би. Афоризмын анхны ном минийх байсан. Миний бүтээл болгондоо баримталдаг зарчим бол үнэн зөв баримт, эх хэлээ дээдлэхэд чиглэдэг гэж болно.

Мөн монгол ахуй, байгаль, хайр сэтгэлээс гадна байгалийн ухааныг голчилдог доо.

-Уран зохиол нь улс орны нийгэм, эдийн засгийг хөтөлж явах нэг тулгуур багана байх учиртай гэдэгсэн билүү?

-Тийм л дээ. Уран зохиол хэнд ч анзаарагдахгүй, зохиолч, яруу найрагчдад  улс төрөөс ангид юм шиг атлаа ямарваа улс оронд тэр улсын сэргэн мандах уу, мөхөж доройтох уу гэдгийг шийддэг оюуны их хүч оршин байдаг.

Сонгомол уран зохиол тэр чигээрээ философи юм л даа.

Гэтэл Монголын өнөөгийн төр, засгийнханд тэр ухаарал байхгүйгээс байнгын хэрүүл хараал, хулгай зэлгий, урвалт шарвалт болж байна. Уг нь төрийг удирдахад арга, билгэ гэсэн хоёр ёсны сургаал, уламжлал байх ёстой юм.

Монгол өв соёл, уламжлалыг улс төрд бүр орхигдуулчихсан.

Ер нь суурь ухаангүй, монгол үндэсний мэдрэмжгүй юм бүхэн урагш ахидаггүй л дээ.

Болж бүтэхээрээ сайн сайхан амьдраад явъя гэтэл төр, засгийн байдал нэг л биш.

-Өөрөө улстөрчдөд л хандсан үг хэлээд байна аа даа?

-Тэгэхгүй байх арга алга. Төрд уран зохиолын бодлогыг дэмжиж явах учиртай юм. Тэгж чадваас амар амгалан амьдралыг бий болгож ард түмнээ жаргуулж чадна. Төр өөрөө ч хүчирхэг болно.

Гэтэл улстөрчдийн дийлэнх нь уран зохиол бол улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа, эх хэлний дархлаа, эх орончдод итгэл үнэмшил бий болгож өгдөг оюун ухааны их сан гэдгийг ойлгодоггүй л байхгүй юу.

Тиймээс сүүлийн үеийн зарим хууль, тогтоомж хүүхэд хийгээд хүний хүмүүжилд сайн нөлөө үзүүлж чадахгүй байна.

Боловсролын тухай хууль гажигтайгаас хүүхэд залуучуудын мэдлэг саармагжиж монголоо алдагсад олширч байгаа юм.

Яагаад гэхээр гадаад хэлийг бага ангиас нь үз гэх хэрнээ монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгачихсан. Энэ нь хэл, соёл эрлийзжих эхлэл юм. Хүүхдийн хүмүүжил ч эрс доройтсон нь үнэн шүү дээ.

Манай хөрш болон зарим оронд зохиолчдын байгууллага төрийн мэдэлд байдаг. Гэтэл манай улсад зоргонд нь орхичихсон байх жишээний.

-Өмнөх нийгэмд уран зохиолд цензур ихтэй байсан бол одоо чөлөөтэй болсноор зохиолч, яруу найрагчид ч олширч ном, зохиолын хур нэмэгдсэн шиг...?

-Тийм дүр зураг бий. Цензургүй бас шүүмжлэлгүйгээс эрх чөлөө нь хэтийдсэн янз бий. Одоо маролын гэх зохиол их болж. Үүх түүхээ мэдэхгүй өнгөц бодолтойчууд роман бичээд л гэх юм. Түүнд нь үндэсний дархлаа, монгол өв соёл дутмаг харагддаг.

Арай хатуухан хэлбэл заримын бүтээл монгол үнэр багатай байна. Бас хэн ч биш зохиолч олон болов. Тэд доод түвшний чанаргүй ном зохиолоо хүмүүст худалдаад байгаа нь уран зохиолын хэтийн нэр хүндэд муу нөлөөтэй юм.

-Энэ яриатай чинь холбоод асуухад номын баярын дараа  зохиолч Л.Энхболд сонинд өгсөн нэг ярилцлагадаа

Номын баяр бахархалтай сайн зүйл. Харин энэ баяраар зохиолчдыг мэргэжлийн, мэргэжлийн бишээр ялгаатай хандмаар байна гэсэн санаа хэлсэн байсан.

-Зөв шүү дээ. Энэ тухай бид өмнө нь ч ярьж л байсан юм. Хятадад гэхэд нэг, хоёрдугаар дэсийн зохиолч гээд ангилал байдаг юм билээ. Гэтэл манайд даангүй номын баяр болоход хэн ч хамаагүй янз бүрийн эрээн мяраан ном өрчихсөн сууж байдаг. Бөх хүртэл эрэмбэтэй шүү дээ гээд  бодвол зарим нь аваргын хажуугаар сумын заан атлаа зүүний магнайд дэвээд “би том зохиолч” гэж хөөрцөглөөд л байх юм. Ер нь зохиол бүтээлд эрх чөлөөг нь хэтэрхий тавьж өгснөөс муухан ном зохиол дэлгүүрийн лангууг эзэлчихсэн байгаа.

Тиймээс зохиолч, яруу найрагчдад ангилал тогтоох шаардлага бий. Харин тэр эрэмбийг манайдаа хэн, хаанах тогтоох нь ярвигтай л байх.

-Бидний ярианаас зохиолч, уран бүтээлчид тун бухимдалтай байна гэж ойлгож болох нээ дээ?

-Тийм л дээ.  Бидний үр хүүхэд, ач гуч нар сайн сайхан амьдрах ёстой шүү дээ. Эцэг өвгөдийнхөө бий болгож өгсөн улс орон, өв соёлыг хэн бүхэн хамгаалах үүрэг бий. Зохиолч, яруу найрагчид мөнгөгүй ч оюун ухаанаараа тэмцэх цаг болчихож.

Зохиолчид дуугарна гэдэг чинь монголын нийгэм бараг хөлдүүдээ хүрчихсэн гэсэн үг болов уу.

Төрд гарагсад хулгай хийж байна. Нийгмийн өмч хөрөнгийг цөмлөж байна. Газар нутгаа зарж байна. Тэд улс орны хамаг асуудлыг мөнгөөр шийдэхийг оролдож байна. Нүцгэн үнэнийг хэлбэл улс орны хувь заяа тэр уул уурхай дээр биш, 60-70 сая мал дээр ч биш эцэг өвгөдийн бий болгож өгсөн монгол өв уламжлал, их сургаал, оюун ухаан дээр л тогтоно гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээс зохиолч, яруу найрагчид нэгдэж таван зүйлтэй өргөх бичгийг  төрд өгсөн нь бий.

-Тэр бичгээ таван зүйлтэй гэлээ. Үүнийгээ жаахан тодруулна уу?

-Юуны өмнө бага, дунд боловсролыг дэмжих асуудал чухал байна. Төрд гарахыг санаархагчид удам судраа мэддэг байхыг эрхэмлэе. Удахгүй болох Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчдээс таван үеийнх нь түүх намтрыг авах нь зөв.

Энэ нь төрд шургалсан эх оронч биш, холимог цустай, авлигач нөхдийг зайлуулах санаа юм. Мөн сонгуулийн хуульд Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгосон нь ялгаварласан үзэл боллоо. Үүнийг засахыг шаардаж байгаа. Бидний шаардлага бүхэлдээ ухаалаг төртэй байх л чин санааг агуулсан юм шүү. Уг бичгийнхээ хариуг хүлээгээд л байна. Тэмцлээ зогсоохгүй ээ бид.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

зөв л сэдэв ярьсан байна, бас л стилтэй Агаа шүү хэхэ, амижлт
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин