С.Саруултөгөлдөр: Маргааныг гэрээний дагуу Хонгконгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлж байгаа

2024-02-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр уржигдар мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаар “Аюуд” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөртэй ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулалттай холбоотой маргааны талаар мэдээлэл өгнө үү.

-Анх 2008 онд "Аюуд" компани хотын А бүсэд байрлах өөрийн газар дээр үйлчилгээний зориулалттай барилгын ажлын төсөл эхлүүлэн гурван давхар болтол нь босгосон.

Ингээд Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашин констракшн Монгол” компани барилгын үлдэгдэл санхүүжилтийг 100 хувь гаргах нөхцөлтэй санал тавьснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн юм. Ингэхдээ төсөл дууссаны дараа 60 хувийг эзэмших тохиролцоо хийж гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн. Гэтэл явц дунд санхүүжилт зогсон анхны тохирсон 2011 онд ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн.

Талууд төслөө амжилттай дуусгах асуудлаар уулзахад “Хуашин констракшн Монгол” компани 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 60 хувийг эзэмшигчээр бүртгүүлэн санхүүжилт татах ажлыг хийх саналыг Аюуд компанид тавьсан. Нэлээд хэлэлцсэний эцэст 2013 онд саналыг хүлээн авч “Хуашин”-ы эзэмшилд дутуу барилгынхаа 60 хувийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. Гэвч тохиролцсон санхүүжилтээ оруулж ирээгүй. Ингэж явсаар 2018 онд гуравдагч хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр төслөө дуусган ашиглалтад оруулсан юм шүү дээ. Гэтэл ХЗДХ-ийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү төсөл 100 хувь “Хуашин констракшн Монгол” компанийн хөрөнгө оруулалтаар боссон мэтээр илт худал мэдээлэл өгсөн. Ингэхдээ тус компанийн оруулсан санхүүжилтийн хэмжээг ч илэрхий ташаа мэдээлсэн.  “Хуашин констракшн Монгол” компани энэ төсөлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг талуудын тооцоо нийлсэн актад тодорхой заасан байгаа. Энэхүү барилгын төсөлд Хуашин 7.5 сая ам.долларын санхүүжилт оруулсан гэх тооцоо нийлсэн акт байдаг.

-Тэгэхээр ХЗДХ-ийн сайд ташаа мэдээлэл өгсөн гэсэн үг үү. Бас нэг ноцтой мэдээлэл хэлсэн нь хөрөнгө оруулагч компанийн захирлын гарын үсгийг хуурамчаар зурж нотариатаар батлуулсан гэсэн шүү дээ?

-Мэдээлэлтэй бүрэн танилцаагүй атлаа гадны хөрөнгө оруулагч 100 хувь санхүүжилт хийсэн төслөө булаалгасан мэтээр мэдээлэл хийсэнд нь харамсаж байна. “Аюуд тауэр”-ийн барилгыг булаахдаа бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, нотариатч нь Америк руу зугтсан гэх агуулгатай мэдээллийг мөн хуулийн сайд өгсөн. Хамгийн гол нь нотариатч зугтсан эсэхэд эргэлзэж байна.

Мөн хоёр компани хоорондын маргаанд Монгол Улсын Хууль зүйн сайд судлаагүй, нотлогдоогүй, илт худал мэдээлэл гаргаж байгаа нь хардлага дагуулж байгаа юм. Үнэхээр хариуцлагагүй мэдээлэл хийсэнд нь цочирдсон.

Нөгөөтэйгүүр, шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр “Хуашин констракшн Монгол” компанийн захирлын гарын үсгийг дууриалган зурсан нь тогтоогдсон гэж Хуулийн сайд мэдээлсэн. Хуурамч, эсхүл дууриалгасан гэдэг дүгнэлт гараагүй.

Мөн улсын бүртгэлийн байгууллага хэд хэдэн үндэслэлийн дагуу бүртгэл хийхийг хориглодог. Бидний тухайн үед гаргасан хүсэлт хуулийн дагуу бичиг баримтын бүтэн бүрдэлтэй учраас бүртгэл хийгдсэн гэдгийг албан ёсоор хэлье. Сайд 2015 онд хийгдсэн бүртгэлийг буруутгахдаа 2017 онд шинэчлэгдэн батлагдсан хуулиар буруутгаж байгаа. Тухайлбал, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тэмдэглэл байхгүй байсан тухай ярьдаг. Гэтэл “Хуашин” компани анхнаасаа нэг хүний эзэмшлийнх байсан. Тиймээс шийдвэр, итгэмжлэл гаргаж болно. Харин тэмдэглэл гарахгүй. Аль ч хуулиар 11 шаардлага гэх зүйл байхгүй.

-Асуудлыг хөрөнгө оруулагчид хоорондоо хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байсан уу?

-Өнгөрсөн хугацаанд хоёр тал тохиролцох уулзалтыг удаа дараа хийж байсан. Тэр ч бүү хэл 2018 оноос одоог хүртэл Хуашин компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг санхүүгийн тайландаа тусгасан байгаа. Одоо ч урт хугацаат өр авлагаар бүртгэлтэй явдаг.

2009 оны талуудын гэрээ хэлцлээр төслөө дуусгасны дараа оруулсан хөрөнгийн хэмжээгээр эзэмшигч болно гэж тусгасан байдаг. Мөн энэ гэрээнд талууд тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Хонконг дахь арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Энэ дагуу тус арбитрын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нөгөөтэйгүүр төсөл гурван хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр боссон нь бодит үнэн. Анх Аюуд компани өөрийн газар дээр гурван давхар барилга босгосон нь хөрөнгө оруулалт мөн. Үүн дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан нь Хуашины оролцоог илтгэж байна. Ингээд дутуу баригдсан төслийг дуусгахдаа гуравдагч хөрөнгө оруулагчийн санхүүжилтээр 2018 онд ашиглалтад оруулсныг бас үгүйсгэх аргагүй.

Гэтэл ХЗДХ-ийн сайд “Хуашин констракшн Монгол” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай төслийг булаасан мэтээр ташаа мэдээлэл өгч болохгүй. Ялангуяа Хуулийн сайд баримтаа судлах ёстой. Нэг компанийн үгээр асуудалд хандах ёсгүй.

Өнгөрсөн хугацаанд Хуашин компанид ногдох хэсгийг эсвэл анхны оруулсан хөрөнгө оруулалтыг өгөх саналыг удаа дараа тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Үүргээ биелүүлээгүй компани бүрэн ашиглалтад орсон барилгын 60 хувийг эзэмшинэ гэдэг байр сууриас хандаж ирсэн. Энэ нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа. Түүнчлэн “Хуашин констракшн Монгол” компани гомдол гаргасны дагуу Засгийн газар хуулийн дагуу шалгах тогтоол гаргасан нь үнэн. Үүнтэй холбоотой шат шатны байгууллагууд шалгасан нь ч үнэн. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн хууль тогтоомжийн хүрээнд хүчингүй болгох үндэслэл алга гэдэг дүгнэлт гаргасан. Хэрэв энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл Хуашин шүүхэд биш ХЗДХ-ийн сайдад гомдол гаргаж байна. Үндсэндээ хуулиар харъяалалгүй газар гомдол гаргахад Хууль зүйн сайд ажлын хэсэг байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчиж ажилласан. Тухайлбал, тус хуульд хуулийн этгээдийн хувийн хэрэгтэй улсын байцаагч эсвэл улсын бүртгэгч танилцах ёстой гэж заасан байдаг. Үүнээс өөр этгээд буюу хуулийн сайд болон бусад томоохон албан тушаалтан байсан ч танилцах, өөрчлөлт оруулахыг хориглох тухай заалтыг зөрчин танилцсан байгаа юм.

Нөгөөтэйгүүр хууль зөрчиж эхэлсэн шалгалтын явцад “Хуашин констракшн Монгол” компани Хонконг дахь арбитрын шүүхэд “Монгол Улсад шийдвэрлэгдэж байгаа” гэдэг тайлбар хэлж эхэлсэн. Тиймээс ажлын хэсгийнхнээс бүртгэлтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа эсэхийг удаа дараа лавласан. Гэтэл ажлын хэсгийн дарга нь дотоод хяналт шалгалт хийж байгаа учраас танай компанитай холбоотой бүртгэлийн өөрчлөлт хийхгүй гэж хариулсан. Мэдээж үүнийг албан бичгээр авсан. Гэтэл гарч байгаа шийдвэр нь маргаан дагуулаад байгаа өнөө хуульд нийцэхгүй албан даалгавар юм шүү дээ.

-Гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэдэгт тайлбар өгөөч?

-Хамгийн хачирхалтай нь 2023 оноос өнгөрсөн хугацаанд хийж ирсэн гэрээ, хэлцлийг ор тас үгүйсгэн, гарын үсэг хуурамчаар үйлдсэн мэтээр мэлзэж эхэлсэн. Гэтэл Хууль зүйн сайд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан гэж мэдэгдсэн. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтэд БНХАУ-ын иргэн Жан Дуны гарын үсэг хуурамч гэсэн дүгнэлт гараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Түүнээс гадна энэ асуудлаар ямар ч хэрэг нээгдэж байгаагүй гэж мэдээлсэн. Гэтэл АТГ яг энэ асуудлаар хоёр удаа хэрэг нээж шалгасан байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс ч хэрэг нээж мөрдөн шалгасан юм шүү дээ. Шинжээчийн дүгнэлтэд хамтарсан шийдвэр дээрх гарын үсэг харьцуулах болон чөлөөт, туршилтын загвартай тохирохгүй байна гэж гарсан. Гэхдээ энэ баримтыг талууд хуралдаад хийсэн гэдгийг Хуашин компани нь Монгол Улсын шүүхэд мэдүүлсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд ямар ч асуудалгүй байсан атал гэнэт 2023 оноос гарын үсэг биш гэдэг болсон. Тиймээс гарын үсгийг шинжилсэн шинжээчийг шалгуулахаар гомдол гаргасан. Хамгийн гол нь Хууль зүйн сайд мэдээлэл хийхдээ баримттай огт танилцаагүй гэдэг нь илт ташаа мэдээлэл өгч байгаагаас нь харагдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Өчигдөр 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Өчигдөр 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Өчигдөр 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин