Ц.Хуяг: Гадны улс орнууд биржийн бус зах зээлээр Засгийн газрын бондоо арилжаалдаг

2024-01-29
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажлын хэсгийн дарга Ц.Хуягийг урилаа.

 

27 ЖИЛИЙН ӨМНӨ БА БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

 

Хөрөнгийн зах зээлийг хүмүүс ихэнхдээ цэнхэр, ягаан тасалбараар төсөөлдөг. Гэтэл энэ зах зээл аль эрт хөгжих суурь тавигдаж улсаас анхаарал хандуулдаг байсан юм билээ. Учир нь өнгөрсөн хугацааны үйл явдлыг судлахад бидний өнөөдрийн ярьж байгаа бүхий л үйл явц, процесс болдог байж гэдгийг харсан юм. Магадгүй тухайн цаг үед хөрөнгийн зах зээл маш идэвхтэй байж гэдэг нь харагдана. Тэр ч бүү хэл, Монгол банк Японы Төвбанкны үнэт цаасыг худалдаж авч байсан.

Түүнчлэн АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн хуулийн ахлах зөвлөгч Жонн С.Бернас гэх хүн тухайн үеийн анхны үнэт цаасны хууль гарч байхад 13 зөвлөмж өгч байсан юм билээ. Нэгдүгээрт, хуульд  зарим нэг ухагдахууны талаар тусгагдаагүй байна. Энэ нь Биржийн гадуурх зах зээл буюу OTC / Over-the-counter market/ юм. Түүний үйл ажиллагаа удирдлагын талаар ямар ч заалт байхгүй байна. Өөрөө өөрийгөө зохицуулах арга механизм хэрэглэх хэсгийг судалж үзэхгүй байж болох боловч хэрэглэж болох тохиолдлыг авч үзэх нь зүйтэй гэсэн юм билээ.

1997 оноос одоог хүртэл 27 жилийн өмнө биржийн бус зах зээлийн талаар ярьж байна. 1990 оноос хойш үнэт цаасны зах зээлийг зөвхөн хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авдаг гэж хүмүүс ойлгож байсан. Тэгвэл биржийн зах зээл энэ салбарын хоёр дахь багана юм. Энэ бүхнийг тэр үеийн сонин, сэтгүүлээс олж харж болно. Бүгд түүхэн баримт болон үлдсэн байдаг.

 

“БИРЖИЙН БУС”-ЫН ЭХЛЭЛ

 

2018 онд хөрөнгийн зах зээл дэх биржийн бус зах зээлийг хөгжүүлэх гэрээг Санхүүгийн зохицуулах хороотой байгуулсан. Энэ зах зээлийг хөгжүүлэх ажлын хэсгийг байгуулан МҮЦАЭХ Япон, Солонгос, Тайваны холбоодтой хамтын ажиллагааны хүрээнд тус улсын болон АНУ-ийн биржийн бус зах зээлийг судалж, зах зээлийн суурь судалгааг хийсэн юм. Ингээд зохицуулах хороо болон ЖАЙКА-гийн хамтарсан төслийн хүрээнд Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, холбогдох журмуудыг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндсэндээ энэ зах зээлийг хөгжүүлэх эхлэл амжилттай бүтэж өдгөө биржийн бус зах зээл дээр томоохон компаниуд хөрөнгө оруулалтаа босгож байна. Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд удирдах зөвлөлийн гишүүд, гишүүн байгууллагуудын төлөөлөл нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2020 онд шинэчлэн байгуулж СЗХ-ны “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг батлуулсан. Дүрмээр Удирдах зөвлөлд “биржийн бус зах зээлийн дүрэм, журмыг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, тус зах зээлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах” бүрэн эрхийг олгосон.

Тэгэхээр биржийн бус зах зээл дээр идэвхитэй арилжаа явуулж эхэлснээс хойш аль хэдийнэ гурван жил өнгөрчээ. Ер нь хөрөнгийн зах зээл, биржийн бус зах зээлийг хамтад нь хөгжүүлэх ажлыг МҮЦАЭХ-ны өмнөх удирдлагууд эхлүүлсэн гэхэд буруудахгүй. Биржийн бусыг хөгжүүлэхэд чамгүй ажлууд хийгдсэн. Тэгэхдээ хууль эрх зүйн зохицуулалтыг салбарын холбоо хийж, технологийн хөгжүүлэлтийг нь манай холбоо хариуцаад явахаар болж байсан юм. Үндсэндээ 2020 оны арванхоёрдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны 995-р тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаар ажил жигдрэх болсон. Хамгийн гол нь "Жайка"-гийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрт корпорацын бондыг хөгжүүлэх хөтөлбөр байсан юм. Энэ хүрээнд тус төслийн зөвлөх биржийн бус зах зээлийг богино хугацаанд хийх боломжийг дэмжиж ажилласан. Ингээд хууль эрх зүйн хувьд хорооноос журам батлагдаж маш богино хугацаанд системийн хөгжүүлэлт хийснээр арилжаа эрхлэх боломж бүрдсэн.

 

ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ТУЛГУУРЛАСАН ХӨГЖИЛ

 

Биржийн бус цан цохиж арилжаа эхлүүлснээс хойш нэг жилийн дараа мэдээллээ нэгтгэхэд нэг их наяд төгрөгийн хөрөнгө босгосон байгаа юм. Эндээс л энэ зах зээлийн хэрэгцээ шаардлага байна гэдгийг тодорхой харсан.

Биржийн бус зах зээл гэдэг цоо шинэ зүйл биш. Олон улсад аль хэдийнэ хөгжсөн. Тэр ч бүү хэл хөрөнгийн зах зээлийн хуулийг хэлэлцэж байх үед биржийн бусыг хөгжүүлэх, энэ талаар хуульд заалт оруулах саналыг гадны зөвлөх хэлж байсан гэдгийг дээр хэлсэн шүү дээ. 

Биржийн бус зах зээлд мэргэжлийн тоглогчид, хөрөнгө оруулалтын сангууд оролцдог бөгөөд цаг хугацаа хэмнэх боломж бий. Нөгөөтэйгүүр, энд мэргэжлийн хөрөнгө оруулагчид маш өндөр ёс зүйтэйгээр оролцдог. Манай улсад хөрөнгийн зах зээл хөгжих явцад янз бүрийн алдаа дутагдал гарч байсан юм билээ. Энэ нь хувь хүний хандлага, ёс зүйтэй холбоотой байсан болов уу гэж хардаг. Тэгвэл цаг хугацаа өөрчлөгдөж хүмүүс мэдээллийг богино хугацаанд олж авах боломж бүрдсэн. Тиймээс мэргэжлийнхэн илүү хариуцлагатай, чамбай байх ёстой. Нөгөө талдаа энэ захад жижиг хувьцаа эзэмшигч гэхээс илүү мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцоно гэдэг хязгаар тогтоосон. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны журмаар баталгаажуулсан. Ингэхдээ мэргэжлийн тоглогч нь хувь хүн, аж ахуйн нэгж байж болно. Гэхдээ хувь хүн сүүлийн 12 сарын дундаж орлого 10 сая төгрөгөөс дээш байх ёстой. Мөн хагас тэрбум төгрөгийн цэвэр хөрөнгөтэй, хөрөнгийн зах зээлийн арилжаанд нэг жилийн хугацаанд оролцож байсан зэрэг шаардлагуудыг тавьдаг.

 

ЭРСДЭЛ ДААХ ЧАДАМЖ БА ХУВЬ ХҮНИЙ ОРОЛЦОО

 

Энэ бүхэн эрэлтийг хязгаарлаж болзошгүй. Учир нь зах зээлийн мэдлэг, мэдээлэл хомс байдлаас хувь хүн хохирох эрсдэлийг хаах зорилгоор тодорхой шалгуур тавьж байна. Магадгүй “биржийн бус”-д хүн бүхэн оролцож болохгүй байгаагийн гол шалтгаан нь энэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлээ даах чадамжийнхаа хэрээр арилжаанд оролцох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс гадна баримт бичиг бүрдүүлэх  процессыг хялбарчилж өгсөн. Учир нь хөрөнгийн зах зээл дээр IPO хийхэд нэлээд хугацаа алддаг. Гэтэл бизнес цаг хугацаатай уралдаж байдаг шүү дээ. Тухайлбал, дөрөвдүгээр сард шаардлагатай хөрөнгө босгохын тулд бүтэн жилийн хугацаанд хөөцөлдөнө гэдэг санхүүгийн асар их зардал болдог. Нөгөөтэйгүүр цаг хугацааны алдагдлыг хэмжиж, нөхөх боломжгүй юм л даа. Тэгэхээр бизнесийн салбар цаг хугацаатай өрсөж, уралдаж шийдвэр гаргах нь илүү үр өгөөжтэй. Тиймээс л биржийн бус зах зээлийг хөгжүүлэхдээ цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн эрсдэл, алдагдлыг бууруулахад анхаарсан юм.

Учир нь манай хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах, хувьцаа, IPO хийх эсвэл нэмж хувьцаа гаргахад хамгийн багадаа зургаан сар. Магадгүй түүнээс ч урт хугацаа зарцуулсан байдаг. Тэгвэл биржийн бус зах зээл дээр ажлын 10-15 хоногт шийдвэрийг нь гаргадаг. Энэ нь дээр хэлсэнчлэн цаг хугацаа, санхүүгийн эрсдэлээс хамгаалахаас гадна дараагийн алхамыг хийх боломжийг бий болгож байгаа хэрэг. Тэгэхээр “OTC market” зах зээлийн шаардлагаар хөгжиж байгаа гэж болно.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

 

2010, 2011 онд гадаадын хөрөнгө оруулагчдад манай улс “од” болж байсан шүү дээ. Гэвч тухайн үед ханшийн өсөлт гаарч байлаа. Тэгэхэд монголчууд гадны хөрөнгө оруулалтаар эдийн засгаа хөгжүүлнэ гэж харж байсан. Хөрөнгө оруулагч өөрийн сонирхож байгаа компанийн талаарх мэдээллийг цахимаар үзэж танилцан шийдвэр гаргах боломж бий. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад тухайн улсын хөрөнгийн зах зээл чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс манай төр энэ салбарт илүү анхаарах хэрэгтэй гэж хардаг.

Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн том зөв бүтэц бол хөрөнгийн зах зээл. Бид дөнгөж эхлэхдээ хувийн компаниудын өрийн хэрэгсэлд анхаарсан. Гадны хөрөнгө оруулагчид биржийн бус зах зээлийг түлхүү сонирхдог. Яагаад гэвэл, тэд биржийн бус зах зээлийн мэргэжлийн тоглогчид байдаг. Тэд манай улсын хөрөнгийн зах зээлд оролцохдоо валютын арилжаа хийнэ. Энэ нь мөнгөний урсгалыг сэлбэх бас нэг хэрэгсэл юм. Нөгөөтэйгүүр, бид гадны хөрөнгө оруулалт татах боломжийг алдаж болохгүй. Тэдний сонирхлыг татах өрийн хэрэгслийг тогтмол гаргаж байх хэрэгтэй.

Гадны хөрөнгө оруулагчийн суурь үнэт зүйл нь тухайн улсын засгийн газрын үнэт цаас. Гэтэл манай улс сүүлийн жилүүдэд Засгийн газрын бонд гаргасангүй. Бид хэрэв хөрөнгө оруулалт татах тухай ярьж байгаа бол хөрөнгийн зах зээлийг идэвхитэй арилжаагаар “дүүргэх” хэрэгтэй. Бүр тодруулбал, Засгийн газраас гаргадаг өрийн хэрэгслийг тогтмолжуулах ёстой. Гэхдээ Засгийн газрын бонд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хэрэгсэл биш гэдгийг хэлмээр байна.

Зарим улс оронд Засгийн газар нь бонд гаргах шаардлагагүй байлаа ч гаргадаг. Учир нь тэд мөнгөний эргэлтийн шахуургыг ажиллагаатай байлгахыг зорьж буй хэрэг. Гэтэл бид эсрэгээр нь зөвхөн алдагдалаа нөхөх байдлаар л ашиглаж байна л даа.

 

БИРЖИЙН ИРЭЭДҮЙ

 

Биржийн бус зах зээлийн ирээдүй ба ойрын зорилтод Монгол Улсын Засгийн газрын өрийн хэрэгсэлийг арилжаалах зорилго багтаж байгаа. Учир нь Засгийн газрын өрийн хэрэгслийг бусад улс орнуудын дийлэнх нь биржийн бусаараа арилжаалдаг. Мэдээж хөрөнгийн биржээр ч арилжаалж болно. Гэхдээ биржийн бус дээр түгээмэл нь түргэн шуурхай байдгаас гадна төлөлт, шимтгэл бага гэх мэт боломжууд бүрддэг. Түүнээс гадна шууд оролцогчдын цар хүрээг өргөжүүлж банк, хөрөнгө оруулалтын сан болон бусад зохицуулалттай санхүүгийн байгууллагуудыг бүртгүүлэх боломжийг нээж байна. Мөн биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгоно хэмээн зорилт тавиад ажиллаж байгаа. Түүнчлэн төрийн тусгай зориулалтын сангуудыг Биржийн бус зах зээлд хөрөнгө оруулагчаар татан тэдгээрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нээлттэй болгоход анхаарч ажиллана.

Биржийн бус зах зээл хөгжсөнөөр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нэг суурь болно. Ялангуяа Ази, Номхон далайн улс орнуудад өрийн хэрэгсэл маш хурдацтай хөгжиж байгаа. Энэ нь өрийн системийг нэг стандарттай болгох хөшүүрэг болж байна. Учир нь Япон, Солонгос хөрөнгө оруулагч адилхан шаардлага тавьдаг. Тэр ч бүү хэл, үндсэн шаардлага нь адилхан. Тиймээс стандартжуулах ойлголтыг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа. Бүгдээрээ нэг материал өгнө, түүнд нь гадны хэн ч байсан хөрөнгө оруулалт хийж болно. Бид бас үүнд анхаарч байна. Өөрөөр хэлбэл манайх бонд гаргахдаа олон улсын стандартыг мөрдвөл гадныхан хөрөнгө оруулах боломжтой болох юм.

Хамгийн гол нь эрсдэл байгаа ч шаардлагаа зөв тодорхойл гэсэн үг. Өөрөөр хэлбэл арван компаниас нэг нь дампуурч болно. Харин дампуурахад яах вэ гэдгийг тодорхойлох ёстой. Манай зах зээл дөнгөж өсч байгаа болохоор нарийвчлах нь чухал. Жишээлбэл, бонд эзэмшигчдийн хурал гэж бий. Гэхдээ энэ зохицуулалт манайд байдаггүй.

Мэдээж эрсдэлээ өөрөө даана гээд хаяж болохгүй л дээ. Магадгүй дампуурал энэ зах зээлийг унагах эрсдэлтэй. Тэгэхээр дүрэм журам, эрх зүйн орчноор зохицуулна. Тиймээс шаардлага хангасан атлаа дампуурсан бол барьцаа, батламж гэх мэт хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой.

Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхдээ олон улсын жишгээс хоцрохгүй байх нь зөв гэж хардаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд үндэсний бизнесүүд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажлыг эрчимтэй хийж байгаа. Тиймээс биржийн зах зээл болон биржийн бус зах зээлийг хөгжүүлэх нь гадны хөрөнгө оруулагчдыг татахад гол хөшүүрэг болох юм.

 

Блиц

Ажлын туршлага:

-2015-2022 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий  нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал

-2011-2015 Гацуурт худалдаа, зуучлалын фирмийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

-2010-2011 Ази Номхон далайн үнэт цаасны компанид судалгааны шинжээч

-2009-2010 Telemet America Inc. Санхүүгийн судалгааны шинжээч

Ажлын туршлага:

-2015-2022 Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Ерөнхий  нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал

-Mongolian Association of Securities Dealers Secretary General and Board of Director

-2011-2015 Гацуурт худалдаа, зуучлалын фирм үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

-Gatsuurt Trade Brokerage Firm Co-Founder and CEO 

-2010-2011 Ази Номхон далайн үнэт цаасны компани Судалгааны шинжээч

-Asia Pacific Securities | a subsidiary of APIP Research Analyst  / PA to Chair of APIP

-2009-2010 Telemet America Inc. Санхүүгийн судалгааны шинжээч

-Telemet America Inc. Financial Research Analyst

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)

 

Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

4 цаг 16 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

4 цаг 26 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

4 цаг 26 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

4 цаг 31 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

4 цаг 36 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

4 цаг 41 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

4 цаг 46 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

4 цаг 51 мин
Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гара

4 цаг 56 мин
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

19 цаг 27 мин